Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2022/0917/З |
Дугаар | 221/МА2023/0328 |
Огноо | 2023-05-17 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2023/0328
“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа
Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э
Нэхэмжлэгч: “С” ХХК
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/358 дугаартай тушаалын “С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2023/0224 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа
Хэргийн индекс: 128/2022/0917/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “С” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/358 дугаартай тушаалын “С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2023/0224 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А/358 дугаар тушаалын “С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 224 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
3.1. Нэхэмжлэгч “С” ХХК-ийн ашиглах эрх бүхий Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт байрлах 1.0 га газрын ашиглах эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/358 дүгээр тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалт, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 21/361, 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 21/529 дүгээр саналыг тус тус үндэслэн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон.
3.2. Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний, эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно”, мөн зүйл, хэсэгт заасан “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тайлбарласан.
Нэхэмжлэгч нь анх 2012 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр тус газрыг ашиглах эрхтэй болсон бөгөөд түүнээс хойш 10 жил гаруй хугацаа өнгөрсөн ч ямар нэг барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй байх тул зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдэг нь нотлогддог.
3.3. Гэтэл анхан шатны шүүх “нэхэмжлэгч компани гэр бүлийн амралтын газар байгуулахын тулд эрх бүхий захиргааны байгууллагаас заавал тусгай зөвшөөрөл авч, зураг төсөл боловсруулах шаардлага тавигдах бөгөөд эдгээр зөвшөөрлийг авахын тулд байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийлгэж, санхүүгийн эх үүсвэрээ шийдвэрлэсэн байхыг шаардах тул эдгээр ажлыг хийлгэснээр уг газрыг ашигласан гэх үндэслэл болно” гэж үзсэн нь үндэслэлгүй болжээ.
Учир нь тус газрын ашиглах эрхийг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/44 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийг газраа ашиглахын тулд бүрдүүлэх ажлыг хийж байгаа гэж үзэн 5 жилийн хугацаагаар сунгасан. Гэтэл дахин 5 жил өнгөрсөн байхад төслөө хэрэгжүүлэх хангалттай боломж байсан ч тодорхой үйл ажиллагаа явуулаагүй байгаа нь газар ашиглах эрхийг цуцлах үндэслэл болох юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
4. Нэхэмжлэгчээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг буруу үнэлж, маргааны үйл баримтад холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв.
2.1. Нэхэмжлэгч “С” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/358 дугаартай тушаалын “С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2.2. Анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А-154 дүгээр тушаалаар “С” ХХК-д Налайх дүүргийн Горхи-тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Чингис-Уул нэртэй газарт 1.0 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг олгож, 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/44 дүгээр тушаалаар газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг 5 жилээр сунгасан байна.
2.3. Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/358 дүгээр тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалт, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 21/361, 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 21/529 дүгээр саналыг тус тус үндэслэн нэхэмжлэгч “С” ХХК нь газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгожээ.
2.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... нэхэмжлэгч компани нь газрын төлбөрийг бүрэн төлсөн, үлдэгдэлгүй тул энэ талаар маргаан байхгүй” гэж тайлбарлах ба харин “...2012 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр тус газрыг ашиглах эрхтэй болсон бөгөөд түүнээс хойш 10 жил гаруй хугацаа өнгөрсөн ч ямар нэг барилга, байгууламж, зам талбай бариагүй байх тул зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдэг нь нотлогддог. Гэтэл анхан шатны шүүх ... уг газрыг ашигласан гэх үндэслэл болно” гэж нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэлгүй гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.
3. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус заасан, Улсын дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-т “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний, эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно, ... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тус тус тайлбарлажээ.
3.1. Хуульд заасан үндэслэл журмын дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар гаргасан шийдвэрийн дагуу эрх бүхий этгээдүүдийн хооронд газар эзэмших, ашиглах гэрээ хийгдсэн тохиолдолд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хэм хэмжээ нь Улсын дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-т зааснаар тайлбарлагдах бөгөөд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан 2 жилийн хугацааг уг гэрээ байгуулагдсан өдрөөс эхлэн тооцохоор байна.
3.2. Нэхэмжлэгч “С” ХХК-ийн хувьд 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 2019/22 дугаартай “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай гэрээ”-г Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаа, Налайх дүүргийн Засаг дарга нартай байгуулсан байна.
3.3. Гэвч “С” ХХК нь 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр маргаан бүхий газрыг ашиглах гэрээ байгуулагдсанаас хойш Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/358 дугаар тушаалаар уг газрыг ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хүртэл хугацаанд тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй, барилга, байгууламж, зам талбай бариагүй, газраа ашиглаагүй болох нь Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 22/361 дүгээр албан бичиг, мөн газрын 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 22/529 дүгээр албан бичиг, уг албан бичигт хавсаргасан маргаан бүхий газрын талбайн зураг /2022.08.04-ний өдрийн байдлаар/, анхан шатны шүүхээс 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 10.00 цагт маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, уг тэмдэглэлд хавсаргасан фото зургууд, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байна.
3.4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... ковид-19 цар тахлын улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан” гэж тайлбарлах боловч коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлын улмаас Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” тогтоол гарахаас өмнө газрыг гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой байсан, тухайн хугацаанд нэхэмжлэгч хуулийн этгээдийн хувьд хүндэтгэн үзэх шалтгаантай байсан нь тогтоогдохгүй байна.
4. Гэтэл анхан шатны шүүх “... нэхэмжлэгч компани гэр бүлийн амралтын газар байгуулахын тулд эрх бүхий захиргааны байгууллагаас заавал тусгай зөвшөөрөл авч, зураг төсөл боловсруулах шаардлага тавигдах бөгөөд эдгээр зөвшөөрлийг авахын тулд байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийлгэж, санхүүгийн эх үүсвэрээ шийдвэрлэсэн байхыг шаардах тул эдгээр ажлыг хийлгэснээр уг газрыг ашигласан гэх үндэслэл болно” гэж буруу дүгнэлт хийж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасантай нийцэхгүй байна. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй.
4.1. Нэхэмжлэгч компаниас Гэр бүлийн амралтын газрын барилгын зураг төсөл боловсруулсан, 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Хот байгуулалт, хөгжлийн газраар “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-ыг батлуулж, төлөвлөлтийн талбайн схем зураг хийлгэсэн, Байгаль орчны төлөв байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээний тайлан боловсруулж, 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн, менежментийн төлөвлөгөөг батлуулсан нь түүнийг Газрын тухай хууль, газар ашиглах гэрээнд зааснаар маргаан бүхий газрыг зориулалтын дагуу ашигласан гэж үзэх үндэслэл болохгүй.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2-т “Хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт цугларсан, шүүх хуралдаан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан боловч шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, эсхүл хуулийг буруу хэрэглэсэн бол давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх энэ хуулийн 121.1.1, 121.1.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргана” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2023/0224 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/358 дугаартай тушаалын “С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
еРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