| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2017/00455/И |
| Дугаар | 00503 |
| Огноо | 2017-05-18 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 00503
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн 11-06 тоотод оршин суух, Манжиг овогт Батбаярын Хишигбаяр /РХ86010100/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 39-04 тоотод оршин суух, Цогнууд овогт Батчулууны Жамъяансүрэн /РХ78121675/-д холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч Б.Хишигбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Хишигбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Хишигбаяр нь Б.Жамъяансүрэнтэй 2006 оны 4 сард танилцаж үерхэж байгаад 2008 оны 2 дугаар сарын 28-ны өдөр гэрлэлтээ батлуулж, хүү Ж.Пүрэвбаатарыг 2008 оны 03 дугаар сарын 20-ны өдөр төрүүлсэн бөгөөд бид манай аавынд 5 жил хамт амьдарч байсан. 2013 оны 9 сарын 21-ний өдөр хурим хийж тусдаа амьдарсан. Сүүлийн үед нөхөр Б.Жамъяансүрэн нь ааш зан нь эвдэрч гэртээ хонохгүй архи дарс ууж ирээд муухай ааш гаргаж, харанхуй шөнө хүүтэй минь цуг хөөж гаргаж, дандаа амнаас нь зайл сална миний гэр орноос зайл гэх мэт үгээр доромжилдог болсон. Өөр хүнтэй дотно харьцаарай болж түүний хүүхэд нь төрсөн байсан. Ингээд хүү бид хоёрыг 2015 оны 6 дугаар сард гэрээсээ хөөж гаргасан, зайл сална гэж хэлээд одоо би хүүтэйгээ аавындаа нөхрөөсөө тусдаа 2 жил амьдарч байгаа бөгөөд нөхөр Б.Жамъяансүрэн нь өөр хүнтэй цуг амьдарч байгаа бөгөөд эд хөрөнгийн маргаангүй байгаа болно. Би эвлэрүүлэн зуучлалд гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар хандсан боловч бид эвлэрээгүй, эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа дуусгавар болсон тул би тус шүүхэд хандаж байна.
Иймд би Б.Жамъяансүрэнтэй цаашид хамтран амьдрах ямар ч боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж, хүү Ж.Пүрэвбаатарыг өөрийг асрамждаа үлдээж, эцэг Б.Жамъяансүрэнгээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Жамъяансүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Жамъяансүрэн миний бие Б.Хишигбаярын гаргасан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Хишигбаяр нь хариуцагч Б.Жамъяансүрэнд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Гэрлэгчид нь 2007 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр гэр бүл болж, 2008 оны 02 дугаар сарын 28-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн №0043961/59-т бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэгчдийн дундаас 2008 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүү Ж.Пүрэвбаатар төрсөн болох нь 2008 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн №0104578/230 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон зохигчийн шүүхэд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Учир нь нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2015 оноос тус тусдаа амьдарч байгаа, болон зохигчийн шүүхэд ирүүлсэн тайлбар зэргийг үндэслэн гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.
Гэрлэгчдийн дундаас 2008 оны 03 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү Ж.Пүрэвбаатарыг эх Б.Хишигбаярын асрамжид үлдээж, эцэг Б.Жамъяансүрэнгээс сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүү Ж.Пүрэвбаатарыг эх Б.Хишигбаярын асрамжид үлдээсэн нь эцэг Б.Жамъяансүрэнгээс Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.
Нэхэмжлэгч Б.Хишигбаяр нь гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлд төлбөл зохих 99734 төгрөг төлсөн болохыг дурдаж, хариуцагч Б.Жс 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Хт олгож, мөн Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба гэрлэгчдийн дундаас 2008 оны 03 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү Ж.Пүрэвбаатар нь 9 нас 2 сар хүрч байгаа, Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээ 173.500 төгрөгийн тал хувь 86.750 төгрөгийг сар бүр хариуцагч эцэг Б.Жамъяансүрэн төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Ж.Пүрэвбаатарт сар бүр төлөх тэтгэлэг 86.750 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1.041.000 төгрөг болох тул түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 29.534, нийт 99.734 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагч Б.Ж 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 11 цаг 30 минутанд болох шүүх хуралдааны товыг 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр утсаар мэдэгдсэн боловч хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Манжиг овогт Батбаярын Хишигбаяр /РХ86010100/, Цогнууд овогт Батчулууны Жамъяансүрэн /РХ78121675/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2008 оны 03 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү Ж.Пүрэвбаатарыг эх Б.Хишигбаярын асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2008 оны 03 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү Ж.Пүрэвбаатарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцвал 18 настай болтол/ хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Жамъяансүрэнгээс сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Б.Жамъяансүрэнд, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Б.Хишигбаярт тус тус даалгасугай.
5. Зохигч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99.734 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Б.Жамъяансүрэнгээс 99.734 төгрөгийг гаргуулж Б.Хишигбаярт олгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Ууганбаярт даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН