Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 38

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ

ШИЙТГЭХ ТОГТООЛ

 

2016 оны 06 сарын 06 өдөр                Дугаар 38                                          Баруун-Урт

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч С.Насанбуян даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон

Улсын яллагч Д.Энх-Амар

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар

Шүүгдэгч Э.Батзориг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Батзоригт холбогдох 201617000083 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн харъяат, тус сумын 2 дугаар багийн Үүдийн гудамж 3-38 тоотод оршин суух, 1996 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ Хилийн цэргийн 0168 дугаар ангид гэрээт хилчинээр ажиллаж байсан, ам бүл 8, эцэг, эх, дүү нарын хамт  амьдрах, улсаас авсан гавъяа шагналгүй, регистрийн дугаар ЛЮ96101913, Боржигон овгийн Энхчимэгийн Батзориг.   

 

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр /:

 

Шүүгдэгч Э.Батзориг нь шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2016 оны 04 сарын 01-02-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг Чулуутын 10-18 тоотод оршин суух иргэн Янжиндуламын гэрт нэвтрэн орж, авдранд байсан хотон шувууны хошууг хулгайлан бусдад 5.000.000 төгрөгний бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

  - Шүүгдэгч Э.Батзориг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2016 оны 04 сарын 01-ний шөнө Энхгэрэл эгчийнд очоод унтаж байгаад шөнө 02 цагийн үед хажууд нь байдаг айлд ороод авдар дотор нь байсан хотон шувууны хошууг аваад маргааш нь хот руу явах гэж байгаад цагдаад баригдсан. Цагаан сарын үед Эрдэнэбаатар ахынд ирэхэд хотон шувууны хошуу байгаа, хадам ээжийнд байгаа гэж хүнд ярьж байсан. Аав маань ажилгүй, ээж маань бие муутай, ганцаараа ажил хийдэг боловч цалин нь хүрдэггүй тэгээд л хулгай хийсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна... гэв. 

 

- Хохирогч Ө.Эрдэнэбаатар мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 2015 оны 07 сард болсон бүсийн наадмын өмнөхөн миний хонгор зүсмийн соёолонг Хөвсгөл аймгийн харьяат Хүрлээ гэдэг хүн 25 сая төгрөгөөр худалдаж авахаар тохиролцоод 20 саяыг бэлэн өгөөд 5 саяд нь хотон шувууны хошуу өгсөн. Тэр хотон шувууны хошууг аймгийн төвд байдаг хадам ээж Янжиндуламын гэрт нь авдранд хийгээд орхисон. 2016 оны 04 сарын 02-ны өдөр хадам эгч Энхгэрэл утсаар “ нөгөө хотон шувууны хошууг Батзориг гэдэг хүн хулгайлаад баригдсан” гэж хэлсэн. Батзориг нь жаахан хүүхэд байхдаа манайд байсан хүүхэд. Хүрэлбаатарыг “ 20 саяыг бэлэн байна, хотон шувууны хошуу бэлэглэе 5 сая хүрдэг” гэхээр авсан. Одоо би хотон шувууны хошуугаа бүрэн бүтэн авсан болохоор гомдолгүй... гэв.

-  Гэрч Ц.Энхгэрэлийн мөрдөн байцаалтанд өгсөн: Манай ээжийнх Чулуутын 10-18 тоотод манай гэртэй хамт байдаг. 2016 оны 04 сарын 01-ний шөнө Батзориг манайд ирсэн. Шөнө Улаанбаатарын шуудан тосно сэрээгээрэй гээд манай гал тогооны өрөөнд унтсан. Шөнө 03 цагт сэрсэн чинь Батзориг гал тогооны өрөөнд сууж байсан. Би түүнд “ шуудан тосно гэсэн чинь яасан бэ “ гэхэд “ тосоод ирсэн, өглөө хот явна” гэж байсан. Өглөө 06 цагд сэрсэн чинь Батзориг явчихсан байсан. Өглөө босоод харсан чинь ээжийн гэрийн тооны рам сөхөгдсөн байхаар нь хаалгаар нь шагайхад бүх юмыг нь онгичсон харагдсан. Тэгээд шууд цагдаа дуудсан. Ээжийн авдар дотор байсан хотон шувууны хошуу алга болсон байсан. Өөр зүйл алга болоогүй. Тэр хотон шувууны хошуу Эрдэнэбаатарынх...гэх мэдүүлэг/хх- 35 /

 

-  Гэрч Д.Хүрэлбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: Би Ө.Эрдэнэбаатараас соёолон үрээг 20 сая төгрөгөөр худалдан авсан. 20 сая төгрөг бэлэн өгөөд хотон шувууны хошуу бэлэглэсэн. Тэр хүн юу гэж ойлгож үлдсэнийг мэдэхгүй. Одоогоос 3 жилийн өмнө казакстанаас ирсэн Камесхан гэх залуу гэрийн тэжээвэр хотон шувууны хошуу байгаа юм, чи морь уядаг хүн байна, хямдхан авбал ав гэхээр 1 сая төгрөгөөр авсан...гэх мэдүүлэг./хх-24 /

 

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх- 04-08/

 

- Хохирогчид эд зүйл буцаан өгсөн тэмдэглэл /хх- 09/

 

-  Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг.2016.04.30 /хх 10- 12/

-   Эд зүйлийн үнэлгээ.2015.05.06. /хх- 13/

 

-  Эд зүйлийн үнэлгээ.2015.04.03. /хх- 57/

 

-  Э.Батзоригийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх- 51/...зэрэг болно.

 

 

Шүүгдэгч Э.Батзориг 2016 оны 04 сарын 01-02-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг Чулуутын 10-18 тоотод оршин суух иргэн Янжиндуламын гэрт тооноор нь нэвтрэн орж, авдарнаас нь Ө.Эрдэнэбаатарын өмчлөлийн хотон шувууны хошууг хулгайлан 5.000.000 төгрөгний бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь шүүгдэгч Э.Батзоригийн шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Ө.Эрдэнэбаатар, гэрч Ц.Энхгэрэл, Д.Хүрэлбаатар нарын мэдүүлгүүд, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, Хохирогчид эд зүйл буцаан өгсөн тэмдэглэл, Эд зүйлийн үнэлгээ.2015.05.06, Эд зүйлийн үнэлгээ.2015.04.03 зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.   

 

          Хэргийн нөхцөл байдлыг судлан үзвэл, шүүгдэгч Э.Батзориг амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор буюу шунахай сэдэлтээр, шууд санаатайгаар, шөнийн цагаар нууц далд аргаар, айлын гэрт тооноор нь нэвтэрч хулгайн гэмт хэргийг үйлдсэн нь түүний өөрийнх нь болон гэрч Ц.Энхгэрэлийн “ 2016 оны 04 сарын 01-ний шөнө Батзориг манайд ирсэн. Өглөө 06 цагд сэрсэн чинь Батзориг явчихсан байсан. Өглөө босоод харсан чинь ээжийн гэрийн тооны рам сөхөгдсөн байхаар нь хаалгаар нь шагайсан чинь бүх юмыг нь онгичсон харагдсан. Тэгээд шууд цагдаа дуудсан. Ээжийн авдар дотор байсан хотон шувууны хошуу алга болсон байсан. Тэр хотон шувууны хошуу Эрдэнэбаатарынх “ гэх мэдүүлгүүдээр тогтоогджээ.

           

Иймд шүүгдэгч Э.Батзоригт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон байх тул шүүгдэгч Э.Батзоригийг орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах үндэстэй гэж шүүх үзлээ.

 

           Э.Батзоригийн үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.9-д заасан ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал үгүй байна. 

                   

          Шүүгдэгч Э.Батзориг нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа, гэмт хэргийн улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учирч нөхөн төлөгдсөн зэрэг хэрэг үйлдэгдсэн болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг үндэслэн түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж, хянан харгалзахаар тогтоолоо.

 

           Гэмт хэргийн улмаас хохирогч Ө.Эрдэнэбаатарт учирсан хохирол нөхөн төлөгдсөн буюу хотон шувууны хошуу хохирогчид буцаан олгогдсон, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх бөгөөд шүүгдэгч Э.Батзориг энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно. 

 

Хэрэгт Э.Батзоригийн өмчлөлийн htc маркийн гар утасыг битүүмжилсэн Мөрдөн байцаагчийн 2016.04.30-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдтал хэвээр үргэлжлүүлнэ. 

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овгийн Энхчимэгийн Батзоригийг орон байранд нэвтрэн бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Батзоригийн хувьд ногдох хөрөнгөнөөс 50.000 төгрөг гаргуулан улсын орлогод оруулан, 02 / хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасныг журамлан ялтан Э.Батзоригт оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг журамлан ялтан Э.Батзоригт оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 01 жил 06 сарын хугацаагаар хянан харгалзсугай.

 

           5. Гэмт хэргийн улмаас хохирогч Ө.Эрдэнэбаатарт учирсан 5.000.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн буюу хотон шувууны хошуу хохирогчид буцаан олгогдсон, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, ялтан Э.Батзориг энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар тэнсэгдсэн ялтан Э.Батзоригт хяналт тавихыг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Цагдаагийн хэлтэст даалгасугай. 

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар ялтан Э.Батзоригийн өмчлөлийн htc маркийн гар утасыг битүүмжилсэн Мөрдөн байцаагчийн 2016.04.30-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдтал хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Э.Батзоригт урд авсан Батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 303.2, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч тэдний төлөөлөгч нь зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         С.НАСАНБУЯН