Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 00525

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Г.Даваахүү, шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 19 дүгээр гудамжны 06 тоотод оршин суух Халиугчин овогт Хорчингийн Алтантуяа /РЭ71030880/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 15 дугаар гудамжны 06 тоотод оршин суух, Боржигон овогт Батцагааны Энхжаргал /УХ70121601/-д холбогдох

Гэм хорын хохирол 4.659.500 төгрөг гаргуулах,

1.500.000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Б.Энхжаргалын сөрөг нэхэмжлэл бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч Х.Алтантуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч А.Ууганбаяр нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Х.Алтантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний хүү Боржигон овогт Эрдэнэдалайгийн Одбаяр нь Мөрөн сумын 2 дугаар сургуулийн 10 дугаар ангид сурч байхдаа 2016 оны 04 сарын 22-ны өдөр “Сод Эрдэм” ахлах сургуулийн сурагч Б.Мөнхсайханд мөргүүлсний улмаас 11-р шүд нь унаж, 12-р шүдний ил гарах хэсгийн 1/3-ээс их хувь нь хугарсан. Үүнийг Хөвсгөл аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн хүүхдийн байцаагч д/ч Ю.Оюунгэрэлийн 2016 оны 05 сарын 15-ны өдрийн хариу мэдэгдэх хуудас, Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганхөлөгийн 2016 оны 05 сарын 30-ны өдрийн 358-дугаар прокурорын тогтоол, Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний шинжээч Ц.Нандинцэцэгийн 2016 оны 04 сарын 29-ний өдрийн №227 дугаар шинжээчийн дүгнэлт зэргээр баталгаажуулж байна. Миний хүүгийн шүд ямар нэгэн байдлаар гэмтэл, өвчлөл авч байгаагүй бүх шүд нь эрүүл бүрэн байсан. 11-12-р шүднүүд нь байхгүй болсноор эрүүл мэнд, гоо сайхан, хэл яриа, сэтгэл санаа зэрэгт өөрчлөлт орсон.

Миний хүү одоо 16 настай, шүд нь дахин нөхөн төлжиж ургахгүй учир өмнө нь байсан тэр хэмжээнд нь хүрч өөрийнх нь эрхтэнг орлохгүй ч чанартай хиймэл эрхтнээр орлуулахаас өөр боломжгүй болоод байна. Иймд гэмтэл авснаас хойш удаа дараа Улаан баатар хот явж хэд хэдэн эмнэлгээр орж өөрийн хэмжээнд судалж “Басхүү имплант “шүдний эмнэлгийг сонгон уг хоёр шүдийг суулгуулах гэрээ хийсэн боловч мөнгө санхүүгийн боломжгүйн улмаас эхний ээлжинд бүрэн унасан 11-р шүдэнд имплант суулгуулах хагалгаанд оруулж бүрэн мултралттай 12-р шүдийг дараа имплант суулгуулахаар болж түр хугацаанд шүд залгуулсан /уг шүдний ил гарах хэсгийн 1/3-ээс бага хэмжээтэй хэсэг нь байгаа учраас залгасан шүд удаан тогтох боломжгүй 6 сараас 18 сар/.

 Иймд гэмтэл авснаас хойш өнөөдөр хүртэлх хугацаанд гарсан эмчилгээний зардлыг гаргуулж өгнө үү.

  1. Рентген зөвлөгөө авахад /Ароно эмнэлэг/  12.000 төгрөг
  2. Буйлны үрэвслийн эмчилгээнд 90.000 төгрөг
  3. Эмчилгээний тодорхойлолт авахад 150.000 төгрөг
  4. Унааны зардалд  32.600 төгрөг
  5. Рентген зөвлөгөө авахад  50.000 төгрөг
  6. Онош оношлогооны төвд 65.000 төгрөг
  7. Шүүхийн шинжилгээний албанд 3.000 төгрөг
  8. Зарим хавсаргах баримтыг нотариатаар батлуулсны үйлчилгээний хөлс 9.800 төгрөг
  9. Архиваас хуулбар гаргуулахад 1.500 төгрөг
  10. Имплант суулгуулахад 4.050.000 төгрөг, нийт 4.659.500 төгрөгийг Б.Мөнхсайханы ээж Батцагааны Энхжаргалаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Х.Алтантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хэд хэдэн эмнэлгүүдээр эмчилгээний чанарыг судалж Ароно эмнэлэг, Сайхан шүдний эмнэлгийг сонгон буйлны үрэвслийн эмчилгээ,рентген зураг авахуулсан. Ингэж явсныхаа эцэст Басхүү имплант шүдний эмнэлгийг сонгож 2 шүд зэрэг хийлгэхэд ямар үнэтэй байгааг тодруулсан тодорхойлолтыг хэрэгт гаргаж өгсөн. Эмчийн тодорхойлолтыг 150.000 төгрөгийг гаргуулж авсан. Нийтдээ 7 удаа Мөрөн, Улаанбаатарын хооронд зорчсон замын зардлын баримтыг хэрэгт гаргаж өгсөн. Рентген зургийг дахин Басхүү имплант шүдний эмнэлэгт 50.000 төгрөг төлж авахуулсан, аймгийн Онош, оношлогооны төвд оношлогоо хийлгэхэд 65.000 төгрөг, Шүүхийн шинжилгээний албанд 3000 төгрөг, шүдэнд имплант суулгуулахад 4.050.000 төгрөгийг тус тус төлсөн. Энэ удаа гаргаж өгсөн нотлох баримтандаа тулгуурлан 4.659.500 төгрөгийг хариуцагчаас гаргуулна. ...Б.Энхжаргалын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Манай хүүхдийг мөргөх үедээ Б.Мөнхсайхан нь тархиндаа гэмтэл авсан байна гэсэн прокурорын тогтоол гарсан.  Уг гэмтэл нь миний хүүхдийн буруугаас үүссэн гэж үзэхгүй байгаа учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагч Б.Энхжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Энхжаргал нь Х.Алтантуяагийн тус шүүхэд гаргасан 4.659.500 төгрөгийн эмчилгээний зардал гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй танилцлаа. Тус нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Миний хүү Б.Мөнхсайханыг Э.Одбаяр нь 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр дагуулж ирсэн хүүхэдтэй бүлэглэн зодсон. Зодох болсон шалтгаан нь урьд өдөр нь буюу 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр миний хүү Б.Мөнхсайханыг Бүрэнхаан сургуулийн зааланд тоглож байхад нь маргалдаж “чамайг зодно” нэх мэтээр заналхийлээд явсан байдаг. Өөрөөр хэлбэл заавал зодох зорилгоор өс хонзон санаж ирж миний хүүг зодсон юм. Ийнхүү зодохдоо Э.Одбаяр нь дагуулж ирсэн хүүхдээр миний хүү Б.Мөнхсайханыг гарыг ард нь чагтлан барьж зодсон байдаг бөгөөд ийнхүү зодох явцад нь биеэ хамгаалж, аргагүй хамгаалалт хэрэглэн мөргөсөн төдий үйл явдал болсон.

Одоо миний хүү Б.Мөнхсайханы толгой байнга өвддөг, өвчин намдаах эм байнга ууж өвчнөө аргацааж байна.

Миний хүү зан төлөвийн хувьд даруу төлөв. Э.Одбаяр өс хонзон санаж миний хүүг зодох явцад биеэ хамгаалж аргагүй байдлын улмаас үүссэн хохирлыг би хариуцахгүй. Харин ч хүүгээ эмчлүүлэхтэй холбоотой сөрөг нэхэмжлэл гаргана.

Иймд Х.Алтантуяагийн 4.659.500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжилж байгаа мөнгөн дүн хэт өндөр байгаа нь ганц бие өрх толгойлсон надад хүндрэлтэй байна гэжээ.

Хариуцагч Б.Энхжаргал шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Х.Алтантуяа нь өөрийн хүү Э.Одбаярыг ямар ч буруугүй мэтээр тайлбарлан нэхэмжлэл гаргасан байдаг. Э.Одбаяр нь миний хүү Б.Мөнхсайханы толгой руу цохиж хагалсан, тархинд нь гэмтэл учруулсан юм. Гэмтлийн улмаас хүү Б.Мөнхсайханы маань толгой байнга өвдөх, нойргүйдэх зэрэг зовиур байнга илэрч цаашид ямар байдлаар өвчнийх нь байдал хүндэрч даамжрахыг мэдэхгүй байна. Прокуророос гаргасан шийдвэр нь Х.Алтантуяад зөвхөн нэхэмжлэх эрх олгоогүй, надад ч мөн нэхэмжлэх эрх олгосон юм. Иймд Х.Алтантуяагаас хүү Б.Мөнхсайханыхаа эмчилгээний зардалд зарцуулсан зайлшгүй зардал 1.500.000 төгрөгийг надад гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Х.Алтантуяа нь хариуцагч Б.Энхжаргалд холбогдуулан хүү Э.Одбаярын эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 4.659.500 /дөрвөн сая зургаан зуун тавин есөн мянга таван зуу/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Б.Энхжаргал нь хүү Б.Мөнхсайханы эмчилгээнд зарцуулсан зайлшгүй зардал 1.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийн хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Үндсэн  нэхэмжлэлийн тухайд:

2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт байрлах Бүрэнхаан сургуулийн орчимд насанд хүрээгүй Б.Мөнхсайхан, насанд хүрээгүй Б.Одбаяртай “сагс тоглож байхад биеэрээ түлхсэн” гэх шалтгаанаар хоорондоо муудалцаж улмаар Б.Мөнхсайхан нь Э.Одбаярыг мөргөж бие махбодид нь 1 шүдний хугарал, 1 шүдний булгарал, уруулын дотор салстад язарсан шарх, тархи доргилт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 04 сарын 29-ний өдрийн 227 дугаартай  шинжээчийн дүгнэлт, Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тухай 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 358 дугаартай Прокурорын тогтоол, Хөвсгөл аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн хүүхдийн байцаагч д/ч Ю.Одгэрэлийн “Хариу мэдэгдэх хуудас” зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрөхгүй, хүүхдүүд харилцан зодолдож манай хүү Э.Мөнхсайханы уураг тархинд гэмтэл учирсан. Учирсан хохирол хэт өндөр байгаа тул зах зээлийн бодит үнээр хохирлыг барагдуулах, нийт нэхэмжлэлийн шаардлагаас 1.600.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрнө гэж маргаж байна. 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/ -ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Мөн энэ хуулийн 505 дугаар зүйлийн 505.1.-д зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй учраас энэ хуулийн дагуу нэхэмжлэгч Х.Алтантуяа нь хүү Э.Одбаярын эрүүл мэндэд учирсан гэм хорыг түүнтэй холбоотой зайлшгүй зардлыг хариуцагч Б.Энхжаргалаас шаардах эрхтэй байна.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2.-т зааснаар хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулсан үзсэний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. Үүнд:

“Сайхан” шүдний эмнлэгт 12 дугаар шүдний сувгийн эмчилгээ хийлгүүлсэн үйлчилгээний төлбөр 90.000 төгрөг, 

“Басхүү имплант” шүдний эмнэлэгт үзүүлж рентген зөвлөгөө авахад төлсөн төлбөр 50.000 төгрөг,

 “Басхүү имплант” шүдний эмнэлэгт эмчилгээ хийлгэж эмчлүүлсэн төлбөр 4.050.000 төгрөг,

       Онош, оношлогооны төвд тархины томографи хийлгүүлсэн үйлчилгээний төлбөр 65.000 төгрөг, 

       Шүүхийн шинжилгээний албаар гэмтлийн зэрэг тогтоолгоход төлсөн төлбөр 3000  төгрөг,

Улаанбаатар хот, Мөрөн сумын хооронд зорчсон замын зардал, /Х.Алтантуяа, Э.Одбаяр нар/ 227.600 төгрөг зэрэг баримтын дагуу хариуцагчаас нийт 4.485.600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Харин хэрэгт авагдсан баримтуудаас “Ароно” эмнэлэгт эмчилгээний төлбөрт 12.000 төгрөг төлсөн тухай баримт нь өөр өнгийн бал хольж бичсэн, засвартай, нотариатын үйлчилгээний хөлс 9.800 төгрөг төлсөн тухай баримт, Эрүүгийн хэргийн төв архиваас хуулбар гаргуулахад төлсөн баримтуудад мөнгө тушаасан хүний гарын үсэг байхгүй, хэнээс уг мөнгийг төлсөн болох нь тодорхойгүй, “Басхүү имплант” шүдний эмнэлэгт эмчилгээний тодорхойлолт гаргуулахад төлсөн гэх 150.000 төгрөг нь зайлшгүй гарах зардал биш байна гэж үзлээ. Мөн нэхэмжлэгч нь Улаанбаатар хот Мөрөн сумын хооронд зорчсон зардалд нийт 228.200 төгрөг нэхэмжилсэн боловч хэрэгт авагдсан баримтаар 227.600 төгрөг нотлогдож 600 төгрөгийг илүү нэхэмжилснийг хасаж нийт 173.900 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч Б.Энхжаргал нь Э.Одбаяр нь миний хүү Б.Мөнхсайханы толгой руу цохиж гэмтэл учруулсан. Гэмтлийн улмаас хүүгийн маань толгой байнга өвдөх, нойргүйтэх зовиур байнга илэрдэг. Иймд Х.Алтантуяагаас хүү Б.Мөнхсайханы эмчилгээнд зарцуулсан зайлшгүй зардал 1.500.000 төгрөг гаргуулж өгнө үү гэж сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан Батбаяр овогтой Мөнхсайханы амбулаториор эмчлүүлэгсдийн карт, “Байгаль эх” эмийн сангаас 2016 оны 06 сарын 20, 2016 оны 08 сарын 10, 2016 оны 10 сарын 20, 2016 оны 12 сарын 20-ны өдрүүдэд тархины кальци, уураг авсан тухай баримтуудаас үзэхэд Б.Мөнхсайханд тархины уураг, кальци хэрэглэх тухай эмчийн заавар байхгүй, хэрэглэсэн эсэх нь тодорхойгүй байх нэхэмжлэгч Х.Алтантуяагаас 1.500.000 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89.502 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Б.Энхжаргалаас 4.485.600 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 86.720 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ. 

Хариуцагч Б.Энхжаргалд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт ирүүлснийг хүлээн авч түүний эзгүйд хэргийг шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь;

1.Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Б.Энхжаргалаас 4.485.600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Алтантуяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 173.900 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Б.Энхжаргалын 1.500.000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Алтантуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89.502 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Энхжаргалаас 86.720 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд  шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

  

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Н.БЯМБАСҮРЭН

 

 ШҮҮГЧИД                       Г.ДАВААХҮҮ

 

                                           Б.МӨНХТУЯА