Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2023/0333

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

А.А , Н ХХК нарын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У

Нэхэмжлэлийн шаардлага: “2015 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Баянзүрх дүүргийн Засаг даргын А/343 дугаар захирамжийн О.Ж-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 192 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, О.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 128/2022/0805/З          

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч А.А , Н ХХК нар нь Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан “2015 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Баянзүрх дүүргийн Засаг даргын А/343 дугаар захирамжийн О.Ж-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.     

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 192 дугаар шийдвэрээр: “...Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, Газрын тухай хуулийн 31.3, 35 дугаар зүйлийн 35.3.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч А.А , Н  ХХК нараас Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн А/343 дугаар захирамжийн О.Ж-д холбогдох хэсгийг хүчингүй болгож...” шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. ...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 7853 дугаартай захирамжаар А.А , Н  ХХК нарын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт Монгол Улсын иргэн О.Ж ыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулахаар татан оролцуулсан байдаг. Шүүх гуравдагч этгээд О.Ж ыг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд О.Н-т нэхэмжлэлийн шаардлагыг гардуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогчийн төлөөлөгчөөр оролцуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж узэхээр байна. Хууль зүйн хувьд хэргийн оролцогч О.Ж ы эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулийн хүрээнд иргэн О.Н төлөөлсөн байна гэж үзэх боломжгүй байна.

3.2. Тодруулбал, нэгдүгээр хавтаст хэргийн 116 дугаар талд О.Ж аас О.Н, Т.У нарт 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 3 жилийн хугацаатай Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийг төлөөлөх эрх олгосон итгэмжлэл авагдсан байна. Уг итгэмжлэлээр О.Н, Т.У нар нь гуравдагч этгээд О.Ж ыг энэхүү захиргааны хэрэгт төлөөлөх боломжгүй. О.Н-н зүгээс итгэмжлэлийн агуулгаа эндүүрч шүүхэд буруу итгэмжлэл гаргаж өгсөн бөгөөд анхан шатны шүүх гуравдагч этгээдээс бусдад эрх олгосон итгэмжлэлийн агуулгыг шалгахгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд О.Н-г оролцуулсан гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэхээр байна. Энэ итгэмжлэлийн талаар Т.У миний бие 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр нэгдүгээр хавтаст хэрэгтэй танилцаж байхдаа олж мэдсэн. Хэрэгт буруу итгэмжлэл баримтаар авагдсан байгааг хэрэг хувиарлагдсан шүүгчийн туслахад хэлж нэгдүгээр хавтаст хэргийн 1-116 дугаар хуудас хүртэл танилцаж. туүнээс хойших хуудас болон хоёрдугаар хавтаст хэргийн материалтай танилцахгүйгээр шүүгчийн туслахад буцаан өгч хуульд нийцсэн итгэмжлэлээ авч ирээд хуулийн дагуу хэргийн материалтайгаа танилцахаар болсон.

3.3. Эдгээрээс дүгнэн хэлэхэд гуравдагч этгээд О.Ж  нь хууль зүйн хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлж чадаагүй байна. Энэ нь улмаар, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.1 дэх заалтад зааснаар хэргийн оролцогч болох гуравдагч этгээд О.Ж  нь шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байсан бөгөөд анхан шатны шүүх түүнийг энэ эрхийг хангалгүй хэргийг шийдвэрлэсэн байна гэж үзэж гомдолтой байна.

3.4. ...Нэгэнт О.Н-т нэгдүгээр хавтаст хэргийн 116 дугаар хуудсанд авагдсан О.Ж аас олгосон итгэмжлэл энэхүү хэрэг маргаанд хамааралгүй өөр хэрэгт төлөөлөх эрх олгогдсон итгэмжлэл тул О.Н-н шүүхэд гаргасан тайлбар, нотлох баримтууд нь нотолгооны чадвараа алдсан. Өөрөөр хэлбэл, хуульд заасан хэргийн оролцогч биш этгээдийн гаргасан нотлох баримтыг анхан шатны шүух хүлээн авах, улмаар шүүх хуралдаанаар судалж, дүгнэлт хийх эрхгүй болно. Анхан шатны шүүх харин О.Н ын шүүхэд гаргасан хариу тайлбар, нотлох баримтуудыг хуулийн шаардлага хангаагүй баримт гэж үзэж түүнийг шинжлэн судлахгүй орхиж, дүгнэлт хийхгүй байх ёстой байсан. Гэтэл, дээрх баримтуудыг судалж, дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх гэсэн хуулийн зарчмыг сахин хангаагүй гэж үзэхээр байна. Гуравдагч этгээд О.Ж  нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн А/343 дугаартай захирамжаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр гудамжны 28-6 тоот хаягт байршилтай 208 м.кв талбайтай газрыг 15 жилийн хугацаатайгаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмших эрхтэй болсон. Тухайн онд дээрх 208 м.кв талбайтай газрын хил хязгаар, зааг ямар нэгэн иргэн, хуулийн этгээдийн өмчлөх болон эзэмших эрхийн газартай давхцалгүй байсан. Одоо ч давхцалгүй юм. Давхцалгүй гэдэг нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар хөдөлшгүй нотлогдог. Тухайн газрыг өмнө нь мөн захиргааны хэргийн шүүхээр бусдын газартай давхцалгүй гэснийг дүгнэж шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр хавтаст хэрэг дотор бий. Гэтэл, анхан шатны шүүх нэхэмжлэгч А.А ыг 2007-2021 онд хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны 1 дүгээр гудамжны 1, 4, 5, 5а, 7, 7а, 76, 8, 9, 23, 24, 25, 26, 27, 28, 30 тоот хаягт байрлах газруудыг иргэдээс худалдаж авсан байна. Нэхэмжлэгч А.А ын бодитоор ашиглаж байгаа газрын хил заагтай гуравдагч этгээд О.Ж ы газар давхцалтай байна гэж дүгнэсэн ойлгомжгүй, үндэслэлгүй байна. Шүүхээс гарсан шийдвэр үндэслэл бүхий байх ёстой.

3.5. Нөгөөтэйгүүр, шүүх хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргыг Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 6.1, 6.2.4, 6.3.1-д заасан зохих ажиллагааг хийхгүйгээр газар олгосон, уг газар нь өнөөдрийн байдлаар нэхэмжлэгчийн хашаан дотор байгаа нь нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзсэн нь Газрын тухай хуулийн үзэл баримтлалтай зөрчилдөж байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн хуульд заасан ямар эрх нь зөрчигдсөн гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тодорхойгүй, ойлгомжгүй байдлыг үүсгэсэн. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан. Нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүйгээр бусдын эзэмших эрхтэй газрын хил хязгаар дотор хашаа барьж хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа тэрхүү үйлдлийг шүүх зөв гэсэн өнцгөөс харж нэхэмжлэгчийн хашаан дотор маргаан бүхий газар байна гэсэн агуулгаас нь үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Дээрх асуудлыг дүгнэхэд анхан шатны шүүх хэрэг, маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргаж гуравдагч этгээдийн эрхийг зөрсөн. Гуравдагч этгээдийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг шийдвэрлэсэн. Хуулийн шаардлага хангаагүй нотлох баримтыг үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон. Газрын тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн зэрэг зөрчлүүд гаргасан тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 0192 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдлыг үгүйсгэж, бичгээр гаргасан тайлбартаа ... Т.У-т олгосон итгэмжлэл нь алдаатай байсан учир шүүх процессын зөрчил гаргасан байсан гэсэн утгаар Т.У гэдэг хүн гомдол гаргажээ. Т.Ууганбаярын итгэмжлэл алдаатай байсан юм бол Т.У нь гомдол гаргах эрхгүй болж таарна. А.А  нь 2014 оноос тухайн газарт барилгын ажил хийж эхлээд 2018 онд ашиглалтанд оруулсан. О.Ж  нь 2018 онд нэгж талбарын дугаар авсан байх ба 2018 онд тухайн газарт А.А  нь хөрөнгө оруулалт хийж 30 градусын налуутай жалгыг тэгшлэн зогсоол болгон ашиглаж байсан. О.Ж  нэгж талбарын дугаар авах үед тухайн газрыг А.А  хөрөнгө оруулан ашиглаж байсан тул шүүх давхцалтай гэж дүгнэжээ.

4.1. О.Ж  нь А.А аас мөнгө нэхэж авах зоилгоор барилга барьж эхлэх үед газар эзэмших эрх олж авахдаа дараах байдлаар хууль, журам зөрчигдсөн. О.Ж  нь шинээр газар эзэмших хүсэлт огт гаргаж байгаагүй. Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газраас ирүүлсэн баримтаар О.Ж  нь ямар нэгэн өргөдөл, гомдол хүсэлт гаргаж байгаагүйг нотолсон бичиг шүүхэд ирүүлсэн. О.Ж  28б хаягт байсан гэжээ. Дүүргийн 1-28 гэсэн хаягт байх газар нь А.А ын өмчлөлийн газар юм. А.А ын 1-28 тоот хаягт байх газрыг хувааж А, Б гэсэн шинэ хаяг үүсгэсэн тохиолдол байхгүй. Б гэсэн хаягжилт нь хуваагдсан газарт олгогддог хаяг болохоос шинээр газар авч байхад олгогддоггүй.

            4.2. Газрын тухай хууль гарснаар 2003-2010 оны хооронд олон жил хашаа байшингаа бариад амьдарч байсан хүмүүс газраа баталгаажуулах өргөдөл өгдөг байсан. 2010 оноос хойш баталгаажуулах гэсэн өргөдлийг хүлээж авахаа больсон

О.Ж  30 градусын налуу жалганд амьдарч байсан гэвэл ядаж л гэрлийн мөнгө төлсөн баримт, хүүхэд сургуульд сурч байсан баримт, иргэний үнэмлэх дээрх хаяг, сонгууль өгч байсан баримтуудын аль нэг нь байх ёстой. Амьдарч байгаа гэсэн тодорхойлолт нь хорооны өрхийн бүртгэлээр баталгаажих ёстой. Хороонд бүртгэлгүй хүнд тодорхойлолт хийсэн этгээд нь жинхэнэ Засаг дарга биш үүргийг нь түр орлон гүйцэтгэгч байдаг. Гарын үсгээ засаг дарга биш орлон гүйцэтгэгч гэдгээр ядаж зурах ёстой. Газар олгоход суурин судалгаа, хээрийн судалгаа хийдэг. Хээрийн судалгаа хийгээгүй ... Магадгүй О.Ж  өөрөө өөртөө цохолт хийсэн байх, 2014 онд Н  ХХК-иас барилгын ажил явагдаж байгаа тул тухайн газарт бусдад газар олгохгүй байхыг хүссэн албан тоот явуулсан байдаг. О.Ж ы авсан газар гэдэг нь гудамжны голд 4 талдаа гарцтай, ямар ч хашаатай хамарлаагүй, дүүргийн 28 тоот газраас зайтай байдаг. Гудамжны голд 4 тал хашаа гэж Улаанбаатар хотод хаана ч байхгүй тохиолдол Хавтаст хэрэгт авагдсан фото зургаар тухайн газар нь худгийн дэргэдэх 30 градусын налуу жалга болох нь харагддаг. 30 градусын налуу жалганд хашаагүй, гэргүй, байшингүйгээр 2010-2014 онд амьдарч байсан гэдэг нь бодит байдалд нийцэхгүй, боломжгүй зүйл юм.

            4.3. 2015 онд нэгж талбарын дугааргүй гэрчилгээ аваад 2018 онд нэгжталбарын дугаартай гэрчилгээ авчээ. Үүнийг тайлбарлахдаа эхлээд нэгж талбарын дугааргүй гэрчилгээ олгодог дараа нь дахин нэгж талбарын дугаартай олгодог гэжээ. Иймд хууль журам байхгүй. 2004 онд захиргааны шүүх байгуулагдсанаас хойш Газрын албаны ийм булхайтай зүйл захиргааны шүүхээр хэдэн мянгаараа хянагдаж ирсэн хэдий ч өнөөдөр 2018 онд ч гэсэн энэ зөрчил арилахгүй байгаа нь нэн харамсалтай. Иймд гомдлыг хангахгүй орхиж өгнө үү... гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож шийдвэрлэв.

2.1. Давж заалдах шатны шүүх гуравдагч этгээдийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.

2.2. Нэхэмжлэгч А.А , “Н ” ХХК нараас “2015 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Баянзүрх дүүргийн Засаг даргын А/343 дугаар захирамжийн О.Ж д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргасан байна.

2.3. Маргаан бүхий дээрх Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/343 дугаартай захирамжаар ... О.Ж д Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, дүүргийн 1-28б тоотод гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар газар эзэмших эрхийг олгож шийдвэрлэжээ.

2.4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Барилгын ажил, гадна тохижилтын ажил дуусаад Амар зочид буудлыг ашиглалтад оруулсны дараа О.Ж  гэдэг хүн миний газар дээр зогсоол байгуулсан байна гэж олон зуун сая төгрөг нэхэж Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Бид Засаг даргад гомдол гаргахад манай гомдлыг шалгаад инженерийн шугам сүлжээн дээр байрласан гэсэн үндэслэлээр О.Ж д холбогдох хэсгийг хүчингүй болгосон бөгөөд О.Ж  нь захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж захиргааны хэргийн шүүх Инженерийн шугам сүлжээнээс 5 метрийн зайтай байна гээд захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Тус маргаанд Н ХХК болон иргэн А.А  нарыг оролцуулаагүй шийдвэрлэсэн байдаг тул шийдвэр нь бидэнд байхгүй. Засаг даргад гаргасан манай гомдлыг дутуу шалгаад А.А  болон Н ХХК-ийн хөрөнгө оруулж засаж тохижуулан ашиглаж байгаа бодит байдлыг орхигдуулснаар манай эрх ашиг хохироход хүрч байна. О.Ж  гэгч хүн газар эзэмших эрх олж авахдаа хуурамч кадастрын зураг ашиглан тухайн хороонд огт байхгүй хаягт амьдарч байсан мэтээр хуурамч тодорхойлолт хийлгэж, нэгж талбарын дугааргүй гэрчилгээ авсан ... О.Ж  нь хуурамч материал бүрдүүлэн газрыг эзэмших эрх олж авсан нь нэхэмжлэгч нарын эрх ашгийг хохироосон” гэж тайлбарлажээ.

2.5. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Тухайн цаг хугацаанд нэхэмжлэгч нь уг газрыг хашаалж, цэвэрлэж, тэгшилж ашиглаж авто машины зогсоол хийсэн байгаа. Үүнээс үзвэл нэхэмжлэгч А.А  болон Н ХХК нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсгийг зөрчиж барилга байгууламж барьж байсан. Гуравдагч этгээд О.Ж  нь газар эзэмших хүсэлтээ зохих журмын дагуу гаргасан. Тухайн өргөдөл гомдлыг Баянзүрх дүүргийн Засаг дарга болон Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба хүлээн авч Баянзүрх дүүргийн Засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэсэн гэж,

2.6. Гуравдагч этгээдээс ...Би Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны А/343 дугаар захирамжаар тус дүүргийн 13 дугаар хороонд иргэний ахуйн зориулалтаар 208 м.кв талбайтай газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшсэн. Гэтэл тус газарт иргэн А.А  нь хууль бус үйлдэл гаргаж 2016 онд миний эзэмшлийн газар дээр хууль ёсны ашиг сонирхлыг илтэд зөрчиж автомашины зогсоолыг барьж байгуулсан. ... О.Ж  миний бие нь өөрийн эзэмшлийн газраа 2015 оноос хойш ашиглаж чадалгүйгээр 7 жилийн хугацааг өнгөрүүлээд байна. Гэтэл хууль бусаар миний газрыг дээрэмдэн авсан А.А  нь 7 жилийн хугацаанд төлбөртэй зогсоолоор бусдад түрээслүүлэн ашиг олж байгаа нь иргэн миний хууль ёсны ашиг сонирхлыг илтэд зөрчиж байна” гэж тус тус маргасан байна.

2.7. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг тухайн орчмын иргэдийн газрыг буюу Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны 1 дүгээр гудамжны 01, 04, 05, 05а, 07, 07а, 07б, 08, 09, 23, 24, 25, 26, 27, 28, 30 дугаарт хаягт байрлах хашааны газрууд болон байшинг худалдан авах үед /2007-2021 оны хооронд/ маргаан бүхий газар нь нийтийн эдэлбэр газарт хамаарч байсан, нэхэмжлэгч нь гуу жалга бүхий налуу газрыг тэгшилж хашаалсан, кадастрын зураглалаар тухайн газар нь нэхэмжлэгчийн барилгын эзэлбэр газарт хамаарч байсан болох нь шүүхийн үзлэг, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 3/185 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн агаар-сансрын зураг зэргээр тогтоогдсон. О.Ж  нь уг газрыг өнөөдрийг хүртэл бодитоор эзэмшээгүй болох нь  нотлогдсон, энэ тохиолдолд иргэн О.Ж д тухайн газрын эзэмшил зохих ёсоор үүсэж, эзэмшиж байгаа гэж үзэхгүй ... нэхэмжлэгч нь цаг хугацааны хувьд гуравдагч этгээдээс өмнө тухайн газрыг бодитоор ашигласан, түүний ойр орчмын газрыг худалдан авах болон барилга барих цаг хугацаанд гуравдагч этгээдэд газар эзэмших эрх үүсээгүй байсан, мөн маргаан бүхий газрын харьяалах Хорооны засаг даргын тодорхойлолт болон иргэн О.Ж ы иргэний үнэмлэхний хуулбар зэргээр гуравдагч этгээд нь 2010 оноос хойш Баянзүрх дүүргийн Дүүргийн 1 дүгээр гудамжны 28Б тоотод оршин сууж байсан нь тогтоогдоогүй, энэ тохиолдолд О.Ж аас гаргасан өргөдөл түүнд дурдсан хүсэл зориг нь бодит биш гэж үзэхээр байх тул нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн, үүнийг шүүхээс сэргээн тогтоох үндэслэлтэй” гэж дүгнэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

2.8. Учир нь хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/946 дугаар захирамжаар ... маргаан бүхий Баянзүрх дүүргийн Засаг даргын А/343 дугаар захирамжийн О.Ж д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэснийг гуравдагч этгээд О.Ж  эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

2.9. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 756 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 125 дугаар магадлалаар ... Газар эзэмшүүлэх шийдвэр гарсан цаг хугацаанд буюу 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдөр газар нь гэр хорооллын бүс бөгөөд дээр дурдсан хуульд заасан инженер шугам сүлжээ бүхий байршилд хамааралгүй байсан гэдэг нь зурган мэдээллүүдээс тогтоогдож байна. ... Тус шийдвэр нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчсөн хууль бус шийдвэр гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэгч О.Ж ы нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/946 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэж, Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 71 дүгээр тогтоолоор гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан тул тус магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

2.10. Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус зааснаар нэгэнт гуравдагч этгээд О.Ж ыг газар эзэмших эрхтэй эсэх талаар дүгнэлт хийж шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байх тул гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... Тухайн газрыг өмнө нь мөн захиргааны хэргийн шүүхээр бусдын газартай давхцалгүй гэснийг дүгнэж шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр хавтаст хэрэг дотор бий ... Шүүхээс гарсан шийдвэр үндэслэл бүхий байх ёстой” гэх гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй.

2.11. Нөгөөтээгүүр, анхан шатны шүүх нэхэмжлэгч А.А , Н ХХК нараас гаргасан 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Баянзүрх дүүргийн Засаг даргын А/343 дугаар захирамжийн О.Ж д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

2.12. Учир нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрын энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж зааснаас үзэхэд гуравдагч этгээд О.Ж  нь хуульд заасан шаардлага хангасан газар эзэмшигч нь байна.

2.13. Нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийг хуульд заасан журмын дагуу олж аваагүй буюу эрх бүхий этгээдээс газар эзэмшүүлэх, ашиглуулах талаар аливаа байдлаар шийдвэр гаргаагүй, гэрээ байгуулж, гэрчилгээ олгоогүй байгаа энэ тохиолдолд маргаан бүхий Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

2.14. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн “2015 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Баянзүрх дүүргийн Засаг даргын А/343 дугаар захирамжийн О.Ж д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 192 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 35 дугаар зүйлийн 35.3.2-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч А.А , Н ХХК нарын 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Баянзүрх дүүргийн Засаг даргын А/343 дугаар захирамжийн О.Ж д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

  

 

  

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БААТАРХҮҮ

 

                        ШҮҮГЧ                                                             Г.БИЛГҮҮН

 

           ШҮҮГЧ                                                             О.ОЮУНГЭРЭЛ