| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2021/0119/э |
| Дугаар | 105 |
| Огноо | 2021-07-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Х |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 105
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
Улсын яллагч М.Ханджав /цахим/
Шүүгдэгч Д.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганжууржав нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ханджаваас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Б-т яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2130001350146 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, 19.... оны .... дугаар сарын ....-ний өдөр суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл ....., эхнэр хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын .... дүгээр баг, “АХ” гэх газарт оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:................, Д.Б.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Д.Б нь 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн хооронд Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын ..... дүгээр багийн нутаг “АХ” гэх газарт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч О.Н-г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодон биед нь баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй, прокурорын 450.000 төгрөгийн торгох саналыг хүлээн зөвшөөрч байна гэв.
- Яллагдагч Д.Б-н: 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн өглөөний 06 цагийн орчимд хониндоо яваад 08 цагийн орчимд гэртээ ирэхэд манай эхнэр О.Н нь босоогүй унтаж байхаар нь “Би хонио услахаар явлаа, одоо бос, би айлын буяны ажил руу явлаа, намайг явахаас өмнө гэр орондоо устай болоод үлд” гэхэд манай эхнэр босох дургүй, хүн унтуулсангүй гээд уурлаад байсан. Тэгээд охинтойгоо хамт гурвуулаа мотоциклтой худаг дээр ирэхэд манай хонь айлын хоньтой нийлчихсэн байхаар нь хонио ялгах гэтэл манай эхнэр хонио ялгахгүй “Миний хонь биш чи өөрийнхөө хонийг ялга” гээд мөн л уурлаад байхаар нь би уурандаа эхнэрийнхээ нуруу руу нь нэг удаа өшиглөж, толгойн хажуу хэсэг рүү нь баруун гараараа 2-3 удаа цохисон. Тэр үед эхнэр охиноо тэврээд хойшоо гүйж яваад хэсэг хугацаанд дэрсэн дунд сууж байгаад эргээд ирсэн. Би өөрөө мотоциклоор хонио хөөж, хонио ялгаж, худгаас усаа авчихаад гэртээ ирж цайгаа чанах гэтэл эхнэр цайгаа чанахгүй уурлаад байхаар нь “Чи яагаад хачин загнаад уурлаад байгаа юм бэ” гэхэд “Намайг ээжийн гэр лүү буулгаад өг” гээд уурлаад байсан. Тэгэхээр нь би “Чи өөрөө унаагаа олоод яв, би хүргэж өгөхгүй” гэхэд миний өөдөөс шороо цацахаар нь уурандаа нүүрэн тус газар нь 2 удаа баруун гараараа цохисон. Би мотоциклтойгоо айл руу явчихаад орой 19 цаг өнгөрөөгөөд гэртээ ирэхэд эхнэр, охин хоёр гэртээ байгаагүй. Тухайн үед манай эхнэрийн баруун нүд хөхөрч, хавдсан байсан. Түүнээс өмнө 2020 оны хавар мөн бид хоёр муудаж хэрэлдэж байгаад эхнэрээ нэг удаа цохиж байсан. Би өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх /хх-ийн 101-102 дугаар хуудас/
- Хохирогч О.Н-н гэрчээр өгсөн: 2021 оны 05 дугаар сарын 18-ны өглөө 10 цагийн орчимд манай нөхөр бид хоёр хүүхэдтэйгээ цуг хонь, ямаагаа услахаар худаг руу явсан. Худаг дээр очиход манай хонь айлын хоньтой нийлсэн байсан. Манай нөхөр гэнэт уурлаад “чи муу хонио айлын хоньтой нийлүүллээ” гээд миний нуруу руу нэг удаа өшиглөөд, миний толгой руу гараараа 2, 3 удаа цохисон. Би нөхөртөө хандан “би яахаараа хонио айлын хоньтой нийлүүлдэг юм, чи бид хоёр цуг гэрээсээ худаг дээр ирээ биз дээ” гэж хэлэхэд “чи хонио харж байх ёстой” гээд зодоод байсан. Бид хоёр худаг дээр өөрийнхөө хонийг айлын хониноос ялгаж усалчихаад гэр лүүгээ явсан. Гэртээ очсоны дараа манай нөхөр намайг “хонио харсангүй айлын хоньтой нийлүүллээ” гээд миний толгой руу гараараа цохиж зодсон. Тэгж зодож байхдаа миний баруун нүд рүү гараараа цохисны улмаас миний нүд хөхөрч хавдсан. Намайг “чи ээж рүүгээ унаагаа олоод яваарай” гээд хөөгөөд байхаар нь хүүхдээ дагуулаад гэрээсээ гарсан. Манай баруун талд ойрхон байдаг О гэх айлд очоод гэрийнх нь утсаар өөрийнхөө төрсөн эгч О.Н руу залгаж “Б намайг зодоод гэрээсээ хөөгөөд байна, та намайг ирж ав” гэсэн. Манай эгч тэр өдөр ирээгүй маргааш нь буюу 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Огийнд очиж намайг аваад сумын төвд ирээд эмнэлэгт үзүүлсэн.
