| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноостын Хонинхүү |
| Хэргийн индекс | 128/2023/0881/З |
| Дугаар | 221/МА2023/0343 |
| Огноо | 2023-05-23 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2023/0343
“ЭХБУТ” ХХК-ийн
Нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн
Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 01-11/3900 дугаар нөхөх олговор олгохоос татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, нөхөх олговор олгохыг даалгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 305 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х, Ц.Г
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж
Хэргийн индекс: 128/2022/0881/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “ЭХБУТ” ХХК-иас нийслэлийн Засаг дарга, нийслэлийн газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан “Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 01-11/3900 дугаар нөхөх олговор олгохоос татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, нөхөх олговор олгохыг даалгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 305 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч “ЭХБУТ” ХХК-ийн гаргасан “Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 01-11/3900 дугаар нөхөх олговор олгохоос татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, нөхөх олговор олгохыг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “...2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 128/ШЗ2022/8369 дугаартай захирамжаар Д.Халиунаа шүүгч тус захиргааны хэргийг үүсгэсэн байдаг. Тус хэрэг нь үүсэж эхлээд 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн хувийг Д.Халиунаа шүүгч хариуцагчид гардуулж, баримтыг туслах Б.Т үйлдсэн байна.
Гэтэл хавтас хэргийн 59 дэх талд 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1597 дугаартай “Хэрэг нэхэмжлэлийг шилжүүлэх тухай” шүүгчдийн зөвлөгөөний тогтоолд Д.Эрдэнэчимэгт хуваарилагдаж буй дараах хэргийг шүүгч Д.Чанцалнямд шилжүүлэх” гэсэн агуулга хэрэгт орж ирсэн байна. Үүнээс үзвэл Д.Халиунаа шүүгч дээр хянагдаж байсан захиргааны хэрэг нь хэрхэн Д.Эрдэнэчимэг шүүгчид шилжсэн нь хэргийн материалаас үзэхэд тодорхой бус байна. Иймд тус хэргийг хянаж буй шүүх бүрэлдэхүүн нь анхнаасаа хэрхэн томилогдож, хэрхэн хэрэг Д.Эрдэнэчимэг шүүгчид хуваарилагдсан нь эргэлзээтэй байна.
Ачаалал тэнцвэржүүлэх зарчмын хүрээнд хэргийг шилжүүлсэн гэх боловч Д.Эрдэнэчимэгт тухайн хэргийг шилжүүлэх эрх бүхий субъектын холбогдох баримт бичиг, гарын үсэг, албажуулсан албан баримт анхнаасаа байхгүй байх тул тухайн хэргийг хууль бус бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн гэж үзэх боломжтой байна.
Тус асуудлаар нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүгчээс татгалзан гаргах хүсэлт гаргасан боловч 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 11 цаг 30 минутад эхлэх ёстой байсан ч тухайн хурлаас шүүгч өөрөө танхимаас гарч явсан тул манай итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх танхимаас түр гарч гадаа хүлээж байсан байна Гэвч хурал эхлэх ёстой байсан цагаас 1 цагийн дараа шүүгч дахин танхимд орж ирээд хурлын тов мэдэгдэхгүйгээр шүүх хурлыг шууд хийсэн байна. Иймд биечлэн орох эрхийг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй.
Тухайн өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамж гарсан. Тухайн шүүгчийн захирамжийн Захирамжлах нь хэсгийн 2 дахь хэсэгт захирамжийг гардуулахыг даалгасан байх боловч нэхэмжлэгч талд тухайн захирамжийг огт гардуулахгүйгээр хурлыг хийсэн.
3.2. Шүүх маргаан бүхий акт гаргах үндэслэл болсон нотлох баримтыг л зөвхөн цуглуулсан хэмээн шүүхийн шийдвэрийн Тодорхойлох хэсэгт тусгасан байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд ямар шалтгааны улмаас хувийн өмчид халдах болсон, яагаад нөхөн төлөлтийг хийхгүй байгаа зэрэг асуудлыг тодруулахаар Нийслэлийн замын хөгжлийн газраас нотлох баримт гаргуулахаар хүсэлт гаргасан боловч шүүх тухайн үед талууд өөрсдөө мэдсэн, мэдэх ёстой байсан гэж тайлбарлаж нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаагүй.
Ямар шалтгааны улмаас хувийн өмчид халдаж, зам засварын ажил хийгдэх болсон нь нэхэмжлэгч тал мэдэж байсан гэж шүүх үзсэн байлаа ч ямар шалтгааны улмаас нөхөн олговор олгохгүй байгаа, яагаад хувийн өмчид төр халдаж хүнд даацын бетонон сайн чанарын замыг өмчлөгчид мэдэгдэхгүйгээр хуулж хаясан атлаа нөхөх олговорт хамруулахгүй байгаа зэргийг шүүх тодруулж, нотлох баримтыг цуглуулах ёстой байсан. Хэрэв тухайн хүсэлтийг хангасан бол нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоход мөн шүүхээс тус маргааныг шийдвэрлэхдээ нотлох баримтыг үнэлэхэд чухал үндэслэл бий болох байжээ.
3.3. Мөн нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Хгийн зүгээс 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр гаргасан хүсэлтдээ “тухайн хуулж авсан 1,3 км урттай хүнд бетонон замын зах зээлийн үнэлгээг хийх” хүсэлт гаргасан боловч шүүх объект нь байхгүй болсон мөн өөр итгэмжлэгдсэн төлөөлөгч ийм хүсэлт гаргасан тул А.Х нь ийм хүсэлт гаргах эрхгүй, урьд нь шийдсэн асуудлаа дахин шийдэхгүй зэрэг үндэслэлээр хүсэлтийг мөн хүлээж аваагүй ба гомдол гаргах эрхгүй захирамж гарсан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-т зааснаар нотлох баримт гаргуулах болон шинжээч томилуулах хүсэлтийг хангахаас татгалзсан тухай шүүгчийн захирамжид талууд гомдол гаргах эрхтэй байтал гомдол гаргах эрхгүй захирамж гаргаж хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан. Монгол Улсын Үндсэн хуулийн арван дөрөвдүгээр зүйлийн 14.2-т зааснаар “хүн бүр эрх зүйн этгээд” байна.
Д.Түвшинтулга төлөөлөгч өөрийн санаачлан гаргасан хүсэлтээсээ татгалзсан нь өөр төлөөлөгчийн хүсэлт гаргах эрхийг шүүх хясан боогдуулах үндэслэл болохгүй.
3.4. Маргааны гол объектийн үнэлгээтэй холбоотой шинжээч томилуулах хүсэлтийг хангахгүй байсан атлаа шүүх шийдвэрийн Үндэслэх хэсгийн 2.22 болон 2.23 дахь хэсэгт Засгийн газрын 2005 оны 233 дугаар тогтоолоор баталсан Үндсэн хөрөнгийн Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцоход баримтлах хугацаа, жилд байгуулах элэгдлийн хэмжээг тогтоосон журамд цемент хучилттай авто замын элэгдэл тооцоход баримтлах хугацааг 25 жил, жилд байгуулах элэгдлийн хэмжээ нь 4 хувь байхаар тогтоосон тул уг 2008 онд уг авто зам нь элэгдэл дуусаж, авто замын үнэ “0”-тэй тэнцэх ёстой зэрэг үйл баримтууд тогтоогдож байна” гэж шүүх дүгнэсэн байгаагаас үзвэл шүүгч нь тусгай мэдлэг эзэмшсэн биш атлаа шүүхийн шийдвэртээ шинжээчийн өмнөөс тайлбар өгч, нотлох баримтыг буруу үнэлжээ. Хэрэв шүүхээс нэхэмжлэгчийн зүгээс гаргасан “шинжээч томилуулах тухай” хүсэлтийг хангаж, тухайн обьектын зах зээлийн үнэлгээнд шинжээч томилсон байсан бол шүүх бодит дүгнэлт гаргах боломжтой байсан.
3.5. Төр хувийн өмчид халдсан бол “хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөх олговор олгох журам”-ын 2.1-т зааснаар “Нөхөх олговрын хэлбэр, хэмжээг тогтооход ... газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигч иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашиг, амьжиргаа, аж ахуйн үйл ажиллагааны нөхцөлийг өмнө байснаас дордуулахгүй байх зарчмыг баримтална” гэх журмыг зөрчсөн хариуцагчийн үйлдэлд дүгнэлт өгөөгүй, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн байна.
Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 5.5 дахь хэсэгт итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х нь хэргийн материалтай танилцаагүй, шүүхийн үйл ажиллагааг санаатай удаашруулж, саад учруулсан” гэх худал зүйлийг шүүх дурдсан байх ба энэ нь төлөөлж буй байгууллагад буруу ойлголтыг бий болгосон байна. Хавтаст хэргийн 44 дэх талд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан дариу хэрэгтэй танилцаж, гарын үсгээ зурсан байна. Шүүхээс ийм асуудлыг нарийн шалгаж, дүгнэлт гаргаж шийдвэртээ тусгах ёстой байтал нийтэд ийм буруу ойлголтыг өгч болохгүй билээ.
3.6. 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр шүүхээс нийслэлийн өмчийн харилцааны газарт нотлох баримт гаргуулахаар шаардлага хүргүүлсэн байх боловч холбогдох нотлох баримтыг ирүүлээгүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн байна.
Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 2.11 дэх хэсэгт “ЭХБУТ” хувьцаанд компанид хүлээлгэн өгсөн “Үндсэн хөрөнгийн судалгаа” жагсаалтын 16-д заасан “гаднаас орох авто зам” гэснийг нэхэмжлэгч одоогийн хашаанаас гадагш 1,3 км автозам гэж тайлбарлаж байгаа боловч уг замыг хувьчлалаар худалдаж авсан гэж нотлогдохгүй байна хэмээн шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн.
Манай компани 1998 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Хувьчлалын тайлан батлах тухай 615 дугаар тогтоолоор ЭХБУТ ХК-ийг хувьчилж авсан. Ингэхдээ 1998 оны 06 сард ЭХБУТ УҮГ-г хүлээлгэн өгсөн акт /2-р хавтаст хэргийн 16 дахь тал/ үйлдэж Хавсралт 4-т Үндсэн хөрөнгийн судалгаанд гаднаас орох авто замын талаар тусгасан. Үүнээс үзвэл шүүх хувьчилж авсан хөрөнгийг хувьчлалын хөрөнгө биш гэж илтэд тодорхой баримтыг няцааж нотлох баримтыг дутуу үнэлсэн байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т зааснаар шүүх “Нотлох баримтыг тухай хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг зөрчсөн байна.
3.7. Мөн 1-р хавтаст хэргийн 6 дахь хуудсан нийслэлийн өмчийн харилцааны газраас манай компанийн өмчлөлд маргаан бүхий 1,3 км авто зам хувьчлалаар шилжсэн талаар нотлон шүүхэд ирүүлсэн байхад шүүх үүнийг үнэлээгүй. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 2.5 дах хэсэгт “Нөхөх олговрыг бүрэн олгосон талууд энэ талаар зөвшөөрсөн гэх агуулгыг оруулж нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан мэт шүүх буруу тайлбарласан байна.
Нийслэлийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/721 дугаар захирамжаар нийслэлийн Төсвийн хөрөнгөөс санхүүжүүлж байгаа Эрчим хүчний гудамжнаас “Монос фарм” ХХК хүртэлх “Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн талаар шинээр хийлгэх авто зам төсөл арга хэмжээний нөлөөлөлд өртсөн хуулийн этгээдэд олгох нөхөх олговрын хэмжээг баталж, ЭХБУТ ХХК-д нөхөх олговор олгосон нь зөвхөн 1681900827 нэгж талбарын дугаартай 4262 м.кв хашаан дотор байрлах хэсэгт л зөвхөн нөхөх олговрыг олгосон.
Харин тус хашааны гадна байрлах 7800 м.кв бүхий 1,3 км авто зам нь шинээр хийгдэх замын ажлын нөлөөлөлд өртсөн боловч нөхөх олговрын асуудлыг одоог хүртэл шийдээгүй байгаа учраас бид нэхэмжлэл гаргасан. Ийм чухал асуудлыг шүүх ялгаж салгаж дүгнэлт хийгээгүй зөвхөн нөхөх олговор олгогдсон хэсгийг дүгнэж, нөхөх олговор олгогдох ёстой газрыг авч хэлэлцээгүй, нотлох баримтыг үнэлэхгүй орхижээ. Шинээр хийгдэх авто замын ажлын нөлөөлөлд өртсөн байтал нөхөх олгогдоогүй мөн зохих хууль ёсны ажиллагаа хийгдэхгүйгээр хувийн өмчид халдаж, хуулаад хаячихсан авто зам нь 20 см зузаан, 6,7 м өргөн, 1,3 км урттай хүнд даацын бетонон хучмал маш сайн чанарын зам байсан.
Энэ талаар холбогдох албан тушаалтанд гаргасан хүсэлт хавтаст хэрэгт тусгагдсан ч шүүх үүнийг үнэлээгүй байна. 1-р хавтаст хэргийн 89 дэх талд Замын хөгжлийн газраас 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр нийслэлийн өмчийн харилцааны газарт “ЭХБУТ” ХХК-ийн өмчлөлийн 1,3 км урттай бетон зам нь шинээр хийгдэх авто замын нөлөөлөлд давхцаж байгаа нь үнэн болно” гэж хариу албан тоот илгээжээ. Шүүх үүнийг ч мөн нотлох баримтаар үнэлж, тохирох дүгнэлтийг өгөөгүй байна.
Иймд захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангах үндэслэлгүй гэж үзэв. Үүнд:
2.1. Анхан шатны шүүх “... “ЭХБУТ” ХХК-Д хүлээлгэж өгсөн ... хөрөнгийн жагсаалтад ... гаднаас орох авто зам ... гэснийг нэхэмжлэгч нь одоогийн хашаанаас гадагш 1,3 километр зам гэж тайлбарлаж байгаа боловч уг замыг хувьчлалаар худалдан авсан гэдэг нь баримтаар нотлогдохгүй байна ... нэхэмжлэгчээс ирүүлсэн ... баримтад ... орох талбайн авто зам 1.3 км гэх тэмдэглэгээ хийсэн байгаа ч хэн хэзээ үйлдсэн нь ... тэмдэглэгдээгүй, нэхэмжлэгчээс ... баримтын эх сурвалжийг зааж өгөөгүй, .... энэ баримт нь Үндэсний төв архивт хадгалагдаж байгаа өмч хувьчлалын хувийн хэрэгт байхгүй байгаа тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй ... замын доорх газрыг эзэмшиж байгаагүй болохоо шүүхээс бичгийн нотлох баримт цуглуулах ажиллагаа явуулах шатанд, мөн газар дээр үзлэг хийхэд зөвшөөрдөг ... үзлэгээр ...уг авто замыг нийтээр эзэмшдэг, эзэмшиж ирсэн гэдэг нь тодорхой ... нь тогтоогдсон ... уг хуучин авто замын бетонон хучаасыг хуулж, шинээр хучаас тавьсан, уг ... замаар нэхэмжлэгч чөлөөтэй орж гарч зорчиж байгаатай нэхэмжлэгч маргаагүй ... зэргээс үзвэл нэхэмжлэгч нь замын хучаасыг хуулсанд холбогдуулан нөхөх олговор шаардах эрхгүй, ... олговрыг олгохоос татгалзсан ... Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2022 оны ... 01-11/3900 дугаар албан бичиг нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, аливаа байдлаар хууль зөрчөөгүй ...” гэсэн дүгнэлт үндэслэлээр нэхэмжлэгчийн “Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 01-11/3900 дугаар нөхөх олговор олгохоос татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, нөхөх олговор олгохыг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
2.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Нийслэлийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/271 дүгээр захирамжаар Нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлж буй Эрчим хүчний гудамжнаас “Монос фарм трейд” ХХК хүртэлх, “Таван толгой түлш” ХХК-ийн зүүн талаар шинээр хийгдэх авто зам” (Баянгол дүүргийн 20 дугаар хороо) төсөл, арга хэмжээний нөлөөлөлд өртсөн хуулийн этгээдэд олгох нөхөх олговрын хэмжээг баталж, улмаар 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр “ЭХБУТ” ХХК болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нарын хооронд “Иргэний өмчийн газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах тухай” №2022-А/721-1 гэрээг талууд байгуулж, нөхөх олговрын үнийн дүнг зөвшилцөх хуудас, иргэн, хуулийн этгээдийн газар, хөрөнгийн нөхөх олговрын гүйцэтгэл гэх баримтуудыг үйлдсэн, нэхэмжлэгчийн Э-2205000314 дугаар бүхий 36308 м.кв талбай бүхий эзэмшил газраас төслийн нөлөөлөлд 4262 м.кв хэмжээтэй газар өртсөн, газрыг 394,149,760 төгрөг, эд хөрөнгийг 207,212,439 төгрөгөөр үнэлж, нийт 601.362.199 төгрөгийн нөхөн олговор олгохоор харилцан тохиролцож шийдвэрлэсэн, уг нөхөх олговрыг нэхэмжлэгч“ЭХБУТ” ХХК-д бүрэн төлж барагдуулсан болох нь тогтоогдсон, хэргийн оролцогчид эдгээр үйл баримтуудтай маргаагүй байна.
2.3. Харин нэхэмжлэгчээс “... 1998 оны өмч хувьчлалаар хувьчилж авсан уг компанийн өмчлөлд бүртгэлтэй 7800 м.кв бүхий 1.3 км урттай авто зам нь шинээр хийгдэх авто замын нөлөөлөлд өртсөн” гэсэн үндэслэлээр уг авто замын хэсэгт нөхөх олговор олгуулахаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт хандсан, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 01-11/3900 дугаар албан бичгээр “... Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 11/33 дугаар тогтоолд ... Монос фарм уулзвараас Эрчим хүчний гудамж хүртэл 1.2 км авто зам төлөвлөгдсөний дагуу танай компанийн Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1176 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 1681900827 нэгж талбарын дугаартай 36308 м.кв газраас 4262 м.кв газар болон эд хөрөнгө өртөж, Нийслэлийн Засаг даргын “Нөхөх олговор олгох тухай” 2022 оны А/721 дугаар захирамжийг үндэслэн гэрээ байгуулж, нөхөх олговрыг олгож газар чөлөөлсөн. Танай компаниас дахин нөхөх олговор авах тухай хүсэлт гаргаж буй хойд хэсэг нь 1681900827 нэгж талбарт хамаарахгүй, нийтийн эзэмшлийн газар тул нөхөх олговор олгох боломжгүй ...” гэж татгалзсаныг эс зөвшөөрч маргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь,
2.4. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.3-т “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 42 дугаар зүйлийн 42.1-д “Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь гэрээний хугацаа дуусахаас өмнө иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрыг улсын тусгай хэрэгцээнд бүгдийг буюу зарим хэсгийг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах саналыг тухайн газар эзэмшигчтэй урьдчилан тохиролцсоны дараа Засгийн газарт гаргаж болно” 42.3-т “Энэ хуулийн 42.2-т заасан Засгийн газрын шийдвэрийг үндэслэн тухайн шатны Засаг дарга иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулан тухайн газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авна”, 42.5-д “Бусдын эзэмшил газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авахтай холбогдон үүсэх маргааныг энэ хуулийн 60.1.1, 60.1.4-т заасны дагуу шийдвэрлэнэ”, 60 дугаар зүйлийн 60.1-т “Газартай холбогдон үүссэн дараахь маргааныг дор дурдсан байгууллага, албан тушаалтан шийдвэрлэнэ”, 60.1.4-т “бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах талаар болон газартай холбогдон үүссэн эд хөрөнгийн маргааныг арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүх” гэж тус тус заасан.
2.5. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь газрыг нөхөх олговортойгоор улсын тусгай хэрэгцээнд бүгдийг буюу зарим хэсгийг солих, эргүүлэн авах саналыг гаргаж болох бөгөөд ийнхүү санал гаргахад тухайн газар эзэмшигчтэй урьдчилан тохиролцохоор байна. Харин Газрын тухай хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшиж байгаа тохиолдолд тухайн этгээдийг газар эзэмшигч гэж үзэх, хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглохоор хуульчилсан байх тул аливаа этгээд эрх бүхий этгээдийн хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээний үндсэн дээр газрыг эзэмшээгүй тохиолдолд газар эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй, хуульд заасан журмын дагуу газрыг эзэмшигч бус этгээдэд газрыг нь нөхөх олговортойгоор солих, эргүүлэн авах тухай ойлголт байх боломжгүй юм.
2.6. Нэхэмжлэгч нь нөхөх олговор авах үндэслэлтэй хэмээн маргаж буй 1.3 километр замын доорх газрыг “газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшиж байгаагүй” болохоо анхан шатны шүүхийн нотлох баримт цуглуулах ажиллагааны шатанд болон давж заалдах шатны шүүх хуралдааны явцад хүлээн зөвшөөрсөн, мөн хэрэгт авагдсан тус компанийн эзэмшлийн газрын хувийн хэргийн баримтаар тогтоогдсон байх тул анхан шатны шүүхийн “... нэхэмжлэгч ... 1.3 километр замын доорх газрыг эзэмшиж байгаагүй ... нь нотлогдсон ...” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
2.7. Ийнхүү нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгчийн эзэмшил газрын гаднаас орох 1.3 км урттай цутгамал бетонон авто замын доорх газар нь нэхэмжлэгчийн хууль ёсны эзэмшлийн газар болох нь тогтоогдохгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас уг газрыг Газрын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу газар эзэмших гэрчилгээний үндсэн дээр эзэмшдэг хэмээн маргаагүй байх тул шүүх газар эзэмшигчийнх хувьд нөхөх олговор олгох байсан гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүйн дээр нэхэмжлэгчийн “... хашааны гаднах 1.3 километр зам өмч хувьчлалаар өөрийн өмчлөлд шилжиж ирсэн, хувийн өмч байсан тул авто замын нөхөх олговорт 806.000.000 төгрөгийг хариуцагч олгох ёстой” гэсэн үндэслэлээр маргасныг шүүх мөн хүлээн авах үндэслэлгүй байна.
2.8. Хэрэгт авагдсан ЭХБУТ хувьцаат компанид хүлээлгэн өгсөн Үндсэн хөрөнгийн судалгаа[1] гэх баримтын 16-д “гаднаас орох авто зам” гэж заасан, нэхэмжлэгчээс уг баримтыг үндэслэн “хашаанаас гаднах 1.3 километр замыг өмч хувьчлалаар худалдан авсан хэмээн маргаж байх боловч уг баримт засвартай, анхан шатны шүүх “уг баримт Үндэсний төв архивт хадгалагдаж буй өмч хувьчлалын хувийн хэрэгт байхгүй” гэж дүгнэснийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй, нэхэмжлэгч тус замын доорх газрыг эрх бүхий этгээдийн хүчин төгөлдөр шийдвэрээр хуульд заасан журмын дагуу эзэмшиж байгаа талаарх баримт нотолгоог шүүхэд гаргаагүй, эрхийн гэрчилгээгээр эзэмшдэггүй болохоо хүлээн зөвшөөрсөн байх тул шүүх хариуцагчийн “уг авто замын хэсэгт нөхөх олговор олгохоос татгалзсан”-ыг хууль бус гэж үзэх, улмаар уг татгалзлын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж нөхөх олговор олгохыг даалгах үндэслэлгүй.
2.9. Хэрэгт авагдсан Замын хөгжлийн газраас Өмчийн харилцааны газарт хүргүүлсэн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн албан бичигт “... Баянгол дүүрэг, 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Эрчим хүчний гудамжнаас “Монос Фарм трейд” ХХК хүртэлх Таван толгой түлш ХХК-ийн зүүн талаар шинээр хийгдэх 1.74 км авто зам”-ын трассд 1,3 км урттай бетон зам нь шинээр хийгдэх авто замын нөлөөлөлд өртөж давхцаж байгаа нь үнэн болох”-ыг тодорхойлсон байх боловч энэ нь нэхэмжлэгчийг уг газрын хууль ёсны өмчлөгч, эзэмшигч мөн болохыг, улмаар Газрын тухай хуульд зааснаар бусдын эзэмшил газрыг солих буюу эргүүлэн авахад нөхөх олговор олгох үндэслэлтэй болохыг тогтоосон эрх бүхий этгээдийн шийдвэр биш байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... үүнийг нотлох баримтаар үнэлж, тохирох дүгнэлтийг өгөөгүй ...” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
2.10. Түүнчлэн анхан шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 1281 дүгээр тогтоолоор баталсан “Хэрэг, нэхэмжлэл гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журам”-д заасан ачаалал тэнцвэржүүлэх зарчмын хүрээнд шүүгч Д.Халиунаагийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан “ЭХБУТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдох хэргийг шүүгч Д.Эрдэнэчимэгт шилжүүлсэн, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ЕШ2023/0067 дугаар захирамжаар тус хэргийг хянан шийдвэрлэх даргалагч шүүгчээр Д.Эрдэнэчимэгийг томилсон шийдвэрийг албажуулсан байх тул хэрэг шилжсэнийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... хууль бус бүрэлдэхүүнтэй хэргийг шийдвэрлэсэн ...” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
2.11. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2-д “Хэргийн оролцогч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй” 91.2-д “Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд хариуцагчийн хүсэлтээр шүүх хангалттай нотлох баримт цугларсан гэж үзвэл хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж зааснаар хэргийн оролцогчийн хувьд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т нь шүүх хуралдааныг хойшлуулсан эсэх, үргэлжлүүлэх эсэх асуудлыг шийдвэрлээгүй байхад шүүх хуралдааныг орхиж явсан нь шүүх хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжийг хязгаарласан гэх үндэслэлд хамаарахгүй, шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр нэхэмжлэгчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн буруу биш байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... шүүгчээс татгалзан гаргах хүсэлт гаргасан ... татгалзан гарах хүсэлтийг шийдвэрлэсэн Ерөнхий шүүгчийн захирамжийг гардуулахаар заасан боловч гардуулаагүй ... тов мэдэгдэхгүйгээр шүүх хурлыг хийсэн ... шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй ...” гэх гомдлыг мөн хүлээн авах боломжгүй байна.
2.12. Түүнчлэн нэхэмжлэгчээс “хашааны гаднах авто замын хэсэгт нөхөх олговор авах ёстой” хэмээн маргасан хүрээнд шүүх уг замын хэсэгт хариуцагчаас нөхөх олговор олгохоос татгалзсан нь хууль бус эсэх, уг татгалзлын улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдсөн эсэх хүрээнд хэргийг шийдвэрлэх хуулиар хүлээсэн үүрэгтэй, энэ талаар анхан шатны шүүх дээр дурдсан үндэслэлээр зөв дүгнэлт хийсэн, шүүх өмнөх зам болон одоо тавьсан замын чанарын талаарх маргааныг хянан шийдвэрлээгүй энэ тохиолдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “өмнө нь байсан зам сайн чанарын зам байсан, мэдэгдэхгүйгээр хуулж хаясан атлаа нөхөх олговорт хамууралгүй байгааг тодруулж, баримт цуглуулах байсан ...” гэх гомдлыг хүлээн авч шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх үндэслэлгүй.
2.13. Хэдийгээр хариуцагч Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2022 оны 08 дугаар сарын 05-ны дөрийн 01-11/3900 дугаар албан бичгээр “... танай компаниас дахин нөхөх олговор авах тухай хүсэлт гаргаж буй хойд хэсэг нь 1681900827 нэгж талбарт хамаарахгүй, нийтийн эзэмшлийн газар тул нөхөх олговор олгох боломжгүй” гэх татгалзлыг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс маргасан, шүүх хариуцагчийн уг татгалзал хууль зүйн үндэслэлтэй эсэх, нэхэмжлэгчид нөхөх олговор олгохыг даалгах үндэслэлтэй эсэх хүрээнд хэргийг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй, хариуцагчаас авто замын элэгдлийг тооцож, элэгдэж дууссантай нь холбогдуулан нөхөх олговор олгохоос татгалзаагүй, хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй байхад шүүх уг асуудлаар дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай байх боловч шүүх дан ганц “замын элэгдэл тооцсон тухай” уг дүгнэлтэд үндэслэн хэргийг шийдвэрлээгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... шийдвэрийн ... 2.22, 2.23 дахь хэсэгт ... 2008 онд уг авто зам элэгдэж дуусаж, автозамын үнэ “0” тэнцэх ёстой зэрэг үйл баримтууд тогтоогдож байна” гэж дүгнэснээс үзвэл шүүгч тусгай мэдлэг эзэмшсэн шинжээч биш атлаа шинжээчийн өмнөөс тайлбар өгч, нотлох баримтыг буруу үнэлжээ ... шинжээч томилсон бол бодит дүгнэлт гарах боломжтой байсан ...” гэх гомдлоор шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх үндэслэлгүй.
Иймд шүүх бүрэлдэхүүн дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 305 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
[1] ХХ-2-16 дахь тал