Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/321

 

                                                                                                                                                                                     

                              

 

 

 

 

 

                                 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

Улсын яллагч Ж.Сувданчимэг,

Шүүгдэгч У.Ц-, түүний өмгөөлөгч П.Учралгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .......... холбогдох 2008 03268 1607 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авснаар, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

           Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын бетон армотурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, 2 дүүгийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүн Баян-Уулын 10 дугаар гудамжны ......... тоотод оршин суух, урьд

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 263 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эр хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 4 /дөрөв/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 170 дугаартай шүүгчийн захирамжаар ялаас чөлөөлөгдсөн,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 348 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ял биелэгдсэн,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч У.Ц- нь 2020 оны 11 дүгээр сарын 09-ний орой 19 цаг 20- 20 цаг 30 минутын хооронд Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Мандал-Овоо .........тоотын гадна байрлуулсан байсан иргэн Г.Б-эзэмшлийн .. улсын дугаартай Тоуоta Land Cruiser 200 GX маркийн автомашины баруун хойд талын салхины шилийг хагалан тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч Вепрь маркийн дурантай, АК-1587 гол төмрийн дугаартай, 587 замагны дугаартай, хар ногоон өнгийн гэртэй, сумгүй галт зэвсэг 1 ширхэг, эрэгтэй хүний саарал өнгийн хавар намрын куртик 1 ширхэг, автомашины хар хайрцаг 1 ширхгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авсны улмаас 3.850.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч: 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 31 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, болон шүүгдэгч У.Ц-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан баримт /хх88/, шийтгэх тогтоолын хуулбар /хх90-107/, иргэний үнэмлэхний хуулбар /хх109/, нийгмийн даатгалын лавлагааны хуулбар /хх113-114авто тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай лавлагаа /хх118/, цагдаагийн асап сангийн лавлагаа /хх119-123/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Гэм буруугийн дүгнэлт:

Шүүгдэгч У.Ц-, түүний өмгөөлөгч П.Учралгэрэл нар нь гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй бөгөөд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг дүгнэн үзэхэд,

Тоуоta Land Cruiser 200 GX маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ “Их агдир” ХХК-ний нэр дээр бүртгэлтэй байх боловч иргэн Г.Б-эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох нь санхүүгийн түрээсийн гэрээ /хх141-146/, тээврийн хэрэгслийн хадгалалтын гэрээ /хх148-149/ зэрэг баримтаар тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч У.Ц- нь 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 1920- 2030 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Мандал-Овоо 3-20 тоотын гадна байрлуулсан байсан хохирогч Г.Б-эзэмшлийн 50-00 УБХ улсын дугаартай Тоуоta Land Cruiser 200 GX маркийн автомашины баруун хойд талын салхины шилийг хагалан тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч Вепрь маркийн дурантай, АК-1587 гол төмрийн дугаартай, 587 замагны дугаартай, хар ногоон өнгийн гэртэй, сумгүй галт зэвсэг 1 ширхэг, эрэгтэй хүний саарал өнгийн хавар намрын куртик 1 ширхэг, автомашины хар хайрцаг 1 ширхэгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авсны улмаас 3,850,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх4-8/,

- Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх16-20/,

- Хэргийн газрын нөхөн үзлэгээр хойшлуулшгүй тохиолдолд эд зүйл хураан авсан ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн мөрдөгчийн санал /хх21/,

- Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 114 дугаартай прокурорын тогтоол /хх22-23/,

- У.Ц-оос 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гаргаж өгсөн саарал өнгийн хавар намрын куртик 1 ширхэг, иргэн Г.Б-галт зэвсгийн гэрчилгээг тус тус хүлээн авч хавтаст хэрэгт тусган үзлэг хийсэн тэмдэглэлүүд /хх24-27/,

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 86 хуудас/,

- “Тэнцвэр-Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2895 дугаартай хөрөнгийн үнэлгээний “...Вепрь ангийн буу 3,000,000 төгрөг, саарал өнгийн куртик 500,000 төгрөг, машины урд хар хайрцаг /хяналтын камер/ 350,000 төгрөг, Тоуоtа land cruiser 200 GX маркийн автомашины баруун хойд талын шил 550,000 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн /хх70-71/,

- Хохирогч Г.Б-“...2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 19.20 цагт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Мандал-Овоо 3 дугаар гудамжинд байрлах Бямбаа гэх айлд засал хийлгэх зорилгоор эхнэр Ч.О-хамт очин гадаа гудамжинд өөрийн эзэмшлийн Ланд-200 маркийн 50-00 УБХ улсын дугаартай автомашинаа түгжиж орхиод орсон. 20.30 цагийн үед гарч ирээд автомашинаа онгойлгоод суутал автомашинд байсан эд зүйлийн байрлал өөрчлөгдсөн байсан. Хойшоо эргээд хартал баруун хойд талын хаалганы салхины шил хагарсан машинд байсан арын суудал дээр хэвтүүлж тавьсан байсан, хар ногоон гэртэй Вепрь маркийн Оросын Холбооны Улсад үйлдвэрлэсэн ангийн буу, саарал өнгийн хөндлөн оёдолтой богино куртик, автомашинд хэрэглэгдэж байсан хар хайрцаг буюу камер алга болсон байна... Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй байна. У.Ц- гэх хүүхэд миний хохирлыг бүрэн барагдуулж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх40-41, 45/,

- Гэрч Н.Н-ын “...Би Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүн Баян-Уулын 12-........ тоотод гэр бүлийн хамт амьдардаг хүн байгаа юм. 2020 оны 12 дугаар сарын 03-ны орой манай хуурай дүү болох У.Ц- нь ирээд энэ бууг түр хадгалж байгаач гэхээр нь би ямар учиртай буу юм бэ гэсэн би удахгүй аваад явнаа гэж хэлээд үлдээгээд явсан. Өнөөдөр цагдаагийн газраас мөрдөгч нар ирээд тэр бууг аваад явсан... Уг бууг хулгайн буу гэдгийг огт мэдээгүй...” гэсэн мэдүүлэг /хх50-51/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 4678 дугаартай “...Шинжилгээнд 7,62х39мм-ийн 2006 онд Оросын Холбооны Улсад ан агнуурын зориулалтай үйлдвэрлэгдсэн Вепрь загварын буу ирүүлсэн байна. Уг буу нь галт зэвсэг мөн. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсэгт ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсгийн үйлдвэрийн хийц загварыг засварлаж өөрчлөөгүй байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх79-83/,

- У.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...Би яллагдагчаар татсан... тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн... 26 дугаар хороо Мандал-Овоо 3 дугаар гудамжны ойролцоо төв замаар алхаад явж байтал 3 дугаар гудамжинд ертөнцийн зүгээр баруун тийш харж зогссон .............. улсын дугаартай хар өнгийн Ланд Круйзер маркийн тээврийн хэрэгсэл байхаар нь би очоод баруун хойд талын цонхыг нь чулуу авч байгаад цохиж хагалаад автомашины хойд багажид байсан урд үүргэвчтэй эд зүйл, ар талын суудал дээрээс нь саарал өнгийн хавар намрын куртик зэргийг авах үед автомашины урд талын салхины шилэн дээр улаан гэрэл асаад бичлэг хийгээд байхаар нь автомашины хар хайрцгийг татаж аваад машин дотор байсан эд зүйлүүдийг хулгайлж аваад ертөнцийн зүгээр урд талын хоёр гудамжны цаана ирээд цүнхтэй эд зүйлийг нээж үзтэл дурантай буу байхаар нь... гэр рүүгээ аваад явсан. Би дурантай бууг гэртээ байлгаж байгаад 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүн Баян-Уулын ............... тоотод байрлах хуурай ах Н.Н-ын гэрт очоод энэ бууг хадгалж байгаарай хүнийх шүү гэж хэлээд үлдээчихсэн юм. Би ганцаараа байсан, надаас өөр хүн байгаагүй. Тухайн үед мөнгөний хэрэг гараад хулгай хийчихсэн юм. Би хийсэн хэргээ хүлээж байгаа, надад бага ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх130-132/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь нууц аргаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар бусдын эд хөрөнгийг авсан үйлдэл байдаг бөгөөд “тусгайлан хамгаалсан байр”-нд нэвтэрч үйлдсэн тохиолдолд гэмт хэргийг хүндрүүлэн зүйлчлэх шинж болдог.

Түүнчлэн хулгайлах гэмт хэргийг бусдын автомашинд буюу “тусгайлан хамгаалсан байр”-нд нэвтэрч хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна. Учир нь автомашин нь хүн, ачаа тээврийн зориулалтаар ашиглагдахаас гадна эд зүйлээ хадгалах зориулалттай, гадны халдлага, өөр бусад хүчин зүйлээс хамгаалагдсан, цоож, хамгаалалттай тухайн эзэмшигч, өмчлөгчийн хувийн орон зай байдаг.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч У.Ц- нь бусдын эд хөрөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3,850,000 төгрөгийн хохирлыг учруулахдаа тусгайлан хамгаалсан байр /автомашинд/ нэвтэрч хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Тиймээс шүүгдэгч У.Ц-ид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Хохирол, хор уршиг-төлбөрийн тухайд: Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Б-д саарал өнгийн хавар намрын куртик 1 ширхэг, улаан өнгөтэй Монгол Улс Галт зэвсгийн гэрчилгээ 1 ширхэг, вепрь маркийн дурантай, АК-1587 гол төмөрийн дугаартай, 587 замагны дугаартай хар ногоон өнгийн гэртэй, сумгүй галт зэвсэг 1 ширхэгийг тус тус хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх86/,   хохирогч Г.Б-гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирол төлөгдсөн талаарх мэдүүлэг /хх45/, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт гаргасан хүсэлт /хх150/ зэрэг баримтаар тогтоогдож байна.

 Иймд шүүгдэгч У.Ц-ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж дүгнэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч: Шүүгдэгч У.Ц-ид 02 жил 06 сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргасан.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрдөг, хэргийн зүйлчлэл маргадаггүй, бусдад төлөх төлбөргүй тул Эрүүгийн хулийн ерөнхий 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар ял оногдуулж өгнө үү? гэх саналыг гаргасан.

 

           Шүүгдэгч У.Ц- нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо өөрийн сайн дураар нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй гэж дүгнэлээ.

 

           Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон харин хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, мөн улсын яллагчийн ялын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

           Шүүгдэгч У.Ц- нь хувийн байдлын хувьд урьд 2 удаа шүүхээр ял шийтгүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” зааснаар түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй тул гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, хохирогчид хохирол нөхөн төлөгдсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирно гэж шүүх үзсэн.

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Ц-ийн цагдан хоригдсон 13 хоногийг түүний эдлэх ял оруулан тооцохоор шийдвэрлэв.

 

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдаж шийдвэрлэсэн.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

         1. У.Ц- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

 

         2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар У.Ц-ийг 01 /нэг/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар У.Ц-ийн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

         4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Ц-ийн урьдчилан цагдан хоригдсон 13 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

         5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

         6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирол төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.

 

         7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ДАШДОНДОВ