Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 00541

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 25-03 тоотод оршин суух, Сархад овогт Дарамын Эрдэнэцэцэг /РЮ62071564/-ийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч 155/2017/00541/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн П.Ундрах, Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мягмарсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Эрдэнэцэцэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: Д.Эрдэнэцэцэг би 1962 оны 7 дугар сарын 15-ны өдөр төрсөн. Би Хөвсгөл аймгийн Барилга Угсралтын Конторын даргын 1983 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 136 дугаартай тушаалаар анх туслах ажилтнаар ажилд орж туслах ажилчин засаг чимэглэлчнээр 1991 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл ажиллаж байсан болно.

Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл миний хөдөлмөрийн дэвтэр байхгүй учраас ажилласан жил, ажиллаж байсан хугацаа тогтоогдохгүйд хүрээд байна. Иймд 1983 оны 9 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 1 дүгээр сарын 17 ний өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Барилга угсралтад туслах ажилчин, засал чимэглэлээр ажиллаж байсныг минь сэргээн тогтоолгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мягмарсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрдэнэцэцэг нь Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторт 1983 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд туслах ажилчин засал чимэглэлчнээр ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт орох болсон хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуугаас улсад ажилласан жил тооцогдохгүй байна. Иймд дээрх хугацааны ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Д.Эрдэнэцэцэг нь тус шүүхэд Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторт 1983 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд туслах ажилчин, засал чимэглэлчнээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Д.Эрдэнэцэцэг нь Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторт 1983 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 1988 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестэд 1988 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд туслах ажилчин, засал чимэглэлчнээр ажиллаж байсан болох нь Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторын даргын 1983 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 136 дугаартай Ажилд томилох тухай Хөвсөл аймгийн барилга угсралтын трестийн даргын 1991 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Орон тоо зохион байгуулалтыг өөрчлөн томилох, хөрөнгө материалыг хуваарилах тухай тушаалын хуулбарууд Д.Эрдэнэцэцэгийн 1985 оны 08 сарын 31, 1986 оны 11 сарын 06-ны өдрүүдэд шагнагдаж байсан Баярын бичгүүд, Хөвсөл аймгийн архивын тасгийн 2017 оны 05 сарын 30-ны өдрийн 10/287 дугаартай лавлагаа, гэрч В.Цэрэнханд, Б.Батжаргал нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Сархад овогт Дарамын Эрдэнэцэцэгийн Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторт 1983 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 1988 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестэд 1988 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд туслах ажилчин, засал чимэглэлчнээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Эрдэнэцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН