Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 146/ШШ2017/00135

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Хилчин 6-8 тоотод оршин суух, 1959 онд төрсөн, эрэгтэй, Үржээд овгийн Янжинлхамын Нармандах /РД: ПЮ59061819/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох

“16.900.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунцэцэг, хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.Цэрэнтогтох, Н.Бат-Эрдэнэ, нарийн бичгийн дарга А.Батцог нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Я.Нармандах шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2014 онд болсон Бат-Өлзий сумын 90 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс баталсан арга хэмжээний нэг болох ном хэвлүүлэх ажил болсон юм. Тухайн үед Бат-Өлзий сумын Иргэдийн хурлын дарга М.Жамъяншарав, Засаг дарга Н.Баттулга нар сумынхаа ард иргэдийн удам гарвал, ургын холбоог тодорхойлох зорилготой “Ураг удмын холбоо” номыг бүтээж хэвлүүлэх санал гарган энэ ажлыг Улаанбаатар хот дахь Бат-Өлзий сумын Нутгийн Зөвлөлийн дарга Я.Нармандах миний бие хариуцан гүйцэтгэх үүргийг хүлээсэн билээ. Улмаар сумын удирдлагууд өрх бүртээ тус бүр нэг, бусад зочидод өгөх гээд буюу 2500ш ном хэвлүүлэх. Ном нэг бүрийн үнийг 20.000 /хорин мянган/ төгрөгөөр тооцоолон захиалга өгсөн. “Ураг удмын хэлхээ” ном захиалгат хугацаандаа хэвлэгдэн Бат-Өлзий сумын Тамгын газар /2000/ Хоёр мянга/ ширхэг ном хүлээн авч ном бүтээж хэвлүүлсний зардал болох 40.000.000 /дөчин сая/ төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн боловч уг төлбөрөөс 11.100.000 /арван нэгэн сая нэг зуун мянга/ төгрөгийг 2015 онд барагдуулж үлдэгдлийг өгөхгүй байсаар 2016 оны 4-р сард 600ш номыг борлогдохгүй байгаа гэсэн шалтгаанаар буцаасан. Энэ хугацаанд Я.Нармандах миний бие номын зохиогч, хэвлэлийн компанитай хийх төлбөр тооцоог хувиасаа барагдуулсан болно. Мөн буцааж өгсөн номын үнэ 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгийг хасаж тооцоод үлдэгдэл болох 16.900.000 /арван зургаан сая есөн зуун мянган/ төгрөгийг элдэв шалтгаан тоочиж хойшлуулсаар өнөөг хүрлээ. Тухайн үед ном захиалж төлбөр хийх үүрэг хүлээсэн сумын Иргэдийн хурлын дарга М.Жамъяншарав нь одоо сумын Засаг дарга болсон. Засаг дарга Н.Баттулга нь сумандаа байгаа. Эдгээр хүмүүс болон сумын зохих байгууллагуудад хандаж уг асуудлыг хянан үзэж буруутай этгээдийг тогтоож, нэхэмжилж буй 16.900.000  /арван зургаан мянга есөн зуун  мянга/ төгрөгийг гаргуулан өгч иргэн Я.Нармандах намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би шүүхэд 16.900.000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан Я.Нармандахын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож байна. Энэ 16.900.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг ямар үндэслэлээр гаргаж байгаа вэ гэвэл Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Ураг удмын хэлхээ” гэх нэртэй номыг Я.Нармандах өөрөө нутгийн зөвлөлийн дарга хийж байх үедээ ийм ном гаргая гэсэн санаа гаргасан. Мөн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 90 жилийн ойд зориулсан нэг ном гээд энэхүү хоёр номыг гаргах гэж нутгийн зөвлөлийнхөн цугларч хоёр дарга нь ирээд Я.Нармандахтай харилцан ярилцаад энэхүү хоёр номыг хийхээр болсон. Түүхэн номын болохоор нутгийн зөвлөлийн хандив тусламжаар хийж өгнө. Харин “Ураг удмын хэлхээ” номыг 30.000 төгрөгөөр хийхээр ярилцсан боловч Засаг дарга Баттулга болон иргэдийн хурлын дарга М.Жамъяаншарав нар нь номын үнийг арай хямдруулж хэвлүүлэх гэж хэвлэлийн компанитай ярилцаж нутгийн эрдэмтэн болох Мөнх-Очир гэж хүн хамтарч ярилцсан. Энэхүү түүхэн номыг залуу хүмүүс сайн ойлгохгүй байх шиг байна. Энэ түүхэн ном бол 1780 оноос эхлэн өдийг хүртэл хүн амын тоог гаргасан хэлмэгдэгсдийн үеийг харж болох удам судраа мэдэх боломжтой тийм түүхэн ном юм. Түүхэн номыг Бат-Өлзий сумын түүхт ой нь болж байгаа учраас нутгийн зөвлөлөөс хандивлаж өгье. Харин энэ “Ураг удмын хэлхээ” гэх номыг нэг ном тус бүрийг 20.000 төгрөгөөр хийх боломжтой байна гэдэг саналыг хоёр даргад тавьсан. Тэр саналыг хоёр дарга хоёулаа хүлээн зөвшөөрсөн. Хэлцэл гэдэг бол үйл явдал, эс үйлдлээр болдог тэгэхэд энэ хоёр хүн өнөөдөр хэдэн халтар төгрөг гаргаад ирэхээр ерөөсөө би тийм гэрээ хийгээгүй гэж яриад байна. Монгол хүний нэг сайхан жудаг бий. Дөнгөж орж ирчихээд л танайд ном хэвлэж өгье. Хоёулаа гэрээ хийе гээд шаардаад байдаггүй биздээ. Энэ номыг хэвлүүлэх ажил процессын дагуу яваад л энэхүү номыг хэвлүүлсэн байгаа. Цаг хугацааны хувьд ойлгогдохгүй байдал бид бүхэнд харагдаад байна. Тэр нь юу вэ гэвэл 2014 оны 07 дугаар сард Бат-Өлзий сумын 90 жилийн ой болсон байгаа. Харин энэ номыг хэвлүүлэх гэж ярилцсан нь намар болсон асуудал юм. Хүн амын тооноос өмнө номыг гаргаж өгнө гээд нутгийн зөвлөлийн хүмүүс уулзалдсан. Энэ уулзалтанд нутгийн зөвлөлийн хүмүүс ирсэн. Засаг дарга мөн нөлөө бүхий тамгын газрын бусад ажилчид ирсэн байх гэж бодож байна. Уулзалтанд юу яригдсан гэхээр тэнд цугларсан хүмүүс Я.Нармандахад хэлэхдээ энэ номыг гаргахаас өмнө нутгийн нөлөө бүхий бизнесмэн хүмүүстэй уулзах хэрэгтэй байна гэж хэлсэн. Номын нээлт хийх гэж тодорхой хугацаа заагаад номын нээлтээ хийсэн. Тэрхүү номын нээлтэнд Засаг дарга, иргэдийн хурлын дарга нар бүгд л ирсэн. Тэр нээлтэнд ирсэн хүмүүс тэр номоор нүүрээ тахалж тэнд цугларсан бүх хүмүүст бэлэглэсэн шүү дээ. Би үүнийг нотлох баримттай ярьж байна. Зүгээр хоёр хүний хоорондох мөнгөний асуудал яриагүй шүү. Тэрхүү номыг анх гаргахад Засаг дарга, иргэдийн хурлын дарга хоёр хэлэхдээ бид нарын нэрийг оруулаарай. Бид нар хөдөөнийхөө малчдад энэхүү номыг бэлгэнд өгөөд хандив цуглуулна хандивын мөнгө орж ирэхээр номны чинь мөнгийг өгнө гэж ярилцаж тохирсон байдаг. Энэ номыг 12 сарын хүн амын тооноос өмнө малчдадаа өгнө гээд хэвлэлийн компанийг яаруулаад, Баттулга дарга нь өөрийнхөө Ланд-80 машинд 1000 ширхэг номыг нь ачаад авч явсан байдаг. Би тухайн үеийн болсон процессыг л ярьж байна. Тэгтэл энэ хүмүүс 2014 оны 07 дугаар сард гэнэт л ном ороод ирсэн. Тэгээд малчдад тараагаад өгсөн тийм зүйл яриад байгаа. Тийм зүйл огт биш юм аа. 2013 оны 12 дугаар сард малын тоо явсан. Малын тоо болоход Засаг дарга Баттулга 1000 ширхэг номыг Ланд-80 машиндаа ачиж яваад 5 багийн иргэддээ 90 жилийн ойтой шүү ойдоо хандив өгөөрэй гээд энэ номоор нүүрээ тахлаад тараагаад явж байсан. Ингээд хамаг зүйл дуустал номныхоо мөнгийг өгөөгүй байдаг. Эхлээд Я.Нармандах гэж хүн энэ хоёр хүнээс эвээр гуйдаг байсан. Тэгтэл өмнөөс нь самарын мөнгө орж ирэхээр өгнө, алтны мөнгө орж ирэхээр өгнө гэж хэлдэг байсан боловч өгөхгүй худлаа ярьж явсаар өнөөдрийг хүрээд байна. Засаг даргын Тамгын газар тийм мөнгө орж ирдэгийг би сайн мэдэхгүй. Төрийн албан хаагчдын хариуцлагагүй үйл ажиллагаа үүн дээр харагдаж байна. Тэгээд сонгууль болоод ажил төрөлгүй болоод ажил төрөл нь солигдоод ирэхээр хариуцлагаас мултараад явсан. Нөгөө хариуцаж байгаа улсууд нь тэрхүү асуудлыг мэдэхгүй гээд явж байдаг. Я.Нармандах гэж хүн нутгийн зөвлөлийн дарга байсан нэр нүүрээ бодоод энэ номыг хийсэн байгаа байхгүй юу. Нийт энэ номыг хэвлүүлэхэд 40.000.000 төгрөг болсон. Би үүнийг тодруулж хэлмээр байна. Энэ 40.000.000 төгрөгөөс ахмадын хандив гэж нутгийн зөвлөлд орж ирсэн. Энэ хандивийн мөнгөнөөс 4.100.000 төгрөгийг энэ номны үнэнд авлаа шүү гэж Засаг даргатай зөвшилцөөд авч үлдсэн. Сүүлд нь иргэн Батболд гэдэг хүнээр дамжуулж 5.000.000 төгрөг дамжуулж авсан. Нутгийн зөвлөлийн дарга учраас сумаас ирсэн хүмүүсийг ресторанд оруулж дайлж цайлсан боловч тооцоо хийх үед 2.300.000 төгрөг дутсан. Я.Нармандах би энэ мөнгийг төлчихье гээд Эрдэнэ гэж настай хүнээс энэ дутсан мөнгийг зээлж аваад тооцоогоо дуусгасан байдаг. Сүүлд нь Засаг даргын Тамгын газраас 2.000.000 төгрөг ирсэн. Тэр мөнгийг Эрдэнэ гэдэг хүнд өгсөн. Энэ хүн шударгаар ярьж байгаа шүү. Түүнээс биш өнөөдөр их юм авах гээд яваад байгаа хүн биш. Тэгээд өөрөө нийтдээ 11.100.000 төгрөг авлаа гэж өөрөө тооцож байгаа. 2016 онд 680 ширхэг номыг Н.Бат-Эрдэнэ дарга, ойн байцаагч Очирсүрэн нар ирж ном өгсөн. Энэ 680 ширхэг номны үнийг нэхэмжилж байх ёстой яагаад нэхэмжлэх ёстой гэвэл нэгэнт тоогоо өгч номоо захиалж авчихаад хамаг ажлаа дуусахаар буцаагаад авчирч өгч болохгүй. Эргүүлж өгсөн 680 ширхэг номноос 80 ширхэг нь шаардлага хангахгүй болсон гэсэн. Та энэ номыг эргүүлж аваад юу хийх гэж байгаа юм гэхээр хааяа нэг Бат-Өлзий сум орохоороо ахан дүүдээ өгдөг гэж байсан. Танайх арай дэндүү энэ хүнийг эрсдэлд оруулсан байгаа шүү. 2000 өрхтэй гэж анх номоо захиалж авчихаад 680 ширхэгийг нь буцаагаад өгсөн. Я.Нармандах гэдэг хүн 12.000.000 төгрөгийг нь авсан гэж үзээд номоо буцааж аваад мөнгөө нэхэмжилсэн. 40.000.000 төгрөгнөөс 23.100.000 төгрөг авсан гэж тооцоод 16.900.000 төгрөг нэхэмжилж байна. Тодруулж хэлэхэд энэ залуучууд нотлох баримт байхгүй учраас бид нар мэдэхгүй гэж суугаад байна. Яг үнэндээ иргэдийн хурлын дарга төсөв санхүүгийн асуудалд хяналт тавьж байх ёстой хүн. Тийм учраас би иргэдийн хурлын даргыг оролцуулж байгаа. Тамгын газрын дарга гэдэг хүн бол Засаг даргын удирдлага дор хөрөнгийн талын асуудлыг удирдаж хийж байх ёстой хүн. Тийм учраас би Засаг даргын Тамгын газрын даргыг оролцуулж байна. Баттулга, Жамъяаншарав гэдэг хүмүүс хувиараа энэ номыг зараад өгье гээд аваад явсан асуудал бол биш шүү. Засаг дарга бол төсвийг захиран зарцуулах эрхгүй удирдлагаар хангах үүрэгтэй. Тэгэхдээ Баттулга, Жамъяаншарав хоёр сүх далайтал үхэр амар нэг нь ажлаасаа гарсан нөгөөх нь өөр ажилд орсон тэр ажилдаа мөнгө төгрөгийн асуудалтай байгаа учраас яаж бултах вэ гэсэн байртай гэрчээр мэдүүлэг өгсөн байсан. Гэхдээ номоо бол нотолсон гэж үзэж байгаа яагаад гэвэл Жамъяаншарав гэрчээр өгсөн мэдүүлэг дээрээ нутгийн зөвлөлөөс 2000 ном өгнө гэсэн гэж хэлсэн. Баттулга бол Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл 2000 ном хэвлэж явуулсан бид нар тэр номыг авсан гэж хэлсэн. Тухайн өгүүлбэрээр энэ хоёр хүн ном авсан нь тогтоогдож байгаа учир гэрчийн мэдүүлгийг үндэслэлтэй гэж үзэж байна. Учиргүй нэг хүн ирээд л ном тараагаад тэрийг нь шахалтанд ороод авсан юм шиг юм ярьсан байсан. Тэрийг би хариуцлагаас мултарах гэж тэгж ярьсан байх гэж бодож байна. Ой тэмдэглэсэн гэдгээ бараг мэдэхгүй шахуу мэдүүлэг Жамъяаншарав дарга өгсөн байсан. 07 дугаар сард ном ирсэн гэж яриад байгаа. Харин Жамъяаншарав дарга ярихдаа тооны үеэр ном тараасан гэж ярьсан. Баттулга дарга түүхэн номыг нутгийн зөвлөлөөс хандиваар тараасан. “Ураг удмын хэлхээ” номыг ном тус бүрийг 20.000 төгрөгөөр өгөөрэй гэснийг авч явсан гэж ярьсан байна. Ой тэмдэглэхээс өмнө ном ирсэн. Ном хэвлэлтийн хугацаа 2013 оны 12 дугаар сард болсон үйл явдал юм. Ирсэн номыг 5 багтаа тараагаад ном хүрэлцэхгүй байна гэж хот руу яриад 1000 ширхэг номыг шуудангаар явуулсан. Ингэж ойгоо тэмдэглэж нүүрээ тахалчихаад өнөөдөр энийг манайх мэдэхгүй. Бид нар төлөхгүй гэж ямар ч үндэслэлгүй зүйл яриад байна. 16.900.000 төгрөг нэхэмжилснээс 80 ширхэг номын үнэ 1.600.000 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн үнийн дүнгээ 15.300.000 төгрөг болгон багасгаж нэхэмжилж байна” гэв.

Хариуцагч байгуулагын төлөөлөгч Н.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Засаг даргын тамгын газрын дарга ажилтай Нямтогтох овогтой Бат-Эрдэнэ миний бие Я.Нармандахын нэхэмжлэлийг танилцаад хүлээн зөвшөөрөхгүй, мэдэхгүй байна. Тухайн үед сумын удирдлага Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон Засаг дарга нартай ямар шийдэлд хүрснийг би мэдэхгүй байна. Иймд тухайн үед сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг даргын ажлыг хийж гүйцэтгэж байсан хүмүүсээс нэхэмжлэлийн дагуу тайлбар авах нь зүйтэй гэж үзэж байна. Би энэ номны талаар мэдэхгүй нь үнэн. Яагаад гэвэл 2016 оны 11 дүгээр сараас эхлэн Засаг даргын тамгын газрын даргаар сонгогдож ажиллаж байна. Энэ яригдаад байгаа асуудал нь надаас 2 жилийн өмнөх асуудал учраас мэдэхгүй. Шүүх хуралдаанд байгууллагаа төлөөлж хариуцагчаар оролцож байна гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.Цэрэнтогтох шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга ажилтай Дэлгэр овогтой Цэрэнтогтох би нэхэмжлэл гаргасан Я.Нармандахын нэхэмжлэлтэй танилцлаа. Гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, мэдэхгүй байна. Учир нь Д.Цэрэнтогтох миний бие 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгогдон ажиллаж байгаа болно. Би энэ номын талаар сайн мэдэхгүй. Тухайн хоёр хүн юу гэж зөвшилцсөн гэдгийг мэдэхгүй. Би энэ номны нээлтэнд оролцоогүй үүнийг тодотгож хэлэх нь зүйтэй байх. Нутгийн зөвлөлөөс хоёр ном хийж өгч байгаа гэж даргаас сонсож байсан боловч өөрөө оролцоогүй. Би 680 ширхэг номыг Улаанбаатар хот руу явахдаа авч явсан нь үнэн. Би тухайн үед удирдлагын академид суралцаж байсан. Намайг хот руу явахад хоёр дарга Я.Нармандах даргад хүргээд өгчих гэж хэлээд надаар явуулсан. Баримт нь хавтаст хэрэгт байсан. Тухайн үеийн номны төсөв мөнгө яаж гарсаныг мэдэхгүй байна. Миний хэлэх гээд байгаа зүйл бол нэхэмжлэгч тал ярьж байсан. Засаг даргын Тамгын газрын дарга бол төсвийн шууд захирагч юм. Засаг даргын ажлын алба мөн. Гэхдээ Засаг дарга бол сумын ерөнхийлөн захирагч гэж явдаг. Сумын 90 жилтэй ном хэвлэл бол сумын төсвөөс гардаггүй гэдгийг нь хэлэх нь зүйтэй. Надад падаан өгсөн гэж яриад байна. Падаан ирээгүй тэрийг бас сайн мэдэхгүй гэв.

Шүүх хуралдаанаар хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Нармандах нь хариуцагч Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Бат-Өлзий сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан “Ураг удмын хэлхээ номын үнэ 16.900.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед нэхэмжлэлийн шаардлагаасаа 80 ширхэг номын үнэ 1.600.000 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн үнийн дүнгээ 15.300.000 төгрөг болгон багасгасан байна.

Хариуцагч нар шүүх хуралдаанд уг шаардлагыг эс зөвшөөрч, үндэслэлээ “....удирдлагын зүгээс албан ёсоор ном захиалах захиалга өгөөгүй, гэрээ байгуулаагүй...” гэж тайлбарладаг.      

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч нар “Ураг удмын хэлхээ” номыг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргын Тамгын газар гэрээ хийж захиалаагүй гэж байгаа боловч Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар хэлцэл хийгдсэн бөгөөд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.5-д зааснаар Бат-Өлзий сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, сумын Засаг дарга нар нэхэмжлэгчтэй нүүр тулан гаргасан саналд хариу өгч гэрээ байгуулсанд тооцох нөхцөл байдал үүссэн болох нь гэрч М.Жамъяншаравын “...2014 онд нутгийн зөвлөлөөс ном хэвлүүлж өгнө гэсэн...Номыг явуулахдаа нэг бүрийн үнэ 20.000 төгрөгийн үнэтэй гэж хэлсэн...Нутгийн зөвлөлөөс ирүүлсэн падаан дээр нэг бүрийн үнэ 20.000 төгрөг гэж бичсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх 38-39 хуудас/, гэрч Н.Баттулгын “...тухайн үед Улаанбаатар хотод байдаг нутгийн зөвлөл сумын ой болохтой холбогдуулаад хоёр ном хэвлүүлж өгнө гэсэн. 1-рт сумын 90-н жилийн түүхийн ном, 2-рт ураг удмын хэлхээ гэсэн хоёр номыг хийе гэж ярилцсан. Сумын түүхийн номыг үнэгүй тараая гээд нутгийн зөвлөлөөс номын үнийг гаргахаар тохиролцсон. Ураг удмын хэлхээ номыг 2000 ширхэг авч борлуулахаар 2000 ширхэг номыг Бат-Өлзий сум руу хүргүүлсэн байсан. Бид 2000 ширхэг номыг хүлээж аваад багууд, багийн дарга, байгууллагын дарга нарт хувиарлаж өгсөн. Нармандах номыг 20.000 төгрөгөөр худалдаарай гэсэн түүний дагуу номыг тараасан...Нэг бүрийг 20.000 төгрөгөөр Нармандах борлуулаарай гэсэн түүний дагуу борлуулсан. Тодорхой хэмжээний мөнгө өгсөн, яг хэдэн төгрөг өгснийг мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 35-36 хуудас/, Бат-Өлзий сумын Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1/247 тоот албан бичиг /хх 3-р хуудас/, ураг удмын хэлхээ номын нээлтэнд авахуулсан 12 ширхэг фото зураг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж тус тус заасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын талаар зөвшөөрөхгүй байгаа талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, шүүхийн хэлэлцүүлгийн үед ч нотлож чадаагүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Бат-Өлзий сумын Засаг даргын Тамгын газраас 15.300.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Я.Нармандахад олгож шийдвэрлэлээ.

Хариуцагч Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Бат-Өлзий сумын Засаг даргын Тамгын газраас 234.500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Я.Нармандахад олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281.450 төгрөгөөс илүү төлөгдсөн 46.950 төгрөгийг нэхэмжлэгч Я.Нармандахад буцаан олгож, үлдэх 234.500 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Бат-Өлзий сумын Засаг даргын тамгын газраас 15.300.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Я.Нармандахад олгосугай.

2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Бат-Өлзий сумын Засаг даргын Тамгын газраас 234.500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Я.Нармандахад олгож, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 281.450 төгрөгөөс илүү төлөгдсөн 46.950 төгрөгийг нэхэмжлэгч Я.Нармандахад буцаан олгож, үлдэх 234.500 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй  болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.ЭНХ-АМГАЛАН