Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 175/ШЦТ/2021

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч А.Амарзаяа,

шүүгдэгч Ө.Б, түүний өмгөөлөгч Т.Эрдэнэбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ө овогт Ө-ны Б-т холбогдох 2108000280063 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн  аймгийн Заавар суманд төрсөн, эрэгтэй, 35 настай, дээд боловсролтой, биеийн тамир, эрүүл мэндийн багш мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт, Булган аймгийн Орхон сум 4 дүгээр баг Мааньт гэх газарт байнга оршин суух бүртгэлтэй, одоогоор Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 11 дүгээр байрны .... тоотод түр оршин сууж байгаа, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 154 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 495 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 495,000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн,

Ө овогт Ө-ны Б /РД:НН8505/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

           Ө.Б нь согтуугаар 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 21-22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо ... дүгээр байрны гадаа ямар шалтгаангүйгээр Г.М-тэй муудалцаж зодолдон түүний баруун мөр, нуруу, баруун гуя, хүзүү, дух хэсэгт хутгаар зүс ч биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг олон тооны гэмтэл шарх учруулан онц харгис хэрцгийгээр буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 77 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгч Ө.Бын иргэний үнэмлэхний зурагт лавлагаа /хх103/, тээврийн хэрэгслийн бүртгэлийн лавлагаа /хх116/, хувийн байдлыг тодруулсан баримтууд /хх92-101/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх107/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх110-113/, эрүүлжүүлэгдсэн бүртгэл, цагдаагийн асап сангийн лавлагаа /хх127-157/, хохирол төлсөн баримт /хх90-91/, хохирогчийн 150,000 төгрөг авсан талаарх тайлбар  /хх160/, болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтыг шинжлэн судлав.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Гэм буруугийн дүгнэлт:

Ө.Б нь согтуугаар 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 21-22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 11 дүгээр байрны гадаа ямар шалтгаангүйгээр Г.М-тэй муудалцаж зодолдон түүний баруун мөр, нуруу, баруун гуя, хүзүү, дух хэсэгт хутгаар зүс ч биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг олон тооны гэмтэл шарх учруулан онц харгис хэрцгийгээр буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь:

- Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасагт “Монгол зоогийн гадна хэрүүл маргаан үүсээд таньдаг хүн намайг 3 удаа хутгалчихлаа” гэх гэмт хэргийн талаарх дуудлага ирүүлсэн лавлагаа /хх4/

- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэлд “Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 11 дүгээр байрны подвалын 00 тоотод болсон гэх бөгөөд үзлэгийг хийхэд ... газраар эд зүйлс эмх цэгцгүй, 2 шил шар чингис, нэг шил хар чингис архины шил байв..., орны зүүн урд хэсэгт хөх өнгийн малгайтай цамц цус мэт зүйлээр бохирлогдсон, цагаан саарал өнгийн цамц цус мэт зүйлээр бохирлогдсон...., гал тогоонд шар эрээн иштэй хутга байсныг шинжилгээ хийлгэхээр тус тус хураан авав” гэх, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх5-6, 7-10/

- Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудаст “Г-ны саадан дотор..., иртэй зүйл хутга хэрэглэсэн..., танил найздаа....” гэсэн тэмдэглэл /хх12-13/

Хохирогч Г.М-ийн “...Б надтай маргалдаж, үгээр идэж эхэлсэн, тэгээд надтай барьцалдаж аваад гадаа гарья гэж хэлсэн. Гадаа гараад маргалдаад улмаар зодолдож эхэлсэн. Би тэр залуугийн доороос босоод гэр рүүгээ гүйгээд явсан. Гэртээ очоод найзыгаа дуудаад хүрээд ир намайг зодоод байна, гар утсаа авах хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд хамтдаа Бын гэрт ирсэн. Эрдэнэсайхан миний хойно зогсож байгаад “чиний гуянаас чинь цус гараад яачихсан юм бэ” гэж хэлэхээр нь... хувцсаа бүрэн тайлаад харахад баруун гуяны гол хэсэгт хутгалдагдсан шарх, баруун мөр болон дал хэсгээр хутгалагдсан, нурууны доод хэсэгт хутгалагдсан шарх, хоолойд бага зэрэг зүсэгдсэн шарх байсан. Б байрныхаа баруун талын гаднах талбайд барьцалдаж ноцолдож байхдаа хутгалдсан юм шиг байна лээ...” гэсэн мэдүүлэг /хх18-19/

- Гэрч Б.Н-ын “М, Б нар хоорондоо хэрэлдээд байсан. Юунаас болж маргалдсаныг мэдээгүй. Тэр хоёрын зодооны дараа Мийн биед гэмтэл учирсан байсан. Гэрээс гараад гэрийн үүдний хайсны тэнд хоорондоо барьцалдаж аваад 10-20 минут орчимд салахгүй зодолдоод байсан...” гэсэн мэдүүлэг /хх30, 41/

- Гэрч Э.О-ийн“манай гэрт эрээн иштэй хос хутга заазуур байгаа” гэсэн мэдүүлэг /хх34/

- Гэрч У.Э-ны “М өдөр гэрээс гарч яваад орой 21 цагийн орчимд байх согтуу орж ирээд хүнд зодуулчихлаа, миний утсыг авчхаад өгөхгүй байна, хоёулаа хамт очоод миний утсыг аваадах гэж хэлсэн. Тухайн үед Б М хоорондоо муудалцаад барьцалдаж авсан, бие биеийнхээ хувцсыг урсан. Тэр хоёр сүүлдээ эвлэрээд нүүр гарыг нь угаалгасан. Манай найз нүүрээ угаагаад хэсэг хугацаанд сэргээд ирэхэд доголоод ирсэн. Тэгэхээр нь би өмдийг нь тайлж үзэхэд юмаар зүссэн юм шиг том ярагдсан байсан. Б их хэмжээний согтолттой байсан” гэсэн мэдүүлэг /хх36-37, 45/

- Гэрч Ч.Н-ийн“би нохойгоо  салхилуулаад тамхи татах гэж гадагшаа гарсан. Тэр үед баруун талын подволийн хайсны дэргэд 2 залуу зодолдоод дээр доороо ороод ноцолдоод байж байсан, өндөр нуруутай залуу хараад салгах гэж оролдсон” гэх мэдүүлэг /хх42-43/

- Гэрч Х.Т-ны“манай байрны байнгын үйлчлүүлэгч ах 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 13  цагийн орчимд 0.5 литрийн архи аваад мөнгийг нь манай эгч Жайнерын данс руу 20.000 төгрөг шилжүүлж, дараа нь 15-16 цагийн үед шар чингис архи 2 шилийг авсан” гэх мэдүүлэг /хх39/

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 13391 дугаартай шинжээчийн “...Г.Мийн биед баруун мөр, нуруу, баруун гуя, хүзүү, духанд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой байна...” /хх58-59/

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 4652 дугаартай Криминалистикийн шинжилгээний газрын мөр судлалын шинжилгээний шинжээчийн дүгнэлт “Шинжилгээнд ирүүлсэн хөх өнгийн малгайтай цамц..., цэнхэр өнгийн өмд дээр..., саарал өнгийн өмд дээр хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэлтүүд байна” гэсэн /хх61-63/,

- Ө.Б-ын “би хохирогч М-ийн биед шүүх эмнэлгийн дүгнэлтээр учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрч байна. М-тэй зодолдохдоо дээрх гэмтэл учруулсан байх гэж бодож байна, би бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан” гэх мэдүүлэг /хх87-88/ хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ө.Б-ын үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай, хохирол, хор уршгийг хүс ч үйлдсэн, түүний хууль бус үйлдлийн улмаас хохирогч “...Г.М-ийн биед баруун мөр, нуруу, баруун гуя, хүзүү, духанд шарх...” гэмтэл бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 9721 шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

  Хохирогчийн биед олон тооны шарх, гэмтлийг согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтаглан хутгаар зүсэж учруулсан үйлдлийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчилж ирүүлснийг үндэслэлтэй гэж үзсэн.

 

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Ө.Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

            Шүүгдэгч Ө.Б-аас гэмт хэргийн улмаас хохирогч Г.Мийн эрүүл мэндэд учирсан хохиролд 150,000 төгрөг төлсөн, хохирогч гомдол саналгүй гэж бичгээр хүсэлт гаргасан болох нь түүний гомдолгүй тухай бичгээр гаргасан баримт /хх160/-аар тус тус нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

 

            Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Улсын яллагч: Ө.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан.

 

            Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч: Гэм буруу хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, прокурорын танилцуулсан ялыг зөвшөөрч байна гэсэн.

 

            Ө.Бын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хохирлыг төлсөн гэсэн үндэслэлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.

 

            Шүүгдэгч Ө.Б-ын хувийн байдлыг болон бусад нөхцөл байдлууд улсын яллагчийн ялын санал, өмгөөлөгчийн тайлбарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

          

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1.Өовогт Ө-ны Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан онц харгис хэрцгийгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ө.Быг 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Ө.Б-т үүрэг болгосугай.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ө.Б-т мэдэгдсүгэй.

 

 5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

 6. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохиролд 150,000 төгрөг төлөгдсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

          7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

 8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.ДАШДОНДОВ