Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 78

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч С.Сугар

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр

Шүүгдэгч Л.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Л.П-т  холбогдох 2130000710098 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

 Монгол Улсын иргэн, 19.. оны ... дүгээр сарын ...-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд төрсөн, ... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй,  эрхэлсэн ажилгүй,  ам бүл .., эхнэр хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дугаар багт оршин суух хаягтай, урьд Сүхбаатар аймгийн сум дундын шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар тэнссэн, Сүхбаатар аймгийн сум дундын шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 16А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар 3 жил 10 хоногийн хорих ял оногдуулсан,  регистрийн дугаар:..............., Л.П.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Л.П нь 2019 оны 02 дугаар сарын 10-ны орчимд  Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын .. дугаар бан Г  гэх газарт оршин суух Ц.Ч-н эзэмшлийн портер маркийн тээврийн хэрэгслээс эд зүйлийг нь хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 1 090 000 төгрөгийн  хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүх шүүгдэгч Л.П-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч Л.П шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.  

 

 Хохирогч Ц.Ч-н “...2021 оны 11 дүгээр сард орхиод явсан портер маркийн ........ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хойт 2 дугуй,  кроп, бөгс буюу чулаактай нь комоор нь тайлаад аваад явсан байсан.  Тэгээд машинаа тонуулж хулгайд алдсанаа мэдээд ойр хавьд мөр ул харъя гэж бодоод маргааш нь хаваржаан дээрээ очиход дахиад сэнс усны радиатор, аппартур  зэргийг тайлж аваад моторын духыг задалж хагалаад хаясан байсан.  Машиныг бүрэн бүтэн засварлаж өгөх юм бол гомдолгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,

 

   Гэрч М.М-н   “...П ах  манай ажил дээр ирээд намайг орой завтай юу ойрхон хөдөө явж нутгийн хүний портероос кроп, бөгсийг нь авмаар байна миний машин болохгүй байна чиний машинд ах нь бензин хийе гэж  хэлсэн. Тэгэхээр нь би ямар учиртай машинаас юм авах гэж байгаа талаар асуухад би эзнийг нь таньдаг хэлчихсэн гэсэн. Тэгээд надад 40000 төгрөг өгье гээд 20000 төгрөг л өгсөн би тэр мөнгөөр нь бензин хийгээд хүнд тус болох гэж очсон.Тэгээд бид 2 миний эзэмшлийн приүс-20 маркийн тээврийн хэрэгслээр аймгаас 20 орчим км явж Г гэх газарт айлын нутаг дээр очиход цэнхэр өнгийн супер портер машин байсан хойт талын 4 дугуй нь байхгүй блок ивсэн байдалтай байсан. Тэгээд П ах өөрөө барилга дээрээс чулуу авч ирээд тэвшин доор нь өрж өндөрлөөд кроп бөгсийг нь комоор нь тайлж аваад аймаг руу буцсан. Аймагт ирээд өөрийнх нь хашаанд буулгаж өгөөд явсан би юу ч аваагүй   ...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/ ,     

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хх-ийн 04-07/

Хөрөнгийн үнэлгээний Ашид билгүүн ХХК-ны үнэлгээний дүгнэлт /хх-ийн 34-37/

 

Шүүгдэгч Л.П-н урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 55 х/

 

Шүүгдэгч Л.П-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 58 х/

 

Шүүгдэгч Л.П-н хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 65 х /

 

 Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2021 оны 04 дүгээр  сарын 28-ны өдрийн 59 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 67 х /

 

“ Ялын төрөл хэмжээний талаарх “ Прокурорын 59 дугаартай санал /хх-ийн 69/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх  тухай  хуульд  заасны  дагуу  цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Л.П нь 2019 оны 02 дугаар сарын 10-ны орчимд  Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын .... дугаар бан Г гэх газарт оршин суух Ц.Ч-н эзэмшлийн портер маркийн тээврийн хэрэгслээс эд зүйлийг нь хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 1 090 000 төгрөгийн  хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болох хохирогч Ц.Ч, гэрч М.М нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний Ашид билгүүн ХХК-ны үнэлгээний дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Л.П нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Шүүгдэгч Л.П-н гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгө, өмчлөх эрхэд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Л.П-н хохирогч Ц.Ч-н  эзэмшлийн портер маркийн ....... улсын дугаартай тээврийн хэрэгслийн хойд 2 дугуй,  кроп, бөгс буюу чулакыг  комоор нь, сэнс, усны радиатор, аппартур зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлж, 1 090 000 төгрөгийн хохирол учруулж бусдын өмчлөх эрхэд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Улсын яллагчаас Л.П-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Л.П-г бусдын эд  хөрөнгийг хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Л.П-н үйлдлийн улмаас хохирогч Ц.Ч-д 1 090 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч Ц.Ч-н тээврийн хэрэгслийг засаж хүлээлгэн өгч хохирлыг барагдуулсан нь хэрэгт нотлох баримтаар авагджээ.  

Иймд шүүгдэгч Л.П-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

 

Шүүгдэгч Л.П-т ял шийтгэл Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Л.П нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч Ц.Ч-н тээврийн хэрэгслийг засаж хүлээлгэн өгч хохирлыг барагдуулсан нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Л.П-т танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүгдэгч Л.П-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн  нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн  7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2,  2.5-д заасан зан үйлээ засах хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах,  оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар тогтов.

 

Шүүгдэгч Л.П нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болно.

 

 Шүүгдэгч Л.П-т шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай .

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Л.П-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.П-г хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.2, 2.5-т зааснаар шүүгдэгч Л.П-т зан үйлээ засах хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суугаа газар  ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Л.П-т  мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч Л.П-т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч Л.П энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Л.П энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР