Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/174

 

                                                                                                                                                                             

                              

 

 

 

                                 

 

 

 

 

 

 

 

          Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэрэндулам,

            улсын яллагч А.Ариунаа,

            хохирогч Д.Н,

           иргэний нэхэмжлэгч З.М,

            шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Ш.Базаррагчаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийв.

 

          Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д-ийн Б-д холбогдох 2003 00518 0459 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

           Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Түнхэл суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа таксий үйлчилгээ эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага дарь эхийн ... дугаар гудамжны ... тоотод оршин суух, урьд

Сүхбаатар дүүргийн шүүхийн 1998 оны 640 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Б овогт Д-ийн Б- /РД:ЧЙ8007-/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 04 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Өндөр настан автобусны буудлын замд Тоёота приус маркийн .... УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-т заалт, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.3, 1.4-т заалтуудыг зөрчсөний улмаас Тоёота приус маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч Д.Н-ийнэрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 08 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгч Д.Б-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх157, 160/, иргэний үнэмлэхний зурагт лавлагаа /хх141/, жолоодох эрхийн лавлагаа /хх142/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх143/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх144/, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт /хх145/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх146/, хохирогч Д.Н-ийн эмчилгээний зардлын баримт /хх30-44/,  ажлын болон цалингийн тодорхойлолтууд  /хх83-91/ иргэний нэхэмжлэгч З.М-ийн автомашины хохирлын болон бусад үнэлгээтэй холбоотой 4,399,750 төгрөгийн баримтууд /хх81-81/, иргэний нэхэмжлэгч Н.А-ын150,000 төгрөг нэхэмжилж буй талаарх мэдүүлэг /хх59/, иргэний нэхэмжлэгч  , П.Н нарын нэхэмжлэх зүйлгүй талаарх мэдүүлэг /хх36, 66/ шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтууд зэргийг шинжлэн судлав.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, энэ хэрэгт хамааралтай, хэргийн байдлыг бүрэн нотлон тогтоосон гэж дүгнэсэн.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болно.

 

Гэм буруугийн дүгнэлт: Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 16 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Өндөр настны автобусны буудлын замд Тоёота приус маркийн ... УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.3, 1.4 дэх заалтуудыг зөрчсөний улмаас Тоёота приус маркийн 58-47 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч Д.Н-ийнэрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

- 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх5-12/,

- Хохирогч Д.Н-ийн“...Гэр рүү дөхөөд ирэхээр нь манай байр руу эргэж ордог гарц ойртож байна уу гэж харах гээд өндийгөөд ирсэн чинь Б- хурд сааруулагчийг тойрч гарах гэж байсан уу яасан мэдэхгүй шууд жолоогоо зүүн гар тийш буюу эсрэг урсгал руу дарчихсан тэр үед эсрэг урсгалаас буюу өөдөөс машин ирж байхаар би яг мөргөлдөх юм байна гэж бодоод орилоод дээшээ өндийгөөд урд 2 суудлын голоор орох гээд дөнгөж толгой хэсгээр оруулах үед эсрэг урсгалаас ирж байсан машин миний сууж явсан машины баруун хойд хэсэг рүү мөргөсөн... Нуруу болон баруун суудал яс хугарсан...Тухайн үед цас орчихсон зам гулгаатай байсан учраас би гулгаатай замд хурдтай явж байна даа гэж бодож байсан...” гэсэн мэдүүлэг /хх26-27/,

- Иргэний нэхэмжлэгч П.Н-ын “...Тэгээд ханын материал орох гээд өндөр настны замаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлд явж байхад бид нарын сууж явсан машин эргээд орилох үед гэнэт гэрэл манас хийж орж ирээд машины баруун хойд тал руу буюу Нарантөгсийн сууж явсан талаас мөргөсөн. Тэр үед би хажуу талын хаалга руу шидэгдээд хаалганд зүүн гараа цохичихсон юм... 3ам гулгаатай байсан учраас манай сууж явсан машин гулгаад урсгал сөрөөд замын хажуугийн шон шүргээд зогсох үед хажуунаас машин ирээд мөргөсөн юм...” гэсэн мэдүүлэг /хх36/,

- Иргэний нэхэмжлэгч З.М-ийн“...Өөрийн эзэмшлийн Тоёота приус маркийн **** дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод явж байхад гэнэт эсрэг урсгалын 2-р эгнээгээр явж байсан Тоёота приус маркийн машин гулгаатай зам дээр шарваад урсгал сөрөөд миний урдуур ороод ирэхээр нь тоормос гишгээд тухайн машины баруун тал руу нь мөргөөд зогссон...” гэсэн мэдүүлэг /хх42/,

- Гэрч Э.М-ын “...Ханын материалын замаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлд явж байхад гэнэт манай машин гулгаад эсрэг урсгалд ороод замын хажуугийн гэрлийн шонг шүргээд зогсох үед өөдөөс ирж байсан машин манай машиныг мөргөөд зогссон...” гэсэн мэдүүлэг /хх66/,

- Ашид Билгүүн ХХК-ний 205 дугаартай “... З.М-ийн эзэмшлийн Тоёота приус маркийн ****  УНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 4,399,750 төгрөгний хохирол... учирсан ...” автомашин техникийн үнэлгээний тайлан /хх81-84/,

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12816 дугаартай “Д.Н-ийнбиед ууцны 1-р нугалмын баруун хэсэг, хоёр талын түнхний үений урд хэсэг /ацетабул/, баруун суудал ясны хугарал, аарцгийн хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун ташаанаас гуяны гадна хэсэг хүрсэн, хэвлийн зөөлөн эдийн няцрал, баруун ташаанаас гуяны гадна дунд хэсэг хүрсэн, хэвлий зүүн хажуу доод хэсэг, зүүн гарын эрхий хурууны үенд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХҮНДЭВТЭР зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх102-103/,

- Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчийн магадалгаа “...Жолооч Д овогтой Б- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.3. Хэвтээ тэмдэглэлийг дараах зориулалтаар хэрэглэнэ: 1.2. (үргэлжилсэн өргөн шугам)-зорчих хэсгийн захыг тэмдэглэнэ; 1.4. 1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэсэн /хх117-118/ болон шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд мэдүүлсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Энэхүү ослын улмаас хохирогч Д.Н-ийн эрүүл мэндэд “...ууцны 1-р нугалмын баруун хэсэг, хоёр талын түнхний үений урд хэсэг /ацетабул/, баруун суудал ясны хугарал, аарцгийн хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун ташаанаас гуяны гадна хэсэг хүрсэн, хэвлийн зөөлөн эдийн няцрал, баруун ташаанаас гуяны гадна дунд хэсэг хүрсэн, хэвлийн зүүн хажуу доод хэсэг, зүүн гарын эрхий хурууны үенд цус хуралт...” бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь шинжээчийн 12816 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

 

              Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн объектив талын бүрэлдэхүүний шинж нь жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байх, мөн тухайн буруутай үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хуульд заасан хохирол, хор уршиг учирсан байхыг шаарддаг.

 

  Шүүгдэгч Д.Б нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байх тул улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон, тус зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Харин шүүгдэгч Д.Б нь шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтэй “...гэмт хэрэг гарахад хохирогч Д.Н нь П.Н-тай хэрүүл маргаан, зодоон хийсэн энэ нь зам тээврийн осол гарахад нөлөөсөн...” гэх боловч хохирогч Д.Н тээврийн хэрэгсэл жолоодож явсан Д.Б рүү чиглэсэн үйлдэл хийгээгүй тул түүнийг шууд болон шууд бусаар нөлөөлж зам тээврийн осол гарсан гэж дүгнэх боломжгүй болно. 

                       

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

Хохирогч Д.Н нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролд баримтаар 673,850 төгрөг, мөн ажилгүй байсан 2 сарын цалин 1,600,000 төгрөг нэхэмжилсэн, иргэний нэхэмжлэгч З.М-ээс баримтаар 4,399,750 төгрөг, иргэний нэхэмжлэгч Э.А-аас  баримтгүйгээр 150,000 төгрөгийг мөрдөн мөрдөн байцаалтын шатанд нэхэмжилжээ.

Иймд шүүгдэгч Д.Б-гээс хуульд заасан журмын дагуу баримтаар нотлогдож буй эмчилгээний зардлын 673,850 төгрөг гаргуулж хохирогч Д.Н-д, 4,399,750 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч З.М-д олгуулж шийдвэрлэлээ.

 

Харин иргэний нэхэмжлэгч Э.А хохирлын баримт гаргаж ирүүлээгүй, хохирогч Д.Н байсан 2 сарын цалин нэхэмжилсэн боловч ажилд томилсон тушаал, нийгмийн даатгалын дэвтэр, ямар хугацаанд ажилгүй байсан зэргийг нотлох баримтуудыг бүрэн гүйцэд гаргаж ирүүлээгүй, мөн түүний шүүхэд гаргаж өгсөн ажлын тодорхойлолт, цалингийн жагсаалт зэрэг нь огноо байхгүй нотлох баримтын шаардлага хангахгүй учраас энэ шүүх хурлаар шийдвэрлэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар холбогдох нотлох баримтуудаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурьдаж байна.

 

Иргэний нэхэмжлэгч П.Н, Э.М нар нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

 

              Эрүүгийн хариуцлага:

              Улсын яллагч: Шүүгдэгч Д.Б-г 1,600 нэгжтэй тэнцэх торгуулийн ял оногдуулах санал гаргасан.

 

           Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч нар: Гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй зэргийг харгалзан торгуулийн ялын доод хэмжээгээр ял оноож өгнө үү гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болно.

 

           Шүүгдэгч Д.Б-гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

             

              Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, мөн улсын яллагчийн ялын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

              Хэдийгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан боловч эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг зайлшгүй харгалзан үзэх шаардлагатай юм. 

 

            Шүүгдэгч Д.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэг нь болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг онцлогтой, урьд 1 удаа ял шийтгүүлж байсан, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа талаарх шүүгдэгч, өмгөөлөгч нарын дүгнэлт, хувиараа хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан Д.Б-д 1,000 нэгжтэй тэнцэх 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний болон жолооны бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирол төлөгдөөгүй болохыг шийтгэх тогтоолд дурьдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Б овогт Д-ийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б-г 1,000 нэгжтэй тэнцэх 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Д.Б-д үүрэг болгосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Д.Бд мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Д.Бгээс 673,850 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Н-д, 4,399,750 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч З.М-д тус тус олгож, иргэний нэхэмжлэгч Э.А, хохирогч Д.Н нар нь эрүүл мэнд болон ажилгүй байсан үеийн цалинтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний болон жолооны бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, иргэний нэхэмжлэгч Э.М, П.Н нар нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.ДАШДОНДОВ