Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/170

 

 

 

 

 

 

            Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэрэндулам,

улсын яллагч Х.Онолт,

шүүгдэгч О.Д-, өмгөөлөгч Ч.Нямцоож нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Д-яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 00000 1425 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1995 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, 9 дүгээр гудамжны ,,,,, тоотод оршин суух бүртгэлтэй, урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 276 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: Шүүгдэгч О.Д-нь 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 2 дугаар байрны урд талд иргэн Э.Б-эзэмшлийн “Самсунг Эс 7” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бусдад 120.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1082 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгч О.Д-ял шалгах хуудас /хх32/, шийтгэх тогтоолын хуулбар /35-39/, иргэний үнэмлэхний зурагт лавлагаа /хх41/, тээврийн хэрэгсэл бүртгэлгүй талаарх лавлагаа /хх46/, төрийн банкны дансны хуулга /хх49-50/, цагдаагийн сангийн лавлагаа /хх52-54/ хувийн байдлыг тодруулсан баримтууд зэргийг шинжлэн судлав.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Гэм буруугийн дүгнэлт: Шүүгдэгч О.Д-нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 2 дугаар байрны урд талд иргэн Э.Б-“Самсунг Эс 7” загварын гар утсаа гартаа бариад явж байхад хажуугаар нь өнгөрөхдөө гараас нь шүүрч аван зугтааж бусдад 120,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

- Гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх1/, - Эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх3-4/,

- Хохирогч Э.Б-“...чаат уншаад ганцаараа ертөнцийн зүгээр зүүнээс баруун тал руу алхаад явж байтал гэнэт ар талаас 20 орчим насны нэг эрэгтэй хажуугаар гүйж зөрөхдөө миний гарт байсан гар утсыг минь булаагаад зугтчихсан. Тэгэхээр нь ...араас нь ойролцоогоор 50 метр орчимд зайд хөөж байгаад хувцаснаас нь гараараа зуурахад газар унахаар нь утас аваад ир гэхэд тэр эрэгтэй надад чиний гар утас байхгүй гэж хэлсэн. Яг тэр үед 2 дугаар байрны аркаас нэг цагдаа наашаа ирж таарахаар нь би уг цагдааг дуудаад энэ хүн миний гар утсыг аваад зугтаахаар араас нь хөөж байгаад барьж авсан, гар утсыг минь өгөхгүй байна гэхэд цагдаа тэр залуугийн биеэс нь нэгжиж байгаад миний гар утсыг авч өгсөн... Хар өнгийн Самсунг Эс 7 маркийн гар утас байсан... би тэр залууг миний гар утсыг булаахад л анх удаа харсан...” гэсэн мэдүүлэг /хх9/,

- “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ын 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Ц-1335 дугаартай хөрөнгийн үнэлгээний “самсунг S-7 гар утас 120,000 төгрөг” тайлан /хх15-17/ - Гэрч В.Б-ны /СХД-ийн, 12 хорооны хэсгийн байцаагч/ “...2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 16 цаг 30 минутын үед хороондоо эргүүл хийгээд явж байтал Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 2 дугаар байрны урд талд байрлах “Хулан” дэлгүүрийн урд талын тээврийн хэрэгслийн зам дагуу явган хүний зам дээр баруунаас зүүн тийш 30 орчим насны эрэгтэй, 20 орчим насны эрэгтэйг хойноос нь хөөж байхдаа “Хөөе утас аваад ир” гэж хэлээд барьж авах үед нь би тэр хоёр дээр явж очиход өөрийгөө О.Д- гэж танилцуулсан эрэгтэй надад хандаж “Энэ эрэгтэй хажуугаар зөрөхдөө миний гар утсыг булаагаад зугтаачихсан. Би арай гэж хойноос нь хөөж байгаад барьж авлаа, гэтэл одоо миний гар утсыг өгөхгүй байна” гэхээр нь би үзэхэд өөрийгөө Д гэж танилцуулсан 20 орчим насны эрэгтэйн халааснаас “Самсунг Эс-7” маркийн гар утас гарч ирсэн. Тэгэхээр нь тэр хоёрыг хэлтэс рүү дагуулж явсан...” гэсэн мэдүүлэг /хх31/,

 - О.Д-яллагдагчаар өгсөн “би тэр хүнээс утсаар чинь ганц ярьчихъя гэхэд тэр ах үгүй, яриулахгүй гээд байхаар нь би гараас нь булааж аваад ярих гэтэл булаацалдаад байхаар нь би хажуу тийшээ зугтаачихсан. Хол явалгүй тэр ахад баригдахад хажуугаас нь цагдаа таараад гар утсыг нь өг гэж хэлэхээр нь би утсыг нь гартаа барьж байгаад шууд өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх26-27/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч О.Д-нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд би хэргийн зүйчлэл гэм, буруу дээр маргахгүй гэсэн байр сууринаас оролцсон болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Хүнийг баривчлах үед түүнд баривчилсан шалтгаан, үндэслэлийг мэдэгдэж, өмгөөлөгч авах, өөрийгөө өмгөөлөх, шүүхэд гомдол гаргах, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг сануулна...”, 31.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт “...өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх...”, 7.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт “...Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй...” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч О.Д-нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа ч гэсэн “хохирогчтой архи хувааж уусан, утсаараа ганц яриулаач, миний утасны нэгж дууссан гэхэд О.Д- үгүй” гэхээр гараас нь булааж авсан гэх мэдүүлэг нь дараах нотлох баримтаар үгүйсгэгдэж байна. Үүнд: Хохирогчийн “чаат уншаад ганцаараа ертөнцийн зүгээр зүүнээс баруун талруу алхаад явж байтал гэнэт ар талаас 20 орчим насны нэг эрэгтэй хажуугаар гүйж зөрөхдөө миний гарт байсан гар утсыг минь булаагаад зугтчихсан, би тэр залуутай огт хамт архи уугаагүй, миний гар утсыг анх булаахад харсан...” гэсэн мэдүүлэг болон тухайн үед эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан СХД-ийн 3 дугаар хэлтсийн 12 дугаар хорооны хэсгийн байцаагч В.Б-ы “...2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 16 цаг 30 минутын үед хороондоо эргүүл хийгээд явж байтал ...явган хүний зам дээр баруунаас зүүн тийш 30 орчим насны эрэгтэй, 20 орчим насны эрэгтэйг хойноос нь хөөж байхдаа “Хөөе утас аваад ир” гэж хэлээд барьж авах үед нь би тэр хоёр дээр явж очиход өөрийгөө О.Д- гэж танилцуулсан эрэгтэй надад хандаж “Энэ эрэгтэй хажуугаар зөрөхдөө миний гар утсыг булаагаад зугтаачихсан. Би арай гэж хойноос нь хөөж байгаад барьж авлаа, гэтэл одоо миний гар утсыг өгөхгүй байна” гэхээр нь би үзэхэд өөрийгөө Д гэж танилцуулсан 20 орчим насны эрэгтэйн халааснаас “Самсунг Эс-7” маркийн гар утас гарч ирсэн. Тэгэхээр нь тэр хоёрыг хэлтэс рүү дагуулж явсан...” гэсэн мэдүүлэг зэргээр шүүгдэгчийн санаандгүй гэмт хэрэгт холбогдсон гэсэн мэдүүлэг үгүйсгэгдэж, харин бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар авсан нь тус хэргийн үйл баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ...”, 8.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасан үүргийг хохирогчид хүлээлгэхээр тус тус заасан бөгөөд хохирогч Э.Б-мэдүүлэг, гэрч В.Б-ны мэдүүлэг нь цаг хугацаа, үйл баримтын хувьд таарч байгаа. Шүүгдэгч О.Д-мэдүүлэг нь бусад баримтаар нотлогдон тогтоогдохгүй байх тул дан ганц шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй гэж үзлээ. Эрүүгийн хуульд заасан “дээрэмдэх” гэмт хэргийн объектив талын үндсэн шинжийг 1-рт, хүч хэрэглээгүй /булаах/ буюу эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авах, 2-рт, хүч хэрэглэсэн буюу эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж үйлдсэнээр тодорхойлсон. Хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч нь хохирогчийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар буюу гараас нь шүүрч зугтаах хэлбэрээр авсан үйл баримтуудаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж хангагдсан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэлээ. Хохирол, хор уршиг-төлбөрийн тухайд: Тэнцвэр Эстимэйт ХХК-ын 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Ц-1335 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд “самсунг S-7 гар утас 120,000 төгрөг” гэж үнэлсэн байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл болон хохирогчийн утсаа хүлээн авсан гомдол саналгүй талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгч О.Д-энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Эрүүгийн хариуцлагын талаар: Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын дүгнэлтэд шүүгдэгчид О.Д-Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 432 цаг буюу 54 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн 07 сар 24 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан.

Шүүгдэгч О.Д-өмгөөлөгч: “Шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй гэсэн, мөн урьд ял шийтгүүлж байсан зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосон ялыг оноож өгнө үү? гэх дүгнэлт гаргасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь “тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан.

Шүүгдэгч О.Д-хэрэг үйлдсэн даруйдаа баригдаж гар утсыг буцаан өгсөн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох боломжгүй, мөн шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн үйлдэл нь шунахайн сэдэлттэй, санаатай гэмт хэрэг бөгөөд урьд нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүйг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг их биш, түүнийг арилгасан байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шунахай сэдэлттэйгээр гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан түүнд хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулах улсын яллагчийн саналыг үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч О.Д-нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 276 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан хэд, хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг хэрэглэх хууль зүйн үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д-06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 276 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас үлдсэн 432 эдлээгүй үлдсэн нийтэд тустай ажил хийлгэх ял : 8 нэг хоногтой дүйцэх цаг = 54 хоног буюу 1 сар 24 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний хорих ялын хугацааг нийт 07 сар 24 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар: Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний болон хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, Цагдаагийн байгууллагаас 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр шүүгдэгч О.Д-ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 0461 дүгээр ангид хорьсон байх тул түүний цагдан хоригдсон 08 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялд нь оруулан тооцох болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. О.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар” авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д-06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч О.Д-энэ тогтоолоор оногдуулсан 06 сарын хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 276 дугаартай шийтгэх тогтоолоос 432 эдлээгүй үлдсэн нийтэд тустай ажил хийлгэх ял : 8 нэг хоногтой дүйцэх цаг = 54 хоног буюу 1 сар 24 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 07 сар 24 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д-оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Д-цагдан хоригдсон 08 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний болон хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Д-цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.ДАШДОНДОВ