| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2021/0491/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/454 |
| Огноо | 2021-05-18 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Оюун-Эрдэнэ |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 2021/ШЦТ/454
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Хонгорзул,
улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,
шүүгдэгч Б.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.Г-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2103000000087 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___ны өдөр ___ аймгийн ____ суманд төрсөн, ___настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, ____ ХХК-д инженер ажилтай, ______ тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, ___ овогт Б.Г /РД:______/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч Б.Г- 2021 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 10 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн _____замд “___” маркийн _________ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 1.3 “Хэвтээ тэмдэглэлийг дараах зориулалтаар хэрэглэнэ: 1.1 хоёр буюу гурван эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, замын аюул бүхий хэсэгт эгнээний хилийг заах, чиглэлийн тээврийн хэрэгсэл буюу унадаг дугуйн эгнээг бусад эгнээнээс зааглах, зорчих хэсгийн орохыг хориглосон хэсгийг хязгаарлах буюу тээврийн хэрэгслийн зогсоолын хилийг тэмдэглэнэ”, 1.4. 1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно...” гэсэн заалтыг зөрчин “үргэлжилсэн цагаан шугам /“1.3” тэмдэглэл”/ давж эргэснээс явган зорчигч Б.Ц-г мөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Г- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Хохирогчийг зам хөндлөн гарч байгааг хараагүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Эрүүгийн 2103000000087 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Б.Ц-гийн: “2021 оны 4 дүгээр сарын 04-ний 10 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, 21 худалдааны төв рүү ач Т-ын хамт ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлтэй замын голоор хөндлөн гарч явахад эсрэг урсгалаас гэнэт машин гарч ирээд бид хоёрыг мөргөсөн. Ач хүү хагас 4 хөллөж унасан, би бүтэн унасан. Миний биеийн зүүн тал руу мөргөхөд би баруун талаараа унасан. Явган хүний гарц жаахан зайтай байсан болохоор замаар шууд хөндлөн гарсан. Урд нь ингээд гардаг байсан болохоор гайгүй байх гэж бодсон, нөгөө урсгалаас машин гараад ирнэ гэж бодоогүй юм. Жолоочийн зүгээс эмчилгээний зардлыг надад өгсөн. Нийт 3 сая төгрөг хохиролд өгсөн. Надад санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-25-26/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2021.04.13-ны өдрийн ___ дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Б.Ц-гийн биед баруун дунд чөмөгт ясны хүзүү хэсгийн хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т заасаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэжээ /хх-35-36/,
Насанд хүрээгүй хохирогч Б.Т-ын: “...өвөө Ц-тэй 21 худалдааны төв орохоор явж байгаад харалдаа зам гарах гэтэл гэнэт бид хоёрын зүүн гар тал буюу ертөнцийн зүгээр баруун талаас нэг автомашин ирээд бид хоёрыг мөргөсөн. Би босоод өвөөг босгох гэтэл “баруун хөл нь өвдөөд босч чадахгүй байна” гэхэд нөгөө жолооч бууж ирээд хамтдаа өвөөг өргөөд автомашинд суулгасан. Өөрийнх нь ярьснаар нар гялбаад харсангүй гэсэн...” гэх мэдүүлэг /хх-16/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2021.04.06-ны өдрийн ___ дугаар шинжилгээний дүгнэлтэд: “Б.Т-ын биед гэмтэл тогтоогдсонгүй” гэжээ /хх-30-31/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд: “...бичлэгийн цагаар 06 секундэд саарал өнгийн суудлын жижиг тээврийн хэрэгсэл зогсоолоос хөдөлж гарцан дээр ирж зогсож зорчих хэсгээр явж байгаа тээврийн хэрэгслүүдийг хүлээж зогсоно. 45 секундэд зорчих хэсэг рүү ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлтэйгээр хохирогч Б.Ц-, ач хүү Б.Т-ын хамт зам хөндлөн гарч яваад саарал өнгийн суудлын жижиг тээврийн хэрэгсэл гарцнаас чигээрээ гарч ирээд ертөнцийн зүгээр зүүн тийш эргэж 48 секундэд хохирогч Б.Ц-, ач хүү Б.Т-ыг мөргөж, Б.Ц- унаж байгаа нь дүрслэгдсэн байна” гэжээ /хх-58/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-5-11/, мөрдөгчийн магадлагаа /хх-76-77/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-49/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-39/, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг талаарх тодорхойлолт /хх-40/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-41-44/, эд хөрөнгө бүртгэлтэй лавлагаа /хх-45/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-46/, жолоодох эрх хүчинтэй лавлагаа /хх-48/, гэрлэлт бүртгэлтэй лавлагаа /хх-50/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-51/, жолоочийн үнэмлэхийн хуулбар /хх-52/, тээврийн хэрэгсэл бүртгэлтэй лавлагаа /хх-53/, “ТЭСО” ХХК-ийн “Б.Г- нь манай байгууллагад инженер ажлын байранд хөдөлмөрийн хугацаагүй гэрээгээр 2002 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс хойш ажиллаж байгаа нь үнэн болно” гэх тодорхойлолт /хх-54/, хохирогчийн “Учирсан хохирлыг барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-74/, шүүгдэгчийн хүсэлт /хх-83/, прокурорын “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай” тогтоол /хх-84-85/, прокурорын санал /хх-89-90/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Г- нь 2021 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 10 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Шөнийн захын урд замд “Тоёота Приус-30” маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4.1.1-1.3, 1.15.а, 1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно...” гэсэн заалтыг зөрчин замын хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах “үргэлжилсэн цагаан шугам /“1.3” тэмдэглэл”/ давж эргэснээс явган зорчигч Б.Ц-г мөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Б.Ц-гийн “...эсрэг урсгалаас гэнэт машин гарч ирээд ач хүү бид хоёрыг мөргөсөн. Миний биеийн зүүн тал руу мөргөхөд би баруун талаараа унасан...” гэх мэдүүлэг /хх-25-26/, шүүх эмнэлгийн 3087 дугаар “1. Б.Ц-гийн биед баруун дунд чөмөгт ясны хүзүү хэсгийн хугарал гэмтэл тогтоогдлоо. 4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т заасаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-35-36/, насанд хүрээгүй хохирогч Б.Т-ын “...бид хоёрын зүүн гар тал буюу ертөнцийн зүгээр баруун талаас нэг автомашин ирээд бид хоёрыг мөргөсөн...” /хх-16/, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай “...саарал өнгийн суудлын жижиг тээврийн хэрэгсэл гарцнаас чигээрээ гарч ирээд ертөнцийн зүгээр зүүн тийш эргэж ...хохирогч Б.Ц-, ач хүү Б.Т-ын хамт мөргөж Б.Ц- мөргүүлж унаж байгаа нь дүрслэгдсэн байна” гэх тэмдэглэл /хх-58/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-5-11/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Г-ын тээврийн хэрэгслэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын “1.4.1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно...” гэсэн заалтыг зөрчин “үргэлжилсэн цагаан шугам /“1.3” тэмдэглэл”/ давж эргэснээс явган зорчигч Б.Ц-г мөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ц-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шалгах ажиллагааны явцад хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй, шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардалд 3.031.000 төгрөгийг нөхөн төлсөн нь баримт /хх-74, 83/-аар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “ Шүүгдэгч Б.Г- Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчин “үргэлжилсэн цагаан шугам” давж эргэснээс явган зорчигч Б.Ц-г мөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, хохирогчийн гарцтай замын гарцгүй хэсгээр зам хөндлөн гарсныг харгалзан үзэж шүүгдэгчид 490,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй...” гэж,
шүүгдэгч “Торгох ялыг хүлээн зөвшөөрч байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн”, 1.4-д заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Прокурорын хяналтын шатанд шүүгдэгч Б.Г- “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, улмаар түүнд 490 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 490,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр талууд тохиролцон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэжээ.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа үргэлжилсэн цагаан шугам давж эргэн гарцгүй газраар зам хөндлөн гарч явсан явган зорчигчийг мөргөн гэмтэл учруулсан, явган зорчигч гарцтай замын гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч явсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирогчид 3,031,000 төгрөг төлөгдсөн гэх, хохирогч “хохирлыг барагдуулсан, нэхэмжлэх зүйлгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэр бүлийн байдал)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн дээрх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ыг 490 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 490,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г- цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ____ овогт Б.Г-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ыг 490 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 490,000 (дөрвөн зуун ерэн мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ыг 490,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г- торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР