Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/417

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч Б.Ундрах,

шүүгдэгч С.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч С.Г-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108002340397 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: ***********

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Яллагдагч С.Г- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ***** тоотод хохирогч С.Э-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар ширээн дээр байсан хутгаар цээжин тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь “цээжний урд хэсгийн цээжний хөндийн нэвтрээгүй хутгалагдсан шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/.

Шүүгдэгч С.Г- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Хохирогчтой нэг хашаанд тусдаа амьдардаг. Би гэр рүү нь хутга авч ороод хөнгөхөн зүссэн. Би хохирогчийг эмнэлэгт үзүүлсэн, хэвтүүлсэн. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэв.

Эрүүгийн 2108002340397 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч С.Э-ийн: “...2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 17 цагийн үед өөрийн гэртээ ирэхэд хадам ах Г- гэртээ архи хэрэглэсэн байхаар нь 200 граммын архи авч өгөөд юм ярьж, би архинаас нь уугаагүй, гэрээс нь гарч, эхнэрийг автобусны буудлаас тосох гээд явсан. Гэртээ орох үед Г- манай гэрт орчихсон, согтуурсан байдалтай орилоод манай хүүхдийг айлгасан байхаар нь би “яагаад байгаа юм бэ” гэхэд “чамд ямар хамаатай юм” гээд миний цээжний баруун хэсэгт нэг удаа цохиод, ширээн дээрээс хутга аваад шууд миний зүүн талын цээжний хэсэгт 1 удаа дүрсэн. Тэгээд гэрээс гараад явсан. Эмчилгээний баримт байхгүй, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-25-26/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2021.01.25-ны өдрийн ___ дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. С.Э-ийн биед цээжний урд хэсгийн цээжний хөндийн нэвтрээгүй хутгалагдсан шарх тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-28-29/,

Гэрч С.Т-ийн: “2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр нөхөр бид хоёр гэртээ ороход манай ах Г- архи хэрэглэсэн байдалтай байхаар нь би “та яагаад байгаа юм, хүүхэд айлгаад” гэхэд “ална шүү” гэхэд гаднаас Э- орж ирээд “яагаад байгаа юм” гэхэд Г- гэрт байсан хутга аваад Э-ийн цээжний хэсэгт нэг удаа хатгасан. Хутгаа шидээд гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-86-87/,

Насанд хүрээгүй гэрч Б.М-ын: “2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гэртээ 18 цагийн орчим байсан. Г- нь архи хэрэглэсэн байдалтай орж ирсэн. Г- ах “дүү Т хаана байна” гэсэн. Би “ээж хүнсний дэлгүүр орсон” гэхэд “манай дүү хаана байна” гээд уурлаад орилоод байсан. Аав “яагаад байгаа юм” гэх үед Г- ах “би та нарыг ална шүү” гээд аав Э-ийн цээж хэсэгт гараараа нэг удаа цохиод, ширээн дээр байсан хутгыг аваад аавыг нэг удаа дүрсэн. Г- ах хутгаа газар шидээд гараад явсан. Манай ээж цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-114/,

Шүүгдэгч С.Г-ы яллагдагчаар өгсөн: “...Би хүргэний өгсөн архийг ууж дуусаад хүргэний гэрт ороод Э-тэй маргаад хутгалсан. Архи хэрэглэсэн байсан учир юу гэж ярьж маргалдсан талаар санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-97/,

Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-2/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-3-7/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-40/, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн мэдээлэл байхгүй гэх лавлагаа /хх-46/, тээврийн хэрэгсэл бүртгэлгүй лавлагаа /хх-48/, эд хөрөнгө бүртгэгдээгүй лавлагаа /хх-49-50/, тэтгэвэр, тэтгэмж авдаггүй тухай лавлагаа /хх-51-52/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-53-54/, НШШГГ-ын “400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн гэх гүйцэтгэх баримт бичиг мэдээллийн санд бүртгэлгүй” лавлагаа /хх-90/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.  

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч С.Г- согтуурсан үедээ 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн _____ тоот гэртээ хохирогч С.Э-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан ширээн дээр байсан хутгаар цээжин тус газарт хутгалж, эрүүл мэндэд нь “цээжний урд хэсгийн цээжний хөндийн нэвтрээгүй хутгалагдсан шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч С.Э-ийн “...миний цээжний баруун хэсэгт нэг удаа гараараа цохиод, ширээн дээрээс хутга аваад шууд миний зүүн талын цээжний хэсэгт 1 удаа дүрсэн...” гэх мэдүүлэг /хх-25-26/, шүүх эмнэлгийн __ дугаар “1. С.Э-ийн биед цээжний урд хэсгийн цээжний хөндийн нэвтрээгүй хутгалагдсан шарх тогтоогдлоо. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-28-29/, гэрч С.Т-ийн “...Г- гэрт байсан хутга аваад Э-ийн цээжний хэсэгт нэг удаа хатгасан...” гэх мэдүүлэг /хх-86-87/, насанд хүрээгүй гэрч Б.М-ын “...Г- ах “би та нарыг ална шүү” гээд аав Э-ийн цээж хэсэгт гараараа нэг удаа цохиод, ширээн дээр байсан хутгыг аваад аавыг нэг удаа дүрсэн...” гэх мэдүүлэг /хх-114/, шүүгдэгч С.Г-ы яллагдагчаар өгсөн “...Э-ийн цээж хэсэгт 1 удаа хутгаар хатгаж гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх-97/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч С.Г-ы согтуурсан үедээ, хохирогч С.Э-ийг хувийн таарамжгүй харьцааны улмаас цохих, хутга хэрэглэх үйлдлээр эрх, эрх чөлөөнд нь халдан, цээжинд нэг удаа хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч С.Э-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, түүнчлэн “Гомдол саналгүй” гэх мэдүүлэг, хүсэлт /хх-26, 116/-ийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч С.Г- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулах, 544 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай, өмнөх тогтоолоор оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас үлдсэн 176 цагийн ялыг нэмж нэгтгэн, эдлэх ялыг 720 цагаар тогтоолгох саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч С.Г- бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй...” гэж,

шүүгдэгч “Хэлэх зүйл байхгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.     

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /ахуйн хүрээнд согтуурсан үедээ, үл ялих зүйлээр шалтаглан, таарамжгүй харьцааны улмаас хохирогчийн эрх, эрх чөлөөнд халдан, түүний цээжинд нэг удаа хутгалж гэмтэл учруулсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, шүүгдэгч зохих тусламж, дэмжлэг үзүүлсэн гэх, хохирогч “Гомдол саналгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /өмнөх тогтоолоор оногдуулсан ялыг эдэлж дуусаагүй байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн, тогтмол ажил, орлоготой болох нь тогтоогдоогүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-ыг 544 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

Шүүгдэгч С.Г- нь урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2019/ШЦТ/___ дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, цагдан хоригдсон 28 хоногийг 224 цагаар тооцож эдлэх ялаас хасч тооцохоор шийдвэрлэсэн бөгөөд тухайн ялыг шүүгдэгч эдлээгүй болох нь Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021.03.11-ний өдрийн 3/3429 дүгээр “...Гүйцэтгэх баримт бичиг нь тус газрын цахим мэдээллийн санд бүртгэлгүй байна” гэх албан бичиг /хх-90/-ээр тогтоогдож байна.    

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үйлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасныг үндэслэн шүүгдэгч С.Г-д энэ тогтоолоор оногдуулсан 544 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр өмнөх Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2019/ШЦТ/___ дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 176 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 720 цагаар тогтоолоо.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн шар өнгийн хуванцар оруулгатай 12 см урт иштэй, 14 см урт ажлын хэсэгтэй хутга 1 ширхэг, цус мэт зүйлсийг шингээж авсан марль-ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Г- цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ____ овогт С.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-ыг 544 /Таван зуун дөчин дөрөв/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг тус тус журамлан шүүгдэгч С.Г-д энэ тогтоолоор оногдуулсан 544 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр өмнөх Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2019/ШЦТ/1335 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 176 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 720 /Долоон зуун хорь/ цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г- нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн шар өнгийн хуванцар оруулгатай 12 см урт иштэй, 14 см урт ажлын хэсэгтэй хутга 1 ширхэг, цус мэт зүйлсийг шингээж авсан марль-ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, шүүгдэгч С.Г- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Л.БААТАР