Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 00536

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 155/ШШ2017/00536

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд 1958 онд төрсөн, 57 настай, эрэгтэй, бага боловсролтой, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 3 дугаар багт оршин суух, РН58101271 дугаар регистртэй, Жөгд овогт Загдын Раднаадоржийн

Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 155/2017/00538/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч З.Раднаадорж нар оролцлоо.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.Раднаадорж шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Би 4 дүгээр анги төгсөөд эцэг, эхийн хамт Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын “Жаргалант амьдрал” нэгдэлд 1974 оноос 1989 оныг дуустал хугацаанд үхэрчнээр ажиллаж байсан. Тухайн үед ажиллаж байхдаа авсан хөдөлмөрийн дэвтэр дээр миний нэрийг Раднаа гэж бичсэн байсан. Нутгийн хүмүүс намайг ихэвчлэн Раднаа гэж дууддаг юм. Би цэргийн алба хаагаагүй, нэгдэлдээ тасралтгүй ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл ажилд орсон гарсан тушаал архиваас шүүлгээд бүрэн олдохгүй байгаа тул ажилласан жил тооцогдохгүй байна. Мөн нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтэр болон цалин хөлсний 70 дугаар дансны баримтад “Загдын Раднаа” гэж нэрний зөрчилтэй бичигдсэн тул хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн юм.  Би холбогдох баримт лавлагааг авч хэргийн материалд өгсөн байгаа.

Иймд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын “Жаргалант амьдрал” нэгдлээс “Загдын Раднаа” нэрээр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болон миний Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын “Жаргалант амьдрал” нэгдэлд 1974 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд үхэрчнээр ажиллаж байсан байдлыг тус тус тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З.Раднаадорж нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч З.Раднаадоржийг 1974 оноос 1989 оны хооронд ажиллаж байх хугацаанд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын “Жаргалант амьдрал” нэгдлээс хөдөлмөрийн дэвтэр болон цалин хөлс олгохдоо “З.Раднаа” гэсэн нэрээр бүртгэсэн болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн “Загдын Раднаа /рн58101271/-ын бүртгэлийг шалгаж үзэхэд иргэний бүртгэл, мэдээллийн санд бүртгэлгүй байна” гэх бичилттэй 1/597 дугаартай тодорхойлолт,

Гэрч З.Лхагвасүрэнгийн “...бүтэн нэр нь Раднаадорж юм. Хүмүүс нэг нэрийг нь хаяад л Раднаа гэдэг байсан. Загдын Раднаадорж гэж л явдаг юм... Өөр Раднаа нэртэй хүн байхгүй...” гэх мэдүүлэг, гэрч Б.Цогтын “...Раднаадорж гэдэг юм. Хүмүүс Раднаа гэж дууддаг. Дууддаг нэрээр нь тухайн үед биччихсэн байх... Раднаадорж нь эцэг эхээс 2, эгчийн нь Өнөр гэдэг юм... Ажиллаж байх үед Раднаа гэвэл энэ Раднаадорж л санаанд орж байна. Өөр Раднаа удган гэж хүн байсан ба эмэгтэй хүн юм...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул З.Раднаа нэрээр гарсан Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн цалин, хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбаруудыг нотлох баримтад үнэлж, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын “Жаргалант-Амьдрал” нэгдлээс  “Загд Раднаа” нэрээр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь “Загдын Раднаадорж” мөн болохыг тогтоох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч З.Раднаадорж Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын “Жаргалант амьдрал” нэгдэлд 1974 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд үхэрчнээр ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын “Жаргалант амьдрал” нэгдлээс олгосон 1974 оны 7 дугаар сараас 1980 оныг дуустал хугацааны, 1981 оны 1 дүгээр сараас 1990 оныг дуустал хугацааны цалин хөлсний бичилттэй хөдөлмөрийн дэвтрүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, “Жаргалант амьдрал” нэгдлийн гишүүдийн 1991 оны шинэчилсэн бүртгэлийн “Гун хэсэг: 79. Овог нэр: Загд Раднаадорж, нас: 33, хүйс: эр, нэгдэлд орсон он сар: 1974, нэгдэлд ажилласан жил: 16” гэх бичилттэй архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн З.Раднаадоржийн 1986 оны 1 дүгээр сараас  1990 оныг дуустал хугацаанд  ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд,

Гэрч З.Лхагвасүрэнгийн “... З.Раднаадорж нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын “Жаргалант амьдрал” нэгдэлд 1974 оны 06 сараас 1990 он хүртэл хугацаанд тасрахгүй үхэр суурь малладаг байсан. Цэрэгт ч яваагүй, дан мал малласан. Нэгдлийн Мунгараг багийн иргэн... тасрахгүй ажиллаж байсан... би Улаан-Уул сумын “Оч” нэгдэл гэж байхад аав, ээжийн хамт туслах малчнаар ажиллаж байгаад “Жаргалант амьдрал” нэгдэл байгуулагдахад тасрахгүй хонь малласан. 1963 оноос 1990 он хүртэл ажилласан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Цогтын “...З.Раднаадорж Улаан-Уул сумын “Жаргалант амьдрал” нэгдэлд үхэрчин хийж байсан. 1974 оны 07 сараас эхлэн 1990 он хүртэл хугацаанд тасрахгүй ажиллаж байсан... Би Улаан-Уул сумын “Жаргалант амьдрал” нэгдэлд 1974 оноос эхлэн сүү тосны заводад ажилчин, хөрөө рамд дранк зүсэх зэрэг ажил хийж байсан. 1977 оноос 1980 онд цэргийн алба хааж, 1980 оноос 1991 он хүртэл сум нэгдлийн хоньчноор ажилласан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдлоо.

Иймд З.Раднаадоржид Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын “Жаргалант амьдрал” нэгдлээс “Загдын Раднаа” нэрээр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь “Загдын Раднаадорж” мөн болохыг тогтоож, түүний Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын “Жаргалант амьдрал” нэгдэлд 1974 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд үхэрчнээр ажиллаж байсан байдлыг тогтоов.

З.Раднаадоржийн ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тухай тушаал байхгүй, ажиллаж байсан үеийн баримт материал шатаж устсан болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн “Тус аймгийн Улаан-Уул сумын “Жаргалант амьдрал” нэгдлийн 1974-1991 оны тушаалд З.Раднаадоржийг томилж чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй”  гэх бичилттэй 10/253 тоот тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн “...1980-1985 оны баримт тус сумын ЗДТГ-ын санхүүгийн өрөөнд гал гарч шатсаны улмаас архивт хадгалагдаж үлдээгүй болно” гэх бичилттэй 11/135 тоот тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр нотлогдож байх тул хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэхь заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын “Жаргалант амьдрал” нэгдлээс “Загдын Раднаа” нэрээр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь РН58101271 дугаар регистртэй, Жөгд овогт Загдын Раднаадорж мөн болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Жөгд овогт Загдын Раднаадоржийн Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын “Жаргалант амьдрал” нэгдэлд 1974 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд үхэрчнээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА