Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 1419

 

Н.Батбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ш.Оюунханд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

           

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн   

2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2017/00913 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Н.Батбаярын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдох

 

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны 6 дугаар хэсгийн ахлагчаар ажлуулах, хөлсөөр ажиллах гэрээг биелүүлэхийг даалгаж, 2016 оны 7, 8 дугаар сарын хөлс 576 000 төгрөг гаргуулах, гэрээ цуцалснаас учирсан хохиролд 1 152 000 төгрөг, нийт 1 728 000 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч Н.Батбаяр,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Булган,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Н.Батбаярын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие 2009 оноос Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны 6 дугаар хэсгийн ахлагчаар хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа бөгөөд 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 1 жилийн хугацаатай хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажилласан. 2016 оны 6 сарын эхээр Засаг дарга Н.Оюунгэрэл намайг ажилдаа битгий ир, хамтран ажиллах боломжгүй гэсэн бөгөөд би ямар үндэслэлээр ийм шаардлага гаргаад байгааг ойлгоогүй тул өдөр бүр ирж цагаа бүртгүүлээд ажлаа хийгээд явж байсан. Гэтэл Н.Оюунгэрэл миний 7 сарын цалинг өгөөгүй төдийгүй 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр дуудаж “ажлаас халлаа, чи Ардчилсан намын сонгуульд явсан” гэж гүтгэж, улмаар хамт олны хурал хийж, зарим хэсгийн ахлагч нарыг дарамталж миний эсрэг тайлбар, санал хэлүүлсэн
бөгөөд энэ талаар бусад хэсгийн ахлагч нар хэлсэн. Надтай нэг жилийн хугацаатай хөлсөөр ажиллах гэрээг байгуулахдаа уг гэрээний 5.2-т заасан үндэслэлээр гэрээг цуцлахаар тохирсон боловч Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/155 дугаартай тушаалаар Хөлсөөр ажиллах гэрээнд дурдаагүй үндэслэлээр гэрээг цуцалсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд намайг Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны 6 дугаар хэсгийн ахлагчаар ажиллуулахыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газарт даалгаж, 2016 оны 7, 8 дугаар сарын ажлын хөлс /288.000x2/ 576 000 төгрөг, гэрээ цуцалснаас учирсан хохирол /2016 оны 9, 10, 11, 12 дугаар сарын ажлын хөлс/ 1 152 000 төгрөг, нийт 1 728 000 төгрөгийг гаргуулж, энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.           

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхбаярын шүүхэд гаргасан тайлбарт: Н.Батбаярт 19 дүгээр хорооны Засаг дарга удаа дараа зөрчил дутагдал гаргасан, цаг ашиглалт, ёс зүйн зөрчил, өгсөн үүрэг даалгавар хангалтгүй биелүүлсэн талаар сануулж анхааруулж байсан. Н.Батбаяр ажлын цагаар архи уудаг. 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 75 дугаартай албан бичгээр 19 дүгээр хорооны Засаг даргаас Засаг даргын Тамгын газарт Н.Батбаярыг чөлөөлөх санал хүргүүлж Засаг даргын Тамгын газраас 08 дугаар сарын 01-ний өдөр чөлөөлсөн тушаал гарсан. Н.Батбаяр нь 7 дугаар сард ажиллаагүй тул түүнд цалин өгөөгүй ба тэрээр сарын урамшуулал цалинд 288 000 төгрөгийг авдаг байсан. Тушаал нь удаа дараа зөрчил дутагдал гаргасан, хэсгийн ахлагчийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн тул Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 30/24 дүгээр тогтоол, гэрээний холбогдох хэсгийг үндэслэн чөлөөлөх тушаал гарсан байна. Н.Батбаярын нэхэмжлэлд дурдагдсан гэрээг үргэлжлүүлэх гэсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 359 дүгээр зүйлийн 359.1-д
заасныг баримтлан 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн гэрээний дагуу
Н.Батбаярыг Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны 6 дугаар хэсгийн ахлагчаар
ажиллуулах үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгэхийг Чингэлтэй дүүргийн Засаг даргын
тамгын газарт даалгаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газраас
1 728 000 төгрөгийг гаргуулж Н.Батбаярт олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Батбаярын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, дэвтэрт тэмдэглэл хийлгэхийг хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн
57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д
зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг
дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 42 598 төгрөгийг гаргуулан
төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

            Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхбаярын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүх Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх заалтыг үндэслэн ажлаас чөлөөлж буй байдал нь тухайн Засаг даргын Тамгын газрын оронд хэсгийн ахлагчийн орон тоо багтаж байна гэж үзэж дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгч
Н.Батбаяртай хөлсөөр ажиллах гэрээгээр ажлыг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 30/24 дүгээр Журам батлах тухай тогтоолоор хэсгийн ахлагчийн ажиллах журмын дагуу гүйцэтгэдэг, ажлын байр нь бүтэц орон тоо байнгын ажлын байрны орон тоонд хамаарахгүй, ажлын хөлс нь урамшууллаар олгогддог болох нь баримтуудаар тогтоогдсон. Нэхэмжлэгч хэсгийн ахлагчаар ажиллаж байх хугацаанд ёс зүйн зөрчил, ажлаа хийх явцдаа архи уусан зэрэг нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон, мөн ажил үүргээ гүйцэтгээгүй.

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 30/24 дүгээр тогтоолоор хэсгийн ахлагчийн ажиллах журмын 1.4-т зааснаар 3 талт хөлсөөр ажиллах гэрээ байгуулж гэрээний 6.2-т зааснаар урамшууллыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1,5 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцож олгох, гэрээний 8.2-т журмын 8.3-т зааснаар гэрээг цуцлахаар гэрээний талууд харилцан тохиролцсон байна. Мөн шүүх 1 728 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэлгүй. Ямар хуулийн зүйл, заалтыг баримталсан нь тодорхойгүй байна. Шүүх Иргэний хуулийн 359.1-д зааснаар хөлсөөр ажиллах гэрээний эрх зүй гэж дүгнэсэн атлаа 7, 8 дугаар саруудад ажил үүргээ гүйцэтгээгүй хүнд урамшууллын 576 000 төгрөгийг гаргаж шийдвэрлэсэн нь мөн хуулийн 360.1 дэх заалтыг зөрчиж байна. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлгийг үнэлж чадаагүй, мөн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа гаргасан гэж үзэж байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг ИХШХШТ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 116 дугаар зүйлийн 116.3-т заасан хуулийн шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж, талуудын хоорондын     маргааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйг зөвтгөн өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч Н.Батбаяр нь хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газарт холбогдуулан Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны 6 дугаар хэсгийн ахлагчаар ажиллуулах, хөлсөөр ажиллах гэрээг биелүүлэхийг даалгах, 2016 оны 7, 8 дугаар сарын хөлс 576 000 төгрөг гаргуулах, гэрээг цуцалснаас учирсан хохирол 2016 оны 9, 10, 11, 12 дугаар сарын хөлс 1 152 000 төгрөг, нийт 1 728 000 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, удаа дараа зөрчил дутагдал гаргасан, ёс зүйн зөрчил гаргаж, өгсөн үүрэг даалгавар хангалтгүй биелүүлсэн гэж маргажээ.

 

2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр "Хөлсөөр ажиллах гэрээ"-г нэг талаас Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга А.Дамцагдорж, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Засаг дарга Н.Оюунгэрэл, 19 дүгээр хорооны 6 дугаар хэсгийн ахлагч Н.Батбаяр нар 1 жилийн хугацаатай байгуулсан байна.

 

Талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцжээ.

 

Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/155 дугаар тушаалаар тус дүүргийн 19 дүгээр хорооны 6 дугаар хэсгийн ахлагч Н.Батбаярыг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, уг тушаалд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, 33.5, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 30/24 дүгээр тогтоолыг үндэслэл болгосон. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 30/24 дүгээр тогтоолоор батлагдсан "Хэсгийн ахлагчийн ажиллах журам"-ын 1.4-т хэсгийн ахлагч нь энэхүү журамд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ харьяа дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, хорооны Засаг даргатай гурвалсан "Хөлсөөр ажиллах гэрээ" байгуулан ажиллахаар зохицуулжээ.

 

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар нь Н.Батбаярыг ажлаас чөлөөлсөн тушаал гаргаж, ажилтныг ажиллах боломжоор хангах үүргээ зөрчсөн гэж үзэхээр байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Н.Батбаярыг ажил, үүргээ гүйцэтгээгүй, удаа дараа зөрчил дутагдал, ёс зүйн зөрчил гаргасан, өгсөн үүрэг даалгавар хангалтгүй биелүүлсэн хэмээн тайлбарлаж байгаа боловч нотлох баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан татгалзлын үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

 

Учир нь ажиллуулагч ажиллагчтай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг цаашид үргэлжлүүлэхгүй байх үндэслэлээ нотлоогүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Харин шүүх цалин хөлсийг гаргуулахдаа нэхэмжлэгч 8 дугаар сард ажиллаагүй байхад 2016 оны 7, 8 дугаар сард ажлын хөлс авах ёстой гэж дүгнэсэн нь алдаатай болсон ба 7 дугаар сарын ажлын хөлс 288 000 төгрөг, 2016 оны 8-12 сард авах ёстой байсан 1 440 000 төгрөгийг гэрээг цуцласнаас учирсан хохирол гэж тооцон дүгнэж олгох нь зүйтэй байжээ.

 

Түүнчлэн шийдвэрийн тогтоох хэсэгт иргэний болон хөдөлмөрийн эрх зүйн маргааныг зохицуулсан хуулийн заалтыг баримтлан маргааныг шийдвэрлэснийг залруулан тогтоох хэсгийн 1, 2 дах заалтыг нэгтгэх, ажиллагчийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлүүлж дэвтэрт бичилт хийлгэх тухай заалтыг Нийгмийн даатгалын тухай хуулиар тусгайлан зохицуулсан учраас энэ хуулийн холбогдох зүйл заалтыг баримталсан өөрчлөлтийг оруулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хэргийн 18-19 дүгээр талд уг маргаанд хамааралгүй, Төрийн банкинд холбогдох нотлох баримт авагдсан болохыг тэмдэглэвэл зохино.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримт үнэлэх журам зөрчсөн гэх гомдол үндэслэлгүй болно.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн            2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2017/00913 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дах заалтыг нэгтгэн 1 дэх заалт болгож “Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 359 дүгээр зүйлийн 359.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн гэрээний дагуу Н.Батбаярыг Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны 6 дугаар хэсгийн ахлагчаар ажиллуулахыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газарт даалгаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газраас 1 728 000 төгрөгийг гаргуулж Н.Батбаярт олгож, Н.Батбаярын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, дэвтэрт тэмдэглэл хийлгэхийг хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газарт даалгасугай.” гэж, ”3” дах заалтыг “2” гэж, “4” дэх заалтыг “3” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дах хэсэгт зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                 А.МӨНХЗУЛ

 

                               ШҮҮГЧИД                                Ш.ОЮУНХАНД

 

                                                                                Б.НАРМАНДАХ