Манай нөхөр урд өмнө нь намайг архи ууж байгаад гэнэт ямар ч шалтгаангүйгээр миний зүүн нүд рүү гараараа 2 удаа цохиж байсан. Тухайн үед миний зүүн нүд хавдаж хөхөрч байсан. Би бичиг үсэг мэдэхгүй болохоор яг хэдэн оны, хэдэн сарын, хэдний өдөр байсныг нь мэдэхгүй байна. Манай төрсөн эгч О.Н намайг зодуулсныг мэдэж байгаа...гэх /хх-ийн 17-19 дүгээр хуудас/
- Хохирогч О.Н-н: өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Нөхөр Б бид 2 эвлэрсэн. Хамт амьдарч байгаа. Одоо миний биед зовиур байхгүй...гэх /хх-12-14 дүгээр хуудас/,
- Гэрч О.Н-н: 2020 оны 05 дугаар сарын 27, 28-ны үед байх Д.Б манай дүү Н хоёр манай хамаатан Ц-н хүүхдийн үсний найранд орохоор сумын төвд ирсэн байна гэж сонсоод би Ц-н гэр лүү нь очиход манай хүргэн Б тухайн үед архи уусан байдалтай халамцуу сууж байсан. Н нь Ц-нд байгаагүй. Би Б-с “та хоёр суманд хэзээ ирсэн юм, Н яасан юм” гэхэд “бид хоёр өглөө ирсэн. Н түрүүнд гараад явсан. Би хайгаад олохгүй байна ” гэж байсан. Би дүүгээ хайхаар Ц-н хашааны ойр хавиар нь явж байхад манай дүү, Ц-н хойд талын эзэнгүй хашаанд хүүхэдтэйгээ цуг сууж байсан. Дүүтэйгээ уулзахад манай дүүгийн зүүн талын нүд нь хөхөрч хавдсан байсан. Би дүүгээсээ “чи яагаад эзэнгүй айлын хашаанд сууж байгаа юм, чиний наад нүд чинь яасан юм” гэхэд “Б намайг зодсон, намайг ээжийнд хүргэж өнгө гээд сумын төвд ирсэн” гэсэн. Тухайн үед би дүүгээ дагуулаад Ц-нд орж Б-с “чи яагаад Н-г зодож байгаа юм” гэхэд “Н өөрөө миний уурыг хүргээд байхаар нь би зодсон” гэсэн...гэх мэдүүлэг /хх-26-27 дугаар хуудас/,
- Гэрч Э.Д-н: Би Д.Б түүний эхнэр О.Н нарыг танина. 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 15 цагийн орчимд гэрийнхээ гадаа манай нөхөр бид хоёр хонио услаад байж байхад Д.Б-н эхнэр О.Н хүүхдээ дагуулаад манайд ирсэн. О.Н манайд ирээд “манай нөхөр намайг зодсон” гэсэн. Тухайн үед О.Н-н баруун талын нүд нь хөхөрсөн байсан. О.Н манай нөхрийг сумын төв рүү буулгаад өгчих гэхээр нь манай нөхөр О.Н-д хандан “би таныг сумын төв рүү буулгаж өгч чадахгүй, та манай гэрийн утсаар эгчтэйгээ ярьчих” гэсэн. О.Н өөрийнхөө эгчтэйгээ ярьсан. Тэр өдөр эгч нь ирээгүй О.Н манайд хүүхэдтэйгээ хоносон. Маргааш нь буюу 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 14 цагийн орчимд Н-н эгч нь ирээд авч явсан...гэх /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,
- Гэрч Т.Б-н: 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдөр би Д.Б-н баруун урд байдаг Б ахынхаар буухад Б ах надад “Бын эхнэр нь байхгүй байгаа. Эхнэрийнх нь нүд нь хөхөрсөн байсан” гэж ярьж байсан...гэх /хх-ийн 42-43 дугаар хуудас/,
- Гэрч Э.Н-н: Би нөхөр Э.Б-н хамт 2021 оны 05 дугаар сарын эхээр Түвшинширээ сумын 4 дүгээр баг “АХ” гэх газарт Д.Б гэх айлд очсон. Д.Б нь эхнэртэйгээ маргалдаад хүүхдээ хоорондоо булаацалдаад байсан. Тухайн үед Д.Б нь эхнэртэйгээ гэрийнхээ үүдэн маргалдаад байсан. Удалгүй Д.Б-н эхнэр нь гэртээ хүүхдээ дагуулаад орж ирэхдээ нүдэндээ цохиулсан байдалтай орж ирсэн...” гэх /хх-ийн 66-67 дугаар хуудас/ мэдүүлгүүд
- Эмчийн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 72-73 дугаар хуудас
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 269 дугаартай ” 1. О.Н-гийн биед 2020 оны 05 дугаар сард учирсан гэх гэмтэл тогтоодсонгүй” гэх дүгнэлт /хх-ийн 82 дугаар хуудас/
- Д.Б-н иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 104 дүгээр хуудас
- Шүүгдэгч Д.Б-н Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 116 дугаар хуудас/
- Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай Прокурорын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 71 дугаартай санал /хх-ийн 119 дүгээр хуудас/ зэрэг баримтууд болно.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын .... дүгээр багийн нутаг “АХ” гэх газарт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч О.Н-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож биед нь “баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт “ бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь түүний хэрэг бүртгэлт болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн “...би уурандаа эхнэрийнхээ нуруу руу нь нэг удаа өшиглөж, толгойн хажуу хэсэг рүү нь баруун гараараа 2-3 удаа цохисон... гэх,
хохирогч О.Н-н гэрчээр өгсөн “...манай нөхөр гэнэт уурлаад “чи муу хонио айлын хоньтой нийлүүллээ” гээд миний нуруу руу нэг удаа өшиглөөд, миний толгой руу гараараа 2, 3 удаа цохисон” гэх
гэрч О.Н-н “...Дүүтэйгээ уулзахад манай дүүгийн зүүн талын нүд нь хөхөрч хавдсан байсан. Би дүүгээсээ “чи яагаад эзэнгүй айлын хашаанд сууж байгаа юм, чиний наад нүд чинь яасан юм” гэхэд “Б намайг зодсон, намайг ээжийнд хүргэж өнгө гээд сумын төвд ирсэн” гэсэн...” гэх
гэрч Э.Д-н “...О.Н манайд ирээд манай нөхөр намайг зодсон гэсэн. Тухайн үед О.Н-н баруун талын нүд нь хөхөрсөн байсан“ гэх
гэрч Т.Б-н “...Б ах надад илгүүнбаатарын эхнэр нь байхгүй байгаа. Эхнэрийнх нь нүд нь хөхөрсөн байсан гэж ярьж байсан“ гэх
гэрч Э.Б-н “ Д.Б, О.Н хоёр гэрийнхээ үүдэн маргалдаад байсан. Д.Б ахын эхнэр гэрт орж ирэхдээ баруун талын нүд нь хавдаж хөхөрсөн байсан ” гэх
гэрч Э.Н-н “ Тухайн үед Д.Б нь эхнэртэйгээ гэрийнхээ үүдэн маргалдаад байсан. Удалгүй Д.Б-н эхнэр нь гэртээ хүүхдээ дагуулаад орж ирэхдээ нүдэндээ цохиулсан байдалтай орж ирсэн” гэх мэдүүлгүүд,
Эмчийн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 270 дугаартай дүгнэлт зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэргийн дээрх баримтаар Д.Б нь эхнэр О.Н-г “ хонио айлын хоньтой нийлүүллээ “ гэх шалтгаанаар нуруу руу өшиглөн, нүүр лүү нь гараараа хоёр удаа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдох бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.
Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдыг цохиж зодсоноор эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа гэр бүлийн ахуйн шинжтэй маргааны улмаас ялимгүй зүйлээр шалтаглан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр О.Н-г зодож эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүй” - г “гэр бүлийн хүчирхийлэл” гэж,
3 дугаар зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч,асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг “гэр бүлийн хүчирхийллийн үйлчлэлд хамаарах этгээд” гэж,
5 дугаар зүйлийн 5.1.2-т гэр бүлийн хүчирхийллийн хохирогч гэж “гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг ойлгоно” гэж,
6 дугаар зүйлийн 6.2-т “ Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” гэж тус тус тодорхойлжээ.
Энэ хэргийн шүүгдэгч Д.Б, хохирогч О.Н нар гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй боловч хамтран амьдарч байгаа бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан дээрх шинжүүдээр авч үзвэл тэдгээр нь гэр бүлийн хүчирхийллийн үйлчлэлд хамаарах этгээдүүд, хохирогч О.Н гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болох хийгээд шүүгдэгч Д.Б-н, хамтран амьдрагч О.Н-г зодсон үйлдэл нь бие махбодын хүчирхийллийн хэлбэрт хамаарах юм.
Шүүгдэгч Д.Б-н гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч О.Н-г зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Тухайн хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэсэн шинжээр тодорхойлогдоно.
Шүүгдэгч Д.Б-н хамтран амьдрагч О.Н-г зодсон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн зүгээс нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, эвлэрсэн хэрэгт мэдүүлжээ.
Иймд шүүгдэгч Д.Б-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно..
Прокуророос Д.Б-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтайгаар ирүүлсэн ба түүний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан гэж шүүх үзлээ.
Тухайлбал, шүүгдэгч Д.Б-н үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, тэрээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч О.Нтай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Д.Б-т холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана” гэжээ.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг хэрэглэхдээ шүүгдэгчид хуулиар тогтоосон хязгаарлалтыг чангаруулах, олгосон эрхийг хязгаарлах байдлаар хэрэгжүүлэхгүй тул торгох ял биелүүлэх доод хугацааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор байхаар хуульчилснаар үзэж төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж заасантай нийцэх юм.
Шүүгдэгч Д.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шүүгдэгч Д.Б нь дээрх торгох ялыг энэ шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Шүүхийн шатанд шүүгдэгч Д.Бт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч Д.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний хувийн бичиг баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй ба шүүгдэгч Д.Б бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч О.Н гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН