Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 85

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Э,

Улсын яллагч М.Сумъяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Х

Шүүгдэгч Д.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Лхагвасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Т-т холбогдох 2030002460303 дугаартай эрүүгийн хэргийг Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020/ДШМ/04 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 201 дугаартай тогтоолоор дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасныг 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд төрсөн, ... настай, эрэгтэй,  боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл ..., хүүгийн хамт, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын ... дугаар баг “ШБ” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Д.Т. /.........../

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Д.Т нь 2020 оны 08 дугаар сарын 26-ны орой 18
цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дүгээр баг “Х” дэлгүүрийн гадна хохирогч Г.Б-г хавсарч унагаасны улмаас түүний эрүүл мэндэд  баруун шилбэ шаант ясны доод 1/3 хэсгийн ташуу зөрөөтэй хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан
гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

         

Шүүгдэгч Д.Т-н мөрдөн байцаалтад өгсөн: “... 2020 оны 08 дугаар сарын 26-ны орой 18 цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дүгээр багт байрлах “Х” дэлгүүрийн гадаа очиход Б олон хүнтэй хамт байсан. Тэгэхээр нь Б-г дуудаж уулзаж  мэндлээд, гар бариад хавсарч унагасан чинь бөгсөөрөө саваад унасан. Тэгээд  хөгшөөн зүгээр үү гэхэд “хөл эвгүй байна” гэсэн. Тэгсэн чинь баруун хөл нь дотогш эргэсэн байхаар нь гадна тал руу нь эргүүлээд “явж болохоор байна уу” гэж асуухад болно гэсэн. Тиймээс мотоциклтой авч яваад Баруун-Урт сумын ... дүгээр баг М-той хөшөөний урд талд үлдээгээд удахгүй ирнэ гээд явсан.” гэх мэдүүлэг, /хх-ийн 29-30 х/

 

Хохирогч Г.Б-н мөрдөн байцаалтад өгсөн: “... 2020 оны 08 дугаар сарын 26-ны орой 18 цагийн үед  “Х” дэлгүүрийн гадна очоод өдөр уулзсан Н-тай тааралдаад мэнд ус мэдэлцээд буцаад хамт явж байгаа хүмүүс рүүгээ очих гээд эргэх үед Т араас хөлөөрөө хавираад унагаасан чинь миний баруун хөл шилбээрээ хугарсан. Тэр үед Т “зүгээрээ” гээд миний хугараад эргэсэн байсан  хөлийг эргүүлэхээр нь “гэрт хүргээд өгнө үү” гэсэн чинь мотоциклоороо  М-той хөшөөний урд өндөр дээр хүргэж өгөөд “энд буучих, удахгүй хүрээд ирье” гээд явсан. Эргэж ирэхгүй байхаар нь нэг танихгүй хүүхдийг  дуудаад эхнэрийнхээ гар утас руу нь залгасан. Тэгээд намайг ирж авсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 11-14 х/,

 

Гэрч М.О-н мөрдөн байцаалтад өгсөн: “... 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 18 цагийн орчим нэг танихгүй дугаараас эгчээ Х гэх хүн М-той хөшөөний энд хөл нь хугарсан байдалтай байна гэсэн. Тэгэхээр нь нөхрөө очиж аваад аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлэхэд  хөл нь хугарсан байсан. Би нөхрөөсөө юу болсон талаар асуухад Т гэх манай тэнд байдаг залуу намайг ташаад унагаасан гэж яриад байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 15 х/,

 

Шинжээч эмчийн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 469 дугаартай дүгнэлтэд: “Г.Б-н биед баруун шилбэ шаант ясны доод 1/3 хэсгийн ташуу зөрөөтэй хугарал бүхий гэмтэл учирсан, уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 17-23 х/

 

Хохирогч Г.Б-н хохирол нэхэмжилсэн баримт /хх-ийн 7-10 х/

 

Г.Б-н яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 20х/

 

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн Засаг даргын  шүүгдэгч Д.Т-н оршин суугаа хаягийн талаарх тодорхойлолт /хх-ийн 31 /

 

            Шүүгдэгч Д.Т-н иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 34 х/

 

Шүүгдэгч Д.Т-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36 х/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзэв.

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Д.Т нь 2020 оны 08 дугаар сарын 26-ны орой 18
цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг “Х” дэлгүүрийн гадна хохирогч Г.Б-г хавсарч унагаасны улмаас түүний эрүүл мэндэд  баруун шилбэ шаант ясны доод 1/3 хэсгийн ташуу зөрөөтэй хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан
болох нь хохирогч Г.Б,   М.О, яллагдагч Д.Т нарын мэдүүлэг, 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 469 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг дээрх нотлох баримтаар  хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

          Шүүгдэгч Д.Т нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ. Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдыг хөлөөрөө хавсарч унагахад гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа хохирогч Г.Б-г ямар ч шалтгаангүйгээр  хөлөөрөө хавсарч унаган түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр  хохирол учруулжээ.

 

            Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

Сүхбаатар аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Д.Т-г “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн  гэм  буруутайд  тооцож,  түүнд  Эрүүгийн  хуульд  заасан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Д.Т-н үйлдлийн улмаас хохирогч Г.Б-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нь эмчилгээний болон бусад зардалд нийт 1 600 000 төгрөг нэхэмжилснийг  бүрэн төлж барагдуулсан болох нь хохирогч Г.Б-тай  .......... дугаартай утсаар ярьсан “ Миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан надад гомдол санал байхгүй, шүүх хуралд суухгүй” гэх тэмдэглэлээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Т-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

           

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

            Шүүгдэгч Д.Т-т ял шийтгэл оногдуулахад гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд мөн хуулийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч Д.Т-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан  хохирол,  хор  уршгийн  шинж  чанар,  хувийн  байдал,  эрүүгийн  хариуцлагыг хөнгөрүүлэх  нөхцөл  байдлыг  харгалзан  үзэж  Эрүүгийн  хуулийн  тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, түүнд оногдуулсан торгох ялын хэмжээ зэргийг харгалзан 5 сарын дотор хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Т-т мэдэгдэж, тэрээр энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан  болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болно.

 

Шүүгдэгч Д.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3,36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Д.Т-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуу мянган/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Т-т оногдуулсан торгох ялыг 5 /таван/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Т-т мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд  Д.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

7. Шүүгдэгч Д.Т нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй,  шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн эмчилгээний зардалд   1 600 000 төгрөгийг нөхөн төлсөн бөгөөд хохирогч Г.Б нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Н.БАЯРБААТАР