Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 39

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ

ШИЙТГЭХ ТОГТООЛ

 

2016 оны 06 сарын 08 өдөр                Дугаар 39                                          Баруун-Урт

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч С.Насанбуян даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон

Улсын яллагч Ц.Роза

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр

Шүүгдэгч Б.Мөнхбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мөнхбатад холбогдох 201617000069 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Халзан сумын 4 дүгээр багийн харъяат, тус сумын 4 дүгээр багт оршин суух, 1992 оны 02 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бүжгийн багш мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Халзан сумын соёлын төвд бүжгийн багшаар ажиллаж байсан, ам бүл 2, ахын хамт амьдрах, улсаас авсан гавъяа шагналгүй, Сум дундын 19 дүгээр шүүхийн 2014.07.07-ны өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, тус шүүхийн 2015.04.06-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 3 сарын баривчлах ял оногдуулж, өмнөх тогтоолоор оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялаас 1 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 1 жил 9 сарын хорих ялаар шийтгүүлсэн, Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015.11.04-ний өдрийн 09/04 дугаартай шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 01 жил 01 сар 00 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн, регистрийн дугаар ЛЛ92020611,Түдэвдагихан овгийн Баярсайханы Мөнхбат.   

 

Холбогдсон хэргийн талаар / яллах дүгнэлтээр /:

 

Шүүгдэгч Б.Мөнхбат нь Сүхбаатар аймгийн Халзан сумын хэсгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Э.Анхбаярыг 2016 оны 03 сарын 22-ны өдөр хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хайчаар нуруун тус газарт хатгаж, хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ. 

 

                ТОДОРХОЙЛОХ нь:

     

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

  - Шүүгдэгч Б.Мөнхбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2016 оны 03 сарын 22-нд ажил тараад найзтайгаа дэлгүүрээс нэг шил архи аваад хөдөө очиж уучихаад буцаад сум руу ороод нэг шил архи аваад хүргэн ах руу очиход хүргэн ах архи уучихсан согтуу байсан. Тэгэхээр нь хүргэн ахын мотоциклийг аваад айл руу явж байгаад цагдаатай таараад мотоциклио хураалгасан. Хүргэн ах морь уядаг болохоор мотоцикль нь их хэрэг болдог. Тэгээд би мотоциклийг нь цагдаагаас авъя гэж л дагаж явсан. Тэр өдөр нэг шил архийг найзтайгаа хувааж уусан, дараа нь авсан архиа дээрээс нь нэг, хоёр хундага л уусан. Намайг хүзүүгээр боогоод арагш унагасан. Тэгээд босож ирэхдээ л хайч бариад босоод ирсэн байна лээ.  Тухайн үедээ хайч барьснаа мэдээгүй. Дараа нь надаас хайчийг булааж авахад л мэдсэн. Хайчийг бариулаас нь барьж байгаад хатгасан. Анхбаяр цагдаа шүүхийн шинжилгээнд үзүүлээд гэмтэл гараагүй гэсэн. Анхбаяр цагдаагаас уучлалт гуйсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...гэв.  

 

- Хохирогч Э.Анхбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 03 дугаар сарын 22-ны орой 23 цагийн орчимд Халзан сумын төвд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд дөрвөн замын уулзвар орчимд тус сумын харъяат Б.Мөнхбат гэгч нь ганцаараа Даюун маркийн улсын дугааргүй мотоцикль жолоодон явж байх үед нь шалгахад архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан тул өөрийг нь одоо гэртээ очиж амраарай гэж хэлээд тээврийн хэрэгслийг нь түр саатуулсан юм. Тэгээд би цагдаагийн хэсгийн байрны гадаа зогсож байтал Б.Мөнхбат нь Мөнхөө гэдэг хүнтэй хамт ирээд мотоциклоо авъя гэхлээр нь одоо өгөхгүй, маргааш ирээрэй гэж хэлсэн чинь ажлын өрөөнд дагаад ороод ирсэн. Б.Мөнхбат нь энгэртээ 0.75 литрийн задалсан “Ерөөл” архи хийсэн байхаар нь архийг нь авсан, тэгтэл мөн архиа авъя гээд над руу дайраад байхаар нь би Мөнхөөг нь гадаа гараад байж бай гээд гаргасан. Тэгтэл Мөнхбат нь над руу согтуурхаад  дайраад байхаар нь өөрийг нь түр саатуулна гээд үүдний өрөө рүү оруулах гэсэн чинь миний урдаас эсэргүүцэж байгаад ажлын ширээний араар унаад босч ирээд мотоцикль, архи хоёроо аваад явна гэхлээр нь би өгөхгүй гэсэн чинь тэгвэл чи бид хоёрын нэг нь эндээс гарнаа, шоронд нэг нь орж, шороонд нэг нь булагданаа гээд барьж байсан хайчаараа над руу дайрч, миний зүүн гар талын далны доод хэсэгт хатгасан, тэгээд би өөрийгөө хамгаалан хайчийг нь булааж аваад түр саатуулахад оруулаад аймгийн Цагдаагийн газрын жижүүрт болсон асуудлыг танилцуулсан. Миний биеийн байдал гайгүй, уг хайч хүрсэн газарт шарх үүссэн байгаа, 2016 оны 03 дугаар сарын 19-ний өдөр агсам тавьсан дуудлагаар авч ирж, түр саатуулж байгаад явуулсан, тухайн үед бас л согтуу ирж, надтай маргалдсан. Бид цагдаагийн байрны албан өрөөнд хоёулаа байсан. Өөр хүн байгаагүй, Мөнхөө гэгч залууг гарч бай гэсэн чинь явсан байсан. Би зодож цохиогүй... гэх мэдүүлэг /хх- 14-16/, 

 

- Гэрч Ц.Мөнхбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2016 оны 03 дугаар сарын 22-ны орой 22 цаг өнгөрч байсан санагдаж байна. Миний машин болохгүй болчихоод хашааруугаа машин түрж оруулах гээд чадахгүй байж байтал сумын цагдаа Анхбаяр явж байхаар нь түрэлцээд өгөөч гэж гуйгаад, бид хамжаад манай хашаа руу оруулчихаад Анхбаяр цагдаа бид 2 засмал замаар алхаж байтал 4 зам дээр Б.Мөнхбат нь мотоцикльтой явж байх таарсан чинь тэрээр жаахан халамцуухан байгаа бололтой байсан. Тэгсэн чинь Анхбаяр цагдаа Б.Мөнхбатын мотоциклийг түр саатуулна гээд аваад явсан. Мөнхбат бид 2 үлдээд Мөнхбат  “ араас нь явж мотоциклио авна “ гэхлээр нь “ би хамт явъя, морины хусуураа авна”  гээд цагдаагийн байран дээр ирээд би хусуураа аваад гарсан. Манай ах хэд хоногийн өмнө саатуулагдаад хусуураа орхисон байсан юм. Б.Мөнхбат Анхбаяр нар нь мотоциклио авна, нөгөө нь өгөхгүй гээд жаахан маргалдаж байгаа бололтой үлдсэн, тэгээд би явсан бөгөөд болсон хэргийн талаар мэдэхгүй байна” ...гэх мэдүүлэг/хх- 23- 24/, 

 

- Гэрч Б.Анхзулын мөрдөн байцаалтанд өгсөн: Би Сүхбаатар аймгийн Халзан сумын соёлын төвийн эрхлэгчээр ажилладаг. 2015 оны 12 дугаар сард Б.Мөнхбат нь манай соёлын төвд ажилмаар байна гэж өргөдөл өгсөн, тэр үед нь манай орон тоо байхгүй байсан болохоор аваагүй юм. Тэгээд 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс бүжгийн багшийн орон тоо гарахаар нь Мөнхбатыг 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ хийж авсан. Ажиллаж байх хугацаандаа архи согтууруулах ундаа хэрэглээд бусадтай маргалдаж муудалцаж янз бүрийн алдаа дутагдал гаргаж байгаагүй. Б.Мөнхбат нь Халзан сумын гаралтай боловч өөрөө Сүхбаатар аймгийн төвд байдаг байсан юм байна лээ. Ах дүү нар нь Халзан суманд байдаг юм гэсэн. Би Сүхбаатар аймаг руу 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүүхдээ тэмцээнд оруулах гээд чөлөө аваад ирсэн. 2016 оны 03 дугаар сарын 22-ны орой номын санч Уранцэцэгтэй ярихад бид нар самбаруудаа тогтоож байна гэж байсан. Тэр үед Б.Мөнхбат ажлаа хийж байсан гэж байсан.Тэрнээс хойш ажлаа тараад хаана юу хийснийг мэдэхгүй байна. 2016 оны 03 дугаар сарын 23-ны өглөө Халзан сумын хэсгийн төлөөлөгч яриад танай ажлын Мөнхбат чинь цагдаагийн биенд халдсан байна гэж байсан... гэх мэдүүлэг/хх- 17/, 

 

- Гэрч Б.Энхцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би Халзан сумын дунд сургуульд бага ангийн багшаар ажилладаг юм. Миний хамгийн бага дүү болох Б.Мөнхбат нь 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр манай сумын Соёлын төвд ажилд орно гээд очсон бөгөөд тус сумын Соёлын төвд бүжгийн багшаар 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажилд ороод манай гэрт амьдрах болсон юм. Тэгээд 2016 оны 03 дугаар сарын 22-ны орой би аймаг руу ажлаар явсны дараа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн бусадтай маргалдаж, муудалцсан байна. Надад тухайн асуудлын талаар мэдэх зүйл байхгүй ... гэх мэдүүлэг/хх- 20/,

 

- Гэрч Б.Энхтүвшингийн мөрдөн байцаалтанд өгсөн: Дүү маань хүнтэй их нийтэч, найз нөхөдтэй амархан эвсдэг, урлаг спортын авъяастай, хүнд тусархаг, цэргийн алба хаагаагүй, учир нь ээжийн маань бие муу гээд явж чадаагүй юм. Одоогоор эхнэр хүүхэд гэр бүл байхгүй. 2014 онд гэмт хэрэгт холбогдоод хорих ялаар шийтгүүлэн 2015 оны 10 дугаар сард Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдаж ирээд Баруун-Уртад Шинэ жил, баяр ёслолын арга хэмжээнүүдэд урилгаар оролцдог байсан. Дүү маань их сайхан дуулдаг юм. Тэгээд Халзан сумын Соёлын төвд 2016 оны 03 дугаар сарын 01-нээс ажилд орсон байсан юм... гэх мэдүүлэг/хх- 19/, 

 

- Гэрч А.Батбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: Би Мөнхбаттай 2010 оноос хойш найзалж нөхөрлөж байгаа бөгөөд тэрээр тус сумын соёлын төвд бүжгийн багшаар ажиллаж байгаа. 2016.03.22-ны орой 17 цагийн үед соёлын төвийн хажуу талд байдаг дэлгүүрийн үүдэнд Мөнхбаттай таарсан юм. Би аймаг явах гээд явж байсан юм. Гэтэл Мөнхбат цалин буусан гэхээр нь зардлын мөнгө гуйсан чинь надад 10.000 төгрөг өгсөн. Тэгээд анхны цалингаа авсан гээд 0.75 литрийн ерөөл архи аваад бид хоёр сумын урд доор гадаа сууж байгаад уугаад эргэж сум руу орж ирээд бид хоёр гэр гэрлүүгээр амарлаа гээд салсан. Бид хоёр эргэж уулзаагүй. Тэр үед Мөнхбат явган явж байсан. Цагдаатай муудсан гэж мэдээгүй ... гэх мэдүүлэг/хх- 22/, 

 

- Хэргийн газрын үзлэгийн схем зураглал, гэрэл зургууд  /хх- 05-07/

 

- Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх- 08/

 

- Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тухай тогтоол,  тэмдэглэл.2016.03.23 /хх- 09- 10/

 

-   Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг.2015.03.29. /хх- 11-12/

 

-  Эмчийн тодорхойлолт./хх- 32/

 

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016.03.28-ны өдрийн 137 тоот шинжээчийн дүгнэлтэд: 1.Э.Анхбаярын биед зүүн далны гадна доод хэсэгт өнгөц шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-6-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4.Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй. ...гэжээ /хх- 34/.

- Эргүүлийн рапорт /хх- 72/

 

- Э.Анхбаярын Цагдаагийн үнэмлэх/хх- 73/

 

- Э.Анхбаярын Томилолтын байдал, Ажлын байрны тодохойолт/хх- 75- 77/

 

- Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2014.12.15-ны өдрийн Б/81 тоот тушаал /хх- 74/

 

- Хохирогч Э.Анхбаярын тодорхойлолт. 2016.03.26. /хх- 70/

 

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016.04.04-ний өдрийн 149 тоот шинжээчийн дүгнэлтэд: 1.Б.Мөнхбатын биед гэмтэл тогтоогдсонгүй ...гэжээ /хх- 38/.

 

-  Б.Мөнхбатын Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх- 56/

 

- Сум дундын 19 дүгээр шүүхийн 2014.07.07-ны өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоол /хх- 82-84/

 

- Сум дундын 19 дүгээр шүүхийн 2015.04.06-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоол / хх- 62- 66/

 

- Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015.11.04-ний өдрийн 09/04 дугаартай шүүгчийн захирамж/ хх- 59- 60/ ... зэрэг болно.

 

 

Шүүгдэгч Б.Мөнхбат нь 2016 оны 03 сарын 22-ны өдрийн 19 цагийн үед согтуурсан үедээ Сүхбаатар аймгийн Халзан сумын хэсгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Э.Анхбаярыг албаны өрөөндөө хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад буюу согтуурсан үедээ унаж явсан мотоцикль, архийг хураасан үйлдлийг нь эсэргүүцэн маргалдаж, улмаар хайчаар нуруун тус газарт хатгаж хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн нь шүүгдэгч Б.Мөнхбатын шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Э.Анхбаяр, гэрч Ц.Мөнхбаатар нарын мэдүүлгүүд, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, Эд зүйл хураан авсан тэмдэглэл, 137 тоот шинжээчийн дүгнэлт, Э.Анхбаярын ХД29823 дугаартай Цагдаагийн үнэмлэх,   Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2014.12.15-ны өдрийн Б/81 тоот тушаал зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.   

 

          Хэргийн нөхцөл байдлыг судлан үзвэл, шүүгдэгч Б.Мөнхбат архи ууж согтуурсан үедээ “ журамлагдсан мотоцикль, хураалгасан архийг буцаан авах ” хууль бус шаардлага тавьж цагдаагийн ахлах ахлагч Э.Анхбаярыг нийгмийн хэв журмыг сахиулах хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд саад хийж, түүний хууль ёсны шаардлагыг үл ойшоон эсэргүүцэн маргалдаж, хайчаар нуруунд нь хатгаж хүч хэрэглэн эсэргүүцсэн байх бөгөөд төрийн албан хаагчийн нийгмийн аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журам сахиулах үйл ажиллажгаанд саад хийж, энэ үйл ажиллагааг зогсоох, өөрчлөх зорилго, сэдэлтээр гэмт хэргийг шууд санаатайгаар үйлджээ.

 

           Хохирогч Э.Анхбаяр тухайн үед хуулиар хүлээсэн албаны үүргээ гүйцэтгэж явсан нь хэрэгт авагдсан түүний иргэний үнэмлэх, Э.Анхбаярын ХД29823 дугаартай Цагдаагийн үнэмлэх Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2014.12.15-ны өдрийн Б/81 тоот тушаал, Томилолтын байдал зэрэг баримтуудаар нотлогдоно.

 

Шүүгдэгч Б.Мөнхбат нь тухайн гэмт хэргүүдийг үйлдэх үедээ “ согтуурсан байснаа “ хүлээн зөвшөөрөх бөгөөд үүнийг гэрч Ц.Мөнхбаатар, А.Батбаяр нар гэрчилж, мэдүүлжээ.

 

Дээр дурдсан болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Мөнхбатын үйлдсэн гэмт хэрэг нотлогдож, тогтоогдсон, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан баривчлах ял оногдуулах үндэстэй гэж шүүх дүгнэлээ.

 

Б.Мөнхбат нь өмнө үйлдсэн гэмт хэргийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, тухайн гэмт хэргийн ялтай байх хугацаанд гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдлыг нь үндэслэн түүнд баривчлах ял оногдуулахаар шийдвэрлэсэн ба иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэрийн “  Б.Мөнхбат нь ял шийтгэгдэж байсан боловч Өршөөлийн хуулиар өршөөгдсөн. Улсын яллагчийн санал болгосон албадан ажил хийлгэх ялыг хүлээн зөвшөөрч байна, 300 цагийн албадан ажил хийлгэхээр багасгаж өгнө үү “ гэх саналыг хүлээн авах боломжгүй гэж шүүх үзлээ. 

 

Шүүгдэгч Б.Мөнхбатын согтуурсан үедээ, ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10, 56.1.12-т тус тус заасан ял оногдуулахад хүндрүүлэх, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн нь мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.9-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болно.

          Шүүгдэгч Б.Мөнхбат энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй бөгөөд хохирогч Э.Анхбаяр гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 15 см урттай, ажлын хэсэг 10 см, 5х6.5 см-ийн хүрэн бариултай, “Stainless steel” бичигтэй хайчыг хохирогч Э.Анхбаярт буцаан олгоно.

 

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Түдэвдагихан овгийн Баярсайханы Мөнхбатыг төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнхбатыг 05 / тав / сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 15 см урттай, ажлын хэсэг 10 см, 5х6.5 см-ийн хүрэн бариултай, “Stainless steel” бичигтэй хайчыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Э.Анхбаярт буцаан олгосугай.

 

 4. Ялтан Б.Мөнхбат энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй бөгөөд хохирогч Э.Анхбаяр гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай. 

 

 5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Мөнхбатад урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай. 

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 303.2, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч тэдний төлөөлөгч нь зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         С.НАСАНБУЯН