Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 104

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганжууржав,

Улсын яллагчаар хяналтын прокурор М.Ханджав,

Шүүгдэгч А.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ханджаваас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А.Г-д холбогдох 213000079138 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 20... оны ... дүгээр сарын ....-ны өдөр төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл ...., аав, ээж, ах, дүү нарын хамт амьдардаг, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын ..... дугаар багт оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:.............., А.Г.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч А.Г нь 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын .... дүгээр баг ................ тоотод хохирогч Б.А-н эзэмшлийн “Redmi note-8” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч түүнд 450,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч А.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэр өдөр А-н утсыг нь өгөөгүй нь миний буруу байсан. Хийсэн хэргээ хүлээж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос яллах дүгнэлт үйлдсэнийг хүлээн зөвшөөрч байна, маргах зүйл байхгүй...гэв.  

 

- Яллагдагч А.Г-н: А утсаа хайгаад надаас асуусан. Би тухайн үед өөрөө гар утасгүй байсан болохоор гар утсыг нь баримаар санагдаад утсыг нь унтраагаад гэртээ нуусан учраас мэдэхгүй гэж хэлсэн. Энэ нь миний буруу...” гэх /хх-ийн 61-62 дугаар хуудас/

 

- Хохирогч Б.А-н: 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 16 цагийн үед манай найз Дчойдор намайг дуудаад байхаар нь би түүний байгаа газар Хайлаастын ..... дүгээр эгнээнд байрлах айл руу Портер маркийн машинтайгаа очсон. Би Дгийн цагаан өнгийн 105 марк-2 машинд суугаад Д, Д-н ах Б нартай 2.5 литрийн 1 ширхэг пиво задлаад ууж байтал Г ирсэн. Тэгээд машины цонхноос Г-д 2, 3 аяга пиво өгч уулгасан. Би Г-д “гоймон авсан байгаа дэвтээчих” гээд гэр лүү явуулсан. Удалгүй Д бие засахаар буухад нь би араас нь гар утсаараа чатлаж байгаад машины голын хайрцаг дээр үлдээгээд Г-н гэр лүү орсон. Гэрт ороход Г байгаагүй. Би гэрээс нь гартал Д явъя гээд Д-н машин асахгүй болохоор нь би Портер маркийн машинаараа Д-н машиныг холбох гэж хөдөлгөөд Д-н машины хажууд байрлуулсан. Миний бодлоор машин холбож асаах хооронд л миний гар утсыг авсан гэж бодож байна. Би 2021 оны 05 дугаар сарын 10-ны үеэр гар утастай болоод Gmail-ээ шалгаж байтал А гэх хүн миний хуучин утсаар орж байгааг нь мэдээд өөрөө гэрт нь очиж гар утсаа А-с авсан. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх /хх-ийн 15-16 дугаар хуудас/

 

- Гэрч Т.Д-н: А миний машинд сууж байгаад гарах гэснээ гар утсаа хайгаад эхэлсэн. Яасан талаараа бид эргээд санахад А утсаа миний машин дотор тавьчхаад гарсан байх ёстой чиний машинд байгаа гэсэн. Тэгээд миний машин дотор хайгаад байхгүй болохоор нь Б ахыг авсан байна гээд Б ахыг гаргаад өг гэхэд аваагүй гэсэн. А бид хоёр Бгийн биед нь нэгжиж үзээд гараагүй. Тэгээд А-н гар утас олдохгүй болсон...” гэх /хх-ийн 23-24 дүгээр хуудас/

 

  • Гэрч Н.Б-н: Би өөрийн төрсөн дүү болох Д-н хамт 2021 оны 02 дугаар сарын 26-ны орой 20 цагийн үед ............... тоот хашаанд байхад Д-н найз болох А гэх залуу, өөр нэг үл таних хүний хамт Пронтер маркийн машинтай ирсэн. Д, А мөн А-н цуг ирсэн гэх хүнтэй нийлээд дөрвүүлээ 3 ширхэг 2.5 литрийн савлагаатай пиво уусан. Тэгээд А-н ирсэн машинд Д-н марк-2 машиныг холбож асаагаад А-тай цуг ирсэн ах нь машинаа унаад явсан. Тэрнээс хойш А гар утас алга болсон байна гээд байсан...” гэх /хх-ийн 27-28 дугаар хуудас/

 

  • Гэрч Б.Ю-н: Би яг хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна. Цагаан сарын үеэр л байх. Нэг өдөр манай нөхөр У-н дүү Г манай гэрээр нөхрийн хамт ирсэн. Г нь манай төрсөн ах А-тай юм ярьж байгаад гар утсаа солихоор болсон. Манай ах хөгжлийн бэрхшээлтэй өөрийгөө хариуцах чадваргүй тул Г надаас “ах чинь утсаа солих уу гэж байна, сольж болох юм уу” гэж асууж байсан. Би өөрсдөө мэдэхгүй юу даа гэж хэлсэн. Тэгээд манай ах Г-н “Redmi note-8” маркийн гар утсыг авч оронд өөрийн “Samsung J7” маркийн гар утсаа Г-д өгч сольсон. Удалгүй манай ах хөдөө гэр лүүгээ Эрдэнэцагаан явахдаа надад гар утсаа үлдээгээд явсан. 5 сарын дундуур байх А гэх залуу манай ахын сольж авсан “Redmi note-8” маркийн гар утсыг “миний утас байсан, Г миний утсыг хулгайлсан байна” гээд надаас гар утсаа аваад явсан. Би энэ тухай хэлэхэд Г надад сольсон “Samsung J7” маркийн гар утсыг өгсөн. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх /хх-ийн 31-32 дугаар хуудас/

 

  • Гэрч Ө.Э-ы: Би хэзээ гэдгийг сайн санахгүй байна. 2, 3 сарын үед Г манайд ................. тоотод цуг амьдардаг байсан. Би тухайн үед “ЖУ” худалдааны төвд касс дээр ажилладаг байсан. Нэг орой ажлаа тараад ирэхэд Г гар утас олсон гээд ярьж байсан. Би тухайн гар утсыг харахад “Redmi note-8” маркийн хар өнгөтэй, дэлгэцийг нь асаахаар дэлгэц нь дундаа шар толботой хагархай байсан. Г нэг өдөр нөгөө утсаа сольчихсон гээд надад “Samsung J7” маркийн хар өнгөтэй гар утас өгсөн. Удалгүй буцаагаад хүнд нь өгнө гээд гар утсаа авсан...” гэх /хх-ийн 35-36 дугаар хуудас/

 

  • Хөрөнгө даатгалын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн ТХҮС-21/047 дугаартай дүгнэлт /хх-ийн 43-47 дугаар хуудас/

 

  • Шүүгдэгч А.Г-н иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 64 дүгээр хуудас/

 

  • А.Г-н Байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 65 дугаар хуудас/

 

  • А.Г-н ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 66-67 дугаар хуудас/

 

  • А.Г-н Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68 дугаар хуудас/

 

-  А.Г-н Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-78 дугаар хуудас/

 

- Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай 70 дугаартай Прокурорын санал /хх-82 дугаар хуудас/ зэрэг баримтууд болно.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч А.Г нь 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багийн ................ тоотод иргэн  Т.Д-н машинаас хохирогч Б.А-н эзэмшлийн “Redmi note-8” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 450,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч А.Г-н хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн “...Би тухайн үед өөрөө гар утасгүй байсан болохоор гар утсыг нь баримаар санагдаад утсыг нь унтраагаад гэртээ нуусан ” гэх,

хохирогч Б.А-н “...Миний бодлоор машин холбож асаах хооронд л миний гар утсыг авсан гэж бодож байна...” гэх

гэрч Т.Д-н “...А миний машинд сууж байгаад гарах гэснээ гар утсаа хайгаад эхэлсэн.Тэгээд А-н гар утас олдохгүй болсон ” гэх,

гэрч Н.Б-н “ А-н ирсэн машинд, Д-н марк-2 машиныг холбож асаагаад Атай цуг ирсэн ах нь машинаа унаад явсан. Тэрнээс хойш А гар утас алга болсон байна гээд байсан ” гэх

гэрч Б.Ю-н “ Г нь манай төрсөн ах Атай юм ярьж байгаад гар утсаа солихоор болсон. Манай ах Г-н “Redmi note-8” маркийн гар утсыг авч оронд өөрийн “Samsung J7” маркийн гар утсаа Гд өгч сольсон” гэх

гэрч Ө.Э-ы “Нэг орой ажлаа тараад ирэхэд Г гар утас олсон гээд ярьж байсан. Би тухайн гар утсыг харахад “Redmi note-8” маркийн хар өнгөтэй, дэлгэцийг нь асаахаар дэлгэц нь дундаа шар толботой хагархай байсан” гэх мэдүүлгүүд,

Хөрөнгө даатгалын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн ТХҮС-21/047 дугаартай дүгнэлт зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Хэргийн баримтаар тогтоогдож буй дээрх үйл явдлыг дүгнэхэд шүүгдэгч А.Г нь хувийн хэрэгцээ, шаардлагыг хангах зорилгоор машинд орхисон Б.А-н “Redmi note-8” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчийн өмчлөх эрхэд зориуд хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон хийгээд тэрээр гэмт хэргийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.

 

Шүүгдэгч А.Г-н, хохирогч Б.А-н “гар утсыг хулгайлж авсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Энэ хэргийн хохирлын үнэлгээг “Ашид билгүүн” ХХК-ийн ТХҮС-21/047 дугаартай дүгнэлтээр “Redmi note-8 маркийн гар утас 450,000 төгрөг  “ гэж тогтоосон бөгөөд шүүгдэгчийн зүгээс хохирогч Б.А-н “Redmi note-8” маркийн гар утсыг биет байдлаар эргүүлэн өгсөн, хохирогчийн нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн тул шүүгдэгч А.Г-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч А.Г-н гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч А.Г-д холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн ба түүний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт тус тус хамаарах бөгөөд мөн хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан гэж шүүх үзлээ.

 

Тухайлбал, шүүгдэгч А.Г-н үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан эдийн хохирлыг бүрэн нөхөн төлсөн, шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон эрүүгийн хариуцлага, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч А.Г-д холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнсэж, дээрх тэнссэн хугацаанд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах тухай санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхээр тогтоолоо.

 

Шүүгдэгч А.Г энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдъя.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А.Г-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-г хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнссүгэй.        

           

3. Шүүгдэгч А.Г-д дээрх тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г шүүхээс хүлээлгэсэн дээрх үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч А.Г-д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч А.Г энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний хувийн бичиг баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй ба шүүгдэгч А.Г бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Б.А-н эзэмшлийн “Redmi note-8” загварын гар утсыг буцаан олгогдсон, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.НАСАНБУЯН