Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2021/ШЦТ/423

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч Д.Нямбат,

шүүгдэгч Г.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Г.Э-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2008032690354 дүгээр хэргийг 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___ны өдөр ___ аймгийн _____ суманд төрсөн, ____ настай, эрэгтэй, дээд боловсролтой, өрмийн механик, эрх зүйч мэргэжилтэй, “____” ХХК-д краны оператор ажилтай, _____ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ____ овогт _____ /РД:_______/.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Яллагдагч Г.Э- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 11 дүгээр сарын 07-ны шөнө 03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн _____ гадаа хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.Б-ыг гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж биед зүүн чихний дэлбэнгийн зөөлөн эдийн няцрал, зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, зүүн нүдний зовхины гадна хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамар ясны хугарал, таславчны мурийлт, зөөлөн эдийн няцрал, зүүн зулайн хуйх, дух, зүүн хацар, уруулд цус хуралт, баруун шанаа, зүүн шуу, зүүн бугуйд зулгаралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/.

Шүүгдэгч Г.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Хохирол төлбөрт 6.000.000 төгрөг төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, дахин гэмт хэрэг үйлдэхгүй” гэв.

Эрүүгийн 2008032690354 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Б.Б-ын: “2020 оны 11 дүгээр сарын 06-ны орои 21 цагийн үед “___" бааранд ороод архи пиво уугаад бүжиглэж байгаад шөнө 03 цагийн үед хамт үйлчлүүлж байсан охин дээр очоод тамхи асуугаад авч байх үед хажууд нэг танихгүй залуу ирээд “чи эмэгтэй хүнийг яагаад байнаа” гэхээр нь би “манай найз охин” гэж хэлсэн. Тэр залуу нүүр лүү мангасдаад түлхэхээр нь зөрүүлээд түлхсэн. Тамхи татахаар гарахад нөгөө залуу бас нэг залуугийн хамт зогсож байсан. Намайг дагуулаад харанхуй хэсэг рүү явахад анх маргасан залуу гараараа 2-3 удаа цохиод газар унасны дараа нуруу руу олон удаа өшиглөсөн. Нөгөө найз нь боль гээд хориглоод байсан. Хохирлын мөнгө 6.000.000 төгрөгийг дансаараа хүлээн авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-28, 30/,

 Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2020.11.11-ний өдрийн ____ дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Б.Б-ын зүүн чихний дэлбэнгийн зөөлөн эдийн няцрал, зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, зүүн нүдний зовхины гадна хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, зүүн зулайн хуйх, дух, зүүн хацар, уруулд цус хуралт, баруун шанаа, зүүн шуу, зүүн бугуйд зулгаралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой” гэжээ /хх-41-42/,

Гэрч А.Э-гийн: “...найз Э-тай архи уугаад ...”___” баарнаас шөнийн 03 цагийн үед гарсан. Би ариун цэврийн өрөө орсон хойгуур Э- тооцоо хийсэн. Э- тооцоо хийж байхдаа нэг залуутай маргалдахад баарны зөөгч нар Э-ыг гаргасан юм байна лээ, би араас нь гарсан. ...Тэр хоёр баарны ард очоод маргалдахад Э- тэр залууг цохиж газар унагаад хэд хэдэн удаа өшиглөсөн, би салгасан...” гэх мэдүүлэг /хх-32/,

Шүүгдэгч Г.Э-ын яллагдагчаар өгсөн: “...___ аймгаас найз Эн- ажлын ярилцлагад орох гэж ирээд хотод хонох айл байхгүй тул манайд ирсэн. Бид 2 нэг шил архи уугаад үргэлжлүүлээд “Рич” бааранд 23 цаг өнгөрөөгөөд орж дахин нэг шил архи уугаад тооцоо хийсэн. Барсболд нэг охины гараас татаад нөгөөх нь дургүйцээд гараа татаад байхаар нь “чи болиоч” гээд Барсболдын гараас татахад “чамд хамаагүй” гээд бид хоёр маргалдсан. Хамгаалагч нар ирээд салгасан. Гараад зогсож байхад Эн- гарч ирсэн. Барсболд мөн гарч ирээд би “тэр охиныг танидаг юм, чи андуурч буруугаар ойлгоод байна, энэ баарныхан бүгдээрээ намайг танина” гээд томроод байхаар нь “би чамайг мэдэхгүй, ийшээ уулзаадахъя” гээд баарны ард очсон. Маргалдаж байгаад хацрыг нь 2 удаа алгадахад зодолдох гээд байхаар нь нүүр лүү нь мөргөөд газар унагаад 2-3 удаа өшиглөсөн. Эн- салгасан, гар хүрээгүй. Барсболдын эмчилгээний зардалд 6.000.000 төгрөг өгсөн, бид хоёр эвлэрсэн...” гэх мэдүүлэг /хх-52-53/,

Дуудлагын лавлагааны хуудас /хх-6/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-54/, хохирлын баримтууд /хх-66-70/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-73/, Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны тодорхойлолт /хх-74/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хх-76/, “___” ХХК-ийн “Тус компанид краны оператор албан тушаалтай Г.Э- нь ажиллаж байгаа бөгөөд сарын цалин 3.400.000 төгрөг” гэх тодорхойлолт /хх-78/, хохирлын мөнгө хүлээлцсэн тэмдэглэл /хх-84, 85/, шүүгдэгчийн “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-89/, хохирогчийн “Эмчилгээний зардал 6.000.000 төгрөгөө бүрэн хүлээж авсан тул гомдол саналгүй” гэх хүсэлт /хх-90/, прокурорын “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай” тогтоол, санал /хх-91-92, 93/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.   

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Г.Э- согтуурсан үедээ 2020 оны 11 дүгээр сарын 07-ны шөнө 03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ____гадаа хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Б.Б-ыг цохиж, өшиглөж биед зүүн чихний дэлбэнгийн зөөлөн эдийн няцрал, зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, зүүн нүдний зовхины гадна хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, зүүн зулайн хуйх, дух, зүүн хацар, уруулд цус хуралт, баруун шанаа, зүүн шуу, зүүн бугуйд зулгаралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Б.Б-ын “...намайг дагуулаад харанхуй хэсэг рүү явахад анх маргасан залуу гараараа 2-3 удаа цохиод унасны дараа нуруу руу өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-28, 30/, шүүх эмнэлгийн 12897 дугаар “1. Б.Б-ын зүүн чихний дэлбэнгийн зөөлөн эдийн няцрал, зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, зүүн нүдний зовхины гадна хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, зүүн зулайн хуйх, дух, зүүн хацар, уруулд цус хуралт, баруун шанаа, зүүн шуу, зүүн бугуйд зулгаралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-41-42/, гэрч А.Э-гийн “...Э- бид хоёр архи уусан. Э- тэр залууг цохиж газар унагаад хэд хэдэн удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-32/, шүүгдэгч Г.Э-ын яллагдагчаар өгсөн “...хацрыг нь 2 удаа алгадахад зодолдох гээд байхаар нүүр лүү нь мөргөөд газар унахаар нь 2-3 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-52-53/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г.Э-ын хохирогч Б.Б-той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохиролд 6.000.000 төгрөг төлөгдсөн, хохирогч “Нэхэмжлэх зүйлгүй” /хх-30/ гэснийг тус тус үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн байна гэж шүүх дүгнэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Г.Э- согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Б-ыг гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж, биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна... гэж,

шүүгдэгч “Хэлэх зүйлгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Прокурорын хяналтын шатанд шүүгдэгч Г.Э- “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, улмаар түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр талууд тохиролцон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэжээ.  

Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогчийн эрх, эрх чөлөөнд цохих, өшиглөх үйлдлээр халдан гэмтэл учруулсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохиролд 6.000.000 төгрөг төлсөн, хохирогч “Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажил, орлоготой/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн дээрх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Э- цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ____овогт Г.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-ыг 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э- торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Э- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР