| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2017/00462/И |
| Дугаар | 00527 |
| Огноо | 2016-05-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 00527
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Галт суманд 1957 онд төрсөн, 60 настай, эрэгтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн 08-08 тоотод оршин суух, Зүүн хариад овогт Сандагийн Лувсанчоймбол /РЭ57022215/-ын хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч 155/2017/00462/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч С.Лувсанчоймбол нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Лувсанчоймбол шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие С.Лувсанчоймбол нь Хөвсгөл аймгийн Усны аж ахуйн удирдах газар 1978 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тасралтгүй жолоочоор ажиллаж байсан. Ийнхүү ажиллаж байсан хугацаанд хамаарах цалингийн тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч орсон гарсан тушаал байхгүйгээс улсад ажилласан жил маань тооцогдохгүй байгаа тул миний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
С.Лувсанчоймбол нь тус шүүхэд Хөвсгөл аймгийн Усны аж ахуйн удирдах газарт 1978 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч С.Лувсанчоймбол нь Хөвсгөл аймгийн Усны аж ахуйн удирдах газарт 1978 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд жолоочоор ажиллаж байсан болох нь Сандаг овогтой Лувсанчоймболд 1986 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Сандаг овогтой Лувсанчоймболын Усны аж ахуйн удирдах газар ажиллаж байсан хугацааны цалингийн баримт, гэрч П.Жамсранжав, А.Дорж нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Зүүн хариад овогт Сандагийн Лувсанчоймболын Хөвсгөл аймгийн Усны аж ахуйн удирдах газарт 1978 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Лувсанчоймболын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН