Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/675

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,

Улсын яллагч Ж.Отгончимэг,

Шүүгдэгч З.А-нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.А-холбогдох 2108 00009 0566 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Булган аймагт төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, 2 хүүхдийн хамт,  Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 6 дугаар хороо 64б байрны .........  тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

    Тарина овогт З-ийн А /рд:ГГ8805............./.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч З.А-нь 2020 оны 11 дүгээр сарын 16-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо 64б байрны ........ тоотод гэртээ өөрийн гар утаснаас цахим орчинд “Техас ёндоо” гэсэн фэйсбүүк хаяг нээж уг хаягаар интернэт лайв хийж хөзөр ашиглан үр дүнг нь төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 475 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгч З.А-нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх цагдаагийн сангийн лавлагаа /хх175, 176-179/, иргэний үнэмлэхийн зурагт лавлагаа /хх183/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх182/, гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөний тооцоо /хх47/, Хаан банкны депозит дансны хуулга /хх50-97, 99-121, 123-162/, Төрийн банкны депозит дансны хуулга /192-197/, Хас банкны депозит дансны хуулга /хх198-199/ болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан  баримтууд зэргийг шинжлэн судлав.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Гэм буруугийн дүгнэлт: Шүүгдэгч З.А-нь 2020 оны 11 дүгээр сарын 16-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо 64б байрны ..... тоотод ашиг олох зорилгоор гэртээ өөрийн гар утаснаас цахим орчинд “Техас ёндоо” гэсэн фэйсбүүк хаяг нээж уг хаягаар интернэт лайв хийх буюу мэдээллийн технологи ашиглан хүмүүсийг урин оролцуулж хөзөр ашиглан үр дүнг нь төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан болох нь:

- Гэрч С.Б-гийн “...Би Ариунаа гэх хүнийг танихгүй. Би хааяадаа фэйсбүүкээр орохоор лайваар хүмүүс тоглоом тоглуулж байхаар нь тоглочихдог байсан юм. Тэр тоглоом нь 6 хүн 3000 төгрөг өгч ордог, тэгээд газарт байгаа модноос сонгоод дугаарыг нь хэлж 5 мод дэлгэхээр тэрэнтэй нь нийлүүлээд хэн нь сайн модтой нь хожиж 7000 төгрөг авч байсан санагдаж байна. Би дээр хэлсэн тоглоомыг тоглож З.А-  дугаарын данс руу 2020 оны 11 сарын 23-ны өдөр 3000 төгрөг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх23/,

- Гэрч Ч.С-ийн “...фэйсбүүкээр юм үзэж байтал лайваар покер тоглуулж байхаар нь хэд хэдэн удаа тоглосон. Тэр тоглоомыг нэг эмэгтэй хүн тоглуулж байсан ба 4-6 хүн тоглож байсан санагдаж байна. Тоглох гэж байгаа нэг хүн нь нэг тоо сонгоод тэр тоогоо мөнгөний хамт шилжүүлдэг багцаагаар 3000 төгрөг шилжүүлж тоглодог, тэгээд л хөзөр нь таарах юм бол хожиж 7000 төгрөг, 5000 төгрөг мэтээр авдаг тоглоом байсан. Би 2020 оны 11 сарын 18-ны өдрөөс 2020 оны 11 сарын 20-ны өдрийн хооронд хэд хэдэн удаа тоглосон...” гэсэн мэдүүлэг /хх25/, 

- Гэрч Ө.Х-ийн “...Би Ариунаа гэх хүнийг танихгүй. Би нэг фэйсбүүк хаягаас лайв хийгээд покер тоглуулж байхаар нь орж тоглож байсан. Дүрэм нь гэвэл хүн бүр 3000 төгрөг шилжүүлээд 6 орчим хүн тоглож хожсон нь 7000,10000 төгрөг авдаг тоглоом байсан. Покерын дүрмээр тоглоом тоглож байсан учир би тоглосон. Уг хүний данс руу мөнгө шилжүүлсэн. Түүнээс өөрөөр уг хүний данс руу мөнгө шилжүүлж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх27/,

- Гэрч  Г.М-ын “...Нэг фэйсбүүк хаягаас лайв хийгээд покер тоглуулж байхаар нь орж тоглож байсан. Дүрэм гэвэл хүн бүр 3000, 5000 төгрөг шилжүүлээд 6 орчим хүн тоглож хожсон нь 7000, 10000 төгрөг авдаг тоглоом байсан. Би хожиж үзээгүй болохоор сайн мэдэхгүй байна. Тоглоомын дүрэм нь гэвэл тоглуулж байгаа хүн нь газар байх 1-6 хүртэлх тооны хажууд 2, 2 хөзөр тавиад, тэр хөзрийн хажууд байгаа тоогоор хүмүүс сонгож уг сонгосон хоёр хөзрийн модоо авна тоглуулж байгаа хүн үлдсэн 5 хөзрийг газарт дэлгэж тавихаар нь хүмүүсийн өөрсдийн сонгосон модтой нийлүүлээд хэнийх нь мод ахалж байна тэр хүн ялж мөнгө авч байсан...” гэсэн мэдүүлэг /хх29/,

- Гэрч Ү.А-ын “...Би фэйсбүүк харж байтал фэйсбүүк хаягаас лайв хийгээд покер тоглуулж байсан юм. Дүрэм гэвэл хүн бүр 3000 төгрөг шилжүүлээд 6 хүн тоглодог. Тоглуулж байгаа хүн нь газар байх 1-6 хүртэлх тооны хажууд 2,2-оор хөзөр байрлуулаад тэгээд тэр хөзрийн хажууд байгаа тоогоор хүмүүс сонгож уг сонгосон хоёр хөзрийн модоо авна тэгээд тоглуулж байгаа хүн нь үлдсэн 5 хөзрийг газарт дэлгэж тавихаар нь хүмүүсийн өөрсдийн сонгосон модтой нийлээд хэнийх нь мод ахалж байна тэр хүн ялах зарчмаар явагдаж байсан. Покерын дүрмээр буюу хос ижил мод / хоёр тамга, хоёр ноён гэх мэт дараалсан таван мод 7-10 дээр нь боол гэх болсон хождог. Хожсон хүн нь 7000, 10000 төгрөг гэх мэтээр авдаг байсан. Би уг тоглоомыг тоглоод мөнгө шилжүүлэхэд Ариунаа гэх хүний данс гарч ирж байсан. Би 2020 оны 11 сарын 18-аас 2020 оны 11 сарын 29-ны өдөр хүртэл тоглосон...” гэсэн мэдүүлэг /хх31/,

- Гэрч Г.Г- “... Манай нөхөр бид хоёр фэйсбүүкээр лайв явж байхаар нь харахад цахим тоглоом тоглуулж байсан. Тэр фэйсбүүкийн нэрийг одоо мэдэхгүй байна. Тэгээд бид хоёр хааяадаа завтай үедээ уг тоглоом руу орж тоглож байсан...” гэсэн мэдүүлэг /хх33/,

- Гэрч Ш.Б-гийн “... манай нөхөр Мөнхбаярын Нарангэрэл хааяадаа уг тоглоомыг тоглодог байсан. Мөнгө шилжүүлэхдээ миний дансаар шилжүүлдэг байсан...” гэсэн мэдүүлэг /хх35/,

- Гэрч М.Н-ийн “... Би фэйсбүүк рүү ороход нэг хаягаас лайваар покер техас гэх тоглоомыг тоглуулж байсан. Тэгэхээр нь би хэд хэдэн удаа орж тоглосон. Яг хэдний өдрийг мэдэхгүй байна.Тоглоомыг тоглож өөрийн  эхнэрийн ............ дугаарын данснаас 5032348921 дугаарын данс руу мөнгө шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх37/,

- Гэрч Д.Н-ийн “... Намайг фэйсбүүк ухаж байхад нэг фэйсбүүк хаягаас лайваар техас покер тоглуулж байсан. Ороод харахад 3000 төгрөгөөр 10.000 төгрөг хожоорой гэхээр нь хэд хэдэн удаа тоглосон юм. Тоглохын тулд уг лайвыг явуулж байгаа хүний данс руу  шилжүүлээд 1-6 хүртэлх тооны нэгийг нь сонгодог юм...” гэсэн мэдүүлэг /хх39/,

- Гэрч Б.Н-ийн “... Намайг фэйсбүүк ухаж байхад нэг фэйсбүүк хаягаас техас покер тоглуулж байсан юм ороод харахад 3000 төгрөгөөр 10000 төгрөг хожоорой гэхээр нь хэд хэдэн удаа тоглосон юм. Тоглохын тулд 3000 төгрөгийг лайвыг явуулж байгаа хүний дансанд шилжүүлээд 1-6 хүртэлх тооны нэгийг сонгодог юм.  Тэгээд тоглуулж байгаа хүн тоо тус бүрийн хажууд 2, 2 хөзөр тавиад уланд 5 хөзөр дэлгэж тавьдаг юм. Тэгээд гарт байгаа хөзөр, уланд байгаа хөзөртэй нийлээд аль том модтой нь хожих замаар явагдаж байсан...” гэсэн мэдүүлэг /хх41/,

- Гэрч Н.Ж-ийн “... Би фэйсбүүкээр явуулсан техас покер тоглохдоо уг 5053348921 данс руу 10.000 төгрөг шилжүүлж тоглож байсан. 10.000 төгрөгийг уг данс руу шилжүүлж тоглоомонд ордог байсан. Хожсон гээд 20.000, 30.000 төгрөг хэд хэдэн удаа авсан. Хожсон хүнд мөнгийг нь шилжүүлэхдээ ёндоо гэх нэртэй шилжүүлдэг байсан...” гэсэн мэдүүлэг /хх43/,

- Шүүгдэгч З.А-дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх46/,

- З.А-2020.11.16-12.01-ний хооронд олсон ашиг болох 2,692,600 төгрөгийг тооцооны баримт /хх47/,

- З.А-Хаан банкны дансны хуулга /хх50-97/

- “Амьдрал сайхан” цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэл /хх11-15/

- З.А-Хаан банкны данс руу мөнгө шилжүүлсэн холбогдох хүмүүсийн жагсаалт /хх50-97/

- З.А-мөрдөн байцаалтын шат, шүүх хуралдаанд өгсөн ”... Тэгээд би уг тоглоомыг тоглуулж үзье гэж бодоод 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн өөрийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо 64б байрны 11 тоотод байх гэрээсээ уг тоглоомыг тоглуулсан. Уг тоглоомыг би өөрийн редми-8 маркын гар утсаараа “Амьдрал сайхан “ гэх нэртэй фэйсбүүк хаяг нээж тоглуулж эхэлсэн. Уг хаяг хаагдчихаар нь “Техас ёндоо” гэх нэртэй фэйсбүүк хаяг нээж лайв хийж хүмүүсийг тоглуулсан. 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тоглуулсан байна. Уг гар утас халаад шатчихсан учир хаячихсан. Уг тоглоомыг тоглуулахын тулд цаасан дээр 1-6 хүртэл тоо бичиж тавиад лайваар холбогдсон хүмүүс уг тооноос сонгодог. Тэгээд тоо  болгон дээр 2, 2 ширхэг хөзөр тавиад голд нь 5 хөзөр дэлгэж тавьдаг. Тэгээд хүмүүс өөрсдийн сонгосон тоон дээр тавьсан хөзөр газарт байгаа хөзөртэй нийлээд хэний хөзөр нь сайн том хөзөр болж байгаа нь хожих замаар тоглодог...” гэсэн мэдүүлэг /хх169-170, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.

 

Мөрийтэй тоглоом зохион байгуулахыг Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцсон бөгөөд шүүгдэгч З.А-цахим орчинд өөрийн гар утсаар фэйсбүүк ашиглан “live” хийж хүмүүс цуглуулах байдлаар мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилготойгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоомыг зохион байгуулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг бүрэн хангаж байгаа.Субьектив талын хувьд хөнгөн хялбар аргаар ашиг олох гэсэн шунахай сэдэлттэй, өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн санаатай үйлдэл.Уг гэмт хэрэг нь материаллаг хохирол, хор уршиг шаардахгүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй.  

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, З.А-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирол, хор уршгийн талаар: Шүүгдэгч З.А-энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

            Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч: З.А-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэж олсон орлого 2,692,600 төгрөгийг  улсын орлогод оруулах санал гаргасан.

 

Шүүгдэгч З.А-: Гэм буруу дээр маргахгүй, хөнгөн ял оногдуулж өгнө үү, олсон ашиг гэх мөнгийг өөрийн хэрэгцээндээ зарцуулаад дууссан тул хураахгүй байх шийдвэр гаргаж өгнө үү? гэв.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд улс орон даяар хөл хорио тогтоосон үед цахим хэрэгсэл ашиглаж үйлдсэн, бусдад учирсан хохирол хор уршиг их биш, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлын хувьд бага насны 2 хүүхэдтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, мөн улсын яллагчийн гаргасан ялын санал зэргийг тал бүрээс нь харгалзан З.А-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох ял оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч З.А-гэмт хэрэг үйлдэж олсон 2,692,600 төгрөгийн орлого олсон болох нь түүний банкны харилцах дансны хуулга, тооцооны баримтаар тогтоогдсон тул шүүгдэгчийн хувьд ноогдох хөрөнгөнөөс дээрх мөнгийг гаргуулж улсын орлогод оруулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасан шаардлагуудад нийцэж байгаа.

 

            Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Тарина овогт З-ийн А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.А-500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан З.А-хувьд ноогдох хөрөнгөнөөс 2,692,600 төгрөг гаргуулж улсын төсөвт олгосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг З.А-үүрэг болгосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг З.А-мэдэгдсүгэй.

 

6. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

            7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ДАШДОНДОВ