Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 28

 

                              

 

 

 

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж, тус шүүхийн  А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэцэцэг

Шүүгчийн  туслах О.Янжиндулам

Улсын яллагч Д.Баянмөнх

Хохирогч Д.Төмөртогтох

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн

Шүүгдэгч Ж.Өлзийтүвшин нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Ж.Өлзийтүвшинд холбогдох эрүүгийн 201612000060 дугаартай хэргийг 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

           Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Гурвансайхан суманд 1986 оны 2 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дундговь аймаг Гурвансайхан сумын 4 дүгээр багт оршин суух, гавъяа шагналгүй,  урьд 3 удаа  ял  шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан  мэдрэл бүрэн  хэрэг хариуцах  чадвартай  гэх  Ням овогт Жамбалын Өлзийтүвшин /Регистрийн дугаар: ЗГ86022210/ 

           Шүүгдэгч  нь  2016 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Гурвансайхан сумын төвд Д.Төмөртогтохыг хувийн таарамжгүй  харилцааны улмаас зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                             

  ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн  судлав. Үүнд:

   1. Шүүгдэгч  Ж.Өлзийтүвшин  шүүхийн  хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 4 сарын 9-ний өдөр амралтын өдөр байсан. Машины дугуй хагарсан учраас янзлах гээд задалсан байсан. Дугуй засвар ажиллахгүй байсан болохоор нөхөөсөнд явж байсан. Болдбаатартай таараад ганц нэг юм уусан. Дарга гэрт ирээд таарамжгүй харьцааны улмаас маргалдаж хэрэг гарсан. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, миний буруу гэв.

            2. Хохирогч Д.Төмөртогтох шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 4 сарын 9 бүтэн сайн өдөр байсан байх. Миний бие зүүн бүсийн сумдын багш нарын дунд төрийн албан хаагчдын сургалтыг хотоос сургагч багш нар авчирч сургалт зохион байгуулсан. Сургагч багш нараа гаргаж өгөх гээд жолооч руугаа утасдахад утсаа аваагүй. Утсаа авахгүй болохоор нь Батбаяр гэдэг залуугаар гэрт нь хүргүүлсэн. Миний хувьд архи уугаагүй байсан гэдгийг бүх хүмүүс нотолно. Үдээс хойш 5 цаг гэж сургалт дуусаад 6 өнгөрөөж эднийд очсон. Очтол намайг мөргөж унагаад нүүр лүү өшиглөсөн. Хажууд байсан Батбаяр гэх залууг бас мөргөсөн. Намайг унагаад нүүр лүү өшиглөснөөс болоод 4 оёо тавиулж, нэлээн цус алдсан. Орой нь хошууч Б.Энхмандал ирэхэд мэдүүлэг өгч, нотлох баримтыг цуглуулан цагдаад гомдлоо гаргасан. Нийт  3 сая  төгрөгийн  хохирол  гарсан.  Үүнээс  1 сая  300 мянган  төгрөгийг  хүлээн  авсан.   Хохирол төлчихвөл  заавал  энэ  хүнд  ял  оногдуулна  гэхгүй  гэв.

            3. Гэрч Батбаярын  ...2016 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр 19 цагийн үед байх гэрийн гадаа зогсож байхад засаг дарга Д.Төмөртогтох ирээд тамхинд яваад өгөөч гэхээр нь тамхины дэлгүүр орж тамхи авчихаад жолооч утсаа авахгүй байна гэрт нь очъё гээд жолоочийнд очсон. Машинаас засаг дарга буугаад жолоочтойгоо уулзаж байгаа харагдсан. Нэг их удалгүй хартал Засаг даргыг унагачихсан нүүрэнд нь өшиглөж байсан. Тэгэхээр нь очиж салгах гэтэл намайг мөргөсөн. Тэгээд салгачихаад Ж.Өлзийтүвшинг тайвшируулах санаатай байтал засаг даргатай гэрт орж уулзана гээд байхаар нь одоо та 2 дахиж зодолдож болохгүй шүү гээд орхиод явж цагдаа авчирсан. Ирэхэд тэр хоёр үүднийхээ амбаарт зогсож байсан. Би дахиж засаг даргын эхнэрийг дагуулж очоод даргыг эмнэлэгт хүргэж өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 5-6-р хуудас/

            4. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн №172 дугаартай дүгнэлтэнд:

          - Д.Төмөртогтохын биед тархи доргилт, хамар ясны хугарал, баруун нүдний алим доргилт, 2 нүдний дээд доод зовхинд цус хурсан зөөлөн эдийн гэмтэл, хацар, хүзүүнд зулгарсан гэмтэл тогтоогдлоо.

          - Дээрхи гэмтэл мохоо зүйлийн 4-5 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой

          - Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

           -Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ /хх—ийн 21-р хуудас/

            5. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 5 дугаар 11-ний өдрийн №218 дугаартай дүгнэлтэнд:

          - 2016.04.15-ны компьютер томографид Д.Төмөртогтохын биед хоёр талын ухархайн дотор хананд цөмөрсөн хугарал, зүүн талын хоншоор ясны хөндийн өмнөд хананд жижиг шинэ хугарал гэмтэл тогтоогдлоо.

- Д.Төмөртогтохын компьютер томографид илэрсэн гэмтлүүд нь өмнө гарсан акт №172-ын гэмтлийн зэрэг өөрчлөгдөхгүй болно.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ.   /хх-ийн 29-30-р хуудас/  

6. Хэрэгт  цугларсан  бусад  бичгийн  баримт  зэргийг  шинжлэн  судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Ж.Өлзийтүвшин хохирогч Д.Төмөртогтох нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан  улмаар  шүүгдэгч  нь хохирогч Д.Төмөртогтохыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ж.Өлзийтүвшинг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн  хуулийн  тусгай  ангийн  99 дүгээр  зүйлийн  99.1 дэх  хэсэгт заасан  торгуулын  ял  оногдуулахаар  шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ж.Өлзийтүвшин  нь 2009 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Дундговь аймгийн сум дундын шүүхийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар  шийтгүүлж уг  ялыг  1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан,  2011 оны 08 дугаар  сарын 09-ний  өдрийн Дундговь аймгийн сум дундын шүүхийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж,  2011 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,  2014 оны 2 сарын 6-ны өдөр  Сум дундын 11 дүгээр шүүхийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн ба 2014 оны 11 сарын  4-ний  өдрийн 429 дугаартай шүүгчийн захирамжаар  хорих  ял  эдлэх  хугацаанаас 3 сар 21 хоногийн  өмнө  тэнсэн  суллагдаж,  мөн хугацаагаар  хянан  харгалзагдсан болох  нь  хэрэгт  авагдсан  баримтуудаар тогтоогдож  байна.

Шүүгдэгч  Ж.Өлзийтүвшингийн  хорих  ял  эдлэх  хугацаанаас  өмнө  тэнсэн  суллагдаж, хянан  харгалзагдах хугацаа 2015 оны 2 сарын  25-ны  өдөр  дууссан,  Эрүүгийн  хуулийн  78 дугаар  зүйлийн 78.2.3,  78.4 дэх хэсэгт  зааснаар  ялтай  байдал  нь  2014 оны 11 сарын  4-ний  өдрөөс  2019 оны 11 сарын  4-ний  өдрийг  хүртэл  үргэлжилэхээр  байна.

2015 оны 8 сарын  11-ний  өдөр  батлагдсан  Анхны  ардчилсан  сонгууль  болж  байнгын ажиллагаатай  парламент байгуулагдсаны  25 жилийн  ойг  тохиолдуулан  Өршөөл  үзүүлэх  тухай  хуулийн  6 дугаар  зүйлийн  6.1.1 дэх  хэсэгт Эрүүгийн  хуулийн  78 дугаар  зүйлд  заасан ялгүй болох  хугацаанаас  үлдсэн  хугацааг  өршөөлд хамруулахаар  заасан  байх  тул шүүгдэгч  Ж.Өлзийтүвшингийн   ялтай  байдлаас  үлдэх  4 жил 2 сар 23 хоногийн хугацааг хэрэгсэхгүй болгох үндэстэй ба  энэ гэмт хэргийг  ялтай байдал нь дууссаны дараа   үйлдсэн  гэж  үзэх  үндэслэл  болж  байна.

Шүүгдэгч  Ж.Өлзийтүвшин  нь  энэ  хэргийг согтуугаар  үйлдсэн  нь  ял  хүндрүүлэх,  анх  удаа  хөнгөн гэмт  хэрэг үйлдсэн  нь ял  хөнгөрүүлэх  нөхцөл  болж  байна.

Энэ хэрэгт  эд  мөрийн  баримтаар хураагдсан  болон  битүүмжлэгдэн  ирсэн  эд  хөрөнгөгүй,  шүүгдэгч  нь  энэ  хэргийн  улмаас  цагдан  хоригдоогүй  болохыг  тус  тус  дурдав.

 Хохирогч Д.Төмөртогтох  нь шүүгдэгч  Ж.Өлзийтүвшингээс 3 сая  төгрөг  нэхэмжилж  байх  боловч   шүүх  хуралдааны  өмнө  1.956.127 төгрөгийн  баримт  ирүүлсэнээс эмчилгээ,  эм  тариа, сувилгаатай  холбоотой 1.645.627 төгрөгийн  нэхэмжлэлийг  хангаж, 1.354.373 төгрөгтэй  холбоотой  нэхэмжлэлийг  хэлэлцэхгүй  орхилоо. Учир нь: Хохирогчийн  шүүхэд  ирүүлсэн  баримтнаас хагалгаа  хийлгэсний  төлбөр гэх  180.000 төгрөгийн  баримт,  хот  хоорондын болон хот   доторх тээвэр, унааны  зардал 130.500 төгрөгийн  баримт буюу нийт 310.500  төгрөгийн  баримт  нь   нотлох  баримтын шаардлага  хангахгүй  /тамга тэмдэггүй/, 1.043.873 төгрөгийн нэхэмжлэл  нь  нотлох баримтгүй  байна.

Шүүгдэгч  нь шүүх  хуралдаанаас  өмнө  хохирогчид 1.300.000 төгрөгийн  хохирол  төлсөн  байх  тул   хасч  тооцон  шүүгдэгчээс 345.627 төгрөгийг  гаргуулан  хохирогчид олгохоор  шийдвэрлэлээ.

         Хохирогч Д.Төмөртогтох нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2 дахь хэсэгт зааснаар хэлэлцээгүй орхисон нэхэмжлэлтэй холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаад                                                                                                                 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 291, 292, 297, 298, 299, 301, 304  дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

         1.Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Өлзийтүвшингийн ялтай байдлаас үлдэх хугацааг хэрэгсэхгүй болгосугай.

         2.Шүүгдэгч Ням овгийн Жамбалын Өлзийтүвшинг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         3.Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Өллзийтүвшинд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.152.000 /нэг сая нэг зуун тавин хоёр мянган/ төгрөгөөр торгох ял  оногдуулж  шийтгэсүгэй.

         4. Эрүүгийн хуулийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан хорих ялаар сольж болохыг дурдсугай.

         5. Шүүгдэгч Ж.Өлзийтүвшин нь энэ хэргийн  улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт  эд  мөрийн баримтаар  хураагдсан  болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчид 1.300.000 /нэг сая гурван зуун мянган төгрөгийг төлсөн болохыг тус  тус  дурдсугай.

         6. Иргэний  хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Өлзийтүвшингээс 345627 / гурван зуун дөчин таван мянга зургаан зуун хорин долоон / төгрөгийг гаргуулж хохирогч Д.Төмөртогтоход олгож, хохирогч Д.Төмөртогтохын нэхэмжлэлээс 1354373 / нэг сая гурван зуун тавин дөрвөн мянга гурван зуун далан гурав / төгрөгтэй холбогдох хэсгийг хэлэлцэхгүй орхисугай.  

         7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Төмөртогтох нь хэлэлцээгүй орхисон нэхэмжлэлтэй холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурьдугай.

         8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Өлзийтүвшинд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         9. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

             

              

ДАРГАЛАГЧ                                     Г.МӨНХБАТ