Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 86

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч С.Сугар,

Шүүгдэгч Э.БӨ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Лхагвасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.БӨ-д холбогдох 2130000000081 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Сүхбаатар аймгийн ....... суманд төрсөн, ...... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ...., эхнэр .... хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ..... дугаар багийн ........... тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, регистрийн дугаар:................, Э.БӨ

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Э.БӨ нь 2021 оны 03 дугаар сарын 09-өөс 10-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дугаар багийн ........... тоотод хохирогч Д.Ч-ы гарыг хутгаар зүсэж эрүүл мэндэд нь зүүн гарын алганд хатгагдсан шарх, 5 дугаар хурууны 2 дугаар үений гадна хэсгийн зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.БӨ-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүх шүүгдэгч Э.БӨ-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Э.БӨ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Хохирогч Д.Ч-ы “... 2021 оны 03 дугаар сарын 09-өөс 10-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын .... дугаар багийн ..........од гэртээ хамтран амьдрагч М.Э болон түүний найз Б нартай 0.75 граммын “Х” нэртэй архийг гурвуулаа хувааж уугаад сууж байсан. Гэтэл хамтран амьдрагч М.Э-н төрсөн хүү Э.БӨ согтуу орж ирээд агсам тавьсан. Би болиулах гэтэл намайг цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд нүүр рүү нь гараа атгаж байгаад цохисон. БӨ босож ирээд ширээн дээр байсан хутга аваад над руу дайраад миний зүүн гарыг зүссэн...” гэх /хх-ийн 5-6 дугаар хуудас/

 

Гэрч Ю.Э-н “... Манай найз Б 16 цагийн үед ирсэн. Бид хоёр 0.5 граммын “Е” нэртэй архи хувааж уусан. Миний хамтран амьдрагч Ч тэр архинаас уугаагүй. Тэгсэн шөнийн 01 цагийн орчимд манай хүү БӨ гаднаас согтуу орж ирээд “чи миний гал голомтоос зайл” гээд агсам тавьсан. Ч-ы толгой руу гараараа нэг удаа цохиж “манайхаас зайл, хувцсаа ав” гээд бархираад байсан. Тэгснээ гэрийн түмпүшигнээс хутга аваад Ч руу далайж хутгалах үед хутгыг алгаараа хаагаад гараа зүсүүлсэн. Тэгээд ална гээд дайраад байхаар нь манай найз Б бид хоёр болиулсан...” гэх /хх-ийн 12-13 дугаар хуудас/

 

Яллагдагч Э.БӨ-н: “... 2021 оны 03 дугаар сарын 09-өөс 10-нд шилжих шөнө У, Г гэх хоёр найзтайгаа 0.75 граммын 4 шил архийг хувааж уугаад гэр рүүгээ харьсан. Манайх, ээжийнх хоёр нэг хашаанд байдаг. Гэр рүүгээ орохоос өмнө ээжийнх рүү орсон. Тэгэхэд ээж, түүний хамтран амьдрагч Ч, мөн танихгүй хоёр хүн согтуу сууж байсан. Би Ч ахад хандаж “чи дүүг яагаад дээрэлхээд байдаг юм” гэх зэргээр маргалдсан. Гэтэл Ч ах босож ирээд гэрийн баруун урд талын хөндийд унагаж намайг нүүр рүү нэг удаа цохисон. Тэгэхээр нь би босож ирээд хутга авч зүсэх гэж савахдаа зүүн гарыг нь зүссэн. Хутгаа хаанаас авснаа сайн санахгүй байна. Юу болсон талаар бүдэг бадаг санаж байна...” гэх /хх-ийн 41-42 дугаар хуудас/ мэдүүлгүүд

 

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 22-23 дугаар хуудас/

 

Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 174 дугаартай “... Д.Ч-ы биед зүүн гарын алганд хатгагдсан шарх, 5 дугаар хурууны 2 дугаар үеийн гадна хэсгийн зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь хурц хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт \хх-ийн 24-25 дугаар хуудас\

 

Шүүгдэгч Э.БӨ-н урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 дүгээр хуудас/

 

Шүүгдэгч Э.БӨ-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 46 дугаар хуудас/

 

Хохирогч Д.Ч-ы гомдолгүй гэх хүсэлт /хх-ийн 48 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Э.БӨ-н хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 54 дүгээр хуудас/

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 54 дүгээр дугаартай прокурорын тогтоол, санал /хх-ийн 55-57 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны,  Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх  тухай  хуульд  заасны  дагуу  цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Э.БӨ нь 2021 оны 03 дугаар сарын 09-өөс 10-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн ..........од хохирогч Д.Ч-ы гарыг хутгаар зүсэж эрүүл мэндэд нь зүүн гарын алганд хатгагдсан шарх, 5 дугаар хурууны 2 дугаар үений гадна хэсгийн зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болох хохирогч Д.Ч, гэрч Ю.Э нарын мэдүүлгүүд, яаралтай тусламжийн хуудас,  Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 174 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Э.БӨ нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

            Шүүгдэгч Э.БӨ нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдыг хутгаар зүсэхэд гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа хохирогч Д.Ч-тай  маргалдсаны улмаас түүний гарыг хутгаар зүсэж  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Э.БӨ-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн  гэм  буруутайд  тооцож,  түүнд  Эрүүгийн  хуульд  заасан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Э.БӨ-н үйлдлийн улмаас хохирогч Д.Ч-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Д.Ч нь “гомдол гаргахгүй” гэх хүсэлт прокурорт гаргажээ.  

Иймд шүүгдэгч Э.БӨ-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

 

Шүүгдэгч Э.БӨ-д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Э.БӨ нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч Д.Ч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Э.БӨ-д танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Э.БӨ-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял шийтгэв.

Шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, түүнд оногдуулсан торгох ялын хэмжээ зэргийг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг шүүгдэгч Э.БӨ нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Э.БӨ нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй.

 

Шүүгдэгч Э.БӨ-д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э.БӨ-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.БӨ-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга /төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.БӨ-д оногдуулсан торгох ялыг 5 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.БӨ нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч Э.БӨ-д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч Э.БӨ энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч Э.БӨ энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Д.Ч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР