Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/481

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэмүүжин,

улсын яллагч П.Ганбаатар /томилолтоор/,

хохирогч Б.Ж., хэлмэрч И.Болормаа

шүүгдэгч О.Б-, хэлмэрч С.Бямбадэлгэр, өмгөөлөгч Г.Энхболд нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чичин овогт О. Б-д холбогдох 2008016960282 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1981 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, “Хуягт харш” ХХК-д шаварчин ажилтай, ам бүл 1, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баян хошууны 29 дүгээр гудамж ............. оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

Чичин овогт О  Б. /рд:мю8104..../.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч О.Б- нь 2020 оны 04 дүгээр сарын 09-өөс 2020 оны 04 дүгээр сарын 10-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо Баянхошууны .. тоотод иргэн Б.Ж-маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохиж зодон эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 266 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгч О.Б-ийн ял шийтгэл эдэлж байгаагүй талаарх баримт /хх31/, цагдаагийн газрын лавлагаа /хх59-60/, иргэний үнэмлэхний зурагт лавлагаа /хх50/, эд хөрөнгөтэй эсэх лавлагааны хуулбар /хх53/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх52/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх51/, тэтгэврийн дэвтрийн хуулбар /хх54-56/, хөдөлмөрийн чадвараа 100% хугацаагүй алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэх /хх57/, Хуягт харш ХХК-д ажилладаг талаарх ажлын газрын тодорхойлолт /хх58/ болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан  баримтууд зэргийг шинжлэн судлав.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

НЭГ: Гэм буруугийн дүгнэлт: Шүүгдэгч О.Б- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 04 дүгээр сарын 09-өөс 2020 оны 04 дүгээр сарын 10-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо Баянхошууны ......... тоот гэртээ хохирогч Б.Ж-“ажлын хөлсний” асуудлаас болж маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч Б.Ж. “... 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 36 дугаар байрны ....... тоотод хүүгийнхээ гэрт байж байсан чинь О.Б- утсаар видео колл хийгээд намайг хаана байна гэхээр нь би хүүгийндээ байна гэж хэлсэн тэгсэн О.Б-, .......... нар манай хүүгийн гэрт ирээд бид нар орой 18 цагийн үед гараад О.Б-ийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо Баянхошууны ........ тоотод очсон юм. Намайг очиход О.Б-ийн ах .......... нь ширээ засчихсан хүлээж байсан. Тэгээд бид нар О.Б-ийн төрсөн өдрийг тэмдэглээд тэнд архи дарс ууж байхад О.Б-ийн найз М........ орой 20 цаг 30 минутад ирсэн. Тэгсэн ууж байсан архи дуусахаар нь О.Б-ийн гэрийн ойролцоо байдаг дэлгүүр орж 2 литрийн архи аваад буцаад О.Б-ийн гэрт орж нөгөө архиа уусан юм. Тэгээд орой 22 цаг 30 минутад би тасраад унтчихсан байсан. Тэгсэн 2020 оны 04 сарын 10-ны шөнө 01 цагийн үед О.Б- намайг өшиглөж сэрээгээд Нямдоржтой чи найзууд уу гэж асуухаар нь би тиймээ яасан бэ гэж хэлээд гутлаа өмсөөд байж байсан чинь О.Б- шууд миний эрүү хэсэг рүү хөлөөрөө өшиглөөд намайг учир зүггүй зодоод унасан би учрыг нь ойлгоогүй юм. Тэгсэн О.Б-ийн эхнэр ........... нар сэрж босож ирээд бид хоёрыг салгах гэсэн чинь салгаж чадахгүй байсан тэгсэн эхнэр нь намайг хурдан яваадах гэж хэлээд байсан. Тэгэхээр нь би гялс гутлаа өмсөөд гэрээс нь гараад зугтаагаад явсан. Тэгээд би хүүгийнхээ гэрт очсон чинь манай хүү цагдаад дуудлага өгсөн юм ... би эмчилгээний зардлын баримтуудаа авч ирээгүй, цаашид мөн шүд хийлгэх шаардлагатай байгаа тул хохирлын асуудлыг шийдвэрлэж өгнө үү? ...” гэсэн мэдүүлэг /хх19-20, 23, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

- Гэрч О.Б............ “... тэгээд би гадаа гарч тамхи татаад бие засаад орой ирсэн чинь О.Ж- О.Б- хоёр нэг нэгэн лүүгээ дохиогоор яриад хэрэлдээд салаавч гаргаад маргалдаад байх шиг байсан тэгээд би орж ирээд О.Б-өөс яагаад та хоёр муудалцаад байгаа юм бэ гэж асуусан чинь О.Б- Ж миний хоёр гурван сар ажилласан цалин өгөхгүй гээд уурлаад салаавч гаргаад байна. Тэгэхээр нь би наадхаа маргааш бол гээд дүү О.Б-ийг цааш нь холдуулаад Ж-ыг хоёр хэлгүй найзтай нь хамт дагуулаад гадаа гарсан юм. Тэгсэн Жхашаан дотор байсан машинаа унаад яваад өгсөн юм. Тэгээд би нөгөө хоёр хэлгүй найзыг нь гэрт ороод унт өглөө явцгаа гээд хэлээд унтуулсан юм. Тэгсэн үүрээр шөнө цагдаа нар ирээд О.Б-ийг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх27/,

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн шинжээчийн 4562 дугаартай “....Б.Ж биед зүүн дээд 22, 23-р шүдний түүшин хэсгийн хугарал, баруун дээд 1, зүүн дээд 1, 2, 3-р шүдний булгарал, баруун нүдний доод зовхины цус хуралт зүүн хацрын төвгөрийн зулгаралт, эрүү, доод уруулын зөөлөн эдийн няцрал, доод уруулын дотор салстын цус хуралт, зүүн талын дотор салст, дээд уруулын язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 15% алдагдуулна...” гэсэн дүгнэлт /хх33-34/,

- О.Б-ийн мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд өгсөн “...Ж. биед учирсан гэмтлийг би нүүрэн тус газар нь гараараа цохиж учруулсан юм...” гэх мэдүүлэг /хх73-74/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.

 

Шүүгдэгч О.Б-ийн үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай, хохирол, хор уршгийг хүсч үйлдсэн, түүний хууль бус үйлдлийн улмаас хохирогч Б.Ж. биед хүндэвтэр хохирол учирсан нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан гэж дүгнэлээ.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, О.Б-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

Хохирол, хор уршгийн талаар.

            Хохирогч Б.Ж нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлын

нотлох баримтаа бүрдүүлж ирүүлээгүй тул энэ шүүх хурлаар хохирлын асуудлыг шийдвэрлэх боломжгүй байгаа тул эмчилгээ хийлгэсэн болон цаашид шүд хийлгэхтэй холбоотой зардлын баримтуудаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич шийдвэрлүүлэхийг тогтоолд дурдаж өгөх нь зүйтэй. Учир нь хохирлын талаарх баримтгүйгээр дан ганц хохирогчийн мэдүүлэгт үндэслэж, хохирлыг шийдвэрлэх нь учир дутагдалтай гэж дүгнэлээ.

 

            Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч: О.Б-өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ял оногдуулах санал гаргасан.

 

Шүүгдэгч О.Б-ийн өмгөөлөгч: Шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, ажил хөдөлмөр эрхэлдэг, хохирлыг төлөхийг зөвшөөрч байгаа зэргийг харгалзан торгуулийн ялын доод хэмжээг ял оногдуулж өгнө үү? гэх саналыг гаргасан.

 

Шүүгдэгч О.Б- нь гэмт хэрэг үйлдэхдээ урьдаас бэлтгэж төлөвлөсөн зүйл тогтоогдоогүй тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар ял оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирол хор уршгийн шинж байдлын хувьд  бүрэн нөхөн сэргээгдээгүй, хор уршгийг арилгах талаар идэвх санаачилга гаргаагүй болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, Хуягт харш ХХК-д ажилтай, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус харгалзан шүүгдэгч О.Б-өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжээр буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгуулийг 5 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоох нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдалд тохирно гэж шүүх шийдвэрлэлээ.

 

            Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

         1. Чичин овогт Оюуны О.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Б-ийг 800 нэгж буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг О.Б-өд үүрэг болгосугай.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг О.Б-өд мэдэгдсүгэй.

 

 5. Хохирогч Б.Ж нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол болон цаашид гарах зардлын баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

         7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ДАШДОНДОВ