| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2021/0120/э |
| Дугаар | 106 |
| Огноо | 2021-07-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Ханджав |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 106
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганжууржав,
Улсын яллагч М.Ханджав /цахимаар/,
Шүүгдэгч Э.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.О-т холбогдох 2130001270127 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 19... оны ... дүгээр сарын ...-ны өдөр төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхлэх, ам бүл ..., эхнэр .... хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын .... дугаар баг залуус хотхоны ................. тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, РД:.............., Э.О
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Э.О нь 2021 оны 05 дугаар сарын 26-ны өглөөний 05 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ц.А-н зодож эрүүл мэндэд нь “зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, доод зовхинд цус хуралт зулгаралт, дээд эрүүний 24 дүгээр шүдний эмтрэлт бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
- Шүүгдэгч Э.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би гэртээ хэвтэж байсан чинь манай хөдөөний хэд ирсэн байна гэсэн. Тэгэхээр нь би залгасан чинь У утсаа авсан. Та хэд юу хийж байна манай руу хүрээд ир гэхэд У, М нар өөр 2 хүнтэй ирсэн. Ц.А гэдэг хүн нь У-с уучлалт гуйх гээд ирсэн байсан. Тэр 2 гадаа гарахаар нь би араас нь очсон. А нь миний нуруу руу өшиглөхөөр нь би гараараа нэг цохисон чинь хамраас нь цус гараад хэвтээд өгсөн...гэв.
“...Э.О нь хэдэн хоногийн өмнө нь ирээд надаас уучлалт гуйгаад бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн учраас тухайн хүнд холбогдуулан гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Э.О нь эмчилгээ хийлгээрэй гэж хэлээд 500.000 мянган төгрөг өгсөн. Би шүүх хуралд суухгүй...” гэх /хх-ийн 31 дүгээр хуудас/ мэдүүлэг,
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.О нь 2021 оны 05 дугаар сарын 26-ны өглөөний 05 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Баруун- Урт сумын 5 дугаар багийн нутаг Онгцгой байдлын газрын баруун талд хохирогч Ц.А-н зодож эрүүл мэндэд нь “зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, доод зовхинд цус хуралт зулгаралт, дээд эрүүний 24 дүгээр шүдний эмтрэлт бүхий ” хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь түүний мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн “...дүүтэй нь маргалдаж байхад ардаас Ц.А өшиглөхөөр нь “үгийн учир ойлгохгүй ямар учиртай хүн бэ” гэж хэлээд шууд Ц.А-н нүүр лүү нэг удаа гараараа цохиход Ц.А газар унасан...” гэх
хохирогч Ц.А-н “...Онцгой байдлын газрын баруун талд У нь араас ирж дэгээдэж унагаагаад О нь намайг нүүр рүү цохиод толгой дээрээс хоёулаа дэвсээд байсан...” гэх,
гэрч Э.Б-н “Ц.А-г газар унасан байхад Б.О нь нэг удаа гараараа цохиж, толгой руу нь нэг удаа өшиглөсөн... ” гэх,
гэрч Ц.А-н “ Ц.А-г газар унасан байхад нь нэг удаа гараараа цохиж, толгой руу нь нэг удаа өшиглөсөн... гэх
гэрч Б.У-н “ М намайг тэврээд холдуулсан чинь А бархирахаар нь эргээд харсан чинь Аын хамраас нь цус гарсан сууж байсан. Хажууд нь О ах зогсож байсан...” гэх
гэрч М.М-н “...Тэгэхэд О нь Ц.А-г нэг удаа цохисон гэж ярьж байсан...” гэх
гэрч Б.А-н “...манай нөхөр цагдаагийн газраас ирлээ гээд ирэхэд нь ямар учраас эрүүлжүүлэх байранд хоноод ирж байгаа юм гэж асуухад хүний шүд цохиод хугалаад...” гэх мэдүүлгүүд,
шинжээчийн 272 дугаартай “...Ц.А-н биед зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, доод зовхинд цус хуралт зулгаралт, дээд эрүүний 24-р шүдний эмтрэлт, хүзүүнд болон баруун гарын бугалгад цус хуралт бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, доод зовхинд цус хуралт зулгаралт, дээд эрүүний 24-р шүдний эмтрэлт бүхий гэмтлүүд нь ШЭГЗТЖ-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сариулсан хөнгөн зэргийн гэмтэлд, хүзүүнд болон баруун гарын бугалгад цус хуралт бүхий гэмтлүүд нь ШЭГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сариулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт,
Яаралтай тусламжийн хуудас зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэргийн баримтаар тогтоогдож буй дээрх үйл явдлыг дүгнэхэд Э.О нь согтуурсан үедээ хохирогч Ц.А-г “ У-тай муудлаа “ гэх шалтгаанаар түүнийг цохиж зодон эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт хөдөлбөргүй нотлогдсон хийгээд шүүгдэгч нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.
Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдыг цохисноор эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа ялимгүй асуудлаас шалтаглан хохирогчийн нүүр хэсэгт цохиж зодож эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.
Шүүгдэгч Э.О-н, хохирогч Ц.А-г гараараа цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Э.О-н үйлдлийн улмаас хохирогч Ц.А-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр эмчилгээний зардалд 500,000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй талаараа хэрэгт мэдүүлж, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлтээ прокурорт гаргасан байх тул шүүгдэгч Э.О нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Э.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокуророос Э.О-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтайгаар ирүүлсэн ба түүний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан гэж шүүх үзлээ.
Тухайлбал, шүүгдэгч Э.О-н үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, тэрээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч Ц.А “бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн учраас тухайн хүнд холбогдуулан гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Э.О нь эмчилгээ хийлгээрэй гэж хэлээд 500.000 мянган төгрөг өгсөн” /хх-31/ гэж мэдүүлсэн, “Э.О-с нэхэмжлэх зүйлгүй” /хх-126/ гэх хүсэлтээ ирүүлсэн зэрэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Иймд Э.О-т холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ... бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана” гэжээ.
Э.О-н зүгээс торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.
Шүүгдэгч Э.О энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О-т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шүүгдэгч Э.О нь дээрх торгох ялыг энэ шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Шүүхийн шатанд шүүгдэгч Э.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Э.О энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний хувийн бичиг баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй ба шүүгдэгч Э.О бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Ц.А-т эмчилгээний зардалд 500,000 төгрөг төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН