Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 65

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч, хяналтын прокурор Г.Лхагвасүрэн

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг

Шүүгдэгч Э.БЭ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Лхагвасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.БЭ-д холбогдох 2030001730054  дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

   Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ...-ний өдөр төрсөн, .... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл ...., эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын .... дүгээр багийн ............. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ................., Э.БЭ

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Э.БЭ нь 2020 оны 04 дүгээр сарын 23-аас 24-ний хооронд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дугаар багийн “ГЭ” гэх газарт “Toyota Prius-20” маркийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ:  б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, мөн дүрмийн 3.9-т заасан “а/Тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч тээвэрлэхийг хориглоно”, ж/ жолоочийн өвөр дээр, эсхүл энэ дүрмийн 23.8-ын тайлбарт дурдсанаас бусад тохиолдолд суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт зорчигчийн өвөр дээр, мөн дүрмийн 23.8-т заасан “Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана. Хүүхдийн нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэл нь MNS ISO 13216 (хүүхдийн хамгаалах систем) стандартын шаардлагад нийцсэн байх бөгөөд түүнийг тээврийн хэрэгсэлд байрлуулж ашиглахдаа үйлдвэрлэгчээс тогтоосон зааврыг баримтална” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас хохирогч Б.Т-н амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

- Шүүгдэгч Э.БЭ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр аймгаас Б-г “ГЭ” гэх газарт хүргэж өгөхөөр явсан. Тэгээд ирэх замдаа осол болсон. Би архи уугаагүй байсан. Зам эвдрэлтэй байсан учраас машин гэнэт шарвасан. Мөн хурд хэтрүүлсэн. Хохиролд нийт 25.000.000 төгрөг өгсөн. Ар гэрийнхэнтэй нь уулзсан. Дүүд мал өгсөн. Ослын дараа миний нуруу толгой өвддөг болсон,юм санахдаа муу байгаа. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний буруутай үйлдлийн улмаас ийм хэрэг болсон гэв.

 

Эрүүгийн 2030001730054 дугаартай хэргээс:

 

- Шүүгдэгч Э.БЭ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Болгоомжгүй байдлаас болж зам тээврийн осол гаргасандаа харамсаж байна. Би амь хохирогч Б.Т-н ар гэрийнхэнд оршуулгын зардалд 1,000,000 төгрөг, дараа нь дансаар 11,800,000 төгрөг, 5,000,000 төгрөг, 2,200,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Бэлнээр аав, ээж хоёрт нь 5,000,000 төгрөг өгсөн. Хүүхдүүд нь өсөх мал өгнө гэж манай аав хэлсэн. Нийт бэлнээр болон дансаар 25,000,000 төгрөг өгсөн. Би өвчтэй босож чадахгүй байсан учраас өөрөө очиж уулзаж чадаагүй. Хайхрамж болгоомжгүй байдлаасаа болж зам тээврийн осол гаргаж хүний амь нас хохироосон үйлдэлдээ маш их харамсаж байна...гэх /хх-ийн 120-121 дүгээр хуудас/

 

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Тэр өдөр манай нөхөр 17 цагийн орчимд утсаар ярихдаа найз Б-нд байна гэсэн. 2020 оны 04 дүгээр сарын 23-аас 24-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд танихгүй дугаараас “Т-н эхнэр мөн үү? аав, ээж нь байна уу? гэхээр нь хадам ээжийн утасны дугаарыг өгөхөд ээжтэй яриад “хүү чинь осолд орсон, нэг хүн нас барсан” гэж хэлсэн. Бид нарыг эмнэлэгт очиход Б-н биеийн байдал  муу, манай нөхөр нас барсан байсан...гэх /хх-ийн 23-25 дугаар хуудас/

... Э.Б-н ар гэрийнхэн талийгаачийн ажил явдал, сэтгэл санааны хохирол гэж нийт 25,000,000 төгрөг төлж барагдуулсан. Цаашид би болон манай ар гэрийн зүгээс гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй.../хх-ийн 28 дугаар хуудас

 

- Иргэний нэхэмжлэгч Б.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  Prius-20 маркийн .............. улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2018 онд найзын дүү болох Э.БЭ-д 9,000,000 төгрөгөөр зарсан. Харин бичиг баримтаа Э.БЭ нь шилжүүлнэ гээд амжаагүй байгаа. Одоо бол тухайн машин надад ямар нэгэн хамааралгүй. Надад ямар нэгэн байдлаар тухайн машины эвдрэл гэмтэлтэй холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй... гэх /хх-ийн 32 дугаар хуудас/

 

- Гэрч Ө.МО мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  Хөдөөний айлд гэгээ тасарч байхад буюу 19 цагийн орчимд очсон байх. Тэр айлын эзний нэрийг мэдэхгүй. Очсон айлдаа Т-н дэлгүүрээс авсан 3 ширхэг савтай пивыг Т, Б, гэрийн эзэн ЭА, тэдний дүү Э нар нь хувааж уусан. Харин БЭ машин барьж байгаа гээд уухгүй байсан. Пиво ууж дууссаны дараа гэрийн эзний дүү нь нэг шил 0.5 литрийн Е архи гаргаж өгсөн. Тэр архийг хувааж уугаад, хоол, цай ууж идчихээд айлаас хөдөлсөн. Айлаас яг хэдэн цагт хөдөлсөн гэдгийг санахгүй байна. Би машинд ороод хүүгээ урдаа тэврээд унтаж байгаад гэнэт хүүхэд уйлаад байхаар нь сэрэхэд машин онхолдчихсон байсан. Би урьд шөнө нь эмнэлэг дээр эхнэрээ сахиад нойргүй хоносон учир унтсан байсан. Тийм учраас машин онхолдохыг мэдээгүй. Тэгээд машинаас гарахад Т машины зүүн гар талд дээшээ харсан байдалтай, толгойн ар хэсэг нь цус болчихсон, үхчихсэн юм шиг байхаар нь би айсандаа хүүгээ өргөөд аймаг руу гүйчихсэн. Би унтаж байсан болохоор хэр зэргийн хурдтай явсан гэдгийг нь мэдэхгүй байна. Тэр айлаас 10 орчим километр яваад онхолдсон байх. Миний биед болон манай хүүгийн биед шарх, сорви, гэмтэл учраагүй. Миний хүү болон миний биеийн байдал хэвийн байгаа... гэх /хх-ийн 35-38 дугаар хуудас/

 

- Гэрч З.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Б-н машинтай манай эхнэр, хүүхэд, эхнэрийн төрсөн дүү ... настай А гэдэг эмэгтэй хүүхдийг аваад, Т, М хүүтэйгээ цуг манайхаас хөдлөн замаасаа Б-н таньдаг дүү нь гээд танихгүй нэг охиныг дүүтэй нь хамт аваад нийт том хүн, хүүхэд нийлсэн 10 хүн хөдөө явсан. Хөдөө очсон айл нь аймгаас хойшоо 20 гаруй километрт байдаг. ЭА гэх манай найзынх юм. Хөдөө айл дээр 19 цагийн орчимд очсон. Айлд ороод цай уучхаад аймгаас авчирсан 3 том пивыг Т, ЭА, Э, М бид тав хувааж уусан. БЭ хамгийн эхний пивоноос амсаад өгсөн. Б-г машин барьж байгаа гээд өгөөгүй. Пивыг ууж дууссаны дараа Э нэг шил 0.5 литрийн Е архи задалсан. Архиа ууж дуусчхаад хоноод явна гэж байтал цуг ирсэн охины эгч нь утсаар яриад аймаг руу буцахгүй бол болохгүй гээд 22 цагийн орчимд айлаас хөдөлсөн. Тухайн үед БЭ өөрөө машинаа барьсан. Арын суудалд Т, М хүүтэйгээ гурвуулаа суусан. Урд суудал дээр цуг ирсэн охин дүүтэйгээ суугаад явсан. Замдаа осолдож Тийг нас барсан гэдгийг маргааш нь сонссон... гэх /хх-ийн 39-41 дүгээр хуудас/,

 

- Насанд хүрээгүй гэрч Б.Г мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: БЭ ахад архи пивоноос хийж өгч байгаа харагдсан. Тэгсэн амсаад буцаагаад өгсөн, уугаагүй байх гэж бодож байна. Би яг хэдэн мильтэй явсныг хараагүй. Айлаас хөдлөхөд талийгаач арын суудал дээр унтаж байсан. Унтаж байснаа гэнэт сэрээд урд суудлын голоор БЭ ахтай юм ярьж байгаад “Андаа жоохон гишгээд өг. Найз нь хэлж байна шүү дээ” гэхэд БЭ ах машиныхаа хурдыг нэмж ширүүн явахаар нь ард сууж явсан ах болон би “зөөлөн яваач ээ, хүүхдүүдтэй явж байж ” гэхэд хурдаа хасаагүй. Тэгээд баруун гар тал руугаа дарах гэж байгаад онхолдсон. Ширүүн давхиж байхад жолооны хүрд нь 2 тийш салганаад байсан. Тэгээд машин өнхрөөд би суудлын бүсээ тайлж дүүгээ аваад гарахад нас бардаг ах газар хэвтэж байсан. Намайг харахад тархи толгой нь бяцарчихсан байсан... гэх /хх-ийн 42-44 дүгээр хуудас/,

 

- Гэрч Э.ЭА мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Хэн нь тээврийн хэрэгсэл жолоодсоныг мэдэхгүй. Гэнэт л явах болоод гэрээс гарсан. Манайд Б эхнэр хүүхэдтэйгээ, мөн У-н дүү охин нь үлдсэн. Тэгээд М хүүхэдтэйгээ, БЭ, Т, бас нэг бага насны хүүхэд дагуулсан эмэгтэй хүн манайхаас явсан. М, Т хоёрын хувьд нэлээн их согтчихсон байсан. БЭ нь манайд уугаагүй эрүүл байсан...гэх /хх-ийн 47-48 дугаар хуудас/

 

- Гэрч Э.Э мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Тухайн хүмүүс ирэхдээ 2.5 литрийн “Н” пиво гурвыг авчирсан. Пивыг М, Б, Т, ЭА бид нар хувааж уусан. БЭ амсаад өгсөн. Машин барьж байгаа гээд уугаагүй. Бид ч шахаагүй...гэх /хх-ийн 51, 56 дугаар хуудас/

 

- Гэрч С.Ю мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: БЭ архи уусан эсэхийг мэдэхгүй байна. Би хүмүүсийг ирэхэд хадам аавын гэрт Э-н эхнэр С-Э-тэй хамт хоол цай хийж байсан учраас хэдэн пиво, архи уусныг анзаараагүй. Гэхдээ шөнийн 22 цаг өнгөрөөгөөд явах үед М, Т нар нь нэлээн согтуу, БЭ нь тэр хоёрыг явъя гээд түшээд машиндаа суулгаад манайхаас хөдөлсөн... гэх /хх-ийн 54-55 дугаар хуудас/

 

  • Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-13 дугаар хуудас/,

 

- Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-19 дүгээр хуудас/,

 

- Эрх бүхий албан тушаалтны 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн магадалгаа: “... Prius маркийн ............. улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож  явсан Э.БЭ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ:  б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, мөн дүрмийн 3.9-т заасан “а/Тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч тээвэрлэхийг хориглоно”, ж/ жолоочийн өвөр дээр, эсхүл энэ дүрмийн 23.8-ын тайлбарт дурдсанаас бусад тохиолдолд суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт зорчигчийн өвөр дээр, мөн дүрмийн 23.8-т заасан “Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана. Хүүхдийн нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэл нь MNS ISO 13216 (хүүхдийн хамгаалах систем) стандартын шаардлагад нийцсэн байх бөгөөд түүнийг тээврийн хэрэгсэлд байрлуулж ашиглахдаа үйлдвэрлэгчээс тогтоосон зааврыг баримтална.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.” гэх /хх-ийн 104-105 дугаар хуудас/

 

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар дүгнэлтэд: “... Талийгаач Б.Т-н цогцост гавал тархины ил гэмтэл, хуйхны язарч урагдсан шарх, хуйхан доорх тархмал цус хуралт, гавлын яс үйрч бяцарсан олон хугарал, хатуу хальсны урагдал, тархины хэлбэр дүр алдагдал, урсалт, нүү, эрүү, баруун шанаа, 2 чиний дэлбэн, чихний ар хэсэгт, хамарт, нэлэнхийдээ, эрүүний зүүн доод буланд, баруун мөрөнд зулгаралт, 2 нүдний эргэн тойронд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчилгээгээр тухайлбал авто ослын үед үүсгэгдэх боломжтой. Талийгаач Б.Т нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. Үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ”. гэх /хх-ийн 60-62 дугаар хуудас/

 

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 444 дүгээр дүгнэлтэд: “... Э.Б-н биед хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон.” гэх дүгнэлт /хх-89-90 дүгээр хуудас/

 

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх-ийн 131-149 дүгээр хуудас/

 

- Шүүгдэгч Э.БЭ-с хохирол төлсөн баримтууд /хх-ийн 153-156 дугаар хуудас/

 

- Шүүгдэгч Э.Б-н Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 124 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Э.БЭ-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Э.БЭ-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Э.БЭ нь 2020 оны 04 дүгээр сарын 23-аас 24-ний хооронд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн “ГЭ” гэх газарт “Toyota Prius-20” маркийн .......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчиж онхолдсоны улмаас Б.Т-н амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Э.Б-н мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ч, гэрч Ө.МО, З.Б, Э.ЭА, насанд хүрээгүй гэрч Б.Г нарын нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Эрх бүхий албан тушаалтны 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн магадалгаа, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар дүгнэлт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт нь Засгийн газраас баталж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ бөгөөд автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хор уршиг учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуульд заасан байна.

Хэргийн баримтаар буюу техникийн шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Э.Б-г Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг  зөрчсөн нь уг осол гарах шалтгаан болсон гэж дүгнэсэн нь хэргийн бодит үйл баримтад үндэслэгдсэн хийгээд авто тээврийн хэрэгслийн жолооч Э.Б-н дээрх журмыг зөрчсөн уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Э.Б-н хувьд хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг санаатай зөрчиж, тухайн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч шүүгдэгч мэдэлгүй хүний амь насыг хохироосон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү гэмт хэргийг гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

Шүүгдэгч Э.Б-н Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасныг зөрчиж машинаа онхолдуулсны улмаас талийгаач Б.Т-н амь нас хохирсон нь шууд шалтгаант холбоотой байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Э.Б-г Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Б.Т-н амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шүүгдэгч Э.БЭ гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд шүүгдэгч Э.Б-н зүгээс амь хохирогчийн оршуулгын зардал болон бусад хохиролд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Чд 25,000,000 төгрөгийг нөхөн төлсөн ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж , гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зохицуулалттай.

 

Шүүгдэгч Э.Б-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан эдийн болон бусад хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болох ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Тодруулбал, шүүгдэгч Э.БЭ нь амь хохирогч Б.Т-н амь “Андаа жоохон гишгээд өг. Найз нь хэлж байна шүү дээ” гэж хэлснээр машины хурдыг нэмж ширүүн явснаар машин онхолдсон талаар насанд хүрээгүй гэрч Б.Г хэрэгт тодорхой мэдүүлсэн бөгөөд энэ нөхцөл байдлыг тохиолдлын шинжтэй гэж үзэхээр байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж зохицуулсан бөгөөд шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэгийн “Шүүгдэгч Э.Б-н хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаан байхгүй. Анх удаа тохиолдлын шинж нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн. Шүүгдэгчийн зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 25.000.000 төгрөг өгсөн. Мөн хүүхдэд мал өсгөж өгөхөөр тохиролцоо хийсэн. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй  харилцаа холбоо маш сайн байгаа Хохирлоо нөхөн төлсөн. Энэ гэмт хэргийн улмаас биедээ гэмтэл авч, биеийн байдал сайнгүй байгаа. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж улсын яллагчийн зүгээс оногдуулсан ялыг тэнсэж өгнө “ санал, дүгнэлтийг хүлээн авах боломжтой буюу шүүгдэгч Э.БЭ-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцож Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын амь нас, эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээдэд хариуцан арилгахыг үүрэг болгосон, мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт эдийн бус гэм хорыг зөвхөн хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөөр нөхөн төлүүлэхээр тус тус заасан ба хүний амь нас, зовуурь шаналал, сэтгэл санааны байдал зэрэг эдийн бус хохирлыг үнэлэх хуулийн зохицуулалт байхгүйгээс уг асуудлаас үүссэн үр дагавар, хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг шүүх шууд тогтоох боломж хязгаарлагдмал бөгөөд энэ тохиолдолд амь нас хохирсныг нөхөн сэргээх боломжгүй боловч амь хохирогчийн оршуулга, түүнтэй холбоотойгоор гарсан бусад зардлыг амь хохирогчийн гэр бүлийн гишүүдийн санал, шаардлагыг харгалзан үзэж хохиролд тооцож, тогтоох боломжтой ба энэ нь Иргэний хуулийн дээрх зохицуулалтад нийцэх юм.

 

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Э.Б-н зүгээс амь хохирогчийн Б.Т-н эцэг, эхэд 5,000,000 төгрөг, оршуулгын зардалд нийт 25,000,000 төгрөгийг нөхөн төлсөн, хүүхдүүдэд өсөх мал өгөх зэргээр гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан шууд хохирол болон гэр бүлийн бусад гишүүдийн сэтгэл санааны хохирлыг тэдгээрийн шаардлагын хэмжээнд нөхөн төлсөн хийгээд  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ч-н зүгээс  гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Э.Б-г гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзнэ.

 

Шүүгдэгч Э.Б-н үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэм хэргийн ангилалд хамаарах, гэмт хэргийг болгоомжгүйгээр үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан эдийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлтийг гаргасан, тэрээр амь хохирогчтой найз нөхөд байсан, тухайн гэмт хэргийн улмаас биедээ гэмтэл авсан зэрэг тухайн хэргийн дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, шүүхээс тэнссэн уг хугацаанд Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.

 

Хэрэгт шүүгдэгч Э.Б-н №1073053 дугаартай жолоочийн үнэмлэхийн хуулбарыг хавсаргасан /хх- 127/ байх боловч үнэмлэхийг хэрэгт аваагүй байх тул уг үнэмлэхийг эзэмшигчээс гаргуулж Цагдаагийн Ерөнхий Газрын Бүртгэл хяналтын төвд шилжүүлэхийг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж үзлээ.

   

Шүүгдэгч Э.БЭ нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, бичгийн баримт болон шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э.Б-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Шүүгдэгч Э.БЭ-д дээрх тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5-т зааснаар “ оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх ” албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.БЭ нь дээрх тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах зохицуулалттайг анхааруулсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.БЭ-д шүүхийн шатанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч Э.БЭ энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, бичгийн баримт болон шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй бөгөөд шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу Хохирогчийн хууль ёсны  төлөөлөгч Б.Ч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Шүүгдэгч Э.Б-н № ...... дугаартай жолоочийн үнэмлэхийг түүнээс гаргуулж Цагдаагийн Ерөнхий Газрын Бүртгэл хяналтын төвд шилжүүлэхийг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

   

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        С.НАСАНБУЯН