| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2017/00105/И |
| Дугаар | 146/ШШ2017/00136 |
| Огноо | 2017-04-17 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 146/ШШ2017/00136
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой баг Арцат 14-2 тоотод оршин суух, 1986 онд төрсөн, 31 настай, эмэгтэй, Т-ы Н /РД:ЙР86112660/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн овоо баг Луваанжалба 2-8 тоотод оршин суух, 1984 онд төрсөн, 33 настай, эрэгтэй, Э-ийн А /РД:ЙР84121013/-д холбогдох
“Гэрлэлт цуцалж, эцэг тогтоолгон, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Н, хариуцагч Э.А нарийн бичгийн дарга А.Батцог нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н миний бие Э.А-тэй 2005 онд танилцаж улмаар гэр бүл болохоор тохиролцож эр эмийн харьцаатай болсон. 2006 онд охин А төрсөн. Хамтран амьдрах хугацаандаа таарамжгүй байснаас болж хоёул 2008 онд салж амьдрах болсон. Одоо хоёр талд эхнэр нөхөртэй болсон. Аль аль нь хоёр хоёр хүүхэдтэй болсон. Ийм учраас Э.А-г Н.А-ийн эцэг мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж мөн гэрлэлтийг цуцлуулж өгнө үү
Миний бие хариуцагч Э.А-тэй 2003 онд танилцаад улмаар 2006 оны охин Анударийг төрүүлсөн. Бид хоёр 2007 онд гэр бүл болсон. Хамт амьдарч байх хугацаандаа таарамж муутай байсан болохоор 2008 онд салсан. Одоо шүүхээс эцэг тогтоолгож, хүүхдэдээ хуулийн дагуу тэтгэлэг тогоолгож, гэрлэлт цуцлуулах хүсэлтэй гэв.
Хариуцагч Э.А шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э овогтой А би Н-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие гэрлэлт цуцлах, хүүхдийн тэтгэмж гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Иймд дээрх хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү
Би нэхэмжлэгч Т.Н-тэй 2003 онд танилцаж охин А-ийг 2006 онд төрүүлсэн. Бид хоёр 2007 онд гэр бүл болоод 1 жил хамт амьдраад 2008 онд салсан гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Н нь “Гэрлэлт цуцалж, эцэг тогтоолгон, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Т.Н, Э.А нар нь 2007 онд гэр бүл болсон, 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдөр охин Т.А-ийг төрүүлсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, ¹0322954/13 дугаартай төрсний гэрчилгээ, №0016190 дугаартай гэрлэлтийн баталгаа зэрэг баримтуудаар тогтоогдож байх ба Т.А-ийн төрсөн эцэг нь мөн гэдэгтэй хариуцагч маргаагүй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.
Гэрлэгчид цаашид эвлэрэн амьдрах боломжгүй гээд хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн, 2008 оноос хойш тусдаа амьдарч байгаа, одоо нэхэмжлэгч, хариуцагч нар хэн хэн нь гэр бүл, үр хүүхэдтэй болсон зэргийг үндэслэн гэрлэлтийг цуцалж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иймд гэрлэгчид цаашид эвлэрч хамтран амьдрах бодит нөхцөл байхгүй болсон нь тогтоогдсон гэж үзээд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасан эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж шүүх үзсэн болно.
Нэхэмжлэгч охин Т.А өнөөдрийг хүртэл эхийнхээ асрамжид байгаа, хүүхдийн санал зэргийг харгалзан эхийнх нь асрамжид үлдээж, эцэг Э.А-ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулан шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 38 дугаар зүйлийн 38.1, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүүхдийг эрүүл саруул өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах эрүүл саруул аюулгүй бусад шаардлагатай зүйлээр хангах зэрэг эцгийн үүргээ гэрлэлт цуцалснаас үл хамааран зохих ёсоор биелүүлэхийг эцэг Э.А-д, уг үүргээ хэрэгжүүлэхэд нь саад болохгүй байхыг эх Т.Н-д тус тус даалгаж, зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдав.
Хариуцагч Э.А-ээс 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.А-ээс 23.526 төгрөгийг гаргуулан улсын төсвийн дансанд оруулж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Т-ны Н, Э-ийн А нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7 дахь хэсэгт зааснаар 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Н.А-ийг эх Т.Н-ийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Н.А-ийг 11 нас хүртэл түүний оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Э.А-ээр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50%-иас хэтрэхгүй болохыг дурьдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 38 дугаар зүйлийн 38.1, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүүхдийг эрүүл саруул өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах эрүүл саруул аюулгүй бусад шаардлагатай зүйлээр хангах зэрэг эцгийн үүргээ гэрлэлт цуцалснаас үл хамааран зохих ёсоор биелүүлэхийг эцэг Э.А-д, уг үүргээ хэрэгжүүлэхэд нь саад болохгүй байхыг эх Т.Нандин-Эрдэнэд тус тус даалгасугай.
6. Зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.А-ээс 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.А-ээс 23.526 төгрөгийг гаргуулан улсын төсвийн дансанд оруулсугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгүүлсэн иргэний бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Ж.М-д даалгасугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр
зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр
танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН