Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 122

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ганжууржав

Улсын яллагч, хяналтын прокурор М.Ханджав

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Хувцагаан

Шүүгдэгч М.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ханджав Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.А-т холбогдох 2030001300141  дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

   Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Сүхбаатар аймгийн У суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-...., ээж, дүү нарын хамт Сүхбаатар аймгийн У  сумын .... дүгээр баг Х гэх газарт оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, М.А, РД:.............,

 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Яллагдагч М.А нь 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар аймгийн У сумын ........ дугаар багийн НС гэх газарт Приус-11 маркийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-т “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 3.4б хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүх хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас М.С-н амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

- Шүүгдэгч М.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Дүү М.С гэнэтТ байна “ гэхээр нь би сандраад зүүн тийш дараад онхолдсон. Сүүлд нь үзсэн Т байхгүй байсан. Тухайн өдөр бороо орж байсан. Зам шалбаагтай байсан. Гэм буруугийн талаар маргаан байхгүй. Ажил хөдөлмөр эрхэлж, үлдсэн өнчин дүүгээ асарч авч явмаар байна...гэв.

 

Эрүүгийн 2030001730054 дугаартай хэргээс:

 

- Шүүгдэгч М.А мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 11.00 минутад Приус-11 маркийн ............ улсын дугаартай автомашинтай сумын төвөөс хөдөө гэр рүүгээ явж байсан. Урд талын суудал дээр манай дүү С, арын суудал дээр Б, М, А нар сууж явсан. Сумын төвөөс баруун хойд зүгт 30 орчим км-т явж байхад манай дүү С зам дээр Т байна гэж хэлэх шиг болохоор нь би зүүн тал руугаа дарахад машин онхолдсон. Түүнээс хойш ухаан балартаад юм санахгүй байсан. Би эмнэлэгт 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ухаан орсон. Уг зам тээврийн ослоос болж манай дүү С нас барсан байсан. Тухайн өдөр би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би яг тухайн үед машины хянах самбар харахад 30км/ц-н хурдтай явж байсан...гэх мэдүүлэг /хх-99-100/,

 

- Хохирогч П.Б-н: Би 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр гэр бүлийнхэнтэйгээ У сумын төвөөс хөдөө гэр лүүгээ явж байсан. Тухайн үед М.А болон Б.С, А, М, Б нар Приус-11 маркийн ............ улсын дугаартай автомашинтай М.А жолоо барьж явсан. Би ардаас нь хүргэн Т-н машинтай явж байсан. Сумын төвөөс баруун хойшоо гараад 30 орчим км явж байхад М.А нь машинтайгаа манай машинаас 1-2 км урд явж байсан. Нэг харахад онхолдсон байсан. Би тэр үед сандраад ухаан санаа балартаад тэд нар руу очиж ч чадаагүй. Тухайн үед М.А надад ямар нэгэн зүйл хэлээгүй. Харин дараа нь юу болсон талаар асуухад “ Б.С нь жолоочийн хажуугийн зорчигчийн суудал дээр сууж байсан. Гэнэт Б.С хүүе ахаа Т гэх шиг болсон “ гэсэн. Тэр зам их гүйдэлтэй зам. Би гүйдэл нь таарчхаад нүдэнд нь хий юм харагдсан юм байлгүй дээ гэж бодож байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-14-15/,

 

- Гэрч У.П-н: Би 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 12 цагийн орчимд сумын Эрүүл мэндийн төвд ажил дээрээ байхад эмнэлгийн дуудлага хүлээн авах .......... дугаарын утас руу “ манай сумын 3 дугаар багийн нутаг “НС” гэх газар Приус машин онхолдож, зам тээврийн ослын улмаас нэг эмэгтэй хүн ухаангүй байна. Машин дотор 5 хүн зорчиж явсан” гэх утгатай яаралтай түргэн тусламжийн дуудлага ирсэн. Тухайн үед би дуудлага хүлээн авагч сувилагч Х-н хамт байсан. Ингээд дуудлага мэдээллийг хүлээн авч У сумын төвөөс баруун хойд зүгт ойролцоогоор 30 орчим километр зам явж ослын газар ирэхэд Приус-10 юм уу 11 маркийн тээврийн хэрэгсэл замын зүүн гар тал руу өнхөрч онхолдсон байдалтай, машины цонхнууд хагарч, хальс гэмтэж хонхойсон их хэмжээний гэмтэлтэй байсан. Машины гадна талд баруун гар талын хэсэгт эмэгтэй хүн ухаангүй хэвтэж байсан бөгөөд анхны үзлэгээр тухайн хүний бие хөрсөн, амьсгал, зүрх судасны үйл ажиллагаа огт байхгүй, хүүхэн хараа 2 талд ижил өргөсөж томорсон, чихнээс болон эрүүний хэсгээс их хэмжээний цус алдсан, цээжний хөндийн хэсэг цөмөрсөн байдалтай, дээд хэсгээрээ хөхөрч хавдсан байдалтай байсан. Эмнэлгийн анхны тусламж авах ямар ч боломжгүй нас барсан байдалтай байсан. Би машиныг хэн жолоодож явсан талаар асуухад А гэх залуу би машин барьж явсан гэж байсан. Би тэр залууг эмнэлэгт ирсэн хойно А гэдэг юм байна гэж нэрийг нь мэдсэн. Биднийг хэргийн газарт очиход тухайн машинд зорчиж явсан гэх хүмүүс өөр машинтай сумын төв рүү зөрөөд явчихсан байсан. Машин барьж явсан жолооч гэх А-с огт архи согтууруулах ундааны зүйл үнэртээгүй бөгөөд эрүүл байсан. А-н биед ил харагдах гэмтэл шарх байхгүй бөгөөд одоогоор толгой өвдөх, баруун мөр, гараар өвдөх, босоход зовуурьтай сумын Эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж байгаа... гэх мэдүүлэг /хх-21/,

 

- Насанд хүрээгүй гэрч Б.Б-н: 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр би өөрийн төрсөн ах М.А, эгч Б.С, түүний хүү 2 настай С.А, манай найз залуу Х.М нарын хамт ............ улсын дугаартай Приус-11 маркийн машинтай У сумын төвөөс хойш байдаг хөдөө гэр рүүгээ өдөр 11 цаг өнгөрч байхад явсан. Бид хэдтэй хамт манай аав, ээж, хүргэн ах Тболд нар өөр машинтай цуг явцгаасан. Манай хөдөө гэр сумын төвөөс 40 гаран километр зайтай байдаг бөгөөд сумын төвөөс 20 гаран километр явж байгаад машин гэнэт онхолдож, тэрүүхэн зуур миний ухаан санаа балартаж ухаан алдсан байсан. Нэг ухаан ороод сэргэтэл М намайг татаж сэрээгээд машинаас гаргасан. Тухайн ослын улмаас миний төрсөн эгч Б.С нас барсан. Тэгээд ослын талаар сумын эмнэлэг рүү утсаар мэдэгдэж бид хэд хүргэн ах Т-н машинтай сумын төв рүү орж ирсэн. Машиныг манай ах М.А жолоодож явсан. Манай ах А нь огт архи уугаагүй цоо эрүүл байсан. Тэгээд ч аав, ээж 2 арын машинд ханиндаа явж байсан. Манай эгч жолоочийн хажуу талын урд суудал дээр сууж явсан. Би арын суудал дээр найз залуу М, эгчийн хүү А нарын хамт сууж явсан. Миний биед гэмтэл гэхээр зүйл учраагүй. Духан дээр, баруун хөлийн өвдөг дээр бага зэрэг халцарснаас өөр зүйл байхгүй. Миний биеийн байдал хэвийн сайн байна...гэх мэдүүлэг /хх-22/,

 

- Гэрч Х.М-н: Би 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 11 цаг өнгөрч байхад өөрийн найз охин Б, түүний эгч Б.С, хүү А, найз охины ах А нарын хамт А ахын машинтай сумын төвөөс хөдөө байдаг ахынх руу нь явцгаасан. Сумаас баруун хойшоо гарч яваад 30 орчим километр явж байтал гэнэт машин онхолдож, урд талын суудалд сууж явсан манай найз охины эгч Б.С нь ослын улмаас нас барсан. Би Б, С эгчийн хүү 2 настай А нарын хамт машины арын суудалд сууж явсан. А ах машин жолоодож явсан. А ах огт архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй бөгөөд эрүүл байсан. Би хэдэн километр цагийн хурдтай явж байсныг огт анзаараагүй. Миний бодлоор айхтар ширүүн явж байгаагүй. Замын үзэгдэх орчин чөлөөтэй байсан бөгөөд ямар нэгэн саад гэхээр зүйл таараагүй. Зам нь шулуун зам байсан ба сүүлд харахад машин замаас гарсан тэр хэсэгт бага зэргийн шавартай, ховилтой зам байсан. Бид хэдийн хэн нь ч хамгаалах бүс зүүгээгүй. Урд талын 2 суудлын хамгаалах бүсийг зүүхгүйгээр түгжээнд нь хийчихсэн байсан...гэх мэдүүлэг /хх-24/,

 

- Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 31 дугаартай“...Б.С-н цогцосноос авсан цуснаас спиртийн агууламж илрээгүй...” гэх дүгнэлт /хх-66-67/,

 

Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 18 дугаартай “...Талийгаачийн биед хавсарсан гэмтэл, гавлын баруун чамархай болон суурь ясны шугаман хугарал, баруун чамархай хэсгийн хуйхан доорх цус хуралт, баруун талын эгэм, 1, 2, 3 дугаар хавирга, зүүн талдаа 2, 3, 4, 5, 6 дугаар хавирганы зөрөөтэй хугарал, өвчүүний их биеийн хугарал, зүрхний орой хэсгийн урагдал, 2 талын уушгины няцрал цээжний хөндийн цус хуралдалт /3500мл/ доод эрүүнд няцарч урагдсан шарх, цээж, зүүн хөх, ар нуруу, баруун мөр, зүүн гарын шууны гадна хэсгийн олон тооны няцрал, цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдсон байна. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Талийгаач Б.С нь гавлын баруун чамархай болон суурь ясны шугаман хугарал, баруун чамархай хэсгийн хуйхан доорх цус хуралт, баруун талын эгэм, 1, 2, 3 дугаар хавирга, зүүн талдаа 2, 3, 4, 5, 6 дугаар хавирганы зөрөөтэй хугарал өвчүүний их биеийн хугарал, зүрхний орой хэсгийн урагдал, 2 талын уушгины няцрал цээжний хөндийн цус хуралдалт бүхий хавсарсан гэмтлүүдийн улмаас нас барсан байна. Талийгаачид шууд үхэлд хүргэсэн өвчин байхгүй байна. Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй байна...” гэх дүгнэлт /хх-70-73/,

 

  • Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-6 дугаар хуудас/,

 

- Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-10 дугаар хуудас/,

 

- Мөрдөгчийн 2021.06.15-ны өдрийн 18 дугаартай “ Пруйс 11 маркын ............  улсын дугаартай автомашины жолооч М овогтой А нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн “12.1 Жолооч замын хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна, “12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, “3.4 б/ хамгаадах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүх хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх магадлалтай ” гэх магадалгаа  /хх-ийн 82-83 дугаар хуудас/

 

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 195 дугаартай “... М.А-н биед  тархи доргилт, цээж хэвлийн хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун гарын бугуйн хэсгийн зулгаралт, баруун мөр орчмын зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон ” гэх дүгнэлт /хх-78-79 дүгээр хуудас/

 

- Шүүгдэгч М.А-н  Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 102 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч М.А-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Шүүгдэгч М.А-т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч М.А нь 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн ... цагийн орчимд  Сүхбаатар аймгийн У сумын 3 дугаар багийн НС гэх газарт Приус-11 загварын ............ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа “ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-т “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас машинаа онхолдуулж М.С-н амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч М.А-н мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч П.Б,  насанд хүрээгүй гэрч Б.Б, гэрч  Х.М, Б.Ж, У.П, нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Эрх бүхий албан тушаалтны 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн магадалгаа, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 18 дугаар дүгнэлт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт нь Засгийн газраас баталж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ бөгөөд автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хор уршиг учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуульд заажээ.

 

Хэргийн баримт болох мөрдөгчийн магадалгаагаар “ шүүгдэгч Пруис 11 маркийн ............  улсын дугаартай автомашины жолооч М овогтой А нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн “12.1 Жолооч замын хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна, “12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь уг осол гарах шалтгаан болсон “ гэж дүгнэсэн нь хэргийн бодит үйл баримтад үндэслэгдсэн хийгээд авто тээврийн хэрэгслийн жолооч М.А-н  дээрх журмыг зөрчсөн уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч М.А-н хувьд хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй хүний амь насыг хохироосныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дүгээр зүйлийн 3 дэх хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

 

Шүүгдэгч Э.Б-н Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.3-т заасныг зөрчиж машинаа онхолдуулсны улмаас талийгаач Б.С-н амь нас хохирсон нь шууд шалтгаант холбоотой байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч М.А-г Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Б.С-н амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шүүгдэгч М.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцож Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын амь нас, эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээдэд хариуцан арилгахыг үүрэг болгожээ.

 

Мөн Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт эдийн бус гэм хорыг зөвхөн хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөөр нөхөн төлүүлэхээр заасан ба хүний амь нас, зовуурь шаналал, сэтгэл санааны байдал зэрэг эдийн бус хохирлыг үнэлэх хуулийн зохицуулалт байхгүйгээс хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг шүүх тогтоох боломж хязгаарлагдмал бөгөөд энэ тохиолдолд шүүх хохирол төлөгдсөн эсэх талаар дүгнэлт хийхдээ амь хохирогчийн гэр бүлийн гишүүдийн санал, шаардлагыг харгалзан үзэх нь чухал ач холбогдолтой юм.

 

Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, үүнийг нөхөн сэргээх, хор уршгийг арилгах боломжгүй боловч амь хохирогч Б.С нь шүүгдэгч М.А-н төрсөн дүү бөгөөд тэдгээрийн эх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Б нь “ хохирол, хор уршиг арилсан, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй ” гэснийг үндэслэвэл гэмт хэргийн улмаас учирсан хохирол арилсан гэж үзэх үндэслэлтэй ба шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зохицуулалттай.

 

Шүүгдэгч М.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Тэрээр машин жолоодон явахдаа амь хохирогч Б.С-н “зам дээр Т байна “ гэж хэлсний улмаас машины жолоог зүүн тал руу нь дарж машинаа онхолдуулсан ба үүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэж үзэхээр байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “ Энэ хэрэг нь санамсаргүй, гэм буруугийн болгоомжгүйгээр хэлбэрээр үйлдэгдсэн байдаг. Талийгаач Б.С-н хүү А 2 настай үлдсэн.Талийгаач Б.С-н 49 хоног дээр М.А-н хойд эцэг нас барж эмгэнэлтэй явдал тохиолдсон. М.А нь айлын том хүүхдийн хувьд А-г асарч, тэжээн тэтгэх үүрэгтэй. М.А нь дотуур доргилт авч ухаан алдаж унасан тодорхой хэмжээний эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Улсын яллагчаас оногдуулж буй 2 жилийн хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар тэнсэн харгалзаж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. М.А-н ар гэрийн амьдрал, хүүхдийн биеийн байдал, мөн хохирогч П.Б-н гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү ” гэх дүгнэлтийн зарим хэсгийг хангах хууль зүйн боломжтой гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно, 1.2. энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх ” гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч М.А-н холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт “нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тогтоосон бөгөөд түүний үйлдсэн хэрэг нотлогдож, тогтоогдсон, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, уг хэрэг болгоомжгүйгээр үйлдэгдсэн, шүүгдэгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаагүй, амь хохирогч нь түүний төрсөн дүү байсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Б нь “ хохирол, хор уршиг арилсан, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй ” гэсэн, амь хохирогчийн хүү нь шүүгдэгч М.А-н гэр бүлийн асрамжид үлдсэн, тэрээр айлын том хүүгийн хувьд уг хүүхдийг асрах, тэжээн тэтгэх үүрэг хүлээж байгаа зэрэг тухайн хэргийн онцгой нөхцөл байдлыг  харгалзан үзвэл түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүх хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хуулийн зохицуулалтыг хэрэглэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн зохицуулалтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн гэмт хэрэгт хэрэглэхийг хуулиар хориглоогүй, ямар нэгэн хязгаарлалт тогтоогоогүй буюу энэ нь хуулиар зөвшөөрсөн хэм хэмжээ болохыг дурдъя.

 

Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Улсын яллагчаас оногдуулж буй 2 жилийн хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар тэнсэн харгалзаж өгнө үү ” гэх саналыг хангах үндэслэлгүй болно.

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т  “2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үлдсэн” хүн энэ хуульд хамрагдахаар хуульчилсан бөгөөд шүүгдэгч М.А-н 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр үйлдсэн дээрх гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд энэ хуульд хамрагдах байна.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “ Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ. 5 дугаар зүйлийн 5.1-д “ Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” заасан бөгөөд хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “... Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих /Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг/ гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна ” гэж зааснаас өөрөөр Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг энэ Өршөөлийн хуульд хамруулах үндэслэлийг тогтоогоогүй байгааг дурдах нь зүйтэй.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар М.А-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр нэг жил зургаан сарын  хугацаагаар тэнсэж, дээрх тэнссэн хугацаанд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5-т зааснаар “ оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх” албадлагын арга хэмжээ авахаар тогтоолоо.

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд харшлахгүй гэж үзнэ.

 

Шүүгдэгч М.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, бичгийн баримт болон шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй бөгөөд шүүгдэгчид шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М.А-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироох буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр нэг жил зургаан сарын  хугацаагаар тэнссүгэй.  

 

3. Шүүгдэгч М.А-т дээрх тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5-т зааснаар “ оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх ” албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-т нь дээрх тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах зохицуулалттайг анхааруулсугай.

 

5. Шүүгдэгч М.А-т шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай

 

6. Шүүгдэгч М.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, бичгийн баримт болон шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй бөгөөд шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч П.Б  гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

   

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        С.НАСАНБУЯН