Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 00568

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд 1960 онд төрсөн, 57 настай, эрэгтэй, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 5 дугаар багт оршин суух, Баруун эх овогт Пүрэвийн Гал-Эрдэнэ /РК60071511/-ийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч 155/2017/00456/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, нэхэмжлэгч П.Гал-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Гал-Эрдэнэ шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1975 онд Тосонцэнгэл сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөж улмаар эвлэлийн илгээлтээр гарч 1975 оны  6 дугаар сарын 20-ны өдрөөс 1978 оны  6 дугаар сарын 22-ны өдрийг дуустал хугацаанд барилагын бригадад барилагачин, 1978 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 9-ний хооронд цэргийн албыг 3 жил хаасан. 1981 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 1989 оны  12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан юм. Одоо өндөр насны тэтгэвэрт орох дөхөж байгаа боловч малчны үеийн хөдөлмөрийн дэвтрээ хаяж гээгдүүлсэн, малчнаар ажилласан орсон гарсан тушаал байхгүй болсон тул 1981 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын Зориг нэгдэлд ажиллаж байсан байдлыг минь тогтоож өнгө үү гэжээ.

Нэхэмжлэгч П.Гал-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би цэргийн албыг 1978-1981 онд хааж ирээд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн 5 дугаар бригадад 1983 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 1989 оныг дуустал хугацаанд хоньчин, үхэрчнээр ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт орох дөхөж байгаа тул миний энэ хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв. Цэрэгт явахаасаа өмнө тус нэгдэлд ажиллаж байсан боловч шүүхээр тогтоолгох шаардлагагүй юм гэв.    

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

П.Гал-Эрдэнэ нь тус шүүхэд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын Зориг нэгдлийн 05 дугаар бригадад 1981 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, үхэрчнээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч П.Гал-Эрдэнэ нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын Зориг нэгдлийн 05 дугаар бригадад 1981 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, үхэрчнээр ажиллаж байсан болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2007 оны 07 сарын 26-ны өдрийн 10/612 дугаартай архивын лавлагаа, Пүрэв овогтой Гал-Эрдэнийн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд ажиллаж байсан хугацааны цалингийн баримт, 70 дугаар дансны хуулбарууд, гэрч Ц.Оюундалай, Ж.Бямбацогт нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Баруун эх овогт Пүрэвийн Гал-Эрдэнийн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын Зориг нэгдлийн 05 дугаар бригадад 1981 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, үхэрчнээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч П.Гал-Эрдэний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Н.БЯМБАСҮРЭН