| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2016/01343/и |
| Дугаар | 00524 |
| Огноо | 2017-05-25 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 00524
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Транскапитал банк бус санхүүгийн байгууллагын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 4 дүгээр гудамжны 12б тоотод оршин суух, Хурлаад овогт Дамдинсүрэнгийн Жавзандолгор /РМ70030907/-т холбогдох
Зээлийн төлбөр 7.685.943 төгрөг, зээлийн хүү 936.732 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 187.346 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 35.000 төгрөг, нийт 8.845.022 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч 155/2016/01343/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, нэхэмжлэгч Транскапитал банк бус санхүүгийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонцохио, хариуцагч, Д.Жавзандолгор нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Транскапитал банк бус санхүүгийн байгууллага шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай байгууллага нь Д. Жавзандолгортой 15150915007 тоот зээлийн гэрээ байгуулан 9,000,000 /Есөн сая/ төгрөгийг 24 сарын хугацаатай зээлдүүлсэн болно. Гэтэл зээлийн гэрээнд заагдсан хуваарийн дагуу зээлийн эргэн төлөлтөө төлөхгүй хугацаа хэтрэн Д.Жавзандолгороос зээлийн төлөлтийг төлөхийг удаа дараа сануулсан боловч нөхөр Ч.Энхбаяр нь мөнгө явуулна гээд явуулахгүй байна. Удахгүй төлнө гэсээр 414 хоног хэтэрсэн байна. Мөн зээлийн гэрээний 5.2.3, 5.2.15, 5.2.16, 5.2.17, 5.2.18, 5.3 зэрэг заалтын үүргээ биелүүлэхээс удаа дараа зайлсхийж, мөн барьцаанд шилжсэн зүйлсийг дур мэдэн захиран зарцуулж бусдад дамжуулсан байна. Иймд манай байгууллагаас олгосон зээлийн үлдэгдэл болох 7,685,943 төгрөг /Долоон сая зургаан зуун наян таван мянга есөн зуун дөчин гурван төгрөг /зээлийн хүү 936,732 төг есөн зуун гучин зургаан мянга долоон зуун гучин хоёр төгрөг/ нэмэгдүүлсэн хүү 187,346/ нэг зуун наян долоон мянга гурван зуун дөчин зургаан төгрөг/ авлага /нотариат /35,000/ гучин таван мянга таван зуун төгрөг/ нийт 8,845,022 төгрөг/ найман сая найман зуун дөчин таван мянга хорин хоёр төгрөгийг Д. Жавзандолгороос гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонцохио шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш багагүй цаг хугацаа өнгөрсөн тул хэргийг түргэн шуурхай шийдвэрлүүлж авах хүсэлтэй байна. Хамтарч авсан зээлдэгч Ч.Энхбаяр нь хилээр гараад явсан талаар цагдаагаас албан бичиг ирсэн. Зээлдэгч Д.Жавзандолгорт холбогдуулж нэхэмжлэл гаргасан, нэхэмжилсэн мөнгөн дүнд маргахгүй байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Д.Жавзандолгор шүүхэд гаргасан тайлбартаа: Нөхөр Ч.Энхбаяр бид хоёр 2015 оны 9 дүгээр сарын 16-нд Транскапитал банк бус санхүүгийн байгууллагаас 9 сая төгрөгийн зээл авсан. Нөхөр Ч.Энхбаяр нь 2015 оны 9 дүгээр сарын 23-нд Солонгос явж 3 сар ажиллаж ирээд зээлээ төлнө гэж яваад одоо болтол сураггүй болсон. Би энэ хугацаанд өөрийн боломжоор Транскапитал ББСБ-д 2.900.000 мянган төгрөг буцааж төлсөн. Манай 4 хүүхэд бага болон дунд сургуульд сурдаг. Би одоо зах дээр хувь хүний хүнсний худалдааг хийж 4 хүүхдээ тэжээж сургуульд нь явуулж байгаа тул банкны мөнгийг одоохондоо хийж чадахгүй байна. Транскапитал банк нь Д.Жавзандолгор намайг хариуцагчаар татсан байна. Иймд Ч.Энхбаяр бид хоёр хамтран энэ зээлийг авч гарын үсэг зурсан. Ч.Энхбаяр бид хоёрын энэ хэрэгт хариуцагчаар хамтран хариуцагчаар татах ёстой гэж би үзэж байна. Хариуцагч Ч.Энхбаярыг 2016 оны 08 сарын 04-ний өдрийн шүүхийн шийдвэрийн дагуу эрэн сурвалжилж олж тогтоотол нь энэ хэргийг түдгэлзүүлж өгнө үү. Энэ хэргийг би ганцаараа хариуцахгүй, хамтран хариуцагчтай хариуцна гэв.
Хариуцагч Д.Жавзандолгор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Гадаад харилцааны яамнаас нөхрийнхөө тухай лавлаж асуухад хилээр гарсан баримтыг нь явуул гэсэн. Надад яамнаас хариуг нь 6 дугаар сард өгье гэж хэлсэн. Би холбогдох баримтаа Гадаад Харилцааны Яаманд явуулсан байгаа. Үүнээс гарах хариуг хүлээж байж энэ хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа боловч яам руу хандсан талаарх баримтыг авч ирээгүй. ...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн мөнгөн дүн дээр маргах ямар нэгэн маргаан байхгүй. Төлж барагдуулах ёстой зээл юм гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Транскапитал банк бус санхүүгийн байгууллага нь хариуцагч Д.Жавзандолгорт холбогдуулан зээлийн төлбөр 7.685.943 төгрөг, зээлийн хүү 936.732 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 187.346 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 35.000 төгрөг, нийт 8.845.022 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдааны явцад хариуцагч Д.Жавзандолгор нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нийт шаардлага болох 8.845.022 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж байх ба энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Транскапитал банк бус санхүүгийн байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 156.471 /нэг зуун тавин зургаан мянга дөрвөн зуун далан нэг/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Жавзандолгороос 156.471 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Транскапитал банк бус санхүүгийн байгууллагын нэхэмжилсэн, зээлийн төлбөр 7.685.943 төгрөг, зээлийн хүү 936.732 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 187.346 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 35.000 төгрөг, нийт 8.845.022 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Жавзандолгор төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 156.471 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Жавзандолгороос 156.471 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Транскапитал банк бус санхүүгийн байгууллагад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН