Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 703

 

 

 

 

 

 

                                                                                                

                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             

Т.Т-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүгдэгч Т.Т-гийн өмгөөлөгч Д.Бум-Аюуш,

нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулж,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 769 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Т-гийн өмгөөлөгч Д.Бум-Аюушийн гаргасан давж заалдах гомдлоор Т.Т-д холбогдох 1806000150118 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Т.Т, 19хх оны хх дүгээр сарын хх-нд төрсөн, хх настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хх тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

 

Т.Т- нь 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хх тоотод оршин суух иргэн О.Б-ийн байрны хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, 32 инчийн зурагт, куртка, пүүз, өмд, цамц, өмдний тэлээ, малгай зэрэг эд зүйлс хулгайлж, бусдад 775.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Т.Т-д холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Т.Т-г хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Т.Т-д 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Т-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т-гийн цагдан хоригдсон 57 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол нь хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Т.Т-гийн өмгөөлөгч Д.Бум-Аюуш давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхээс “шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан хэргийн зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү гэх хүсэлт нь хууль зүйн үндэслэлгүй.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг тодорхой байдлаар хуульчилсан байх ба хүн байнга амьдрах зориулалт бүхий байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдэл нь шүүгдэгч Т.Т- нь тухайн байранд амьдардаг эсэхээс үл хамаарна.

Шүүгдэгч нь тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн байрны цоожийг хөшиж эвдлэн орсон нь тогтоогдсон. Тухайн байр нь хүн амьдрах зориулалттай ба хохирогч Д.Б, Т.У нар түрээслэн байнга амьдардаг болох нь тэдний мэдүүлгээр тогтоогдож байна...” гэжээ.

Гэтэл хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон хохирогчийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед өгсөн мэдүүлгээр Т.Т- нь эгч Т.У, ах О.Б- нартай түрээсийн байранд хамт амьдардаг, тэд дундаа нэг түлхүүртэй, аль нэг нь түлхүүргүй явбал цоожийг юмаар хөшиж онгойлгож ордог болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдох бөгөөд Т.Т-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байхад анхан шатны шүүхээс энэ байдлыг харгалзан үзэлгүйгээр дээрх нотлох баримтуудыг нотлох баримтаар үнэлэлгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэм буруутайд тооцож, миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, хүндрүүлэн зүйлчилж, ял шийтгэл оногдуулсан байна.

Иймд дээр дурдсан нотлох баримтуудыг харгалзан үзэж, миний үйлчлүүлэгчийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээж, гэмшиж байгаа зэргийг харгалзан үзэж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Т.Т-д холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасанд нийцжээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Т.Т- нь 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хх тоотод оршин суух иргэн О.Б-ийн байрны хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, 32 инчийн зурагт, куртка, пүүз, өмд, цамц, өмдний тэлээ, малгай зэрэг эд зүйлс хулгайлж, бусдад 775,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

эзэнгүй гэрийнх нь хаалгыг хөшин орж, эд зүйлсийг нь авсан талаар мэдүүлсэн хохирогч О.Б-гийн мэдүүлэг /хх-ийн 10-13 тал/,

гэртээ орж амрах гэсэн түлхүүргүй байна, хөших юм өгөөч гэсэн гуйлтаар Т.Т-д отвертка өгсөн болохоо мэдүүлсэн гэрч Д.Ц-ийн мэдүүлэг /хх-ийн 16 тал/,

машинд нь хөлсөөр тээвэрлүүлж үйлчлүүлсэн Т.Т- нь гэрээсээ хувцсаа аваад хөдөө явна гэж хэлээд нэг байрны үүдэнд ирж, ороод гарч ирэхдээ зурагт авч гарч ирсэн, өөрийнх нь бичиг баримтаар уг зурагтыг ломбарданд тавьсан болохыг мэдүүлсэн гэрч Ж.Э-ийн мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/,

хулгайлагдсан эд зүйлүүдийг нийт 775,000 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн БЗ2-930 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-27 тал/,

хохирогчийн гэрийн хаалганы цүүг нь хугалсан байдалтай байсанг бэхжүүлсэн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-6 тал/ зэрэг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Гэрч Ж.Э-ийн “...2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ...09:00 цаг өнгөрч байхад 20 гаруй насны туранхай залуу хүрч ирээд эгчээ таксинд явах уу гэж асуухаар нь суучих, явна гэсэн. Тэр залуу хажуугийн суудалд суугаад Баязүрх дүүргийн шүүхийн хойд талын байрнаас хувцас хунараа авна, хөдөө явах гэж байгаа юм гэж хэлсэн. ...байрны үүдэнд хүлээж байгаарай гэж ороод 10 гаруй минут болсны дараа 1 зурагт сугадсан, нөгөө гартаа цүнх барьсан гарч ирээд хойд суудалд суусан. Зардалгүй болчихлоо, зурагтаа ломбардад тавих гэж байгаа юм гэсэн...” /хх-ийн 21-22 тал/,

гэрч Д.Ц-ийн “...09:00 цагийн үед Т манай хаалгыг тогшоод манай ах, эгч хоёр түлхүүрээ үлдээлгүй ажилдаа явсан байна, би гэртээ орж амрах гэсэн юм, та хөших юм өгөөч гэхээр нь би том отвертка өгсөн. ...1 цаг орчмын дараа буцаад ирэхэд Бааска энэ айлд байдаг залуу цоожийг нь эвдэж ороод хулгай хийсэн байна гэж хэлэхээр нь би  орж амарлаа гэхээр нь отвертка өгсөн гэж хэлсэн...” /хх-ийн 16 тал/ гэсэн мэдүүлгүүдээр шүүгдэгч Т.Т-гийн бусдын орон гэрт эздэд нь мэдэгдэлгүйгээр нууцаар нэвтрэн орж, нууцаар эд зүйлсийг нь авсан үйлдэл нь нотлогдож байх тул Т.Т-гийн үйлдлийг хүндрүүлэн зүйлчилсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “...хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч...” гэсэн шинжийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч Т.Т-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “...хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч...” гэсэн хүндрүүлэх шинжээр зүйлчилж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Т-д оногдуулсан “2 жилийн хорих ял” нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруу, хувийн байдалд нь тохирсон байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Т-гийн өмгөөлөгч Д.Бум-Аюушийн гаргасан “...Т.Т-гийн эгч Т.У, үеэл ах О.Б нарын гэр бөгөөд түлхүүргүй үедээ Т.Т- хаалгыг нь хөшөөд ордог байсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, тэнсэж өгнө үү...” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

            Т.Т-гийн энэ гэмт хэргийг үйлдсэнээс хойш үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн талаар Т.Т-гийн өмгөөлөгч дурдаж, яллах дүгнэлтийг нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргаж өгсөн болно.

 

Т.Т-гийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгтэй заавал нэгтгэн шийдвэрлэх хууль зүйн үндэслэл үүсэхгүй бөгөөд нэгтгэн хэд хэдэн гэмт хэрэгт оногдуулсан ялуудыг нь нэмж нэгтгэх замаар хянан шийдвэрлэх нь шүүгдэгч Т.Т-гийн эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

Анхан шатны шүүхэд хэргийг түдгэлзүүлсэн “...шүүгдэгч Т.Т-г эрэн сурвалжилж шүүхэд ирүүлэх...” үндэслэл /хх-ийн 93-94 тал/ арилсан байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Т.Т-д холбогдох хэргийг сэргээлгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчил болохыг дурдаж, цаашид эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулахыг анхааруулан тэмдэглэж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 769 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Т-гийн өмгөөлөгч Д.Бум-Аюушийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Т.ӨСӨХБАЯР

 

                        ШҮҮГЧИД                                                        Б.ЗОРИГ

 

                                                                                                 Д.ОЧМАНДАХ