Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2023/0301

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                       Д.Д нэхэмжлэлтэй

                 захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, Д.Ц

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Д

Хариуцагч Улсын бүртгэлийн Ерөнхий газар

Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн *******,*******,******* тоотод байрлах Ү-2204009425 улсын бүртгэлийн дугаартай орон сууцны өмчлөгчөөр Д.М , Д.О нарыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн *******,*******,******* тоотод байрлах Ү-2204009425 улсын бүртгэлийн дугаартай орон сууцны өмчлөгчөөр Д.Д ийг бүртгэхийг хариуцагчид даалгах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 116 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Д

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, Л.Д

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О

Гуравдагч этгээд Д.О итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э

Гуравдагч этгээд Д.М гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 128/2022/0394/З

 ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Д.Д оос Улсын бүртгэлийн Ерөнхий газарт холбогдуулан “Баянзүрх дүүргийн *******,*******,******* тоотод байрлах Ү-2204009425 улсын бүртгэлийн дугаартай орон сууцны өмчлөгчөөр Д.М , Д.О нарыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн *******,*******,******* тоотод байрлах Ү-2204009425 улсын бүртгэлийн дугаартай орон сууцны өмчлөгчөөр Д.Д ийг бүртгэхийг хариуцагчид даалгуулах”-аар маргасан байна.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 116 дугаар шийдвэрээр: 

“Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5-д заасныг тус тус баримтлан Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн *******,*******,******* тоотод байрлах Ү-2204009425 улсын бүртгэлийн дугаартай орон сууцны өмчлөгчөөр Д.М , Д.О нарыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн *******,*******,******* тоотод байрлах Ү-2204009425 улсын бүртгэлийн дугаартай орон сууцны өмчлөгчөөр Д.М , Д.О нарыг бүртгэсэн бүртгэл болон 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000947519 дугаартай гэрчилгээг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гарах хүртэл 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлж ” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагч Л.Б******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.“...Шүүх нэхэмжлэгчийн хүсэл зоригийг буруугаар тайлбарлаж ойлгомжгүй шийдвэр гаргасан.

Иргэний хуульд Д.Д хүсэл зориг нь өмчлөх эрхээсээ татгалзаж Э.Т*******, Ч.Б*******гаас гэрээнд заагдсан төлбөрөө нэхэмжлэх эрхтэй юм байна.

Өөрөөр хэлбэл Д.Д шүүхийн шийдвэрээр өмчлөгч болсон Д.О Д.М  нараас Э.Т Ч.Б нарын төлбөрийг нэхэмжлэх эрхтэй болохоос орон сууцны өмчлөх эрх нэхэх эрх байхгүй.

Харин захиргааны байгууллага болох бүртгэлийн байгууллага ямар хуулийг яаж зөрчсөнийг шүүх шийдвэртээ огт дүгнэн тодорхойлж өгсөнгүй.

Иймд хэрэглэж байгаа хууль нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн хүсэл зоригийн илэрхийлэл нь иргэний эрх зүйн зохицуулалтаар тодорхойлогдох ёстой байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023.02.01-ний өдрийн 128/ШШ2023/0116 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

            Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

            1.Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 70 дугаар шийдвэрээр “…2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн хэлцлээр Д.Н, Ц,Ц, Д.Д  нарын өмчлөлд бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн *******,*******, *** байр, ***тоот хаягт байршилтай 18 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөс Д.Н, Ц.Ц нар хасагдаж, Д.Д өмчлөгчөөр үлдэхээр тохиролцжээ. …Энэхүү гэрээг гэрчлэх үед тухайн орон сууц Д.Н, Ц.Ц, Д.Д  нарын хамтран өмчлөх дундын өмчлөлд бүртгэлтэй болох нь 2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр олгогдсон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, лавлагаагаар нотлогдсон байна. Иймээс Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасан зарчмын дагуу улсын бүртгэлийг үнэн зөв гэж тооцох тул нотариатын зүгээс дээрх гэрээг гэрчилснийг хууль зөрчсөн гэж үзэхгүй…” гэж дүгнэн, 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцлийг гэрчилсэн үйлдлийг хүчингүйд тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.

 

            Түүнчлэн уг шийдвэрт “…нэхэмжлэгчийн зүгээс дээрх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн гэх үндэслэлээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэж байх боловч энэ үндэслэл нь гэрээг гэрчилсэн нотариатчид бус тухайн гэрээ байгуулсан талууд болох Д.Н, Ц.Ц, Д.Д  нарт хамааралтай… Мөн нэхэмжлэгч тал 2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн хамтран өмчлөгчөөр нэмэгдэх хэлцлээр Д.Д  орон сууцны хамтран өмчлөгчөөр нэмж бүртгэгдсэн талаар шүүхэд маргаагүй болохыг дурдах нь зүйтэй…” гэж дүгнэсэн, гэвч үүнээс хойш энэхүү гэрээтэй холбогдуулж маргаагүй, шүүхээс ямар нэгэн шийдвэр гараагүй энэ тохиолдолд дээрх шийдвэрээр Д.О, Д.М  нарыг Н.Д өвлөгч болохыг тогтоосон нь одоогийн нэхэмжлэгч Д.Д ийг маргаан бүхий бүртгэлд хамаарах орон сууцны хамтран өмчлөгч биш гэж үзэх үндэслэл болохгүй.

 

            Өөрөөр хэлбэл Д.Н, Н.Д нар анхнаасаа орон сууцыг дундаа хамтран өмчилж байсан, иймд Н.Д 2012 оны 5 дугаар сарын 25-ны өдөр нас барснаар Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасны дагуу түүний хүүхдүүд болох Д.О, Д.М  нарыг өвлөгч гэж, мөн тэдгээрийг өвийг хүлээн авсан гэж үзэх талаар иргэний хэргийн шүүхээс тус тус эцэслэн дүгнэсэн байх тул энэхүү шийдвэрийн үр дагаврыг “…орон сууцны өмчлөгчөөр Д.О, Д.М , Д.Д  нар байсан байна…” гэж тайлбарласан анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй. 

           

            Д.Д ийг тухайн орон сууцыг өмчлөх эрхгүй болохыг тогтоосон шүүхийн ямар нэгэн шийдвэр гараагүй, мөн Д.Д ийг уг орон сууцыг дангаар өмчлөх тухай хэлцлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг дээрх байдлаар хууль зөрчсөн гэж үзээгүй тул анхан шатны шүүхээс Д.М , Д.О нарыг бүртгэсэн бүртгэлийг дахин шинээр акт гаргатал 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь зөв.

           

            2.Түүнчлэн 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгч Д.Д иргэн Ч.Б, Э.Т нартай байгуулсан Зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу орон сууцыг тэдгээр иргэдийн өмчлөлд шилжүүлэн бүртгэснийг хүчингүй болгуулах шаардлага бүхий одоогийн гуравдагч этгээд Д.М , Д.О нарын нэхэмжлэлээр үүссэн захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн 2021 оны 472 дугаар захирамжаар нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон, гэвч эвлэрлийн гэрээгээр тогтоосон хугацаанд тохиролцсон төлбөрийг Д.Д  буцаан шилжүүлээгүйгээс нэр бүхий 2 иргэний бүртгэлийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар хүчингүй болгосноор өмнөх өмчлөгч Д.Д орон сууц өмчлөх эрх сэргэх ёстой. 

 

3.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 2-229/33061 тоот албан бичигт “…хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж, Д.Н, Ц.Ц нарыг өмчлөх эрхийн бүртгэлээс хасч, Баянзүрх дүүргийн *******,*******, *** байрны **** тоотод байрлах 2 өрөө орон сууцны өвлөгчөөр Д.О, Д.М  нарыг бүртгэж, хариу ирүүлэх…”-ыг Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсээс шаардсанаас бус Д.Д ийг өмчлөгчөөс хасах талаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа огт явагдаагүй, явагдах ч боломжгүй. 

 

            Иймд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан бүртгэл үнэн зөв, бодитой байх зарчимд одоогийн маргаан бүхий бүртгэл нийцээгүй талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд давж заалдах гомдолд дурдсанчлан тухайн үед өмчлөх эрхээсээ татгалзсан нь Ч.Б, Э.Т нарын өмчлөх эрхийг хүчингүй болгох байдлаар гуравдагч этгээд Д.М , Д.О нарыг бүртгэсэн бүртгэлтэй маргах эрхийг хязгаарлахгүй.

 

            4.Давж заалдах гомдлын Д.Н сэтгэцийн өвчтэй байсан гэх үндэслэлийн тухайд:

 

Дээрх шүүхийн шийдвэрт “…Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт зааснаар сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй болсон этгээдийг гагцхүү шүүх иргэний эрх зүйн чадамжгүйд тооцох ба өвлөгч Д.Н бусдаар асруулж байсан байдлаас түүнийг иргэний эрх зүйн чадамжгүй гэж үзэхгүй. Үүнээс гадна …Баянзүрх дүүргийн иргэний нэгдсэн эмнэлгийн төрөлжсөн мэргэжлийн эмч нарын хяналтын комиссын тодорхойлолтоос Д.Н сэтгэцийн өвчтэй гэж дүгнэх боломжгүй. Д.Н нь Ц.Ц асруулах хугацаанд буюу 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр түүнийг орон сууцны хамтран өмчлөгчөөр нэмэх, Л.Д*******аар асруулах хугацаанд буюу 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Л.Д нөхөр Д.Д ийг орон сууцны ганц өмчлөгчөөр үлдээх хэлцлүүдийг тус тус хийсэн байх ба нотариатч Б.Ш өвийн болон гэрээний бүртгэлүүдээс үзэхэд үйлчлүүлэгч Д.Н 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр нотариатчид бичгээр өргөдөл гаргасан байгаагаас гадна мөн өдрийн болон 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн нотариатын үйлдэл хийхэд байлцаж, зохих бүртгэлийн дэвтрүүдэд өөрөө гарын үсэг зурсан, түүний мэдээллүүд бүрэн тусгагдсан, холбогдох гэрээнд мөн гарын үсэг зурсан байна…” гэж дүгнэсэн, өөрөөр хэлбэл хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр ийнхүү дүгнэсэн үйл баримтыг дахин дүгнэх шаардлагагүй.

 

            5.Харин шүүхийн шийдвэрт заасан 3 сарын хугацаанд хариуцагчаас маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч, гуравдагч этгээдийг нэгэн адил бүртгэж дахин шинээр захиргааны акт гаргах байдлаар шийдвэрийг хэрэгжүүлбэл зохино.     

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 116 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, Д.Ц нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.    

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гуравдагч этгээдүүдийн төлөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                           Т.ЭНХМАА

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН