Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/468

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Хонгорзул,

улсын яллагч Ж.Сувданчимэг,

шүүгдэгч Э.Э- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт шүүгдэгч Э.Э-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108000000208 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ____-ны өдөр ____ аймгийн _____ суманд төрсөн, _____ настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ____ тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, ____ /РД:_______/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Э.Э- нь 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ____ тоотод байрлах иргэн Д.Э-ийн эзэмшлийн хашааг давж орон хашаан дотроос Төвд банхарын 4 гөлгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад 400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Э.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Хашааг хойд талаар нь давж ороод гөлөгнүүдийг хулгайлж авсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Эрүүгийн 2108000000208 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Д.Э-ийн: “2021 оны 01 дүгээр сард манай хашаанд байсан Төвд банхарын 4 гөлөг 01 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө алдагдсан байсан. Эхнэр маань гөлөг байсан газраас цасан дээр гарсан гутлын мөрийг дагаад харахад манайхаас хойшоо хашаа давж гарсан байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан байсан. Цагдаад мэдэгдсэн даруй цагдаагийнхан гөлөгнүүдийг авсан хүнийг олж, буцаан өгсөн учраас одоо учирсан хохирол байхгүй. Манай гөлөгнүүд байшингийн баруун урд байдаг нохойны үүрэнд эхтэйгээ хамт байсан. Тухайн үед ямар нэгэн уяа, гинж байгаагүй. Манайх орж, гарахдаа байнга хашааныхаа хаалгыг түгждэг. Тухайн шөнө ч гэсэн хашааны хаалгаа түгжсэн байсан. Гөлөгнүүдээ алдсанаа өглөө мэдсэн ч гэсэн хашааны хаалга түгжээтэй хэвээр байсан. Гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-23/,

“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2021 оны ___ дугаар сарын ___-ний өдрийн ____ дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд: “Төвд банхарын 4 тооны гөлгийг нийт 400.000 төгрөг” гэжээ /хх-15-16/,

Гэрч Э.Д-гийн: “...2021 оны 01 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө 4 гөлөг маань хашаанаас алга болсон байсан. Бид нар ойр орчмоор хайгаад олохгүй байгаа. Хашаан дотор орж ирсэн мөрийг харвал хашааны хойд талаас нэг хүн хашаа давж орж ирсэн мэт харагдаж байгаа. Алдсан 4 гөлөг маань нүд, сарвуу хэсэг нь шар, бусад хэсэг нь хар өнгийн 4 адилхан гөлөг байсан. Гарал үүслийн гэрчилгээгүй...” гэх мэдүүлэг /хх-25/,

Гэрч Г.Сын: “Өчигдөр 18 цагийн үед найз О манай гэрт ирсэн. Надаас банхар нохойны гөлөг асуухад хажууханд байдаг айлын банхар гөлөглөсөн байна лээ гэж хэлсэн. Шөнө 02 цагийн үед Оогий хажуу айлаас чинь 4 гөлгийг нь авчихлаа гэсэн. Би хулгайлсан гэж мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-27/,

Шүүгдэгч Э.Э-ын яллагдагчаар өгсөн: “...Би уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би тухайн өдөр хуурай ах Сын гэрт очиж уулзсан. Юм ярьж байгаад “хөдөө аваачаад тэжээчих гөлөг байна уу” гэж ахаас асуухад “Манай урд айлд гөлөг байгаа, чи тэднийхээс асуу” гэж хэлсэн. Би 18 цагийн үед ахын урд хашааны завсраар тухайн айлын хашаан доторхыг харахад Төвд банхарын гөлөгнүүд байсан. Би шөнийн 00 цаг өнгөрч байхад гэртээ харилаа гээд гарсан. Нөгөө урд айлын хашааны хойд хэсгээр давж ороод байшингийнх нь хойно байсан 4 ширхэг гөлгийг авч буцаж хашааг нь давж гарсан. Намайг тэр хашаанд ороход гөлөгнүүд байшингийн хойно эхтэйгээ унтаж байсан. Гөлөгнүүдийг аваад буцаад С ахын гэрт орж хоноод маргааш нь ахаар гэртээ хүргүүлсэн. Хулгайлж авсан гэж тодорхой хэлээгүй. Урд айлаас чинь гөлөг авсан л гэж хэлсэн. Би цагдаад баригдаж гөлөгнүүдийг буцаан өгсөн...” гэх мэдүүлэг /хх-36-37/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-3-7/, цагдаагийн алба хаагчийн илтгэх хуудас /хх-9/, эд зүйл хураан авсан болон үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-8, 10-12/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-44/, Чингэлтэй дүүргийн **дугаар хорооны тодорхойлолт /хх-43/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-42/, сурагчийн хувийн хэргийн хуулбар /хх-52-61/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг,

улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргаж өгсөн шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Э.Э- нь 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн **** тоот хашааг давж орон хохирогч Д.Э-ийн эзэмшлийн Төвд банхарын 4 гөлгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 400,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Д.Э-ийн “...Хашаанд байсан 4 гөлөг шөнө алдагдсан. ...цасан дээр гарсан гутлын мөрийг дагаад харахад манайхаас хойшоо хашаа давж гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-23/, хөрөнгийн үнэлгээний 114 дугаар “Төвд банхарын 4 гөлгийг нийт 400.000 төгрөгөөр үнэлэв” гэх тайлан /хх-15-16/, гэрч Э.Д-гийн “...4 гөлөг маань хашаанаас алга болсон. Хашаанд орж ирсэн мөрийг харвал хашааны хойд талаас нэг хүн хашаа давж орж ирсэн мэт харагдаж байгаа...” гэх мэдүүлэг /хх-25/, гэрч Г.С-ын “...шөнө 02 цагийн үед О хажуу талын айлаас чинь 4 гөлгийг нь авчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-27/, шүүгдэгч Э.Э-ын яллагдагчаар өгсөн “...Би уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...Урд талынх нь айлын хашааны хойд хэсгээр давж ороод байшингийнх нь хойно байсан 4 ширхэг гөлгийг авч буцаж хашааг нь давж гарсан...” гэх мэдүүлэг /хх-36-37/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-3-8/ зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Э.Э-ын хохирогч Д.Э-ийн эзэмшлийн хашааг даван хууль бусаар нэвтэрч, 4 ширхэг Төвд банхарын гөлгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдэх гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Э-эд 400.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд хохирлыг биет байдлаар төлсөн, хохирогчийн “Гомдол саналгүй” гэснийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Э.Э- нь хохирогч Д.Э-ийн эзэмшлийн хашааг давж орон хашаан дотроос Төвд банхарын 4 гөлгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад 400,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгч “Хэлэх зүйл байхгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /шунахайн сэдэлтээр, хохирогчийн тусгайлан хамгаалсан цоожтой хашааг давж хууль бусаар нэвтрэн, Төвд банхарын 4 ширхэг гөлгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчид 400.000 төгрөгийн хохирол учирсан, хохирол биет байдлаар төлөгдсөн, хохирогч “Гомдол, саналгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, насны байдал/-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан шүүгдэгч Э.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээ болох 2 жил хорих ялын хоёрны нэг буюу 1 /нэг/ жилийн хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Э- цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ____ овогт Э.Э-г хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Э.Э-ыг 1 /нэг/ жилийн хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Э- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Л.БААТАР