Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 24

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Сонинболор даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Б.О ийн дүгнэлттэй,

Хариуцагч: Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эм био бэлдмэлийн хяналтын улсын байцаагч Г.М д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эм био бэлдмэлийн хяналтын улсын байцаагч Г.М ын 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 0144411 дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгуулахыг хүссэн дүгнэлттэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Ховд аймгийн Булган сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Б.О  Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эм био бэлдмэлийн хяналтын улсын байцаагч Г.М , гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Б.О  нь шүүхэд гаргасан дүгнэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Ховд аймгийн Мөст сумын Улаантолгой багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Бооржийн гэгээ” эмийн сангийн худалдагч Д.О  нь тусгай зөвшөөрөлгүйгээр Монгол улсад бүртгэлгүй эм, хугацаа дууссан эмийн хэрэгсэл худалдаалж байсан...” гэх зөрчлийг шалгалтаар илрүүлсэн материалыг хяналаа.

Д.О нь Ховд аймгийн Мөст сумын Улаантолгой багийн нутаг дэвсгэрт орших Бооржийн гэрээ хүнсний дэлгүүрт 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр тусгай зөвшөөрөлгүйгээр 6 төрлийн 6281 ширхэг, 243942 төгрөгийн Монгол улсад бүртгэлгүй бүртгэлгүй эм, хугацаа дууссан эмийн хэрэгсэл худалдаалж байсан болох нь зөрчлийн материалд авагдсан зөрчилд холбогдогчийн мэдүүлэг, хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх явцдаа зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, хураан авсан битүүмжилсэн хөрөнгө орлого, эд зүйл баримт бичгийг зөрчлийн хэрэгт хавсаргах тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байхад Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт “Эмч, эмнэлгийн байгууллага, тусгай зөвшөөрөлгүйгээр эм, эмийн түүний эд худалдсан бол” шийтгэл оногдуулахаар заажээ. Гэтэл зөрчилд холбогдогч Д.О  нь эмч биш мөртлөө тусгай зөвшөөрөлгүйгээр Бооржийн гэгээ хүнсний дэлгүүрт Монгол улсад бүртгэлгүй эм, хугацаа дууссан эмийн хэрэгсэл худалдсан нь Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байхад улсын байцаагч хууль буруу хэрэглэж шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Аж ахуй нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар харахад эм, эмнэлгийн хэрэгсэл, багаж тоног, төхөөрөмжийг үйлдвэрлэх, худалдах, импортлохдоо заавал тусгай зөвшөөрөлтэй байхаар заасан бөгөөд уг хуулийн шаардлагыг ноцтой зөрчсөн байгаа юм. Мөн Эрүүл мэндийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д эмнэлгийн байгууллагад хамаарах байгууллагыг тодорхой заасан байдаг. Гэтэл “Бооржийн гэгээ” нэртэй хүнсний дэлгүүрт эм, эмнэлгийн хэрэгсэл буюу хугацаа дууссан эмнэлгийн хэрэгсэл худалдаалсан нь тогтоогдсон.

Иймд Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эм био бэлдмэлийн хяналтын улсын байцаагч Г.М ын 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 0144411 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

Хариуцагч Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эм био бэлдмэлийн хяналтын улсын байцаагч Г.М  шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлд зөрчил шалган шийдвэрлэх харъяалалыг заасан бөгөөд мөн хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10-д заасны зөрчлийг мэргэжлийн хяналтын улсын байцаагч шалгаж шийдвэрлэхээр заасан учраас уг зөрчлийг шалган шийдвэрлэсэн.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 11-д “....эмч, эмнэлгийн байгууллага, тусгай зөвшөөрөлгүйгээр эм худалдсан бол...” гэж заасан байдаг бөгөөд үүнээс тусгай зөвшөөрөлгүйгээр гэх заалтад Д.О ийн гаргасан зөрчил нийцсэн гэж үзсэн.

Дээрх хуульд тусгай зөвшөөрөлгүйгээр эм худалдахыг нь хориглосон байхад прокурор нь гуравдагч этгээд Д.О г эмч биш гэж үзэж дүгнэлт бичсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эм, эмнэлгийн хэрэгслийг худалдаалах нь тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх үйл ажиллагаа бөгөөд Д.О ийн зөрчил нь дээрх хуулийн заалтад тохирсон гэж үзэж байна. Тухайн зөрчлийн улмаас хохирсон хүн байхгүй, гомдол байхгүй байсан учраас хяналтын улсын байцаагч нь өөрийн эрх хэмжээний хүрээнд эрсдэлээс урьдчилан сэргийлж, тухайн худалдаж байсан бараа бүтээгдэхүүнийг хураан авч, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, торгох шийтгэл оногдуулсан. Тухайн бараа бүтээгдэхүүний хугацаа дуусан эсэх, эмийн жагсаалтад бүртгэлтэй эсэх, ширхэг тоо хамаарахгүйгээр тусгай зөвшөөрөлгүйгээр эм, эмийн түүхий эд худалдсан гэж үзэж, Зөрчлийн тухай хуульд зааснаар шийдвэрлэсэн юм гэв.

Гуравдагч этгээд Д.О  шүүхэд гаргасан тайлбартаа: Мэргэжлийн хяналтын газрын шалгалтаар улсын байцаагч Г.М  манай дэлгүүрт шалгалт хийж ширээн доор байсан эм хурааж авсан. Би худалдаж борлуулаагүй, өвчтэй хүргэн ах маань их хэмжээгээр хэрэглэдэг байж байгаад нас барсан гэдгээ хэлсэн. Винт марла зарж байсан ба хугацаа дууссаныг мэдээгүй. Жирэмсний тест бэр охидууд хэрэглэдэг байсан. Гэхдээ худалдааны лангуун дээр байгаагүй гэдгээ хэлсэн. Улсын байцаагчийн 2019 оны 5 сарын 27-ны өдрийн 0144411 дугаартай шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрч торгуулиа төлсөн. Иймд прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.О г тусгай зөвшөрөлөгүйгээр эм худалдан борлуулсан гэж үзэж улсын байцаач торгох шийтгэл оногдуулсан бөгөөд үүнд прокурор нь эрүүгийн гэмт хэрэг байна гэж үзэж дүгнэлт бичсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зөрчлийн тухай хууль нь Захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн тохиолдолд зөрчил болдог. Гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй байдаг. Гэтэл Д.О ийн гаргасан үйлдэл нь зөрчлийн шинжтэй үйлдэл байгаа юм. Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт эмч энэлгийн байгууллага тусгай зөвшөрөлөгүйгээр эм, эмийн түүхий эд худалдаасан бол хүнийг, хуулийн этгээдийг торгоно гэж заасан. Эрүүл мэндийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 3-д эм худалдан борлуулах ажиллагаа хэрхэн явагдах талаар заасан. Д.О  нь эм худалдан борлуулах тусгай зөвшөөрөлгүйгээр эм худалдсан гэж үзэх боломжтой. Гэмт хэргийн шижнтэй үлйдэл харагдахгүй байх тул акт үндэслэтэй гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын хяналтын прокурор Б.О ээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар ирүүлсэн “Мэргэжлийн хяналтын газрын Эм, био бэлдмэлийн хяналтын улсын байцаагч Г.М ын 2019 оны 05 сарын 27-ны өдрийн 0144411 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” дүгнэлтийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.

Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын 2019 оны 01 дүгээр сарын 22-ний өдрийн 01/43 дугаартай хяналт шалгалтын удирдамжийн дагуу Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эм, био бэлдмэлийн хяналтын улсын байцаагч Г.М нь Мөст суманд хяналт шалгалт хийх явцад Мөст сумын Улаан толгой багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулаг “Бооржийн гэгээ” хүнсний дэлгүүрт тусгай зөвшөөрөлгүйгээр 6 нэр төрлийн 6281 ширхэг 243942 төгрөгийн чанар, стандартын шаардлага хангахгүй эм, эмнэлгийн хэрэгслийг худалдаалж байсныг илрүүлж, зөрчилд холбогдогч Д.О  нь зөрчлөө хүлээн зөвшөөрсөн гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 11 дэх дэх хэсэгт заасныг үндэслэн 2019 оны 05 сарын 27-ны өдрийн 0144411 дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсаар 300.000 /гурван зуун мянган/ төгрөгөөр торгожээ.

Дээрх зөрчлийн материалыг хянасан хяналтын прокурор Б.О  2019 оны 07 сарын 18-ны өдрийн 14 дугаар дүгнэлтдээ “.... зөрчилд холбогдогч Д.О  нь эмч биш мөртлөө тусгай зөвшөөрөлгүйгээр Бооржийн гэгээ хүнсний дэлгүүрт Монгол улсад бүртгэлгүй эм, хугацаа дууссан эмийн хэрэгсэл худалдсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хууль бусаар эм, эмийн түүхий эд, био бэлдмэл худалдах” гэмт хэргийн шинжийг агуулж байхад хуулийг буруу хэрэглэж шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй .” гэж дүгнэжээ.

Хариуцагчаас прокурорын дүгнэлтийг эс зөвшөөрч тайлбарлахдаа “... Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт заасан “Эмч, эмнэлгийг байгууллага, тусгай зөвшөөрөлгүйгээр эм, эмийн түүхий эд худалдсан бол...” гэх заалтыг “Тусгай зөвшөөрөлгүйгээр” эм эмийн түүний эд худалдсан гэсэн заалттай нийцэж байна...” гэж маргажээ.

Хэрэгт авагдсан Бооржийн гэгээ ББНөхөрлөлийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанд Бооржийн гэгээ ББ нөхөрлөл нь “зорчигч тээврийн үйл ажиллагаа, хүн, барааны худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар улсын бүртгэлд бүртгэгджээ.

Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 668 дугаар албан бичигт “...Д.О  нь эм барих мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй талаар мэдээлэл бүртгэгдээгүй байна...” гэж, мөн тус газрын 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 685 дугаар “...Өнөөдрийн байдлаар Мөст суманд 2 эмийн сан эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авч ажиллаж байгаа ба Бооржийн гэгээ ББнөхөрлөл нь эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгогдоогүй байна...” гэснээр “Бооржийн гэгээ” ББНөхөрлөл болон тус нөхөрлөлийн үүсгэн байгуулагч Д.О  нь эм, эмийн түүхий эд, био бэлдмэл худалдаалах тусгай зөвшөөрөлгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагчийн маргаж буй “...Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 11-д заасан “...тусгай зөвшөөрөлгүй...” гэх үндэслэл нь эмч, эмнэлгийн байгууллага д хамаарах ба Д.О  нь тусгай зөвшөөрөлгүйгээр Бооржийн гэгээ хүнсний дэлгүүрт Монгол улсад бүртгэлгүй эм, хугацаа дууссан эмийн хэрэгсэл худалдсан нь гэмт хэргийн шинжийг агуулж байхад хууль буруу хэрэглэж шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэх прокурорын дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзлээ.

Иймд Ховд аймгийн Булган сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Б.О ийн “...Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эм био бэлдмэлийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны 0144411 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах...” тухай дүгнэлтийг хангаж Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эм био бэлдмэлийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны 0144411 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1 дэх хэсэг, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт заасныг баримтлан Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эм био бэлдмэлийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 0144411 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар прокурор улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийндавж заалдах шатны шүүхэддавж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧГ.СОНИНБОЛОР