Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/429

 

 

 

 

 

 

 

 

  

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,

Улсын яллагч Х.Анхцэцэг,

Шүүгдэгч Б.Ч-, П.Д-, тэдгээрийн өмгөөлөгч Б.Д-нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Ч-,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Д- нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108001340099 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Нэг: Монгол Улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, арматур зангидагч мэргэжилтэй, “Хан хур Холдинг” ХХК-д барилгын туслах ажилтан, ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамт, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар баг, Дэлгэрэхийн дэнж, 18 дугаар гудамж, 17 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоогоор Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо, ......... тоотод түр оршин суух хаягтай, урьд

Өвөрхангай аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 1/80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан /хх98/,

Өвөрхангай аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 1/105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулсан /хх102/,

Өвөрхангай аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1/71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.3, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 15 жил хорих ял оногдуулж 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ялын хугацаа дуус ч суллагдсан /хх98,102/

Боржигон овогт Б-ийн Ч /РД:йю91102....../.

 

Хоёр: Монгол Улсын иргэн, 1995 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Жи Ди Эм Би” ХХК-д барилгын туслах ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 8 дугаар гудамж, 113 тоотод  оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын ........... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Боржгон овогт П.... Д./РД:ух9509.........../.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

            Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

  Шүүгдэгч Б.Ч- нь 2020 оны 12 дугаар сарын 24-өөс 25-нд шилжих шөнийн 01 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоо 34 дүгээр гудамжинд Б.А-гараас нь татаж, хашаа руу түлхэх зэргээр хүч хэрэглэж, цохихоор гараа далайж хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж Самсунг А30 маркийн утсыг дээрэмдэн авч 393 000 төгрөгийн хохирол учруулсан

Шүүгдэгч П.Д- нь 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “Seven star” орон сууцны хорооллын баригдаж байгаа барилга дотор гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж Б.Ч-аас Самсунг А30 маркийн гар утсыг 37,000 төгрөгөөр худалдан авч эзэмшсэн, ашигласан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 242 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгч Б.Ч-ын иргэний үнэмлэхний зурагт лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, /хх79, 80/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт /81, 82, 83/, Хаан банкны депозит дансны хуулга /84-85/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх86/, шийтгэх тогтоолын хуулбар /хх89-95/ цагдаагийн байгууллагын лавлагаа /хх99-100/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,

Шүүгдэгч П.Д-ийн иргэний үнэмлэхний зурагт лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх67, 68/ шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх69, 70/, тээрийн хэрэгслийн лавлагаа /хх71/, Хаан банкны депозит дансны хуулга /хх72-75/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, цагдаагийн сангийн лавлагаа /хх76, 101-104/ болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан  баримтууд зэргийг шинжлэн судлав.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

НЭГ: Гэм буруугийн дүгнэлт: Шүүгдэгч Б.Ч-, П.Д- тэдгээрийн өмгөөлөгч Б.Д-нар нь гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

Шүүгдэгч Б.Ч- нь 2020 оны 12 дугаар сарын 24-25-нд шилжих шөнийн 01 цагийн орчим Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоо 34 дүгээр гудамжинд Б.А-согтуу гудамжинд байхад гараас нь татаж, хашаа руу харуулах, түлхэх, мөн цохихоор гараа далайж айлган хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж, түүний “Самсунг А30” маркийн гар утсыг дээрэмдэн авч 393,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч П.Д- нь 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “Seven star” орон сууцны хорооллын баригдаж байгаа барилга дотор гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж Б.Ч-аас “Самсунг А30” маркийн гар утсыг 50,000 төгрөгөөр худалдан авсан болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “иргэн Б.А-нь 2020 оны 12 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт бусдад дээрэмдүүлсэн гэх” тэмдэглэл /хх4/,

- Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан “... Б.А-миний бие ... нэг хүн ирээд хашаанд түлхээд утсыг минь булааж аваад явах гэхээр нь ноцолдоод дийлээгүй, дээрэмдээд аваад явсан... Дэлгүүрийн камерт тэр машин, хүн бүгд бичигдсэн байна...” гэсэн өргөдөл /хх5/,

- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн “Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоогийн 34 дүгээр гудамж байх ба ... хохирогч Амарзаяагаар гар утсаа дээрэмдүүлсэн гэх газрыг өөрөөр нь заалгуулж гэрэл зургийн аргаар бэхжүүлэв ...” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх7/,

- Шүүгдэгч Б.Ч-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “.. Би хохирогчийн гар утсыг булааж авсан, ... Улаан өнгийн А30 маркийн гар утас байсан, ... 50000 төгрөгөөр зарсан ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

- Шүүгдэгч П.Д-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Б.Ч- гудамжинд байсан согтуу хүний гар утсыг нь авчихлаа гэж хэлсэн, ... намайг 50000 төгрөгөөр гэхээр нь авсан ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

- Хохирогч Б.А-“... Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоогийн 34-.... тоотод ээж дүүгийн хамт оршин суудаг бөгөөд өчигдөр буюу 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 20 цагийн үед найз С-ийн гэрээс найзынх нь машинаар гэртээ хүргүүлсэн. Тэгээд гудамжиндаа ороод машинаас буугаад гэртээ орохоос айгаад гудамжинд хэсэг сууж байгаад халаасаа үзтэл малгай байхгүй байхаар нь буусан газартаа унагаасан байна гэж бодоод буусан газартаа очиход араас цагаан өнгийн машин ирж зогсоод гэрт чинь хүргээд өгье гэж 3-4 залуу асуухаар нь үгүй манай гэр энэ байна гээд хажуу талын хашаа руу заасан чинь хөдлөөд явчихсан. Тэгэхээр нь би гэр рүүгээ алхаж байтал араас нэг залуу гүйж ирээд баруун гараас татаж эргэж харуулаад хашаа руу түлхээд хашаа налуулж байгаад гараа далайгаад цохих гэж байснаа миний куртикний 2 халаасанд гараа хийгээд зүүн талын халаасанд байсан гар утсыг аваад гүйчихсэн. Тэгэхээр нь би араас нь гүйсэн боловч булан тойроод алга болчихсон. Миний алдсан гар утас нь ар талдаа цэцэгтэй кейстэй улаан өнгийн корпустай “Самсунг А30” маркийн гар байсан... машин хөдлөх шиг болохоор араас нь харахад цагаан өнгийн жижиг машин байсан... намайг хашаа руу түлхээд хашаа налуулж байгаад гараа далайгаад цохих гэж байснаа миний куртикний хоёр халаасанд гараа хийгээд зүүн талын халаасанд байсан гар утсыг аваад зугтаасан. Миний гар утсыг аваад зугтаачихаар араас нь гүйтэл тэр залуу харанхуй гудам руу гүйгээд алга болчихсон. Би 2020 оны 12 дугаар сарын 25-ны өглөө найз Д.С- руу залгаад би гар утсаа дээрэмдүүлчихлээ гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг /хх17, 22/,

- Гэрч Д.Д.С-гийн “...Амарзаяаг гэрт нь хүргэж өгөх гээд гудамжинд нь очоод Гэртээ ингээд орж чадах уу гээд асуухад би өөрөө орчихно гээд гэрээсээ 2-3 хаалганы наана үлдсэн. Би тэндээсээ Ариука гээд найзынхаа хамт автомашинд суугаад гэртээ хүргүүлээд байж байтал Амарзаяа над руу залгаад “Би гудамжинд ганцаараа байж байгаад Самсунг А30 маркийн гар утсаа үл таних эрэгтэй хүнд дээрэмдүүлчихлээ Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороололд найзынхаа гэрт ирчихсэн байна... гэж ярьсан...” гэсэн мэдүүлэг /хх31/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн “...2020 оны 12 дугаар сарын 25-ны орой 01 цаг 05минут 32 секунтад Сонгинохайрхан дүүрэг 26 дугаар хороо Мандал овоо 34 дүгээр гудамжны үзүүрт марк тодорхойгүй автомашинаас хоёр хүн бууж, хашааны буланд уулзаж байгаа эсэхийг харуулав... хохирогч Б.А-хашааны булан хэсэг рүү алхаж байгааг харуулав, хашааны буланд хохирогч Б.А-сууж байгаа хэсгийг харуулав... ертөнцийн зүгээр баруун тийш алхаж байгаа хэсэг...sedan маркийн автомашин ертөнцийн зүгээр баруун тийш явж байгаа хэсэг... баруун тийш явж байгаад зогсож байгаа хэсэг... хохирогч Б.А-дээр үл таних эрэгтэй хүн ирж уулзаж байгаа... уулзсан үл таних эрэгтэй хүн ертөнцийн зүгээр баруун тийш гүйж байгаа хэсгийг харуулав...” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх55/,

- Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх61/,

- “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний “Самсунг А30 маркийн гар утас 380,000 төгрөг” тайлан /хх43/,

- “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний “гар утасны гэр, сим карт 13000 төгрөг” тайлан /хх49/,

- Хулгайн эд зүйл болох “Самсунг А30 маркийн гар утас”-ыг П.Д-ээс хураан авсан болон хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 50, 64/,

- Шүүгдэгч П.Д-ийн Хаан банкны 5134050714 данснаас Б.Ч-ын дансанд нийт 37,000 төгрөг шилжүүлэн авсан хуулга /хх73-75/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.

 

Дээрэмдэх гэмт хэргийн хүч хэрэглэж гэдэгт: эд хөрөнгийг авахаар цохих, зодох, хоолой боох, түлхэх зэргээр эрүүл мэнд рүү чиглэсэн хүч хэрэглэсэн идэвхтэй үйлдэл, мөн ямар нэгэн арга хэрэглэн эд зүйлийг шилжүүлэн авсны дараа тухайн эд зүйлийг өөртөө үлдээхээр хүч хэрэглэх зэрэг нөхцөл байдал аль аль нь хамаардаг. Хүч хэрэглэхээр заналхийлж авах гэдэгт: “үг хэл”-ээрээ буюу “ална шүү”, “зодно шүү” гэж сүрдүүлэн айлгах хэлбэрээр заналхийлэлтийн халдлага хийж, эд зүйлээ өгөхгүй бол бодитоор хүч хэрэглэхээр дарамтад оруулж, мөн гар далайх зэргээр цохих гэсэн үйлдэл хийх зэргээр сэтгэл зүйн хувьд хохирогчийн эсэргүүцлийг дарсан нөхцөл байдлыг хамааруулан ойлгодог.

 

Шүүгдэгчийн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй буюу хохирогчийн гар утсыг авахдаа “гараас нь татаж хашаанд шахах байдлаар” хүч хэрэглэж мөн эд зүйлээ өгөхгүй бол цохино шүү гэх байдлаар гар далайх зэргээр айлгасан үйлдэл хийх зэргээр хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсноор дээрэмдэх гэмт хэргийн бүрдэл төгссөн, уг гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа болохыг дурдаж байна. Мөн Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “дээрэмдэх” гэмт хэргийн объектив талын үндсэн шинжийг хүч хэрэглээгүй /булаах/ буюу эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авах үйлдлийг заасан. Мөрдөн байцаалтын шатанд Б.Ч- нь “... тэр эмэгтэй согтуу хашаа налж унах гээд байхаар нь түшээд гарыг нь татаад куртикний зүүн халаасанд байсан Самсунг А30 маркийн гар утсыг аваад зугтаачихсан юм...” гэж мэдүүлсэн байх боловч хохирогчийн мэдүүлэг /хх17, 22/, камерын бичлэг /хх55/ зэрэг баримтуудаар дээрх хүч хэрэглээгүй гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байгаа болохыг дурдаж байна. Өөрөөр хэлбэл хохирогчийг хашаа руу түлхэж налуулах, гараараа цохино шүүх хэмээн далайх үйлдэл нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж буй үйлдлийн аль алиныг нь нотолж байгаа болно.

Шүүгдэгч П.Д- нь гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө /гар утас/ гэдгийг мэдсээр байж түүнийг авсан нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж дүгнэлээ.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон шүүгдэгч Б.Ч-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, шүүгдэгч П.Д-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 18.6 дугар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар.

            Хохирогч Б.А-“Самсунг А30” маркийн гар утсыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх60/, мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх22/-т үндэслэн шүүгдэгч Б.Ч-, П.Д- нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

            Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч: Б.Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, 50,000 төгрөг хурааж улсын орлогод оруулах,

Шүүгдэгч П.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт саналыг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч Б.Ч-, түүний өмгөөлөгч Б.Даваадорж: Гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, бусдад төлөх төлбөргүй, эхнэр, хүүхэдтэй болж амьдрал зохиож байгаа зэргийг харгалзан Чадраабалд 2 жилийн хорих ял оногдуулж өгнө үү?

Шүүгдэгч Д.Д-нь гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан хөнгөн ял оногдуулж өгнө үү? гэх саналыг тус тус гаргасан.

 

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг  болон шүүгдэгч Б.Ч-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, шүүгдэгч П.Д-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тус тус тогтоогдсон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй зэргийг тус тус харгалзан үзсэн болно.

 

Иймд шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, улсын яллагч, өмгөөлөгчийн дүгнэлтийг тус тус харгалзан шүүгдэгч Б.Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүдэгч П.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь  тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирно гэж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”, 3 дахь хэсэгт “3 дахь хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөв шилжүүлнэ” гэж тус тус хуульчилжээ.

            Шүүгдэгч Б.Ч-аас хохирогч Б.А-гар утсыг П.Д-50,000 төгрөгөөр зарсан болох нь шүүгдэгч нарын мэдүүлэг, дансны хуулгаар нотлогдож байх тул  шүүгдэгч Б.Ч-аас 50,000 төгрөг гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

            Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

         1. Боржигон овогт Б Ча-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- Боржгон овогт П Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Ч-ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Д-ийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 06 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг П.Д-т мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Б.Ч-аас 50,000 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирол төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.

 

         7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол П.Д-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх, Б.Ч-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай. 

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.ДАШДОНДОВ