| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2017/00442/и |
| Дугаар | 00519 |
| Огноо | 2017-05-03 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 00519
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг 22 дугаар хороо, Зүүн алтан өлгий, 11 дүгээр гудамжны 229 тоотод оршин суух Тогоруутан овогт Долгорын Гэрэлтуяа /РЮ83071901/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 08 дугаар багийн 8 дугаар гудамжны 8б тоотод оршин суух, Армагууд овогт Дэлгэрийн Ганбаатар /РЮ79021674/-т холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 155/2017/00442/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, хариуцагч Д.Ганбаатар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Гэрэлтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.Гэрэлтуяа нь 2002 оноос эхлэн Д.Ганбаатартай танилцан улмаар хайр сэтгэлийн холбоотой болж 2002 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүү Г.Пүрэвхүүг төрүүлсэн. Хүү маань одоо аав дээрээ өсч хүмүүжиж байна. 2003 оны 10 дугаар сард гэрлэлтээ бүртгүүлсэн.Бид хоёр тусдаа амьдраад 10 гаран жил болсон. Нэг ёсондоо гэрлэлтийн харилцаа дуусгавар болсон. Д.Ганбаатар эхнэр авсан, мөн хүүхэдтэй болсон. Миний бие мөн нэг хүүхэд төрүүлсэн, Д.Ганбаатарын хүүхэд биш. Гэрлэлтээ цуцлуулах талаар харилцан тохиролцсон, эд хөрөнгийн маргаан байхгүй, хүү Г.Пүрэвхүүг эцэг Д.Ганбаатарын асрамжинд үлдээнэ.Иймд гэрлэлтийг цуцалж, 2002 оны 8 дагаар сарын 15-ны өдөр төрсөн хүү Г.Пүрэвхүүг эцэг Д.Ганбаатарын асрамжинд үлдээн шийдвэрлэж өгнө үү. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Улаанбаатар хотоос нааш цааш явах боломжгүй учир итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулж оролцоно гэжээ.
Хариуцагч Д.Ганбаатар шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Гэрэлтуяа бид хоёр 1998 онд танилцаж бид 2003 оны 10 дугаар сард гэрлэлтээ албан ёсоор батлуулж байсан. Бидний дундаас 2002 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүү Г.Пүрэвхүү төрсөн ба бид 2007 он хүртэл хамт амьдарч байгаад тус тусдаа амьдрах болсон. Бие биенийгээ ойлгохгүй, таарамжгүй харилцааны улмаас тус тусдаа амьдрах болсон. Бид тусдаа амьдраад 10 жил болж байна. Энэ хугацаанд хэн хэн маань хамтран амьдрагчтай болж бидний дундаас хүүхэд төрсн. Д.Гэрэлтуяа ч мөн ялгаагүй хамтран амьдрагчтай болж тэдний дундаас хүүхэд нь төрсөн, одоо том хүүхэдтэй. Хэн хэн маань тусдаа амьдралтай учир гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Биднийг тусдаа амьдарсан цагаас хүү Г.Пүрэвхүү миний асрамжинд байж ирсэн учир би хүүгээ өөрийн асрамжиндаа авна. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Гэрэлтуяа нь хариуцагч Д.Ганбаатарт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Гэрлэгчид нь 2003 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гэр бүл болж иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэгчдийн дундаас 2002 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүү Г.Пүрэвхүү төрсөн болох нь 2002 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн №250 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Учир нь нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2007 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа гэх тайлбар болон болон Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэргийг үндэслэн гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.
Гэрлэгчдийн дундаас 2002 оны 08 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү Г.Пүрэвхүүг зохигчийн тайлбар болон насны байдал, хүүхдийн өсөж дассан орчин зэргийг харгалзан эцэг Д.Ганбаатарын асрамжид үлдээж шийдвэрлэлээ.
Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, хариуцагч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүү Г.Пүрэвхүүг эцэг Д.Ганбаатарын асрамжинд үлдээсэн нь эх Д.Гэрэлтуяагаас Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.
Нэхэмжлэгч Д.Гэрэлтуяа нь гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлд төлбөл зохих 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж хариуцагч Д.Ганбаатараас 70.200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баасанбаярт 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 15 цаг 00 минутанд болох шүүх хуралдааны товыг 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр утсаар мэдэгдсэн байх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өөрийн оролцоогүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт ирүүлснийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т заасны дагуу хариуцагчийн хүсэлтээр нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Тогоруутан овогт Долгорын Гэрэлтуяа, Армагууд овогт Дэлгэрийн Ганбаатар, нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2002 оны 08 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Г.Пүрэвхүүг эцэг Д.Ганбаатарын асрамжинд үлдээсүгэй.
3. Гэрлэгчид нь эд хөрөнгийн талаар маргаангүй, хариуцагч Д.Ганбаатар нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эхийн үүргээ биелүүлэхийг Д.Гэрэлтуяад, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эцэг Д.Ганбаатарт тус тус даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Д.Ганбаатараас улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Ууганбаярт даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН