| Шүүх | Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбосүрэнгийн Сонинболор |
| Хэргийн индекс | 125/2019/0001/З |
| Дугаар | 19 |
| Огноо | 2019-07-17 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2019 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 19
НЭХЭМЖЛЭГЧ, ХАРИУЦАГЧИЙН
ЭВЛЭРЛИЙГ БАТАЛЖ, ХЭРГИЙГ
ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Сонинболор би Н.Сайлаугийн Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь 2013 оны 8 сарын 09-нд төрсөн Е.Н тэжээгчээ алдсаны тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Е.Н тэжээгчээ алдсаны тэтгэмж олгохыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 35 дугаар тогтоолоор хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.С, хариуцагч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Н.Б нарын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйл, 21 дүгээр зүйл, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д заасны дагуу нэхэмжлэгч Н.Сайлау, хариуцагч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Н.Б бид дараах нөхцлөөр эвлэрлийн гэрээ байгуулж байна.
Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь 2013 оны 8 сарын 09-ний өдөр төрсөн Е.Нд тэжээгчээ алдсаны тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Е.Нурболатад тэжээгчээ алдсаны тэтгэмж олгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрлөө.
Хариуцагч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 6/145 дугаар албан бичиг ирүүлсэн өдрөөс хойш Е.Н-д тэжээгчээ алдсаны тэтгэмжийг сар бүр хуульд заасан хугацаанд тасралтгүй өгч байхыг зөвшөөр байна. Энэ талаар дахин маргах, гомдол гаргах эрхгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.С Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь 2013 оны 8 сарын 09-нд төрсөн Е.Нд тэжээгчээ алдсаны тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Е.Нд тэжээгчээ алдсаны тэтгэмж олгохыг даалгасан шийдвэр гаргуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Н.Б нь 2013 оны 8 сарын 09-ний өдөр төрсөн Е.Нд тэжээгчээ алдсаны тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Е.Нд тэжээгчээ алдсаны тэтгэмж олгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 6/145 дугаар албан бичиг ирүүлсэн өдрөөс хойш Е.Н д тэжээгчээ алдсаны тэтгэмжийг сар бүр хуульд заасан хугацаанд тасралтгүй өгч байхаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээг 2019 оны 7 сарын 16-ны өдөр бичгээр байгуулж, гарын үсэг зуран баталгаажуулжээ.
Хариуцагч, нэхэмжлэгч нарын эвлэрсэн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт зааснаар Н.С-ийн Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь 2013 оны 8 сарын 09-нд төрсөн Е.Н тэжээгчээ алдсаны тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Е.Нд тэжээгчээ алдсаны тэтгэмж олгохыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн нэхэмжлэгч хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.С-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурьдсугай.
ШҮҮГЧ Г.СОНИНБОЛОР