| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2017/00547/И |
| Дугаар | 00547 |
| Огноо | 2017-05-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 00547
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд 1964 онд төрсөн, 53 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 18 дугаар байрны 22 тоотод оршин суух, РЮ64090315 дугаар регистртэй, Цагаан толгойт овогт Бат-Очирын Одхүүгийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 3-02 тоотод оршин суух, РМ66010518 дугаар регистртэй, эрэгтэй, Хонин хотгойд овогт Мөнхөөгийн Бат-Очирт холбогдох
Зээл 6.000.000 /зургаан сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 155/2017/00363/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, нэхэмжлэгч Б.Одхүү нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Одхүү шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би М.Бат-Очирт 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 6.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, хугацаа хэтэрвэл 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцож зээлийн гэрээ байгуулан, уг мөнгийг зээлдүүлсэн юм. Гэвч хугацаандаа мөнгөө өгөхгүй байсаар 2016 оны 7 дугаар сард 4, 5, 6 сарын хүү болох нийт 2.000.000 төгрөг өгөөд зээлсэн 6.000.000 төгрөгийг 8 дугаар сард өгнө гэсэн боловч одоо болтол өгөөгүй, намайг хохироосоор байна. М.Бат-Очир надаас мөнгө зээлээд буцааж өгдөг байсан болохоор би итгэж байсан. Иймд М.Бат-Очироос зөвхөн үндсэн зээл 6.000.000 төгрөг гаргуулж авна, зээлийн хүү болон алданги тооцохгүй. Хариуцагч нь шүүхэд ямар нэг тайлбар ирүүлээгүй тул хуульд зааснаар шийдвэрлэж, миний нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч М.Бат-Очирт 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн хувь гардуулсан боловч шүүгчээс тогтоосон хугацаа болох 14 хоног буюу 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнд 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр, 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр, 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр тус тус шүүхэд хариу тайлбараа ирүүлэхийг дахин мэдэгдсэн байна.
Шүүх хуралдаанд зохигчийн тайлбар болон бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Одхүү нь хариуцагч М.Бат-Очирт холбогдуулан зээл 6.000.000 /зургаан сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хариуцагч М.Бат-Очир 6.000.000 /зургаан сая/ төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, хугацаа хэтэрвэл 0.5 хувийн алданги тооцохоор Б.Одхүүтэй тохиролцож зээлийн гэрээ байгуулан авсан, зээлийн хүүнд 2.000.000 /хоёр сая/ төгрөг өгсөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, зохигчийн хооронд байгуулагдсан 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн гэрээ зэргээр тогтоогдож байна.
М.Бат-Очирт 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн хувь гардуулсан боловч шүүгчээс тогтоосон хугацаа болох 14 хоног буюу 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн дотор шүүхэд хариу тайлбараа ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй”, 72 дугаар зүйлийн 72.3-д “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно...” гэж тус тус заасан байх тул хариуцагч М.Бат-Очир шүүхэд хуулинд заасан хугацаанд тайлбараа ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцлоо.
Иймд хариуцагч М.Бат-Очироос зээл 6.000.000 /зургаан сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Одхүүд олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 110.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Хариуцагч М.Бат-Очирт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч М.Бат-Очироос зээл 6.000.000 /зургаан сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Одхүүд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Одхүүгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Бат-Очироос улсын тэмдэгтийн хураамж 110.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Одхүүд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА