Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 687

 

 

 

 

 

 

                                                                                                

                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             

Б.Ц-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Н.Анхбаяр,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-,

шүүгдэгч Б.Ц-ийн өмгөөлөгч Б.Мянган,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулж,

 

Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Уянга даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 167 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-, хохирогчийн өмгөөлөгч Р.Булган нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Ц-т холбогдох 201623000204 дугаартай хэргийг Улсын Дээд шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 227 дугаар тогтоолын дагуу 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б.Ц, 19хх оны хх дугаар сарын хх-нд төрсөн, хх настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ххх тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

 

Б.Ц- нь Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 13 цаг 30 минутын орчим “Тоёота хайландер” загварын хх улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “...10.6-д заасан гүйцэж түрүүлэхийг хориглох тохиолдол: е/эсрэг урсгалыг сөрөхөөр бол замын өгсүүр хэсгийн төгсгөл буюу үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт, 1 дүгээр хавсралтын Долоогийн 25 дахь заалт 7.2 тэмдэглэлийг жолооч зогсохын тулд давахаас бусад тохиолдолд 7.1-7.3, 7.14, 7.16.а,б,в тэмдэглэлүүдийг давахыг хориглоно...” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас О.У-ын жолоодож явсан “Тоёота приус” загварын хх улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, хохирогч Ч.О-, насанд хүрээгүй У.М- нарын амь насыг хохироосон, хохирогч О.У-, зорчигч Ж.Ц- нарын эрүүл мэндэд хүнд хохирол, зорчигч насанд хүрээгүй У.М-, иргэний нэхэмжлэгч Э.Г- нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан, “Тоёота приус” загварын хх улсын дугаартай тээврийн хэрэгсэлд шууд 7,095,000 төгрөгийн нийт 7,180,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: Б.Ц-т холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Ц-ийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас 2 хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 6 жилийн хорих ялаар шийтгэж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Ц-т оногдуулсан 6 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Б.Ц-ээс 5,238,176 төгрөгийг гаргуулж хохирогч, хохирогч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-т олгож, хохирогч Ж.Ц-гаас нэхэмжилсэн түнхний хагалгааны 40,0 сая төгрөг, мөн хохирогч нараас нэхэмжилсэн сэтгэл санааны хохирол 35,0 сая төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлсний дараа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй ба шүүгдэгч Б.Ц- нь иргэний нэхэмжлэгч Э.Г-, А.А нарт төлөх төлбөргүйг тус тус дурдаж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар Б.Ц-т мөн хуулийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хорих ял оногдуулсан энэхүү шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Ц- нь 52 хоног цагдан хоригдсон, түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж, Батхуягийн яриа гэх тэмдэглэгээтэй 1 ширхэг сиди /CD/-ийг хэрэг хадгалах хугацааг дуусах хүртэл хавтаст хэрэгт хавсарган хадгалахаар шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 167 дугаартай шийтгэх тогтоол гаргасан болно. Энэхүү тогтоол нь ялтан Б.Ц-т холбогдох эрүүгийн хэргийг өнөөгийн дагаж мөрдөж буй Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн үзэл санаа, зарчим, заалтуудыг бүрэн хэрэгжүүлж чадаагүй, улмаар ялтанд ял завших боломж олгосон, хэт нэг талыг баримталсан гэж үзэх үндэслэлтэй тул дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Тээврийн прокурорын газраас ялтан Б.Ц-т холбогдох эрүүгийн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлснийг хянаж хэлэлцээд гаргасан шүүгч Л.Уянгын гарын үсэгтэй, 167 дугаартай шийтгэх тогтоолын “тогтоох нь” гэсэн хэсгийн 3-т “2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-т оногдуулсан 6 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй”, мөн уг хэсгийн 5-д 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-т мөн хуулийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хорих хорих ял оногдуулсан энэхүү шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсугай” гэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” заалтуудыг зөрчсөн байна. Мөн 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт тодорхойлсон ялын хэмжээ нь өнөөгийн мөрдөж буй Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан ялын хэмжээнээс их бөгөөд ялтны эрх зүйн байдлыг дээрдүүлэхгүй, хуулийг буцаан хэрэглэх эрх зүйн боломжгүй атал тийнхүү хуулийг буруу хэрэглэж, 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэснийг зөрчсөн зэрэг нь ялтан Б.Ц-т ял завших, хохирогчдын бүрэн төлөгдөөгүй байгаа гэм хорын хохирлыг төлөхөөс зайлсхийх, оргож зугтаах боломжийг олгосон /шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан 2 жилийн хугацаанд ялтны эрхийн хязгаарлалт байхгүй/ тул хохирогчид бид гомдолтой байна.

2. Ялтан Б.Ц- болон түүний хамсаатнуудын нөлөөгөөр үйлдсэн байх магадлалтай шинжээч эмч Ө.Шаарийбуу, Б.Ламчин, техникийн шинжээч С.Пүрэвээ нарын 7149, 09шэ/018, 639 дугаартай дүгнэлтүүдэд талийгаач ээж Ч.О-ийг хүү О.У-ынхаа хамт архи ууж согтууран зорчиж явсан мэтээр илт худал дүгнэлт гаргасан нь шинжээч, мөрдөн байцаагч, цагдаагийн бусад ажилтнуудын оролцоотой, зохион байгуулалттай шинжтэй хууль бус үйлдэл гэж үзэх үндэслэлтэй болно. Гэвч тэдгээрийн хууль бус үйлдлүүдтэй холбоотой шинээр илэрсэн нөхцөл байдлуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн гомдол, хүсэлтүүддээ хохирогч бид тодорхой бичсэн боловч мөрдөн байцаагч, прокурорууд нь хангаж өгөөгүй, мөн Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хандан 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр бичсэн 14 төрлийн гомдол, 4 төрлийн хүсэлтүүддээ шинжээч Ө.Шаарийбуу, Б.Ламчин, С.Пүрэвээ, мөрдөн байцаагч Г.Пүрэвсүрэн, В.Хосбаяр нарт Эрүүгийн хуулийн 21.2, 21.3, 22.1, 22.11 дүгээр заалтуудад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж шийдвэрлэхийг хүссэн хохирогч бидний хүсэлтийг шүүх хангаж өгөөгүйд гомдолтой байна. Хохирогч бидний 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн гомдол хүсэлтүүдэд бичсэн баримт, мэдээллүүдийн “хүсэлт” гэсэн хоёр дахь хэсэгт “...Б.Ц-т холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 7 дугаар сарын 1-нээс...” гээд “өмнө”...”байсан” гэж бичсэн үгүүд нь хохирогч бидний сэтгэл санааны тогтворгүй, хямралт байдлын улмаас эндүүрч ташаарч бичсэн зүйл /“2017 оны 7 дугаар сараас хойш мөрдөж эхэлсэн” гэж бичих атал үгийн тэрхүү алдаа гаргасан/ бөгөөд харин урьд өмнөх бусад гомдол хүсэлтүүд нь бүгд хуулийн үндэслэлтэй, баримт нотолгоотой байгаа болно.

3. Шинжээч Ө.Шаарийбуу, Б.Ламчин нарын 7149, 09шэ/018 дугаар шинжилгээний дүгнэлтүүдэд талийгаач ээж Ч.О-, хүү О.У- нар тухайн өдөр согтуу зорчиж явсан мэтээр илэрхий худал дүгнэснийг хяналтын прокурор болон шүүгч Л.Уянга нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “Шинжилгээний дүгнэлтийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, өмгөөлөгч, прокурор, шүүх заавал баримтлах албагүй боловч дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлээ заасан байвал зохино” гэдэг заалтыг баримтлан үндэслэлээ тодорхой зааж өгөөгүйд хохирогчид бид гомдолтой байна. Шинжээч Ө.Шаарийбуу нь нэг удаагийн, лацгүй ердийн хуруу шилэнд хийсэн О.У- нарын цусны дээжийг бүртгэл судалгаанд авалгүй, хүндэтгэх шалтгаангүйгээр 25 хоног саатуулан, хаанахын, хэн гэдэг нь үл мэдэгдэх хүнээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн рүү илгээсэн гэх, чухамдаа яг бодитоор илгээсэн эсэх нь ч тодорхойгүй, цусны дээжийг өгч илгээсэн тэрхүү үл мэдэгдэх хүндээ хүлээлгэж өгсөн баримт байхгүй, О.У-ын цусны дээжийн хэмжээг дагалдах бичигтээ 10 мл гэж бичсэн нь бусад мэдээллүүдээс зөрүүтэй, цусны дээж авахуулсан тэмдэглэлд О.У- нарын цусны дээжийн хэмжээг бичээгүй, мөрдөн байцаагч Г.Пүрэвсүрэн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн шинжилгээ хийлгэх тогтоолдоо цусны дээжийн хэмжээг бас бичээгүй, Г.Пүрэвсүрэнгийн уг тогтоолыг шинжээч Б.Ламчин нь хүлээж аваагүй атлаа 7149 дугаартай дүгнэлтэндээ “...тогтоолыг хүлээж авсан...”-аар худал бичиж хууран мэхлэхийг оролдсон, Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор О.Баасанхүүгийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хандан дотоод хяналт шалгалт хийх тухай албан бичгийн хариуг тус хүрээлэнгээс ирүүлээгүй, хавтаст хэрэгт ийм утга бүхий баримт огт авагдаагүй, гэрч Р.Баярмаа  гэгчээр “...илгээх бичиг ирүүлсэн бол тогтоол  ирүүлдэггүй...”  гэх мэтээр хууль, журмын эсрэг мэдүүлэг өгүүлсэн, гэрч хохирогч нарыг хамгаалалтанд авах тухай хохирогчдын гомдол, хүсэлтийг хангаж өгөөгүй зэрэг илт хууль бус олон үйлдэл гарсан бөгөөд энэ бүхнийг хуулийн дагуу шударгаар хянаж шийдвэрлээгүй нь хавтаст хэргийн баримт мэдээллүүдээс тодорхой харагдаж байгаа болно. Иймээс хохирогчид бид мөрдөн шалгах ажиллагааны явцад талийгаач Ч.О-, хүү О.У- нарыг зориудаар тэр өдөр согтуу явсан болгож харагдуулахын тулд цусны дээжүүдэд нь архи спиртийн зүйл санаатайгаар хольж хийсэн, үүнийг нь нуун дарагдуулахыг оролдсон зохион байгуулалттай үйлдэл гэж үзэж байгаа бөгөөд энэ нь шүүхийн тогтоолын дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж үзэх үндэслэл болж байна.

4. Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн байцаагч С.Уламбаярын гарын үсэгтэй, “...тус хэлтэст шалгах шаардлагатай...” гэсэн агуулга бүхий албан бичгээр 2016 оны 8 дугаар сарын 19-нд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн архиваас О.У-ын өвчний түүхийг хэн гэдэг нь үл мэдэгдэх гарын үсгээр бүртгүүлж аваад алга болгосон хэргийн мөрөөр шалгаж шийдвэрлэхийг хүссэн хохирогч бидний удаа дараагийн гомдол хүсэлтүүдийг мөрдөн байцаагч, хяналтын прокурор болон Тээврийн прокуророос хангаж өгөөгүй, энэ асуудал Улсын Ерөнхий прокурорын газарт хянагдаж эхлэх үед шүүгдэгч Б.Ц-т холбогдох эрүүгийн хэргийг Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн анхан шатны шүүхэд яаран шилжүүлсэн байх бөгөөд алга болсон тэрхүү өвчний түүхийн талаар эрүүгийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Уянга огт хайхарч үзээгүйд хохирогчид бид гомдолтой байна.

О.У-ын алга болсон өвчний түүхтэй холбоотой хууль бус үйлдлүүд нь нууцын тухай багц хуулийг зөрчөөд зогсохгүй эрүүгийн хэргийн баримт мэдээллийг үрэгдүүлсэн, задруулсан эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл бөгөөд үүнийг ялтан Б.Ц- болон түүний хамсаатнуудаас үйлдсэн эсэхийг зайлшгүй шалгаж шийдвэрлэн, шүүхийн шийтгэх тогтоолын дүгнэлтэд тусгах шаардлагатай гэж үзэж байгаа болно.

5. Талийгаач ээж Ч.О-, хүү О.У- нар тухайн өдөр ослын улмаас хүнд гэмтэж, амь нас үрэгдсэн байдлыг далимдуулан тэднийг согтуугаар зорчиж явсан мэтээр үйлдсэн шинжээчдийн тэдгээр илт худал дүгнэлтүүд болон О.У-ын дээрх өвчний түүх алга болсонтой холбоотой хууль бус үйлдлүүд нь Б.Ц-ийн ил далд оролцоотойгоор, түүний авлига хээл хахуулиар хийгдсэн эсэхийг хохирогчдын гомдол хүсэлтийн дагуу бүрэн шалгаж тогтоогоогүй, 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр анх хэргийн газрын үзлэгийн үеэр хүрч очсон Б.Ц-ийн нөхөр Басбаяр /нэгдүгээр хавтаст хэргийн материалд нөхөр Батбаяр гэж худал бичсэн/ болон түүнтэй хамт хэргийн газар, Багануур дүүргийн эмнэлэг дээр очсон төрөл садангийнх нь хүмүүсийн талаар хохирогчдын гомдол хүсэлтийн дагуу холбогдох баримт мэдээллүүдийг хавтаст хэрэгт татаж авалгүй, нуун дарагдуулж, мөн Б.Ц- нь “Би нөхөртэйгөө ямар нэг харилцаа холбоо байхгүй” гэх мэтээр худал мэдүүлсээр байхад шүүгч Л.Уянга нь 167 дугаартай шийтгэх тогтоолдоо “...үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдал болгон харгалзаж...” гэсэн нь үндэслэл муутай тул гомдолтой байна.

6. Хохирогч бидний эдгээр гомдлуудыг хуулийн дагуу нэг бүрчлэн хянаж, шүүгч Л.Уянгын гарын үсэг бүхий Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн анхан шатны шүүхийн 167 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “Анхан шатны шүүх эрүүгийн хууль буруу хэрэглэсэн” заалт болон мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2-т “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан” гэж заасныг үндэслэн хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд буцаан, үнэн зөв шийдвэрлүүлэхийг хүсэж байна.

7. Ялтан Б.Ц-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас 2 хүнийхээ амь насаар хохирч, хүндээр гэмтсэн 2 хүнийхээ эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэл санаагаар хохирсон хохирогч Б.О-, О.У-, Ж.Ц- нарын хохирол үргэлжилсээр байгаа бөгөөд Хэнтий аймагт дахь сум дундын Эрүүгийн анхан шатны шүүхэд хандаж 2017 оны 11 дүгээр сарын 14-нд дахин нэмж гаргасан сэтгэл санааны гэм хорын хохирлын 35 сая төгрөг, эмчилгээ сувилгаа, бусад зардлын 5,238,176 төгрөг, хохирогч Ж.Ц-гийн хүлээгдэж буй түнхний хагалгааны 40.0 сая төгрөг бүхий нэхэмжлэлийн шаардлагууд хэвээр байгааг харгалзан хуулийн дагуу үнэн зөв шийдвэрлэж өгнө үү...” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Р.Булган давж заалдах гомдолдоо: “...Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 167 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ц-т холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэхдээ 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4-т зааснаар ял оногдуулсныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд зааснаар анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Учир нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4-т “Энэ хэргийн улмаас хоёр ба түүнээс дээш хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж 2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т “Энэ гэмт хэргийн улмаас хоёр, түүнээс олон хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заасныг харахад 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэснийг зөрчсөн, ялтанд оногдуулах хорих ялын дээд хэмжээ нь 10 жил байхаар эрх зүйн байдал нь хүндэрсэн байна.

Мөн оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр заасан, /одоо мөрдөгдөж буй хуулиар нээлттэй хорих анги/ хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хойшлуулж, хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлан хэрэглэж хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй байгаа этгээдэд ял завшуулах, цаашилбал Б.Ц- нь хохирол төлбөрийг төлөхөөс зайлсхийж зугтах боломжтой болгож байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн” гэх үндэслэлээр Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 167 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

 

Шүүгдэгч Б.Ц-ийн өмгөөлөгч Б.Мянган тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Ц- нь хүүхдийн хамт амьдардаг, өрх толгойлсон эмэгтэй гэх баримт хавтаст хэрэгт авагдсан. Анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахдаа зарим зүйлийг орхигдуулсан. Үүнийг давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах замаар зөвтгөж шийдвэрлэх боломжтой. Хууль буцаан хэрэглэсэн нь хууль зөрчсөн асуудал биш юм. Б.Ц-т ял хойшлуулах боломжтой, түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэсэн гэж үзэж байна. 2002 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зохих хэсэгт өөрчлөлт оруулж, бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

Прокурор Н.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 167 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний хүрээнд өөрчлөлт оруулж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж гэм буруутайд тооцоогүй орхигдуулсан. Б.Ц-ийн үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасныг журамлан шүүгдэгч Б.Ц-ийг гэм буруутайд тооцсон нь хуульд нийцсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Б.Ц-т холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Б.Ц- нь Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 13 цаг 30 минутын орчим “Тоёота хайландер” загварын хх улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.6 дугаар зүйлд заасан гүйцэж түрүүлэхийг хориглох тохиолдлыг зөрчин гүйцэд түрүүлэх үйлдэл “Тоёота приус” загварын хх улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, хохирогч Ч.О-, насанд хүрээгүй У.М- нарын амь насыг хохироосон, хохирогч О.У-, зорчигч Ж.Ц- нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, зорчигч насанд хүрээгүй У.М-, иргэний нэхэмжлэгч Э.Г- нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, “Тоёота приус” загварын хх улсын дугаартай тээврийн хэрэгсэлд шууд 7,095,000 төгрөгийн нийт 7,180,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Б.Ц- гүйцэж түрүүлэх гээд замын эсрэг урсгал руу ороод осол болсон болохыг мэдүүлсэн Б.Ц-ийн жолоодож явсан машинд зорчиж явсан А.А-ийн иргэний нэхэмжлэгчээр /1-р хх-ийн 59 тал/, Э.Г-ын гэрчээр /1-р хх-ийн 60 тал/ мэдүүлсэн мэдүүлгүүд,

өөдөөс урсгал сөрж орж ирсэн машинд мөргүүлэн үйл явдал болсон болохыг мэдүүлсэн хохирогч О.У- /1-р хх-ийн 166-169, 2-р хх-ийн 77 тал/, хохирогч Ж.Ц- /1-р хх-ийн 163, 2-р хх-ийн 78 тал/, Х.М /1-р хх-ийн 67 тал/, гэрч Д.С /1-р хх-ийн 69/ тал нарын мэдүүлгүүд,

 

2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б-235 дугаар “...Нотлох баримтыг үндэслэхэд Т.Хайландер маркийн хх улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Ц- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтын Долоогийн 25 дахь заалт “7.2.тэмдэглэлийг жолооч давахаас бусад тохиолдолд 7.1-7.3, 7.14, 7.16 а,б,в тэмдэглэлүүдийг давахыг хориглоно.” 10 дугаар зүйлийн10.6 дахь заалт “Гүйцэж түрүүлэхийг хориглох тохиолдол: е/эсрэг урсгалыг сөрөхөөр бол замын өгсүүр хэсгийн төгсгөл буюу үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт;” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /4-р хх-ийн 180-181 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 11174 дугаар “...О.У-ын биед тархи доргилт, баруун богтос, баруун дунд чөмөгний далд хугарал, бүсэлхийн 1,2,3 дугаар нугалмын баруун хөндлөн сэртэнгийн баруун 10,11 дүгээр хавирганы далд хугарал, элэг уушигны няцрал, цээжний хөндийн шингэн хуралдалт, баруун тавхайн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1,12-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 152-153 тал/,

 

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн акт 09шэ/018 дугаар “...Ч.О-ийн биед суурь яс, хүзүүний С-5 дугаар нугалам хугарал, баруун болон зүүн дунд чөмөгний далд хугарал, баруун уушигны уг урагдал, цээжний хөндийд цус хуралт /1 литр/ баруун 1-7 дугаар хавирга, зүүн 2-7 хавирганы далд хугарал, гялтан булчинд цус хуралт, доод уруул баруун гарын бугалга, баруун өвдгөнд шарх, нүүр, баруун бугалга, зүүн шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр тухайлбал автомашинд мөргөгдөх, цохигдох, унах үед үүсэх боломжтой. Талийгаач Ч.О- нь шууд үхэлд хүргэх архаг хууч өвчин эмгэг тогтоогдсонгүй. Талийгаач нь шинжилгээгээр цусанд 0,8 промилли, ходоодны шингэнд 1,0 промилли спиртийн агууламж илэрсэн. Талийгаач нь шинжилгээгээр О /I/ бүлгийн цустай байна. Талийгаач нь авто ослын улмаас учирсан дээрх хавсарсан гэмтлүүдийн улмаас нас баржээ...” гэх шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 122 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 1367 дугаар “...Талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр дэлүү, баруун бөөрний урагдал задрал, дэлүү, баруун бөөр авах мэс заслын дараах байдал, хэвлийн хөндий, гялтангийн арын зайн цусан хураа, нойр булчирхайн няцрал, сэмж чацархайд цус хуралт, баруун 3,4 дүгээр хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. ...Талийгаач хэвлийн битүү гэмтлийн улмаас дотор эрхтнүүдийн хурц цус багадалт, цус эргэлтийн хямралын улмаас нас баржээ...” гэх шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 123-125 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 11175 дугаар “...Ж.Ц-гийн биед элэгний цагаан холбоосны язрал, бүдүүн гэдэсний хөндлөн хэсгийн няцрал, хэвлийн хөндийн цус хуралдалт 1800 мл, ацетабулын сэлтэрсэн хугарал, баруун дунд чөмөгний толгойн кортикал давхаргын хуулрал, баруун түнхний үений мултрал, баруун шууны шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1,12-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 155-156 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 11173 дугаар “...У.М-ийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 158 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 10334 дугаар “...Э.Г-ын биед тархи доргилт, зүүн нүдний зовхи, зүүн шилбэнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 84 тал/,

 

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 3-11 тал/ зэрэг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Шүүгдэгч Б.Ц-ийн үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэргийн улмаас хоёр ба түүнээс хүний амь нас хохирсон...” гэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байна.

 

Б.Ц- нь Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр үйлдсэн гэмт хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх цаг хугацаанд 2015 оны Эрүүгийн хууль Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйлчилж эхэлсэн ба Б.Ц-ийн үйлдсэн гэмт хэргийг 2002 оны Эрүүгийн хууль, 2015 оны Эрүүгийн хуулийн аль Эрүүгийн хуулиар зүйлчлэх вэ гэдгийг шүүх шийдвэрлэх шаардлагатай болжээ.

 

2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” гэж заасанд нийцсэн тохиолдолд 2015 оны Эрүүгийн хуулийг Б.Ц-ийн үйлдэлд буцаан хэрэглэх ёстой.

 

Гэтэл Б.Ц-ийн өөрийнх нь 3 хүртэлх насны хүүхэдтэй хувийн байдал нь 2002 оны Эрүүгийн хуульд заасан “шийтгэх тогтоолыг хойшлуулах” зохицуулалтыг хэрэглэх боломжийг түүнд олгосноороо эрх зүйн байдлыг нь дээрдүүлжээ.

 

Иймд 2002 оны Эрүүгийн хуулиар Б.Ц-ийн үйлдлийг зүйлчлэн, түүнийг ял шийтгэсэн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Ц-т оногдуулсан “6 жилийн хугацаагаар хорих ял” нь түүний үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм бурууд тохирсон байна.

 

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”, 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж заасан.

 

Б.Ц-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас:

хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа Б.О-ын эхнэр Ч.О-, ач хүү У.М- нарын амь нас нь хохирсон, хүү О.У-, бэр Ж.Ц- нар нь хүнд гэмтсэн,

О.У- нь өөрөө хүнд гэмтсэнээс гадна ээж Ч.О-, хүү У.М- нарын амь нас нь хохирсон, эхнэр Ж.Ц- нь хүнд гэмтэн эмчлүүлж байгаа,

Ж.Ц- нь өөрөө хүнд гэмтсэнээс гадна бага насны буюу 1 нас 11 сартай хүү У.М-, хадам ээж Ж.Ц- нарын амь нас нь хохирсон, нөхөр О.У- нь хүнд гэмтсэнээс эмчлүүлж байгаа үйл явдал болсон нь нотлогдсон тул сэтгэл санааны хохирлоо мөнгөн дүнгээр тооцон нэхэмжилсэн Б.О-ын 5,000,000 төгрөгийг, О.У-ын 20,000,000 төгрөгийг, Ж.Ц-гийн 10,000,000 төгрөгийг тус тус гэм буруутай Б.Ц-ээс гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-ын “...сэтгэл санааны хохирлыг шийдэж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хангахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Мөн анхан шатны шүүх Б.Ц-ийн үйлдсэн:

- 2 хүний бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийн бүрэлдэхүүнээр Б.Ц-ийг гэм буруутайд тооцоогүй,

- хүнд гэмтсэн О.У-, Ж.Ц- нарын хохирол нэхэмжлэх эрхүүдийг заагаагүй,

- 2015 оны Эрүүгийн хуулиар өөрчлөгдсөн жирийн дэглэмтэй хорих байгууллагад ялыг эдлүүлэхээр зааж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул энэ талаарх хууль хэрэглээний өөрчлөлтийг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт оруулах нь зүйтэй байна.

 

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 13 цаг 30 минутын орчим “Тоёота хайландер” загварын хх улсын дугаартай автомашины жолооч Б.Ц- Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.6 дугаар зүйлд заасан гүйцэж түрүүлэхийг хориглох тохиолдлыг зөрчин гүйцэд түрүүлэх үйлдэл хийж, “Тоёота приус” загварын ххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсөн зам тээврийн осолд “Тоёота приус” загварын ххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан О.У-ын буруутай үйл ажиллагаа байхгүй талаар:

2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 639 дугаарын “...зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байх үндэслэлгүй байна...” /2-р хх-ийн 179 тал/

2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б-235 дугаар “...“Тоёота приус” маркийн хх улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч О.У- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалт зөрчсөн гэж үзэхэд учир дутагдалтай байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /4 хх-ийн 180-181 тал/ -үүд гарсан байна.

 

Иймд хохирогчийн буруутай үйлдэл, үйл ажиллагаа тус гэмт хэргийг гарахад байхгүй болох нь хэрэгт тогтоогдсон байх тул анхан шатны шүүхийн хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь зөв байна, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасанд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнээд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-ын давж заалдах гомдлын “...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэснийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 167 дугаар шийтгэх тогтоолын:

 

            тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Шүүгдэгч Б.Ц-ийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас 2 хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэснийг “...Шүүгдэгч Б.Ц-ийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлд заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг 215.4 дэх хэсэгт заасан “...2 хүний амь нас хохирсон, 2 хүний бие махбодид хүнд гэмтэл учруулсан...” хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэж,

 

            тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-т оногдуулсан 6 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй...” гэснийг “...2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Ц-т оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй...” гэж,

 

            тогтоох хэсгийн 4 дэх заалтад “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Б.Ц-ээс 5,238,176 төгрөгийг гаргуулж хохирогч, хохирогч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-т олгож, хохирогч Ж.Ц-гаас нэхэмжилсэн түнхний хагалгааны 40,0 сая төгрөг, мөн хохирогч нараас нэхэмжилсэн сэтгэл санааны хохирол 35,0 сая төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлсний дараа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй ба шүүгдэгч Б.Ц- нь иргэний нэхэмжлэгч Э.Г-, А.Анужин нарт төлөх төлбөргүйг тус тус дурдсугай...” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар:

            - Б.Ц-ээс 5,238,176 төгрөгийг хохиролд гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-т,

            - Б.Ц-ээс сэтгэл санааны хохиролд нийт 35,000,000 /гучин таван сая/ төгрөгийг гаргуулж хохирогч О.У-т 20,000,000 төгрөгийг, хохирогч Ж.Ц-д 10,000,000 төгрөгийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-т 5,000,000 төгрөгийг олгож,

            - Б.Ц-ээс хохирогч Ж.Ц-гаас нэхэмжилсэн түнхний хагалгааны 40,000,000 төгрөг болон хохирогч О.У-, Ж.Ц- нар цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич шийдвэрлүүлэх эрхтэй, шүүгдэгч Б.Ц- нь иргэний нэхэмжлэгч Э.Г-, А.Анужин нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай...” гэж тус тус өөрчилж,

 

            тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

           

2. Шүүгдэгч Б.Ц- нь шийтгэх тогтоолын 4 дэх хэсэгт заасан 5,238,176 төгрөгийн хохирлыг хохирогч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-т давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө төлсөн болохыг дурдсугай.

 

            3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-, хохирогчийн өмгөөлөгч Р.Булган нарын тус тус гаргасан “...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэх давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                               

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧИД                                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                                                                                    Д.ОЧМАНДАХ