| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2021/0131/Э |
| Дугаар | 115 |
| Огноо | 2021-07-26 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | М.Ханджав |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 115
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганжууржав,
Улсын яллагчаар хяналтын прокурор М.Ханджав,
Шүүгдэгч М.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ханджаваас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Г-т холбогдох 2130000920119 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ...-ний өдөр төрсөн, ..... настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн БУ сумын ..... дугаар баг, .............. тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:..........., М.Г,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч М.Г нь нийт 7 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хохирогч Н.С-г хуурч “Аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажилладаг П.У байна, та Г гэдэг хүнээс 350,000 төгрөгийн авлагатай юм байна, таны авлагыг би Г-с барагдуулж өгнө, үүний тулд үйл ажиллагааны зардалд мөнгө хэрэгтэй байна, танаас авсан мөнгийг Г-с нэмж гаргуулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж, 2017 оны 08 сард 100,000 төгрөг, 2017 оны 09 сард 100,000 төгрөг, 2017 оны 11 сард 130,000 төгрөг, 2018 оны 05-06 сарын үед 110,000 төгрөг, 2018 оны 11 сард 160,000 төгрөг, 2018 оны 12 сарын 30-ны өдөр 80,000 төгрөг, 2019 оны 03 сард 60,000 төгрөг, нийт 740,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2130000920119 дугаартай эрүүгийн хэргээс:
- Шүүгдэгч М.Г-н хэрэг бүртгэлтэд яллагдагчаар өгсөн: Би өөрийн үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би цагдаагийн байгууллагад урьд өгсөн мэдүүлэгтээ үйлдсэн хэргийнхээ талаар тодорхой дэлгэрэнгүй ярьсан. Би болсон асуудлыг тодорхой ярьж, үйлдсэн хэргээ хүлээж, өөрийн буруутай үйлдлийг ухамсарлаж байна. Би өөрийнхөө .......... дугаараас байнга холбогддог байсан. Сумъяа эгч миний утасны дугаарыг мэдэхгүй учир “ П.У гэдэг хүн ярьж байна” гэж боддог байсан. Би С эгчид учруулсан хохирлоо нэн даруй бүрэн гүйцэд барагдуулж хохиролгүй болгоно...гэх /хх-ийн 35-36 дугаар хуудас/,
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад нөлөөлөхүйц буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.Г нь “Аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажилладаг П.У байна, таны Г гэдэг хүнээс авах авлагыг гаргуулж өгнө, үүнд үйл ажиллагааны зардлын мөнгө хэрэгтэй байна, танаас авсан мөнгийг Гээс нэмж гаргуулж өгнө ” гэж хохирогч Н.С-г хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилан 2017 оны 08 сард 100,000 төгрөг, 2017 оны 09 сард 100,000 төгрөг, 2017 оны 11 сард 130,000 төгрөг, 2018 оны 05-06 сарын үед 110,000 төгрөг, 2018 оны 11 сард 160,000 төгрөг, 2018 оны 12 сарын 30-ны өдөр 80,000 төгрөг, 2019 оны 03 сард 60,000 төгрөг, нийт 740,000 төгрөгийг 7 удаагийн үйлдлээр авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч М.Г-н хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн “Би болсон асуудлыг тодорхой ярьж, үйлдсэн хэргээ хүлээж, өөрийн буруутай үйлдлийг ухамсарлаж байна. Би өөрийнхөө .......... дугаараас байнга холбогддог байсан. Сумъяа эгч миний утасны дугаарыг мэдэхгүй учир П.У гэдэг хүн ярьж байна гэж боддог байсан... гэх, хохирогч Н.С-н “...удаа дараагийн үйлдлээр анх өгсөн 350,000 төгрөг, сүүлд нийт 640.000 өгсөн ” гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэйгээр үйлдэгддэг бөгөөд шүүгдэгч М.Г нь амар хялбар аргаар мөнгө олох, өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн нэрийг барьж хохирогч Н.С-г төөрөгдөлд оруулж, 7 удаагийн үйлдлээр 740,000 төгрөгийг залилан авсан үйл баримт хэрэгт хөдөлбөргүй тогтоогдох бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.
Тэрээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүйг, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор өөрийгөө шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, авлагыг нь барагдуулна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилаж хохирогч Н.С-н эд хөрөнгийн эрхэд зориуд хохирол учруулжээ.
Шүүгдэгч М.Г-н зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Н.С-н хуурч, залилан мөнгийг авсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч М.Г нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Н.С-т учирсан 740,000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн, тэрээр “ гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй “ гэж мэдүүлсэн нь тус шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн “ мэдэгдэх хуудас”-аар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч М.Г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.
Шүүгдэгч М.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлүүдэд заасан харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагчаас “ М.Г гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол, төлбөрийг барагдуулсан тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох “ дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй болно.
Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдаж 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс хүчин төгөлдөр болон дагаж мөрдөгдсөн ба уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т ” 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн “ хүн энэ хуульд хамрагдахаар заасан бөгөөд шүүгдэгч М.Г-н 2017 оны 08 сараас 2019 оны 03 сард үйлдсэн уг хэрэг нь цаг хугацааны хувьд энэ хуульд хамрагдах боловч түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлд тусгагдаагүй, өршөөлд хамрагдаж хэрэгсэхгүй болгох хэрэгт хамаарахгүй байна.
Тухайлбал, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “ Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж хуульчилсан бөгөөд энэ зүйлд тусгагдсан 7 дугаар зүйлийн 7.2-т “ 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ... Залилах /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, ...гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино “ гэж заасан тул М.Г-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй юм.
Шүүгдэгч М.Г-н үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчимд харшлахгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, 90 бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана” гэжээ.
М.Г-н зүгээс торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.
Шүүгдэгч М.Г энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.Г-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шүүгдэгч М.Г нь дээрх торгох ялыг энэ шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Шүүхийн шатанд шүүгдэгч М.Г-т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч М.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Н.С гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН