Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 27

 

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Нарийн бичгийн дарга: Э.Эрдэнэцэцэг

Улсын яллагч:  Г.Хаш-Эрдэнэ

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Дарьсүрэн

Шүүгдэгч: Ө.Энхбаяр нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Энхбаярт холбогдох эрүүгийн 201612000041 тоот хэргийг 2016.05.23-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Баянжаргалан суманд 1984.06.06-нд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Тяншэн девелопмент ХХК-д туслах ажилтан ажилтай гэх, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Дундговь аймгийн Баянжаргалан сумын 3-р баг Чулуутын 5-3 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй   /РД:ЗБ84060614/ Боржигон гучид овогт Өвгөнхүүгийн Энхбаяр нь төрийн албан хаагчийг эсэргүүцэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1/ Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч Ө.Энхбаяр нь 2016.03.18-ны орой 22 цагийн орчимд Дундговь аймгийн Баянжаргалан сумын цагдаагийн хэсгийн өрөөнд хэсгийн төлөөлөгчийн тавьсан  шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж, хэсгийн төлөөлөгч Ц.Даваанямын зүүн нүдэн тус газарт нь цохиж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

  • Хохирогч Ц.Давааням мэдүүлэгтээ: 2016.03.18-ны орой 21 цагаас 22 цагийн үед сумын төвд бүжиг болж байсан ба соёлын төвд очин хэв журмын нөхцөл байдлыг судлаж эргүүл хийхээр гарсан юм. Соёлын төвийн зүүн талд нэг хүн хашгираад байхаар нь очтол Энхбаяр гэх залуу Тунгаа гэх хүүхэнтэй маргалдаад зогсож байхад нь Тунгааг яв гэж хэлчихээд Энхбаярт машинд суу гэсэн шаардлага тавьж цагдаагийн хэсгийн байранд авчирч өрөөнийхөө хаалгыг онгойлгон эргээд хартал Энхбаяр миний зүүн талын нүд рүү нэг удаа баруун гараараа цохьсон. Миний нүд тэр дороо хавдаж цус гарсан гэжээ.
  • Гэрч Т.Цэвэлмаа мэдүүлэгтээ: Би 2016.03.18-ны 22-23 цагийн үед цагдаагийн хэсгийн байр орж хэсгийн төлөөлөгч Даваанямтай уулзах гэж ирсэн юм. Тэгсэн өрөөн дотор хэрүүл болоод байхаар нь өрөөнд ороход хэсгийн төлөөлөгч Давааням, Энхбаяр гэх залуугийн хамт байсан ба хэсгийн төлөөлөгч Давааням дүрэмт хувцасаа тайлсан цээж нүцгэн байсан ба нүүр нэлэнхүйдээ цус болсон байдалтай юу болсон талаар асуухад Давааням Энхбаярт цохиулчихлаа гэж байсан. Тэгээд Энхбаяраас яагаад ингэх болсон талаар нь асуухад Энхбаяр цагдаа нар намайг л олзолж оролдож байдаг байхгүй юу тэгээд би өөдөөс нь эсэргүүцсэн юм гэж байсан. Намайг гарахад Энхбаярын дуу өндөрсөөд Даваанямыг доромжлоод байсан. Яг юу гэж доромжилж байсныг санахгүй байна.  Хэсгийн төлөөлөгч Даваанямтай уулзахаар цагдаагийн хэсгийн байранд очихдоо бороохой байсан үгүйг анзаараагүй. Давааням бороохой бариагүй байсан гэжээ. /хх 17-19/
  • Гэрч С.Үржинханд мэдүүлэгтээ:  2016.03.19-ний 13 цагийн үед хэсгийн төлөөлөгч хүнд зодууллаа гэж дуудлага өгсөн ба дуудлагаар очиж үзэхэд толгой өвдөөд байна гэсэн зовиуртай гэртээ хэвтэж байсан. Биед үзлэг хийхэд зүүн талын зовхи нилэнхүйдээ хөхөрсөн хавдартай, зүүн талын хөмсөгний доод хэсэг 2-3 жижиг хэмжээний язралттай зэрэг гэмтлүүдтэй байсныг тодорхойлолт болон эм бичиж зөвлөгөө өгсөн юм” гэжээ. /хх-20/
  • Гэрч Т.Нямзав мэдүүлэгтээ: Би 2016.03.18-ны орой харанхуй болсон байсан, цагийг нь сайн санахгүй байна. Сумын төвийн соёлын төвд бүжигэн дээр ирсэн юм. Соёлын төвийн гадна хэсгийн төлөөлөгч Давааням машинтайгаа ирсэн юм. Бид 2 юм яриад зогсож байтал соёлын төвийн зүүн талд хүмүүс хашгичаад явчихсан. Тэгсэн Давааням очиж ирэх гээд явсан. Төд удалгүй Энхбаяр гэх залууг авчраад машиндаа суулгаад хөдлөөд явсан” гэжээ. /хх-21/ мэдүүлэг
  • Шинжээчийн 2016.03.23-ны өдрийн 139 тоот дүгнэлтэд “Ц.Даваанямын биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхинд хөхөлбөр ногоон өнгийн цус хурсан бага зэрэг хавдсан. Зүүн нүдний гадна дээд хэсэгт 0.7*0.3 см, 0.5*0.2 см зулгарсан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-24/
  • Дундговь аймгийн Баянжаргалан сумын эрүүл мэндийн төвийн 2016.03.19-ний өдрийн тодорхойлолтод: зүүн талын зовхи нилэнхүйдээ хөхөрсөн, хавдартай. Хөмсөгний доод хэсгээр 2-3 жижиг язралттай гэжээ. /хх-25-/
  • Гэрч Н.Нарантунгалаг мэдүүлэгтээ: Би Баянжаргалан сумын соёлын төвийн үүдэнд байж байтал Энхбаяр гэх залуу намайг дуудахаар нь очсон. Бид 2 соёлын төвийн зүүн талд очсон тэгэхэд Энхбаяр миний өөдөөс эхнэрээ хаана байгаа вэ гэж асуусан. Тэгэхээр нь би мэдэхгүй гэж хэлсэн. Энхбаяр миний өөдөөс өндөр дуугаар чи мэдэж байгаа, найзууд ийм байдаггүй шүү гэхээр нь чи эхнэрээ мэдэхгүй байхад би яаж мэдэх юм бэ гэж хариулаад бид 2 бага зэрэг маргалдсан юм. Тэгэхэд манай сумын хэсгийн төлөөлөгч Давааням ирээд намайг яв гэж хэлсэн. Төлөөлөгч Энхбаяр дээр очих гээд яваад өгсөн ба тэнд юу болсныг мэдэхгүй” гэжээ. /хх-16/

 

Дээрх баримтыг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй.

 

Дундговь аймгийн Баянжаргалан сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Ц.Давааням нь 2014 оны 6 сарын 18-аас уг албан тушаалд томилогдон ажиллаж байгаа ба Ц.Давааням нь шүүгдэгч Ө.Энхбаярт олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байх шаардлага тавих бүрэн эрхтэй этгээд бөгөөд 2016 оны 3 сарын 18-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж байсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014.06.18-ны өдрийн №421 тоот тушаал, Цагдаагийн тангараг, ажилтан албан хаагчийн дэлгэрэнгүй анкет, ажлын байр /албан тушаал/ -ны тодорхойлолт,  Дундговь аймгийн Цагдаагийн газрын даргын 2016.05.02-ны өдрийн №38б/855 тоот тодорхойлолтоор /хх 37-42, 53/ тогтоогдож байна.

Шүүгдэгч Ч.Энхбаяр нь цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан нь дээрх баримтуудаар  нотлогдож байгаа ба энэхүү үйлдэл нь төрийн албан хаагчийг эсэргүүцэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байх тул Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулах үндэслэлтэй байна.

            Б)  Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Ө.Энхбаярын үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлын талаар дараахь нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

 

Хохирогч Ц.Даваанямын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлэгийн шинжээчийн дүгнэлтээр /хх-24/ тогтоогдож байгаа боловч хохирогч Ц.Давааням нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, иргэний нэхэмжлэл гаргаагүй тул шүүх хэлэлцэх боломжгүй, харин шүүгдэгч Ө.Энхбаяр нь сайн дураараа 500000 төгрөгийг хохирогчид хүлээлгэн өгсөн, хохирогч нь “гомдол санал байхгүй”-гээ бичгээр илэрхийлсэн байна.

Шүүгдэгч Ө.Энхбаярын эх Ц.Баянжаргалаас 2016.05.23-нд прокурорт гаргасан  хүсэлтэд “Миний бие нөхрийн хамт 8 хүүхэд төрүүлэн энэ өдрийг хүртэл эсэн мэнд өсгөж бойжуулсан. 4 дэх хүүхэд болох Өвгөнхүү овогтой Энхбаяр нь 2016.03.18-ны орой соёлын төвийн үүдэнд халамцуу байсан ч хэв журмын зөрчил гаргаагүй зогсож байхад нь төлөөлөгч Давааням ямар үндэслэлээр баривчилж авч явсан нь тодорхой бус, цаашилбал эрүү үүсэх хэмжээнд хүрч байгаад эхийн хувьд гомдолтой байна. Энэ байдлыг шүүн тунгааж үр хүүхэд эхнэр аав ээж бид бүгдийн элэг бүтэн сайн сайхан баяр баясгалантай амьдрал бэлэглэхийг та бүхнээс хүсэж байна” гэжээ.

Баянжаргалан сумын 3-р багийн иргэдийн хурлаас прокурорт гаргасан тодорхойлолтод “Өвгөнхүү овогтой Энхбаяр нь Хар өндрийн уурхайд ажилладаг үг дуу цөөнтэй төлөв даруу хүнд тусархаг залуу юм. Миний хувьд энэ хүнээр машин бариулж хот руу тээвэрт явдаг байсан. Энэ хугацаанд зөрчил дутагдал гаргадаггүй ажлыг сайн гүйцэтгэдэг байсан. Энхбаярыг цагдаа зодсон гэдэгт итгэхгүй байна. Зүгээр байхад хүний өөдөөс хөдлөх хүн биш. Цаана нь ямар нэг учир шалтгаан байгаа гэж бодож байна. Цагдаа нь цагдаагаа шалгахгүй шүү дээ. Цагдаагийнхаа талд орж таараа. Иймд учир шалтгааныг нь юунаас болж цагдааг зодсон юм гэдгийг сайн нягталж үзэхийг прокуророос хүсэж байна” гээд 3-р багийн иргэдийн хурлын тэргүүлэгчдийн дарга Эрдэнэбаатар болон нийт 33 иргэний нэрийг бичиж гарын үсгийг зурж, мөн багийн иргэдийн нийтийн хурлын тамгыг дарсан байна.

Энэхүү гэмт хэрэг нь шүүгдэгч Ө.Энхбаяр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ  олон нийтийн газарт бусадтай маргалдаж, нийгмийн хэв журмыг зөрчсөн үйлдлээс үүдэлтэй ба хэсгийн төлөөлөгч Ц.Даваанямаас зөрчил гаргагч Ө.Энхбаярт хууль ёсны шаардлага тавьсан болох нь гэрч Н.Нарантунгалаг, Т.Нямзав, Т.Цэвэлмаа, хохирогч Ц.Давааням нарын мэдүүлгээр тогтоогдсон.

Гэтэл өмнө нь дурьдсан иргэдийн гомдол хүсэлтээс үзэхэд Баянжаргалан сумын 3 дугаар багийн иргэдийн дунд Ө.Энхбаярын үйлдлийн талаар ташаа ойлголт төрүүлэх цагдаагийн албан хаагч Ц.Давааням болон цагдаагийн байгууллагын ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тарсан болох нь тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Ө.Энхбаяр нь өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, багийн иргэдийн нийтийн хурал дээр уучлалт гуйх байдлаар бусдын ажил хэргийн нэр хүндэд учруулсан гэм хороо арилгана гэсэн хүсэлт гаргасныг хангаж, энэ талаар тогтоолын тогтоох хэсэгт заах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ө.Энхбаяр нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Иймд Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т заасан ялаас хөнгөн төрлийн ял буюу албадан ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэж, ялын хугацааг улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр оногдуулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283- 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 291, 297-299, 301, 304 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Шүүгдэгч Боржигон гучид овогт Өвгөнхүүгийн Энхбаярыг төрийн албан хаагчийг албан үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар Ө.Энхбаярт 400 /дөрвөн зуун/ цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ял оногдуулж шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д зааснаар Ө.Энхбаярт оногдуулсан 400 /дөрвөн зуун/ цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялыг эдлүүлэхийг Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
  4. Эрүүгийн хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийсэн тохиолдолд ялтны эдлээгүй үлдсэн ялыг баривчлах ялаар сольж эдлүүлдэг журамтайг Ө.Энхбаярт мэдэгдсүгэй.
  5. Ялтан Ө.Энхбаяр нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд зүйл битүүмжлүүлж хураалгаагүй , хохирогч Ц.Даваанямд бэлнээр 500000 төгрөг хүлээлгэн өгсөн, хохирогч Ц.Давааням нь иргэний нэхэмжлэл гаргаагүй ба Ө.Энхбаярт гомдолгүй гэснийг тус тус дурьдсугай.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.2-т заасныг баримтлан Дундговь аймгийн Баянжаргалан сумын 3 дугаар багийн Иргэдийн нийтийн хурал дээр хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Ц.Даваанямаас түүний болон цагдаагийн байгууллагын ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасандаа уучлалт гүйж, уг хурлын тэмдэглэлийн нэг хувийг Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлэхийг ялтан Боржигон гучид овогт Өвгөнхүүгийн Энхбаярт даалгасугай.
  7. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын ялагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
  8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ө.Энхбаярт урьд авсан гадагш явахгүй байх баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ                                     С.СЭРЖМЯДАГ