Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 00528

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд 1962 онд төрсөн, 55 настай, эмэгтэй, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 1 дүгээр багт оршин суух, Дөшин овогт Ядмаагийн Цэндсүрэн /РУ62052302/-ийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч 155/2017/00488/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн П.Ундрах, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Я.Цэндсүрэн шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Ядмаа овогтой Цэндсүрэн нь Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Хүүхдийн яслид 1981 оны 09 сарын 07-нд галч цэвэрлэгчээр орсон юм. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох болтол тухайн хугацаанд хүүхдийн Яслид ажиллаж байсан тухай хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн байхад ажилд орсон тушаал архивын лавлагаагаар гарахгүй байгаа тул Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Хүүхдийн яслид 1981 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Я.Цэндсүрэн нь 1981 оны 9 дүгээр сарын 7-ны өдрөөс Хүүхдийн яслид галч, цэвэрлэгчээр 1986 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан. Ажилд орсон тушаал олдохгүйгээс улсад ажилласан жил нь тооцогдохгүй багаа тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Я.Цэндсүрэн нь тус шүүхэд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Хүүхдийн яслид 1981 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд галч, цэвэрлэгчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Я.Цэндсүрэн нь Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Хүүхдийн яслид 1981 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд галч, цэвэрлэгчээр ажиллаж байсан болох нь Ядмаа овогтой Цэндсүрэнд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдлийн зөвлөлөөс 1988 онд нээж олгосон Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдлийн даргын 1986 оны 09 дүгээр сарын 08-ны дөрийн 32 дугаартай Хүмүүсийг ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай, 1989 оны 06 сарын 26-ны өдрийн 17 дугаартай Хүмүүсийг ажилд томилох, ажлаас чөлөөлөх, ажил орлуулан хийлгэх тухай тушаалуудын хуулбар, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн 1986 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 14 дугаартай тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Хүүхэд саатуулах газраас 1981 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Я.Цэндсүрэнд олгосон сайшаалын үнэмлэх, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Д.Энхжаргал, С.Цэндмаа нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Дөшин овогт Ядмаагийн Цэндсүрэнгийн Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Хүүхдийн яслид 1981 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд галч цэвэрлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Я.Цэндсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН