| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 105/2018/0704/э |
| Дугаар | 688 |
| Огноо | 2018-07-17 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.4., |
| Улсын яллагч | М.Үүрийнтуяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 688
Ц.А-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Үүрийнтуяа,
шүүгдэгч Ц.А-ын өмгөөлөгч Н.Цэрэндулам,
нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулж,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 770 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.А-ын өмгөөлөгч Н.Цэрэндуламын гаргасан давж заалдах гомдлоор Ц.А-т холбогдох 1706017260575 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Ц.А, 19хх оны хх дугаар сарын хх-нд төрсөн, хх настай, эрэгтэй, тусгай боловсролтой, компьютерийн операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ххх тоотод оршин суух бүртгэлтэй,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 208 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 255 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,
Ц.А- нь Т.Б-тай бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 2-ны шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тусгайлан хамгаалсан хх дугаар байрны автомашины зогсоолоос “GIANT” брендийн 648,000 төгрөгийн үнэ бүхий унадаг дугуйг, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг хэрэглэн хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Ц.А-т холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ЦА-ыг бүлэглэн хулгайлах гэмт хэргийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Ц.А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.А-т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдэн эд хөрөнгөгүй, Ц.А- нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлж, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Ц.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ц.А-ын өмгөөлөгч Н.Цэрэндулам давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц.А- нь өөрийн үйлдсэн хэрэг дээрээ маргаддаггүй, хүлээн зөвшөөрдөг. Ц.А- нь Т.Б-гийн хамтаар орон сууцны доор байрладаг хамгаалалттай гаражид орж унадаг дугуйг авч гаражид дотор явж байгаад харуулыг юун хүмүүс вэ гэхээр нь дугуйг орхин зугтсан байдаг. Тухайн үед гаражийн хамгаалагч байгаагүй гараж онгорхой байсан. Улсын дээд шүүхээс орон сууцны доод талд байрлаж байгаа гаражийг тусгайлан хамгаалсан байр агуулах гэж үзэхгүй гэх чиглэлийг гаргасан байгаа. Мөн Ц.А-ыг бусдын эд зүйлийг хууль бусаар, нууцаар авахдаа зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэж прокуророос хүндрүүлэн оруулж ирсэн. Тухайн үед Ц.А-тай хамт явж байсан Т.Б-гийн ажлын багаж болох тасдагч байсан. Ц.А- нь хулгай хийх зорилгоор багажийг тусгайлан бэлтгэж ир үзүүр гарган хийгээгүй. Ц.А- нь бусдад төлөх төлбөр тооцоо байхгүй дугуйг биетээр нь буцааж өгсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, харамсдаг. Гэмт хэрэгт холбогдох үед Ц.А- архи согтууруулах зүйлийг ихээр хэрэглэж байсан. 2018 оны 2 дугаар сард архинаас гарах эмчилгээ хийлгэн код суулгаж эмчлүүлсэн. Үүнээс хойш огт архи уугаагүй ажил төрөл хийж өмнөө зорилго тавьж ажиллаж ирсэн. Ц.А-ыг аав, ээж, ах, эгч нар нь засарч сайжирч байгаа талаар хэлдэг. Ц.А-т холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж өгнө үү...” гэв.
Прокурор М.Үүрийнтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 27/3 дугаар байрны автомашины зогсоол нь тусгай зориулалтын хамгаалалттай буюу хамгаалагч хамгаалах үүрэгтэй газар байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан тусгайлан хамгаалсан байр юм. Тасдагч багажийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Ц.А-т холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасанд нийцжээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Ц.А- нь Т.Б-тай бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 2-ны шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хх дугаар байрны гаражийн давхраас пааранд гинжээр бэхлэн цоожилсон байсан унадаг дугуйн гинжийг тасдагчаар тасдан “GIANT” брендийн 648,000 төгрөгийн үнэ бүхий унадаг дугуйг хулгайлан авч яваад гараж дотроо харуулд нь баригдсан болох нь:
гаражийн паарнаас цоожлон үлдээсэн унадаг дугуйг нь хулгайлсан, хулгайлсан хүнийг нь цагдаа нар барьсан болохыг мэдүүлсэн хохирогч М.Б /хх-ийн 12-15/ийн мэдүүлэг,
байрны гаражийн жижүүр гэрч А.Э-ын “...гарчихаад эргэж ирээд камер харахад хоёр эрэгтэй хүн гараж дотор унадаг дугуй түрээд явж байхаар нь би очиход гялгар уутанд тасдагч хийсэн явж байсан. Би юун хүмүүсийг асуухад эндхийн хүн гэсэн. Би битгий дэмий юм яриад бай гэхэд тасдагч барьсан залуу түрүүлээд гүйсэн. Араас нь унадаг дугуй түрж явсан залуу дугуйгаа хаяад зугтаасан. Би хойноос нь гүйгээд гүйцээгүй. Тэгэхэд зам дээр эргүүлийн машинтай цагдаа тааралдаад тэр 2 залууг барьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 тал/
Т.Б-гийн гэрчээр мэдүүлсэн “...бид хоёр ломбарданд тавьсан гар утсаа авахын тулд тасдагчаар унадаг дугуйны цоожийг тасдаад аваад явж байтал араас хамгаалагч нь орилсон. Би хоёр дугуйг хаяад гүйж байхад цагдаа дуудсан...” /хх-ийн 17 тал,
хулгайлсан Giant загварын унадаг дугуйг 648,000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн БЗ2-55 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-30 тал/,
хохирогч М.Б унадаг дугуйг хүлээлгэн өгсөн баримт /хх-ийн 15 тал/ зэрэг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүхийн “...Ц.А- нь бусдын эд хөрөнгийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутай...” гэсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй ба анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.
Ц.А-, Т.Б- нарын бусдын унадаг дугуйг хулгайлан өөрсдийн үзэмжээр захиран зарцуулах боломж нь тус байрны жижүүр А.Энхжаргал тэднийг илрүүлж, унадаг дугуйг уг байрнаас авч гарч амжаагүй байхад нь буцаан авснаар таслагдсаныг төгссөн гэмт хэрэг гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.
Мөн Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хх дугаар байрны автомашины зогсоол байрлах /гаражийн/ давхар нь тусгайлан хамгаалсан байр, агуулахыг шинжийг агуулаагүй, уг байрны автомашины зогсоол байрлах давхарт нэвтрэхийн тул хэн нэгнээс тусгайлан зөвшөөрөл авах, эсхүл хууль бус арга хэрэглэх шаардлага үүсэхгүй тул тухайн байрны автомашины зогсоолын зориулалттай давхрыг нийтийн орчин гэж үзнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж ...болно” гэсэн эрх хэмжээнийхээ хүрээнд Ц.А-ын үйлдлийг хөнгөрүүлэн зүйлчлэх боломжтой.
Иймд давж заалдах шатны шүүх Ц.А-ын “...Т.Б-тай бүлэглэн орон сууцны гаражийн давхраас пааранд гинжээр бэхлэн цоожилсон байсан унадаг дугуйн гинжийг тасдагчаар тасдан “GIANT” брендийн 648,000 төгрөгийн үнэ бүхий унадаг дугуйг хулгайлан авч яваад гараж дотроо харуулд баригдсан...” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “...тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж...” гэсэн гэмт хэргийн шинжтэй байна, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлд заасан “Гэмт хэрэг үйлдэхээр завдах...” заалтын 1 дэх хэсэгт заасан “...Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ...” гэж зааснаар хулгайлах гэмт хэргийн завдалт байна гэж тус тус дүгнээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хууль хэрэглээний зохих өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэлээ.
Барилгын ажилд хэрэглэдэг гэх Ц.А- нарын хулгайн гэмт хэрэгтээ ашигласан тасдагч нь иж бүрдэл бүтцийн хувьд аливаа зүйлийг тасдах /төмөр гинжийг тасдахад хэрэглэгдсэн/, устгах, гэмтээх чанар бүхий эд зүйл учир уг тасдагчийг “тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж үзнэ.
Шүүгдэгч Ц.А-ын өмгөөлөгч Н.Цэрэндуламын гаргасан “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж өгнө үү...” гэх давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Ц.А-тай бүлэглэн хулгайлах гэмт хэргийг үйлдэхээр завдсан Т.Б- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад нас барсан болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 770 дугаар шийтгэх тогтоолын:
А. Тогтоох хэсэгт “...Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Ц.А-ын үйлдлийг зүйлчлэн ирүүлсэн зүйлчлэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “...тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн...” гэсэн гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хэрэгсэхгүй болгож, Ц.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар өөрчлөн зүйлчилсүгэй...” гэсэн нэмэлт заалт оруулсугай.
Б. Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Ц.А-ыг бүлэглэн хулгайлах гэмт хэргийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай…” гэснийг “...Ц.А-ыг хулгайлах гэмт хэргийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцсугай...” гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Ц.А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй...” гэснийг “...Ц.А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 6 сар /зургаан сар/-ын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй...” гэж,
тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.А-т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.А-т оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй...” гэж,
тогтоох хэсгийн 5 дахь заалтын “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тасдагчийг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай...” гэж тус тус өөрчилж,
тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч Ц.А-ын өмгөөлөгч Н.Цэрэндуламын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
Д.ОЧМАНДАХ