Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 38

 

Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч Д.Дуламжав, шүүгдэгч Г.Баянмөнх, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Мөөнө овогт Гончигжавын Баянмөнхөд холбогдох эрүүгийн 201621000071 дугаартай 153/2016/0039/Э индекстэй эрүүгийн хэргийг 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

            Монгол улсын иргэн 1980 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Ховд аймгийн Мянгад суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, яс үндэс мянгад, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг багт оршин суух /Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 06-24 тоотод оршин суух түр хаягтай/, ял шийтгэлгүй гэх, ПЗ:80121811 регистрийн дугаартай Мөөнө овогт Гончигжавын Баянмөнх.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар /

Шүүгдэгч Г.Баянмөнх нь машин механизм хэрэглэн, 2016 оны 03 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн нутаг дэвсгэр “Баянбулаг” нарийн боовны цехийн хашаанд байрлах авто машины гражны цоожийг эвдэн, хууль бусаар нэвтрэн орж 23-04 ХОА улсын дугаартай Бонго маркийн авто машины мотор хулгайлж Д.Өлзийхишигт 1 650 000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Баянмөнх: Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс Портер маркийн машинаас мотор хулгайлж аваад Ганхүүд зарсан гэв.

            Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: “... хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн нутаг дэвсгэрт байрлах “Бадамлах дөл” ХХК-ийн дулааны станцын баруун хойд хашааны зэргэлдээ орших Баянбулаг бакерегийн нарийн боовны үйлдвэрийн цехийн хашаанд болсон байх ба  ... дунд талын хаалгыг онгойлгон ороход цэнхэр өнгийн Бонго маркийн тээврийн хэрэгсэл байх ба уг тээврийн хэрэгсэл нь ямар нэгэн улсын дугааргүй байсан ба хаалга нь онгорхой байх бөгөөд хөдөлгүүр хэсгийн дээд талаараа онгорхой байв ...” /хх-ийн 3х/

            Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 5 х/

            Хураан авах тогтоол, хураан авсан тухай тэмдэглэл: “... бонго маркийн авто машины ком мотор 1 ш...” /хх-ийн 13-14х/

            Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын дэргэдэх үнэ тогтоох комиссын үнэлгээ: “... Бонго пронтер маркийн авто машины мотор 1 ш нь 1650000 төгрөг...” /хх-ийн 19 х/

            Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Өлзийхишигийн: “...2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр үйлдвэр дээрээ яваад очсон. Тэгээд би гражныхаа хаалгыг харах гээд очсон чинь цоож нь байхгүй онгорхой байсан. Тэгэхээр нь яасан юм бол гээд яваад орсон чинь Баянмөнх дотор нь байсан. Манай компаний машины доороос  босоод ирсэн. Тэгтэл хажууд нь бас нэг ногоон цамцтай хүн байсан. Тэр хүн шууд намайг харчхаад гараад явсан. Тэгээд би Баянмөнхөөс юу хийж байгаа юм, яагаад цоожийг нь онгойлгосон юм бэ гэхэд сандраад би эндээс юм авч байгаа юмаа гээд хэлсэн. Тэгэхээр нь би машинаа төөрөөд харсан чинь машины мотор тайлагдсан болохоор нь хулгай хийсэн байна эсхүл хулгай хийж байгаад үйлдэл дээрээ баригдаж байна гэж бодоод цагдаа дуудсан. Тэгээд би цагдаа ирэх хооронд уг машины моторыг урьд нь сольж байсан Мөнхжаргал гэдэг хүнийг дуудсан. Тэгтэл Мөнхжаргал ирээд үзэхэд биш байна. Өөр мотор байна, сольсон байна гэж хэлсэн. Тухайн үед моторыг нь лав сольсон байсан. Тэгээд нөгөө моторыг нь хөндий тавьчихсан байсан. Бонго машины мотор 1 800 000 төгрөгөөр худалдаж авч тавьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 х/

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Ганхүүгийн: “... 2016 оны 03 дугаар сарын 08-ны өдөр зах дээр явж байгаад Баянмөнх гэдэг залуутай танилцаад моторын талаар ярилцсан. Тэгээд би тэр өдөр хөдөө явчхаад 03 сарын 13-ны өдөр ирээд Г.Баянмөнхтэй уулзаад машины мотор авч зарахаар болсон. Баянмөнх өөрөө надад мотор байна гэж хэлсэн.Тэгээд дээр нь моторыг нь угсарч өгөөрэй гэж хэлэхэд Баянмөнх зөвшөөрч би моторыг нь 300 000 төгрөгөөр авахаар болж дээр нь мотор хийж өгөхөөр 200 000 төгрөгөөр тохирч нийт 500 000 төгрөгт бодоод авахаар болсон. Тэгээд 2016 оны 03 дугаар сарын 14-ний орой мотор авахаар болоод Баянмөнх нэг портер мотор ачих талаар ярилцаад, би 2 залууг хамт мотор ачаад өг гэж гуйгаад Баянмөнх бид хэд урд нэг гражнаас мотор ачиж ирсэн. Тэгээд маргааш нь Баянмөнх мотор хийж өгөөд асааж өгсөн. Тэгтэл 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр гэртээ байж байтал сандарсан ирээд наадах мотор чинь хулгайлж авсан шүү цагдаа ирвэл миний мотор гэж хэлээрэй гэж хэлчхээд яваад өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 х/

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Ванчин-Эрдэнийн: “... Манай захирал Өлзийхишиг залгаад гражид хулгай орсон байна хүрээд ир гэхээр нь яваад очсон чинь манай захирал байж байсан. Тэгээд гражыг нь харсан чинь цоожийг нь эвдээд цэнхэр өнгийн бонго машины моторын боолтыг нь тайлсан байдалтай байсан...” /хх-ийн 36 х/

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Батбаярын: “... Баянмөнхөөс нэг машины мотор авах гэж байгаа юмаа тэгээд авах гэж байгаа моторыг нь ачаад ирэх гэсэн юмаа яваад өг гээд Ганхүү намайг гуйсан. Тэгээд Ганхүүгийн гэрт очоод Ганхүүгийн машины моторыг нь ачаад дулааны дээд талын машины дром байдаг хэсгээр хашаагаар ороод дотор нь Ганхүүгийн мотор буулгаад оронд нь бас нэг машины мотор сольж ачсан. Тэгээд буцаад Ганхүүгийн хашаанд очиж буулгасан. Хулгайлж байгаа талаар хэлээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53-р х/

            Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “... хулгай хийсэн газраа заана уу гэхэд Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн нутагт байрлах “Баянбулаг бакерегийн боовны цехийн хашаан дотор байрлах 3 хаалгатай машины гражны дунд талын гражыг заав. Мотороо хаанаас авсан бэ гэж асуухад  дунд талын хаалганы гражны хаалга онгойлгож дотогшоо ороход тэвшгүй цэнхэр өнгийн Бонго маркийн тээврийн хэрэгсэл байх ба уг тээврийн хэрэгслийн кабины доод хэсэгт мотор байгаа хэсгийг зааж, мотор тайлж авсан гэв... баруун урд зүгт хашааны сэтэрхий байх ба түүгээр дамжаад цаад талын овгор шороо бүхий газарт машинаа зогсоож моторыг ачсан гэв...” /хх-ийн 67-68-р х/

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч З.Хатанболдийн: “... 3 дугаар сарын дунд хавьд байх Ганхүү нь надаас би энэ хүнээс машины мотор авах гэж байгаа юмаа тэгээд өргөх гэтэл даахгүй байна чи өргөлцөөд тус болоод өг гэхээр нь би таньдаг болохоор за тэгэе гээд нэг цагаан өнгийн портер машинтай хамт явсан. Тэгээд Ганхүү гэртээ очоод өөрийнхөө моторыг тэр машинд ачаад урагшаа нэг хашаанд очиж өргөлцөж өгөөд оронд нь нэг мотор аваад буцааж Ганхүүгийн хашаанд буулгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 80-81 х/ зэрэг хэрэгт  цугларсан болон  шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай,  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Г.Баянмөнх нь 2016 оны 03 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн нутаг дэвсгэр “Баянбулаг” нарийн боовны цехийн хашаанд байрлах авто машины гражны цоожийг эвдэн, хууль бусаар нэвтрэн орж 23-04 ХОА улсын дугаартай Бонго маркийн авто машины мотор хулгайлж Д.Өлзийхишигт 1 650 000 төгрөгний хохирол учруулсан үйлдэлд Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь  үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Г.Баянмөнх нь Бонго маркийн авто машины мотор хулгайлсан болох нь хохирогч Д.Өлзийхишигийн мэдүүлэг /хх-ийн 31-33 х/, гэрч Д.Ганхүүгийн  /хх-ийн 34-35 х/,  П.Батбаярын /хх-ийн 52-53 х/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 67-68х/,  гэрч З.Хатанболдийн мэдүүлэг /хх-ийн 80-81 х/  мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

            Хохирогч Д.Өлзийхишиг нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэлд: “... JT-203253 гэсэн дугаартай Бонго маркийн авто машины мотор байсныг үзлэг хийж гэрэл зургаар бэхжүүлэн авч тэмдэглэл үйлдэн хохирогч Д.Өлзийхишигт хүлээлгэн өгөв.” /хх-ийн 69-71х/, шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсанд: Шүүх хурлын товыг ойлголоо, надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх баримтуудаар тогтоогдож байна.

            Ховд аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн №489 дугаартай албан тоотонд: Тус аймгийн иргэн Г.Баянмөнх /ПЗ:80121811/-ийн нэр дээр үл хөдлөх хөрөнгө бүртгэлгүй байна...” гэх албан тоот, мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Рэнцэнпүрэв, гэрч Я.Ханджамцийн: “... Өөрийн гэсэн эд хөрөнгө гэж байхгүй, айлын хашаанд гэрт амьдардаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 х/ зэрэг баримтуудаар шүүгдэгчид эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх боломжгүй гэж үзэв.

            Шүүгдэгч Г.Баянмөнх нь хулгайн гэмт хэрэг үйлдсэн нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байгаа боловч түүнийг  машин механизм ашиглаж хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь хулгайн гэмт хэрэг үйлдэгдээд төгссөний дараа 71-40ХОҮ дугаартай П.Батбаярын эзэмшлийн тээврийн хэрэгслээр моторыг тээвэрлэсэн байх ба түүнийг урьдчилан бэлтгээгүй нь гэрч нарын мэдүүлгүүдээр тогтоогддог тул дээрх автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9-д зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,  мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар оногдуулах хорих ялыг тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэв. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болно.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284 дүгээр зүйлийн 284.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.1, 294, 295, 296 , 297, 298, 299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

            1. Шүүгдэгч Мөөнө овогт Гончигжавын Баянмөнхийг хууль бусаар агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч Мөөнө овогт Гончигжавын Баянмөнхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            3. Шүүгдэгч Г.Баянмөнхөд оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

            4. Шүүгдэгч Г.Баянмөнх нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Өлзийхишиг нь гомдол саналгүй гэснийг дурдсугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1,61.4-д зааснаар шүүгдэгч Г.Баянмөнхөд оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

            6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

            7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр иргэн П.Батбаярын эзэмшлийн 71-40 ХОҮ улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгсэл, 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр шүүгдэгч Г.Баянмөнхийн эзэмшлийн “Samsung” маркийн зурагт, хятад угаалгын машин битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

            8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Баянмөнхөд өмнө авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.ГАНТӨГС