Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 00526

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Б.Отгонбямба, шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн 11 дүгээр гудамжны 11 тоотод оршин суух Зутан овогт Самбуунямын Дашням /РЛ67110100/,

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн 11 дүгээр гудамжны 11 тоотод оршин суух Шарнууд овогт Доржийн Лхагвасүрэн /РЛ68090513/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 7 дугаар гудамжны 14 тоотод оршин суух, Зэлмэн овогт Ганболдын Нэргүйбаатар /РЛ78041110/,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 13 дугаар гудамжны 17 тоотод оршин суух, Тарь овогт Магсаржавын Сайнтогтох /РЕ84021179/ нарт холбогдох

Гэм хорын хохирол 6.183.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 155/2016/01500/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, нэхэмжлэгч С.Дашням, Д.Лхагвасүрэн нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл, хариуцагч М.Сайнтогтох, хариуцагч Г.Нэргүйбаатарын өмгөөлөгч А.Ууганбаяр нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч Д.Лхагвасүрэн, С.Дашням нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Лхагвасүрэн, С.Дашням бид хоёр Шигтгээ-Үүд сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлын 2015 оны 8-р сарын 15-ны өдөр Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт байрлах 85, 85а байрны орцны үйлчлэгчээр, байрны 18-н машины гараж, байрны харуулаар томилогдон ажилаж байгаад 2016 оны 2-р сарын 26 ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт зам тээврийн осолд бид хоёр биедээ хүнд гэмтэл авч хөдөлмөрийн чадвараа алдацгаасан юм. Үүний улмаас Лхагвасүрэн, Дашням бид нар 2016 оны 2-р сарын 26-ны өдрөөс өнөөдрийг хүртэл ажил хийж чадахгүй хохирч явна.

Уг автомашиныг жолоодож явсан хүмүүс нь Г.Нэргүйбаатар М.Сайнтогтох нар юмаа. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 09-р сарын 13-ны өдрийн 41 тоот шийтгэх тогтоолоор бид хоёрын учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний шүүхэд хандаж нэхэмжлээ.гаргах эрхтэй гэж заасан юм.

Иймд 2016 оны 2-р сарын 26-ны өдрөөс 2016 оны 12-р сарын 7-ны өдрийг хүртэлх 12 сар ажилгүй байсан хугацааны цалин, эмчилгээ болон замын зардлын хамт нийт 6.183.000 төгрөгий. хохирол учирсныг Г.Нэргүйбаатар, М.Сайнтогтох нараас тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Лхагвасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Улаанбаатар хотын Шигтээ-Үүд сууц өмчлөгчдийн холбоонд 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс харуул хамгаалалтын ажилчнаар ажиллаж байсан. 2016 оны 2 дугаар сард цагаан сар тааруулж 14 хоногийн чөлөө авч ирээд буцаж явах замдаа М.Сайнтогтох, Г.Нэргүйбаатар нарын жолоодож явсан автомашинд сууж яваад автын осолд орсон. Миний хүзүү хугарсан, өдийг хүртэл хадаастайгаа явж байгаа. Өрхийн эмчид үзүүлсэн боловч эрүүл мэндийн даатгал төлөгдөөгүй байна, нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхгүй бол болохгүй гэсэн. Эмнэлгийн картад хугацаандаа хадаасаа авахуулах гэж бичсэн байгаа боловч эмчилгээний зардалгүйн улмаас авахуулж чадахгүй байна. Иймд ажилгүй байсан хугацааны цалин 6.183.000 төгрөгийг хариуцагч нараас яаралтай гаргуулж эмчилгээгээ хийлгүүлмээр байна гэв.

Нэхэмжлэгч С.Дашням шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Улаанбаатар хотын Шигтээ-Үүд сууц өмчлөгчдийн холбоонд 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс нэг жилийн гэрээ байгуулан үйлчлэгчээр ажиллаж байсан. 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгаас Г.Нэргүйбаатарын жолоодож явсан автомашинд зорчиж яваад зам тээврийн осолд орж гэмтсэн. Би эрүүл мэндийн даатгалаа төлөөгүй, эмчилгээгээ хийлгэж чадаагүй хадаастайгаа явж байна. Ажилгүй байсан хугацааны цалин болон Улаанбаатар, Мөрөнгийн хооронд ирж очсон унааны зардалд нийт 6.183.000 төгрөг нэхэмжилснээс шийтгэх тогтоолд Сайнтогтохыг 60 хувийн буруутай, Нэргүйбаатарын 40 хувийн буруутай үйл ажиллагаанаас болж хохихрол учруулсан гэж дурдсан байгаа учир 4.000.000 төгрөгийг хариуцагч М.Сайнтогтохоос, үлдэх 2.183.000 төгрөгийг хариуцагч Г.Нэргүйбаатараас гаргуулах хүсэлтэй байна. Эмчилгээ огт хийлгээгүй учир эмчилгээний зардал нэхэмжлэхгүй гэв.

Хариуцагч М.Сайнтогтох шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие М.Сайнтогтох нь нэхэмжлэгч Д.Лхагвасүрэн, С.Дашням нарын нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Тэдгээрийн нэхэмжилж буй ажилгүй байсан хугацааны цалин, эмчилгээ болон замын зардал зэргийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй юм. Учир нь миний бие Сэлэнгэ аймгийн шүүхээр ял сонсож одоо Хөвсгөл аймгийн хорих 443-р ангид ял эдэлж байгаа бөгөөд тус шийтгэх тогтоолд дурдсаны дагуу өөрийн барагдуулвал зохих хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэж үзэж байгаа юм. Тэгээд ч тус тогтоолын тогтоох хэсэгт иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй гэж зааснаас өөр бусад зүйлийг хэтрүүлэн нотлогдоогүй зүйлийг надаас нэхээд байгааг ойлгохгүй байна. Тухайн үед тэдгээр хүмүүсийн эрүүл мэндэд учруулсан хохирол болох эмчилгээ, үйлчилгээний төлбөрийг миний бие бүрэн төлж барагдуулсан бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх албан дээр тус хохирол төлбөрийн материал хаагдсан болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Сайнтогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нар ажилгүй байсан хугацааны цалингийнхаа баримтыг эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд гаргаж өгөөгүй. Би тухайн үед нотлох баримтаар нотлогдож байгаа хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Шийтгэх тогтоолд цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхтэй гэснээс биш цалингийн зөрүүг нэхэмжлэх эрхтэй гэж дурдаагүй учир би нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Хүний биед гэмтэл учруулсан миний буруутай үйл ажиллагаа байгаа учир би эмчилгээний төлбөр болгож нэг сая төгрөгийг нэхэмжлэгч нарт өгье. Ойрын хугацаанд төлж чадахгүй, илүү нэхэмжилж байгаа мөнгийг зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч Г.Нэргүйбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: С.Дашням, Д.Лхагвасүрэн нарт оногдсон хохирлоо төлсөн. Одоо хохирол төлж дууссан гэж бодож байна. Шүүхийн дагуу тодорхой хэмжээний оногдсон ялаа биеэр сууж байгаа. Шүүх хуралд өөрийн биеэр сууна. Заагдсан ялаа эдэлж дуусгаад шүүх хуралд суух хэрэгтэй байна. Өөрийн биеэр гараад уулзах хэрэгтэй гэж бодож байна.Оногдсон эдлэх ёстой ял маань 2017 оны 2 дугаар сарын 14-нд дуусах юм гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Дашням, Д.Лхагвасүрэн нар нь хариуцагч М.Сайнтогтох, Г.Нэргүйбаатар нарт холбогдуулан эрүүл мэндэд гэм хор учруулсны улмаас ажилгүй байсан хугацааны цалин болон унааны зардалд 6.183.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Г.Нэргүйбаатар нь С.Дашням, Д.Лхагвасүрэн нарт оногдсон хохирлоо төлсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж, хариуцагч М.Сайнтогтох нь нотлогдож байгаа хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Шийтгэх тогтоолд цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхтэй гэснээс биш цалингийн зөрүүг нэхэмжлэх эрхтэй гэж дурдаагүй учир би нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрөхгүй. Харин хүний эрүүл мэндэд хохирол учруулсан миний буруу тул өөрийн боломжоороо эмчилгээнд нь зориулж 1.000.000 төгрөгийг өгье гэж тус тус маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч М.Сайнтогтох, Г.Нэргүйбаатар нар нь 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн нутаг Дарханаас Эрдэнэт чиглэлийн төв засмал замын 16-17-р километрт явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1а, 2.3, 8.2, 21.8, 22.2 дахь хэсгийг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас машинд сууж явсан нэхэмжлэгч С.Дашнямын биед хүнд, Д.Лхагвасүрэнгийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоол,Сум дундын 9 дүгээр шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогджээ.

Бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөнд гэм буруутай үйлдлээр гэм хор учруулсан этгээд Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч нар нь шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Д.Лхагвасүрэн нь Улаанбаатар хотын Шигтгээ-Үүд сууц өмчлөгчдийн холбооны 85, 85А байрны 18 гаражийн сахиулаар, нэхэмжлэгч С.Дашням нь Улаанбаатар хотын Шигтгээ-Үүд сууц өмчлөгчдийн холбооны 85, 85А байрны 1,2-р орцны цэвэрлэгчээр тус тус ажиллаж байсан ба ослын улмаас гэмтэл, бэртэл авч ажилгүй болсон тул 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин болон замын зардалд нийт 6.183.000 төгрөгийг нэхэмжилж байх боловч нэхэмжлэгч нарын урьд ажиллаж, цалин хөлс авч байсан нь албан ёсны нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Учир нь нэхэмжлэгч нар нь хавтаст хэрэгт Шигтгээ-Үүд сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлын 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 06, 07 дугаартай, 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 06/01 дугаартай тушаалуудын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 2015/06, 2015/07 дугаартай Шигтгээ-Үүд сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал М.Баярмаа, Самбууням овогтой Дашням, Дорж овогтой Лхагвасүрэн нарын хооронд байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээнүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг нотлох баримтаар ирүүлсэн /хх-ийн 4-9-р тал/ байх боловч цалингийн талаарх байгууллагын тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын лавлагаа зэргээр давхар нотлогдохгүй, нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтыг ирүүлээгүй байна.

Мөн нэхэмжлэгч нар нь 2016 оны 08 дугаар сарын 25, 2016 оны 11 дүгээр сарын 26, 29-ний өдрүүдэд Улаанбаатар Мөрөнгийн чиглэлд зорчсон хот хоорондын зорчих тасалбарыг хавтаст хэрэгт ирүүлсэн ба ийнхүү зорчих болсон үндэслэлээ оршин суух газрын шилжүүлэг хөөцөлдөх гэж ирж очсон унааны зардал юм гэх тайлбараас дүгнэвэл нэхэмжлэгч нараас зайлшгүй гарах зардал биш байх тул хангаж шийдвэрлэх боломжгүй юм.

Нэхэмжлэгч нарын хариуцагч Г.Нэргүйбаатар, М.Сайнтогтох нараас эрүүл мэндэд гэм хор учруулсны улмаас ажилгүй байсан хугацааны цалин болон унааны зардалд 6.183.000 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байгаа боловч хариуцагч М.Сайнтогтох нь нэхэмжлэлийн шаардлагаас 1.000.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн учраас түүний зөвшөөрсөн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нарын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч М.Сайнтогтохоос 1.000.000 /нэг сая/ төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 28.550 /хорин найман мянга таван зуун тавь/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Хариуцагч Г.Нэргүйбаатарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хэргийн зохигчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч Г.Нэргүйбаатарын эзгүйд хэргийг хянан хэлэлцсэнийг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч М.Сайнтогтохоос гэм хорын хохиролд 1.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Дашням, Д.Лхагвасүрэн нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5.183.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч М.Сайнтогтохоос улсын тэмдэгтийн хураамж 28.550 /хорин найман мянга таван зуун тавь/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧИД Б.ОТГОНБЯМБА

 

Б.МӨНХТУЯА