Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 648

 

 

 

 

 

 

                                                                                                

                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             

Х.Н-ид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

хохирогч Л.Б-, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг,

шүүгдэгч Х.Н-, түүний өмгөөлөгч Г.Тунгалаг,

нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулж,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 345 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Н-, түүний өмгөөлөгч Г.Тунгалаг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Х.Н-ид холбогдох 1808007510146 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Х.Н, 19хх оны хх дугаар сарын хх-нд төрсөн, хх настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автоген огтлогч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ хх гагнуурчин огтлогчоор ажиллаж байсан, ххх тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

 

Х.Н- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 2 дугаар сарын 4-ний орой 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 55 дугаар гудамжинд өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай байсан Л.Б-гийн цээжин тус газар нь хоёр удаа, гуяан тус газар нь нэг удаа хутгалж, онц харгис хэрцгийгээр алахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Х.Н-ид холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-д зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Х.Н-ийг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-д зааснаар Х.Н-ийг 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Н-ийн эдлэх 8 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Н-ийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 74 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Н-оос 1 жилийн хугацаанд 545,000 төгрөгийг хэсэгчлэн гаргуулан хохирогч Л.Б-д олгож, хохирогч нь өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Х.Н-ийн эдлэх ялыг 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Х.Н- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн үед хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн мэдүүлэг зөрүүтэй, хэргийн газар үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт маш их зөрүүтэй байх юм. Л.Б- нь миний гараас хутга булаацалдан өнхөрсөн гэж байгаа. Хэрэв хохирогч нүхэнд унасан нь үнэн бол болгоомжгүй хутганд өртсөн байх боломжтой, хутган дээр унасан байх ч аргагүй. Миний гарнаас хутга булаацалдсан гэх боловч бид хоёрын гарт ямар нэгэн ил харагдах шарх шалбарсан, зүсэгдсэн зүйл байгаагүй. Мөн сар гаруй хугацааны дараа эд мөрийн баримтаар олдсон байх юм. Би энэ хутганы талаар огт мэдэхгүй байна. Ямар ч хурууны хээ, цус илрээгүй, хутгыг хаанаас олсон нь тодорхойгүй байна. Надаас байцаалт авахдаа улсын өмгөөлөгчтэй байцаалт авч дарамталж байгаад гарын үсэг зуруулсан. Тэр өмгөөлөгч нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хохирогч Л.Б-гийн өмгөөлөгчөөр шүүх хуралдаан орсон. Л.Б-гийн ээж, охин хоёр гэрч болж байгаа нь хуульд нийцэхгүй, хэт нэг талыг барьж байна. Хохирогчийн өмгөөллийн хөлс 550,000 төгрөгийг надаас гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шинжээчийн дүгнэлтээр хохирогч Л.Б-гийн биед хөнгөн гэмтэл гарсан. Хөдөлмөрийн чадвараа алдаагүй удахгүй ажилдаа орж, одоо хэвийн ажлаа хийж байгаа. Би өмнө нь толгойдоо хүнд гэмтэл авснаас хойш толгой өвдөх биеийн байдал сэтгэцийн эмгэгийн хожуу үедээ гэх шинжээчийн дүгнэлт гарсан. Энэ өвчний улмаас сүүлийн 4 жилийн турш ойр ойрхон татаж унадаг болсон. Ажлын газрын эмчийн хяналтанд байсан. Миний ээж өндөр настай, бие муу байгаа. Иймд ээжтэйгээ ойр ойрхон уулзах, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзэж хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллага болгож өгнө үү. Хэргийг дахин шалгаж өгнө үү.

Бид хоёрын хамтран амьдрах хугацаанд хохирогч Л.Б-г удаа дараа зодож, дарамталж байсан гэх ор үндэсгүй зүйл дээр тулгуурлан гэр бүлийн хамаарал бүхий хүнийг харилцааны таарамжгүй байдлаар онц харгис хэрцгийгээр алахыг завдсан гэж яллаж байгаад гомдолтой байна. Тухайн хэрэг гарах өдрийн өмнөх өдөр Л.Б-тай уулзаж түүний охин Н.Солонгын сургалтын төлбөрийг төлөөд маргааш нь уулзахаар болсон. Хэрэг гарсан өдөр согтуу байсан бөгөөд надад ямар нэгэн хутга байгаагүй. Тэр хутгыг хэрэг болсон өдрөөс 36 хоногийн дараа олсон. Энэ хутгыг Л.Б-, мөрдөн байцаагч хоёр олсон байдаг. Мөрдөн байцаагч Сайнбаяр, Л.Б- хоёр найз нөхдийн холбоотой танил хүмүүс юм. 2018 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Л.Б-г хутгалаад Л.Б- хутганаас хоёр гараараа барьж ноцолдож хутга булааж аваад хашаа давуулаад шидсэн. Яагаад хутга олдохгүй удах болсон, гар хуруу нь зүсэгдээгүй талаар шалгаж өгнө үү. Л.Б- миний ээжтэй хүмүүсээр утсаар яриулж мөнгө нэхэн дарамтлан миний хашааг зарж мөнгийг нь авсан байна. Л.Б- нь шунахайн сэдэлтээр энэ бүгдийг үйлдээд байгаа болохоор үүнийг харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Х.Н-ийн өмгөөлөгч Г.Тунгалаг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан хэргийн талаар тогтоогдвол зохих зүйлийг бүрэн тогтоолгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Хэрэг үйлдэхэд ашигласан гэх хутгыг үнэн зөв олж тогтоосон эсэх нь эргэлзээтэй байна. Уг хутгыг зөвхөн хохирогчийн зааж өгснөөр хэрэг болсноос хойш сар гаруй хугацаа өнгөрсний дараа хохирогчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны явцад олж илрүүлсэн гэдэг эргэлзээтэй байгаа болно.

Шүүгдэгч нь энэ хутганы талаар огт мэдэхгүй байгаа ба түүний хуруу гарын мөр илрээгүй. Ерөөсөө энэ хутгыг хаанаас олж авч явсан нь үл мэдэх зүйл болоод байгаа. Харин түүний хэлхээтэй түлхүүрэн дунд хумсны хутга байнга явдаг гэж мэдүүлж байгаа. Хохирогч нь энэ хутганы ир хэсгээс хоёр гараараа барьж Х.Н-той булаацалдаж булааж авч шидсэн гэх атал түүний гар зүсэгдсэн зүйл байхгүй, өрөөсөн бээлийн дэх уранхай нь зүсэгдсэн биш гогдогдож цоорсон гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Ийм том хутгыг булаацалдсан юм бол яагаад гар болон бээлийнд зүсэгдэл үлдээгүй гэх эргэлзээ байгаа. Согтуу хүн хохирогчийн дээрээс дарчаад ийм том хутгаар дүрээд байвал хөнгөн гэмтэл учраад өнгөрөх үү гэдэг нь эргэлзээ төрүүлж байгаа.

Хэрэг үйлдэгдсэн гэх газрыг тогтоосон байдал нь эргэлзээтэй байгаа. Хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөлийг бүрэн тогтоогоогүй байгаа.

Хэргийн зүйлчлэл тохироогүй гэж үзэж байна. Х.Н-ийг хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдэхээр завдсан хэмээн буруутгасантай санал нийцэхгүй байгаа. Ийм гэмт хэрэг үйлдэх сэдэлт, шалтгаан нөхцөлийг тогтоогоогүй байгаа. Ял эдлэх дэглэмийг хаалттай дэглэмээр тогтоосонтой санал нийцэхгүй байна. Анх удаа гэмт хэрэг холбогдсон, учруулсан хохирлыг төлсөн, гэмшиж байгаа, цаашид засарч хүмүүжиж чадах этгээд тул ялыг нээлттэй дэглэмд эдлүүлэх боломжтой гэж үзэж байна. Гэм хорын төлбөрийн хувьд хохирогчийн өмгөөлөгчид төлсөн хөлсийг шүүгдэгчээс гаргуулан төлүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүгдэгч Х.Н- нь хохирогч Л.Б-гийн биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэлийг өөрчлөх боломжтой...” гэв. 

 

Хохирогч Л.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Удаа дараа намайг зодож байсан. Хэрэг гарахын өмнөх өдөр охины сургалтын төлбөр төлөөгүй. 1 дүгээр сарын 16-ны өдөр охины сургалтын төлбөрийн үлдэгдэл 210,000 төгрөгийг өгсөн. Хутгыг цагдаагийн байгууллага мөрдөн байцаалтын шатанд илрүүлсэн. Үүргээ биелүүлж байгаа цагдаагийн албан хаагчтай найз нөхдийн холбоотой гэж байгаа нь миний болон бусдын нэр төрд халдаж байна. Би хадам эх рүүгээ нэг ч удаа залгаж мөнгө нэхэж байгаагүй. Тийм ёс суртахуун байхгүй. Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдол бүгд үндэслэлгүй болно. Шүүгдэгч Х.Н- хоригдож байх хугацаандаа ч гэсэн миний нэр төрд халдсан зүйл удаа дараа гаргаж байгаа. Шүүгдэгч Х.Н-ийг ухаараасай гэж бодож байна...” гэв.

 

Хохирогч Л.Б-гийн өмгөөлөгч Г.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Гуян тус газар нэг удаа хутгалсан бол хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэж үзэж болох байх. Гэтэл амь биед аюултай цээжин тус газар гэмтэл учруулж байгаа нь алахыг завдсан үйлдэл байгаа. Шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдсон ч гэсэн амь биед аюултай газар хутгалсан нь хүнийг санаатай алахыг завдсан үйлдэл юм. Шүүгдэгч Х.Н- гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй, хийсэн хэрэгтээ гэмшихгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Х.Н-ид холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасанд нийцжээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

2018 оны 2 дугаар сарын 4-ний орой 19 цагийн үед Х.Н- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 55 дугаар гудамжинд өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай байсан Л.Б-гийн цээжин тус газар нь хоёр удаа, гуян тус газар нь нэг удаа хутгалж алахыг завдсан болох нь:

хохирогч Л.Б- /1-р хх-ийн 40-45 тал/, гэрч Н.С /1-р хх-ийн 66-67 тал/, гэрч Ш.Н /1-р хх-ийн 68-69 тал/, гэрч Д.Ц /1-р хх-ийн 72 тал/ нарын мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 2320 дугаар “...Л.Б-гийн биед цээж, өвдөгт хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 96 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 1377 дугаар “...Ногоон хүрмэнд гарсан 18 мм, 22 мм, цагаан эрээн даашинзанд гарсан 15 мм, 15 мм, бор шаргал майканд гарсан 25 мм, 20 мм, цагаан өмдөнд гарсан 15 мм, хар өмдөнд гарсан 10 мм хэмжээтэй гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэлтүүд байна...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 88-99 тал/,

үйл явдал болсон газарт цус гоожсон байгааг харуулсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 3-6 тал/,

“Л.Б- Цэргийн төв эмнэлэгт цээжин тус газраа 2, зүүн өвдөгний үеийн дээхэн талд 1 хатгагдсан гүн шархнуудтай 103-р хүргэгдэн ирсэн...” гэсэн эмч Д.Нямдоржийн тодорхойлолт /1-р хх-ийн 12 тал/,

“...Өвчүүний шугамаар 5,6, мөн зүүн суганы урд шугамаар 4,5-р хавирганы түвшинд гүн хатгагдсан шархтай. Зүүн өвдөгний дээр хатгагдсан шархтай...” гэсэн хохирогч Л.Б-гийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх /1-р хх-ийн 51-58 тал/ зэрэг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Л.Б нь Х.Н-той хамтран амьдарч байсан болох нь:

            Л.Б-гийн өөрийн “...2013 оны 9 сараас ээжинхээ хашаанд хамтран амьдарч эхэлсэн. Эхний 3 жилдээ гайгүй байж байгаад, сүүлийн 2 жилд нь зодох болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 41 тал/,

            Л.Б-гийн ээж Ш.Н гэрчээр мэдүүлсэн “...Х.Н- манай охин Л.Б-тай 2012 оноос 4 жил хамтран амьдарсан. ...2017 оны 4 сард зодоод нуруун дээр нь хөхрүүлсэн байхаар нь чи энэ хүнээсээ сал гээд өөрийнхөө гэрт байлгасан...” /хх-ийн 69 тал/,

            Х.Н- Л.Б- нарын гэр бүлийн харьцаатай болохыг мэдүүлсэн Т.Б /хх-ийн 70-71 тал/, Т.Б /хх-ийн 73 тал/ нарын гэрчийн мэдүүлэг,

            Х.Н-ийн ээж Ш.Х-ийн гэрчээр мэдүүлсэн “...2013 оноос байх Б гэх эмэгтэйтэй тусдаа гараад 5 жил орчим хамт амьдарсан. Өнгөрсөн жилээс хоорондоо муудалцаад тусдаа амьдрах болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 80-81 тал/ зэргээр нотлогдсон ба Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “...Энэ хуулийн зохицуулалтад ...хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан ...этгээд нэгэн адил хамаарна...” гэж зааснаар  Х.Н-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

            Мөн Х.Н-ийн Л.Б-гийн биед хутгаар учруулсан “...Өвчүүний шугамаар 5,6, мөн зүүн суганы урд шугамаар 4,5-р хавирганы түвшинд гүн хатгагдсан, зүүн өвдөгний дээр хатгагдсан...” гэмтлүүд нь Л.Б-г өвтгөж шаналгасан, зовж зүдрэхээр байдлыг бий болгосон болох нь хохирогчийн мэдүүлэг, эмчлүүлсэн өвчний түүх зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул Х.Н-ийг “...онц харгис хэрцгий аргаар...” гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Х.Н-ийн хутгаар хамтран амьдарч байсан Л.Б-гийн цээжин тус газар нь хоёр удаа, гуян тус газар нь нэг удаа хутгалсан, энэхүү хутгалагдсан газар нь хүний цээжний зүүн хэсэг, цээж рүү чиглэсэн амь насыг нь хохирооход чиглэсэн байна гэж дүгнэх бүрэн үндэслэлтэй байх тул Х.Н-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “...онц харгис хэрцгийгээр...”, 2.8 дахь заалтад заасан “...гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж...” гэсэн гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Н-ид оногдуулсан “...8 жилийн хугацаагаар хорих ял...” нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн арга, Х.Н-ийн гэм бурууд тохирсон байна.

 

Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тооцоог зөв тооцож, үндэслэл бүхий шийдвэрлэжээ. 

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Н-, түүний өмгөөлөгч Г.Тунгалаг нарын гаргасан “...оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэх давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 345 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Н-, түүний өмгөөлөгч Г.Тунгалаг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                               

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧИД                                                       Н.БАТСАЙХАН

 

                                                                                    Д.ОЧМАНДАХ