Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 29

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч Г.Лхагвасүрэн

Шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Лхагвасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Б-т  холбогдох 213000000012 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол улсын иргэн, 19... оны ... сарын ....-ны өдөр .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Сүхбаатар аймгийн Э суманд үйл ажиллагаа явуулдаг МУ ХХК-ны уурхайн кемп дээр барилгын ажил эрхэлж байсан,  ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо ............ тоотод оршин суух хаягтай, урьд 2005 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 25 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар, 2011 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 238 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн,  2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 989 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, регистрийн дугаар:/............./, Х.Б.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Х.Б нь 2020 оны 12 сарын 07-ны орой 20 цагийн үед буюу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Э сумын .... дүгээр багийн нутаг дэвсгэрт хамтран амьдрагч иргэн А.Б-г үстэх, нүүрэн тус газарт гараараа цохих зэргээр зодож биед нь тархи доргилт, толгой үстэй хэсэгт няцралт, хоёр нүдний дээд доод зовхинд болон хамар, хүзүү цээж, зүүн бугалга, сарвуу, зүүн гуя, шилбэ, шагайнд олон тооны цус хуралт, бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Ш¿¿õèéí õýëýëö¿¿ëýãò талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

- Шүүгдэгч Х.Б шүүх хуралдаанд  мэдүүлэхдээ: Би хохиролд 500000 төгрөг төлсөн. Надаас цалин гэж 3 800 000 төгрөг нэхсэн цалин буугаагүй байгаа гэв.

 

Хохирогч: А.Б-н ... Би хамтран амьдрагч Х.Б хүү С.О нарын хамт 2020 оны 11 дүгээр сарын 5-нд Улаанбаатар хотоос Сүхбаатар аймгийн Э сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг. “У” уурхайд барилга барихаар ирсэн юм. 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр тус уурхай дээрээс сумын төв орж хотоос явуулсан юм авахаар  хамтран амьдрагч Х.Б, Б бид 3 сумын төвийн 3 дугаар постон дээр хүнээр авчруулаад уурхай буцах замдаа “Э” нэртэй 0,75л архи  1 шилийг манай хамтран амьдрагч Х.Б задалж бид 3 хамт хувааж уугаад хөдлөх гэхэд манай хамтран амьдрагч намайг хүнтэй утсаар ярилаа муу янхан гэх мэтээр хэл амаар доромжилж намайг хардаж миний үснээс зулгааж нүүрэн тус газар гараар 2 удаа цохиж, мөн хөлөөрөө  зүүн хөлийн шилбэ хэсэг рүү 1 удаа өшиглөж газар унагаж зодсон. ... гэх мэдүүлэг /хх-ийн 13-17/,

 

Гэрч: Х.Б-н ... Би Э сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “МУ” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “ИК” ХХК-ний менежер хийдэг юм. А.Б, Х.Б С.О нар нь  2020 оны 11 дүгээр сарын 5-нд Улаанбаатар хотоос тус уурхайд барилга барихаар ирсэн юм. 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Х.Б, А.Б хоёр над руу ирж сум орох хэрэг байна хотоос юм ирсэн гэж хамт яваад өгөөч та таньдаг хүнээр постон дээр авчруулаад өг гэхлээр нь би 14 цагийн үед сумын төв хамт явсан юм. Сум ороод буцах замдаа Х.Б хотоос ирсэн юм гээд “Э” нэртэй 0.75л 1 шил архи задлаад бид 3 хамт хувааж уугаад хөдлөөд явах замд машины ард тэр хоёр суугаад хоорондоо маргалдаад байсан удалгүй дээр дороо ороод хоорондоо зодолдож гарсан тэгээд би машин зогсоогоод Х.Бийг урд талдаа суулгаад уурхай орсон тухай үед гэгээ тасарсан байсан тул яг ямар байдалтай байсныг нь хараагүй. Намайг салгах үед Батбилэг үснээс нь зулгаасан байсан өөр зүйл анзаараагүй.. ......  гэх мэдүүлэг /хх-ийн 19 /,

 

Гэрч С.О ... Би ээж А.Б, Х.Б ахын хамт 2020 оны 11 дүгээр сарын 5-нд Улаанбаатар хотоос Сүхбаатар аймгийн Э сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг. У”” уурхайд барилга барихаар ирсэн юм. 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр тус уурхай дээрээс сумын төв орж хотоос ирсэн гутал хувцсаа авна гээд  ээж А.Б хамтран амьдрагч Х.Б, Б нар Э сум явсан би уурхай дээр үлдсэн буцаж ирэх замдаа тэр 1 шил архи хувааж уусан гэсээр ээж Х.Б  намайг зодсон гээд нүүр нь хавдсан ам, хамраас нь цус гарсан ирсэн. ... гэх мэдүүлэг / хх-ийн 20 /,

 

Яллагдагч Х.Б ... Би хамтран амьдрагч Х.Б, С.О нарын хамт 2020 оны 11 дүгээр сарын 5-нд Улаанбаатар хотоос Сүхбаатар аймгийн Э сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг. “У” гэх уурхайд барилга барихаар ирсэн юм ...тэр үед бид нар бага зэрэг согтсон байсан ба тухайн үед манай хуучин эхнэр Ууганбаяр над руу залгаж ярьсан юм. Тэгж ярихыг одоогийн хамтран амьдрагч А.Б сонсчхоод гэнэт уурлаж утсаа тасалж амжаагүй байхад гэнэт нүүрийг маань хумсаараа маажиж самардсан. Би яаж байгаа юм бэ гэж А.Б-с асуухад чамайг маажихад яадаг юм, чи яахаараа эхнэр хүүхэдтэйгээ ярьдаг юм, чи эхнэрээсээ сал гээд байсан юм. Тэр үед миний уур хүрээд А.Б-н нүүрэн тус газар гарынхаа ард талаар 2-3 удаа цохисон. Мөн машинаас хоёр биеийнхээ үснээс зулгааж гарахад замын голын овгор хэсэг дээр халтирч газар унасан. Бид 2 ноцолдож байхад Х.Б бид хоёрыг салгаж намайг машины ард талд суулгаж уурхай руу явцгаасан. Миний нүүр маажуулж шалбарсан. Өөр гэмтсэн зүйл байхгүй. Б-н нүүр, хоёр нүд нь хөхөрч хавдсан. Би А.Б-н биеийг гэмтээсэн эмчилгээний зардлыг бүрэн барагдуулж өгнө. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 18, 41-42/,

 

Шүүх эмнэлгийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 563 дугаартай “...А.Б-н биед тархи доргилт, толгой үстэй хэсэгт няцралт, хоёр нүдний дээд доод зовхинд болон хамар, хүзүү цээж, зүүн бугалга, сарвуу, зүүн гуя, шилбэ, шагайнд олон тооны цус хуралт, бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь ШЭГЗТЖ-н 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт / хх-ийн 23-24 /

 

 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 563 дугаартай нэмэлт шинжилгээний “...А.Б-н биед хамар ясны баруун хананд цөмөрсөн хугарал, хамрын таславчийн муруйлт, духны эргэн тойрны болон 2 нүдний дээд, доод зовхи, 2 талын хацар хамрын хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн шагайн үений цууралт, мултралт бүхий гэмтэл учирчээ. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь ШЭГЗТЖ-н 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна. Урьд гаргасан дүгнэлтэд тусгагдсан болон шинээр оношлогдсон гэмтлүүд нь тус тусдаа хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна гэх  дүгнэлт / хх-ийн 29-30 /

 

Хохирогч А.Б-н хохирол нэхэмжилсэн баримтууд, гэрэл зургууд /хх-ийн 4-11/

 

Шүүгдэгч Х.Б-н урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 45/

 

Шүүгдэгч Х.Б-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 46/

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 238 дугаартай тогтоол /хх-ийн 48-49/

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 989 дугаартай тогтоол /хх-ийн 50-53/

 

Хохирогч А.Б-т хохирол төлсөн тухай баримт зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх  тухай  хуульд  заасны  дагуу  цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Х.Б нь 2020 оны 12 сарын 07-ны орой 20 цагийн үед буюу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Э сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хамтран амьдрагч иргэн А.Б-г үстэх, нүүрэн тус газарт гараараа цохих зэргээр зодож биед нь тархи доргилт, толгой үстэй хэсэгт няцралт, хоёр нүдний дээд доод зовхинд болон хамар, хүзүү цээж, зүүн бугалга, сарвуу, зүүн гуя, шилбэ, шагайнд олон тооны цус хуралт, хамар ясны баруун хананд цөмөрсөн хугарал, хамрын таславчийн муруйлт, духны эргэн тойрны болон 2 нүдний дээд доод зовхи, 2 талын хацар хамрын хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн шагайн үений цууралт, мултрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч А.Б, гэрч Х.Б, С.О нарын мэдүүлэг, Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12  дугаар сарын 10-ны өдрийн 563 дугаартай дүгнэлт, мөн албаны 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн нэмэлт  шинжилгээ зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдож тогтоогдох бөгөөд тэрээр гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

          Шүүгдэгч Х.Б нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдыг гараараа цохих болон өшиглөхөд гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч А.Б-н нүүр рүү гараараа цохиж, хөл рүү нь өшиглөж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулжээ.

 

Сүхбаатар аймгийн прокурорын газраас шүүгдэгч Х.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч Х.Б нь хохирогч А.Б-тэй хамтын амьдралтай байсан нь хохирогч А.Б-н “...бид хамтран амьдраад гурван жил болж байна, хууль ёсны эхнэр нөхөр биш...” гэх, гэрч С.О-н “...Х.Б ах ээжтэй хамт амьдраад 3 жил болж байна ...”гэх, шүүгдэгч Х.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... хохирогч А.Б бид хоёр хамт амьдраад 3 жил болж байна, хууль ёсны гэр бүл биш...” гэх мэдүүлгүүдээр  тогтоогдох ба гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6-д “хамтран амьдрагч” гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг ойлгохоор хуульчилсан байна.

 

Мөн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “ энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүй” - г “ гэр бүлийн хүчирхийлэл” гэж,

3 дугаар зүйлийн 3.1.1-д “ эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд ”-ийг “ гэр бүлийн хүчирхийллийн үйлчлэлд хамаарах этгээд” гэж,

5 дугаар зүйлийн 5.1.2-т гэр бүлийн хүчирхийллийн хохирогч гэж “ гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг ойлгоно” гэж,

6 дугаар зүйлийн 6.2-т “ Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ ” гэж тус тус тодорхойлжээ.

 

Энэ хэргийн шүүгдэгч Х.Б, хохирогч А.Б нар гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй боловч 2017 оноос хамт амьдарч байгаа бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан дээрх шинжүүдээр авч үзвэл тэдгээр нь гэр бүлийн хүчирхийллийн үйлчлэлд хамаарах этгээдүүд, хохирогч А.Б гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болох хийгээд шүүгдэгч Х.Бийн, хамтран амьдрагч А.Б-г зодсон үйлдэл нь бие махбодын хүчирхийллийн хэлбэрт хамаарах юм.

 

Шүүгдэгч Х.Б-н, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч А.Б-г зодож  биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

Тухайн хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан “ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх “ гэсэн шинжээр тодорхойлогдоно.

 

Х.Б-н үйлдлийн улмаас хохирогч А.Б-н  эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд Х.Б нь эмчилгээний зардалд 500 000 төгрөг төлсөн. Хохирогч нь эмчилгээний болон бусад зардалд 3 800 000 төгрөг нэхэмжилсэн боловч хэрэгт нотлох баримт ирүүлээгүй байх тул  нэхэмжлэлийг шүүх хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгч Х.Б-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Х.Б-т ял шийтгэл оногдуулахад гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн  нь  Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд мөн хуулийн  6.6-д  заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.    

 

Шүүх шүүгдэгч Х.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан  хохирол,  хор  уршгийн  шинж  чанар,  хувийн  байдлыг  харгалзан  үзэж  Эрүүгийн  хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох  ялыг шүүгдэгч Х.Б нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.          

 

Шүүгдэгч Х.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан  болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болно.

 

Шүүгдэгч Х.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3,36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х.Б-г  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Б-т оногдуулсан торгох ялыг 90  хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч Х.Б-т авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч  нь эмчилгээний болон бусад зардалд 3 800 000 төгрөг нэхэмжилсэн боловч нотлох баримт ирүүлээгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянах шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шүүгдэгч Х.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, хохирогч А.Бт 500 000 төгрөгийн хохирол төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР